Н.Учрал: Төрийн өмчит компаниуд зарлага өндөртэй, хяналтгүй төсөвтэй байгаа учраас реформ хийх ёстой



 Засгийн газрын энэ удаагийн хуралдаанд төрийн болон орон нутгийн өмчит компаниудын хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгыг хийж, тус хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Тухайн хуулийн төслийн талаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж буй ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа ямар зорилго чиглэл баримталсан бэ?

-Төрийн болон орон нутгийн өмчит компанид реформ хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Зарлага нь өндөр, зарлагаараа захирал нь урамшуулал авдаг, төсвөөс гадуур хяналтгүй төсөвтэй төрийн өмчит компани дээр зохих арга хэмжээ авах ёстой. Тийм учраас бид гурван агуулгад төвлөрч байна. Нэгдүгээрт, санхүүгийн сахилга бат, хариуцлага. Хоёрдугаарт, ил тод нээлттэй засаглал. Гуравдугаарт, эдийн засаг дахь төрийн оролцоо буюу төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хангуулахын тулд эрх зүйн реформ хийхээр зорьж байгаа. Төрийн өмчит компанид улс төрийн хамаарал, хяналтгүй төсөв, нээлттэй бус байдал байсаар байна. Үйлдвэрийн газрын эрх зүй, засаглалын тодорхойгүй байдлыг шийдвэрлэх шаардлагатай болсон. Монгол Улсын хэмжээнд Төрийн өмчийн хороонд тайлангаа ирүүлдэг нийт 99 толгой компани бий. Үүн дээр охин болон хараат компанийг нийлүүлбэл 122 компани болж байгаа юм. Харин орон нутгийн өмчит компани тоолж чадахгүй хэмжээнд хүрсэн. Олон улсын валютын сангийн гаргадаг жишиг шалгуур үзүүлэлтээр төрийн өмчит компаниудыг үнэлэхэд 99 компаниас 40 хувь нь өр төлбөр хөрөнгийн харьцаагаараа эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Мөн  хөрөнгийн өгөөжийн эрсдэлээрээ 23 хувь нь дунд, 20 хувь нь өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон.

-Төрийн өмчит компаниудын орлого, зарлагын асуудлыг хөндлөө. Ер нь тухайн компа­ниуд ямар хэмжээний ашиг, алдагдалтай ажиллаж байна вэ? 

-Улсын төсөвт 24.4 их наяд төгрөгийн орлого бүрддэг. Үүнийг төрийн өмчит компанитай харьцуулж үзэхэд ногдол ашиг, татвар, хураамж хэлбэрээр төсөвт 5.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлдэг. Зарлага нь 75 хувь байна.  Гэтэл улсын төсвийн зарлага 25 хувь байдаг. Үүнтэй харьцуулахад төрийн өмчид компаниуд зарлага өндөртэй байгаа нь харагдаж байгаа юм. Тухайн компаниуд төсвөөс 70 тэрбум төгрөгийн татаас авдаг. Тиймээс төрийн өмчит компани дээр зайлшгүй шинэчлэл хийх шаардлага үүссэн. Таван компани 4.75 их наядын ашигтай ажиллаж, нийт орлогын 73.5 хувийг бүрдүүлдэг. Харин 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн ашиг олдог бол бусад нь алдагдалтай ажилладаг. Нийтдээ 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэсэн аудитын дүгнэлт гарсан. Мөн төрийн өмчит компаниуд өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 158 арга хэмжээнд 318.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Түүнчлэн алдагдалтай ажилласан төрийн өмчит есөн компани 971.9 сая төгрөгийг үр дүнгийн урамшуулал нэрээр удирдлагууддаа олгосон. Энэ бол дүрэм журмаа барихгүй, хууль эрх зүйн хүрээнд ажиллахгүй байгаагийн илэрхийлэл. Тийм учраас бид хуулийн хүрээнд хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр тусгасан.

-Энэ мэт асуудлыг шийдвэр­лэхээр ямар зохицуулалтыг хуу­лийн төсөлд тусгаад байна вэ?

-Дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлнэ. Төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулж, ашигт үйл ажиллагаатай холбоно. Өөрөөр хэлбэл, компани ашигтай ажиллаж байвал гүйцэтгэл, бүтэцтэй нь уялдуулна гэсэн үг. Мөн нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг тухайн компани ашигтай, ашиггүй ажиллаж байгаагаас нь хамаарч шийдвэрлэнэ. Алдагдалтай ажилладаг компаниуд нийгмийн хариуцлагын ажлуудыг хийдэг, үр дүнгийн урамшуулал авах нь зохисгүй. Цаашдаа таван жилийн хугацаанд төр ямар бизнест оролцох, орлцохгүй вэ гэдгээ хувийн хэвшилд танилцуулдаг болно. Ингэж хувийн хэвшлийн ажиллах эрх зүйн орчинг тодорхой болгоно.

Ил тод нээлттэй засаглалыг бий болгох чиглэлээр 70 компанийг аудитын судалгаанд хамруулахад зургаан хуулийн этгээд компанийн засаглалын кодыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Төрийн өмчит болох орон нутгийн төрийн өмчит 316 хуулийн этгээдийг нэгтгэж авч үзэхэд тэд бүгдээрээ мэдээллээ нээлттэй, ил болгоогүй. Төсвийн хуулийн төслийг дагалдуулаад Төрийн өмчит компанийн хуулиар цалин хөлс, урамшуулал, тендер, үнэлгээ гэх мэт бүх мэдээллийг ил тод болгох үүргийг төрийн өмчит компаниудад ногдуулсан. Мэдээллийг ил болгосны дараа bigdata үүсгэж, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах бололцоог бий болгоно гэсэн үг.

