УИХ-ын нэгдсэн чуулганаар 2025 оны төсвийн төслийг эцэслэн баталлаа. Энэ удаагийн төсөв олон талын онцлогтой байсан төдийгүй анх удаа тодотгол хийх томьёололтойгоор баталсан нь анхаарал татсан юм. Гэсэн хэдий ч “Суурь зарчимдаа тулгуурласан төсөв болж чадсан” гэдэгтэй эдийн засагчид санал нийлж байна. Учир нь бүсчилсэн хэлбэрээр буюу томсгосон тойргоор явуулсан УИХ-ын сонгуулийн дүнд бүрдсэн 126 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр анх удаа хэлэлцүүлсэн төсөв учраас суурь зарчмаа хадгалж үлдэх нь чухал байсан юм. Товчхондоо, 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай бодлогыг баримталсан юм. Ингэснээр Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23.140.589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26.485.278 сая төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3.932.432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3.500.000.0 сая төгрөг байхаар баталлаа.
Түүнчлэн Засгийн газар "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Тухайлбал, 2028 он гэхэд Монгол Улсын хатуу хучилттай авто зам 4.440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1.650.9 МВТ цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1.519 км цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм.
Эдгээр хөгжлийн бүтээн байгуулалтуудаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр, болон соёл, спорт чиглэлийн 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулна. Мөн бүсийн татварын ялгаатай бодлогыг хэрэгжүүлэхээр тусгав. Энэ хүрээнд 20 гаруй нэр төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлээд байна. Харин нийслэл хотод ирэх дөрвөн жилд нийтдээ 30 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөлөө. Нэн тэргүүнд, түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол зэрэг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2025 оны төсвийн төсөлд нийслэлд анх удаа 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан юм. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэж, нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон.
Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл баталсантай холбогдуулан төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж Монгол Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар дээрх тогтоолын төсөлд тусгажээ. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг зүйл, заалт бүрээр уншиж танилцуулж, зүйл бүрээр санал хураалтыг явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 71, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71 нь тус тус дэмжин баталлаа.
Тодотгол хийхээр баталсан 2025 оны төсөвтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Төсвийн тухай хууль хэрэгжиж эхлээгүй байгаа энэ цаг үед 2024 оны арванхоёрдугаар сард төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхээр тогтоолын төсөлд тусгахдаа ямар хуульд үндэслэснийг тодруулсан.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж уг асуултад хариулахдаа “Тогтоолын төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-дэх хэсгийг үндэслэсэн. Хуулийн 34.1 дэх хэсэгт Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ” гээд дөрвөн нөхцөлийг заасан. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх, энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх гээд төсвийн тодотгол хийх үндэслэлийг тодорхой тусгасан гэв.
Мөн тэрбээр УИХ-ын найман удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан өмнөх парламентын түвшинд ийм асуудал гарч байсан. Тухайлбал, 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-аас нэгдсэн төсвөө баталсан ч 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн дотор төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх үүргийг тухайн үеийн Засгийн газартаа өгч байсан. Мөн 2014 онд төсвөө баталсан ч Засгийн газартаа 2015 оны төсөвт тодотгол хийх үүрэг өгөн тухайн жилийнхээ арванхоёрдугаар сарын 30-нд өргөн мэдүүлж байсан тохиолдол бий хэмээн нэмэлт тайлбарыг өглөө.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна