Утааны эсрэг гучин жилийн “Ариун дайн”


 

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийг “Утаанбаатар” гэдэг. Биш ээ Улаанбаатар гэдэг. Уг нь энэ сайхан нэрийг өгөх гэж  “Жавхланг бадруулагч” намын үүрт харьяалагдаж байсан нөлөө бүхий хүмүүс хэлэлцжээ. Хурал дээр Жадамбын Баатар хот гэдэг нэр дэмжлэг аваад байтал Коминтерний төлөөлөгч Рыскулов Улаан гэсэн тодотголыг шургуулж орхисон гэдэг. Үүнийг эрдэмтэн Ж.Цэвээн Улаанбаатар бол Монголын баатарлаг туулийн нэр ээ хө гэснээр өнөөгийн  нийслэл Улаанбаатар болсон түүхтэй юм билээ. Миний бичих гэж байгаа зүйл нэртэй уг нь холбоогүй л дээ. Утаанбаатарыг дагаад утаанд төөрөөд жаахан хадуурчихлаа. “Айсуй баярын жавхаа” аз жаргалыг гэрэлтүүлнэ гэдэг шиг “Айсуй өвлийн утаа” айдсыг минь хүргээд хэлэх гэхээр хэл халтираад, халах гэхээр хамар бөглөрөөд байгаа юм болов уу даа. Улс эх орон минь уг нь гурван сая гаруйхан хүнтэй, 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Энэ гурван сая гаруйхан хүнийхээ тэн хагасаас илүүг нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэлдээ чихэж орхисноос үүдэн утаа, түгжрэл гэх мэт асуудлууд хөвөрч, нийгэм буцалж эхэлсэн. Асуудал хөндөх санаатай алсаас л мөлхөөд байгаа хэрэг. “Чи өвөл болгон “Утаа” гэсэн үг орсон нийтлэл нэгийг бич гэж Бурхан та хэлсэн” гэж Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” шүлгэнд нь оруулах юмсан. Өвөл болгон л “Утаа” гэсэн үгтэй нийтлэл нэгийг бичиж байна. Бичиж, нийтэлснээр, тэмцэж, жагссанаар утаа сарнидаг бол сарнихаар л боллоо. Ёстой дарагддаггүй дайсан, салдаггүй нойтон хамуу юм даа. “Утаа”-ны эсрэг ээж, аавууд нийлж жагсаад юу боллоо, удирдагчаа ордон руу алдаад тарсан. Уул нүхэлж, усан шүүлтүүр тавих санаачилга гарсан, тэгсгээд намжсан. Санаачилга болгон дарагдаад салхин сэнс ч мартагдаад нэгэн зууныг давав. Өнгөрсөн гучин жилд өнгөтэй өөдтэй болгоноо л утаанд барилаа гэхэд дэгс болчихгүй байгаа. Ямар сайндаа л утааны эсрэг хороо байгуулж удтал хуралдсаны эцэст “За энэ утаа чинь зэвтэй хар яндангаас чинь болсон байна” гэдэг шийдвэр гаргаж зэвтэй хар яндангаа будагтай бүдүүн яндангаар зуу, зуун мянгаар нь сольсон. Утаа багассангүй дээ. Уушги руу хийх аян дайн нь зогсох янз ч үзүүлсэнгүй. Хороо дайны байдалд шилжиж фронт байгуулав. Фронтын командлагч томилогдсон даруйдаа “Энэ удаа бид дайсны голт зүрх рүү нь довтлохоор шийдлээ. Утааг яндан гаргадаггүй, зуух үйлдвэрлэдэг болохыг нь ухаантан мэргэдийн нотлон бичсэн нэн эртний судар бидний гарт байна” хэмээсэн мэдэгдэл гаргаж айл бүрийг зуухжуулах “Ариун дайн” зарлах нь тэр. Зуухаа солилоо доо. Зузаан хар үүл мэт нэвсийтэл суух хар утаа бах таваа хангах мэт багалзуур хоолой хорсгон байж л байв. Фронт командлагч аргаа баран толгойгоо маажин суух гэрэл зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж ард түмэн агуу командлагчаа дагаад далан таваар бууж өгөх дээрээ тулаад байв. Сайн хүний үр сүүтэй гүүний унага л арми командлах хэмжээнд хүрнэ биз дээ. Түлш солих мэргэн санааг тун удалгүй ард түмэндээ танилцуулав. Эх орны хөрснөөс гарсан “Эх оронч” бус нүүрсийг эвцэлдүүлэн, нийлүүлэх замаар “Эх оронч” зүрх сэтгэлтэй болгож нийгмийн сайн сайхны төлөө нэрийг нь марттал зүтгүүл гэв. Ард түмэн нижигнэтэл алга ташин шийдвэрийг даган мөрдөхөө илэрхийлж, шуурхай хөдлөн түлшээ солилоо.