-Төрийн өмчит компаниуд улсын төсөвт үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоот газар, орон нутгийн өмчит компани гэх мэт ойлгомжгүй, тодорхой бус статустай байгаа асуудал бий. Үүнийг яаж шийдэх ёстой вэ?

-Энэ асуудлыг компанийн хуулиар зохицуулагддаг болох ёстой. Компанийн хуулиар зохицуулагдсанаар төрийн өмчит компанийн засаглал нь ил тод нээлттэй, хувьцаа эзэмшигч нар Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дамжуулан бодлого үйл ажиллагаанд нь оролцдог байх юм.  Жишээлбэл,  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлснээр компани гэдэг статуст бүгд шилжвэл 34 хувийн ногдол ашиг Баялгийн санд хуримтлагддаг болно. Төрийн өмчит зарим компани төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэг статустай учраас зарим нь ТУЗ-гүй үйл ажиллагаа явуулж байгаа. ТУЗ байснаар хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлнэ. дэргэдээ дотоод аудиттай байна. Цаашдаа компанийн ашигтай, ашиггүй гэдгээр үйл ажиллагааг нь хэмжих зорилгоор төрийн өмчийн эрх зүйн реформыг хийнэ. Мөн ил тод байдлыг хангуулахын тулд ТУЗ-ын нээлттэй сонгон шалгаруулалтыг бодит утгаар нь зохион байгуулна. Мөн хүний нөөцийн бүрдүүлсэн сан дээр анализ хийгээд тухайн ажлын байран дээр хэн тохирох вэ гэдгийг хиймэл оюун ухаанаар сонгодог системийг нэвтрүүлнэ.

-Төрийн өмчит компанид эрх зүйн реформ хийх гэж буй гол зорилго бол хувийн хэвшлийн оролцоог хангуулах гэдгийг тодотгосон. Тухайлбал, ямар байдлаар?

-Төрийн өмчит компаниудын эргэлтийн ба эргэлтийн бус хөрөнгө нийлээд 64.2 их наяд төгрөг болсон байна. Гэтэл эдгээр компани нийлээд 22.8 их наяд төгрөгийн өр төлбөртэй. Эхний 10 компанийн өр төлбөр нь 17.7 их наяд төгрөг байна. Гэтэл төрийн өмчит компаниудад нийтдээ 58087 хүн ажиллаж байна. Төрийн албан хаагч бол 220 мянга байгаа. Тэгэхээр бидэнд татан буулгах, нэгтгэх, өрсөлдөхүйц болгох гэсэн зам бий.  Ашиггүй ажиллаж байвал татан буулгана, шаардлагатай гэж үзвэл нэгтгэж нийлүүлнэ, цаашлаад төр зарим чиг үүргээ аутсорсинг хэлбэрээр хувийн хэвшилд шилжүүлнэ. Жишээлбэл, төрийн өмчит компани болгон хууль зүй, маркетингийн хэлтэстэй байх албагүй. Бүтээмж гэдэг бол хамгийн бага зардалтайгаар ажиллахыг хэлж байгаа. Тийм учраас хамгийн бага зардлаар ажиллахын тулд төрийн өмчит компаниудад хувийн хэвшлийн оролцоог хангуулах гурван чиглэл барьж ажиллана. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн өмчит компани байгуулахыг хатуу хуульчилна. УИХ-ын тогтоолоор нэр бүхий салбарт төрийн өмчит компани байгуулагдана. Бусад салбарт байгуулахгүй гэдгийг тодорхой болгоно.

Ингээд хувийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэх боломжгүй, эсвэл зах зээлийн төвлөрөл өндөртэй салбарт нийтийн зориулалттай үйлчилгээ дэд бүтцийн компани байгуулж болохыг тодорхой болгож өгнө. Орон нутагт копмани байгуулах салбарын жагсаалтыг заавал батлаад тооцоо судалгаагаар компани байгуулахыг хуулиар хориглоно. Тэгэхээр хувийн хэвшил ч гэсэн төр ийм бизнест орох юм байна, орохгүй юм байна гэдгийг ойлгож бизнесээ эрхлэх боломжтой болно гэсэн үг. Төр аутсорсинг хэлбэрээр зарим үйлчилгээгээ хувийн хэвшилд шилжүүлснээр оролцоо хангагдана. Үүний үр дүнд нөөцийг оновчтой хуваарилах зарчмыг хангуулах юм. 

С.Юмсүрэн 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 минутын өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 38 минутын өмнө
Улаанбаатарт 1-3 хэм дулаан байна 47 минутын өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… 23 цагийн өмнө
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын … Өчигдөр
Улаанбаатарт 4 хэм дулаан байна Өчигдөр
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш … Өчигдөр
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол болж бай… Өчигдөр
Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА Өчигдөр
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал болло… 2024/11/20
Улаанбаатарт 2 хэм дулаан байна 2024/11/20
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга, дотуур байрны их засвар… 2024/11/19
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 2024/11/19
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг арванхоёрдуг… 2024/11/19
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчи… 2024/11/19
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа … 2024/11/19
Оюуны олимпоос ганзага дүүрэн ирлээ 2024/11/18
Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн салбарт зун цаг ирж байна 2024/11/18
Д.Дэмбэрэлдаш: Миний өвөө Ш.Найдансүрэн анхдугаар Үндсэн хуулийг болов… 2024/11/18