Үүнээс хойш Монгол Улс жилийн дөрвөн улирлаас гадна “Утааны улирал” болон “Уушиг эрүүлжих улирал” гэдэг хоёр улирлаар он цагаа тэмдэглэн үлддэг болсон гэнэм. Түлш солиод ч Төрийн толгойн өвчин арилсангүй, түмний уушиг амарсангүй. Яндан цөөлөх тухай яриа гарахад аргаа барсан Долоон буудлын Должин эмгэн галын хайчаа харан “Яндан сольсон, зуухаа сольсон, түлшээ солилоо хэвээрээ. Ер нь энэ галын хайчиндаа байгаа юм биш үү дээ хүүхээ” гэж санаашрангуй үглэж суусан. Нээрээ галын хайчаа солиод үзвэл яасан юм бэ хэдүүлээ. Галын хайчаа солиод бүтэхгүй бол гал түлдэг эхнэрүүдэд бас нэг учир байж болох л юм. Гадаадаас нуруу, туруу сайтай галыг бэлгэдсэн шаргал үстэй ганган эхнэр импортлох санаа бас байж болох л юм. Ер нь бодоод байхад хэдэн жилийн өмнө хоёр эхнэртэй байж болох тухай хуулийн төсөл яриад байсан энэ ажлын эхлэл ч юм бил үү хэн мэдлээ. Алсын хараатай, холын бодолтой улс даа. Хүн ч тэгээд аргаа барахад хөөрхөн юм их бодно шүү. Утааны довтолгоонд уушги нь өртсөн улаанбаатарчуудын л нэг шүү дээ би чинь.

Нэг хэсэг Улаанбаатар хотыг “Азийн цагаан дагина” гэж нэрлэдэг байсныг би гэнэт саналаа. Яахаараа Улаан “Баатар” гэдэг эр нэртэй хотыг дагина болгож орхидог байна аа. Асуудлын гогцоо эндээс хөвөрч мэдэх л юм шүү. Нөгөө өвчнийг нь буруу оношлоод эм өгөөд ч эдгэдэггүй, мэс хэрэглээд ч сэхдэггүй өвчтөн шиг болчихсон юм биш байгаа. Эргээд л нэрнээс нь учир шалтгаан хайгаад эхэллээ шүү. Энэ ч буруу даа.

Түүхийн хүрд зогсолт үгүй эргэсээр л. Хүрд гэдэг тойрог хэлбэртэй учир түүх давтагддаг гэсэн санаа. Яагаад гэхээр бид эргээд л яндан дээрээ хүрээд ирсэн. Энэ удаа яндангаа солихгүй. Харин бүр түүнийг алга болгоно. Янданг цөөлөхийн тулд Гандан очин ном уншуулах шаардлагагүй гэдгийг ойлгоцгоочихлоо. Одоо л зөв “Бай”-гаа олж байх шиг санагдана. Гэр хорооллуудыг орон сууцжуулах төлөвлөгөөгөөр утаатай тэмцэж Улаанбаатарыг утаанаас салгах нь давхар ашигтай, дам нөлөөтэй. Хөрсний бохирдол, замын түгжрэл, агаарын чанар “Аман хуур” кинонд гардаг Дарь эмгэн шиг амар тайван амьдран суух тохилог дулаан байр саванд орохгүй гэж гэдийх хүн байхгүй л болов уу. Уул нүхэлж утаа сарниулах тухай яриа сэвэгдээд л байна. Тоо тэгээс эхлэж тэрбум хүрдэг шиг төсөл хөтөлбөр хөдлөхийн тулд нэг алхам хийх л ёстой. Утаа нь зуун хувь сорогдож урагшаа Хөшигийн хөндийг хөшиглүүлж орхихгүй ч гэлээ тодорхой хувиар хэлтэрхий нь ч болов сорогдоно уу хорогдоно уу үр дүн гарах л байх. Судалгаа тооцоо ч байсан санагдана. Дөрвөн уулын дундаа давхар утлагат хиам шиг утагдсаар байгаад унахгүйг л хичээнэ дээ хэдүүлээ. Сонирхуулахад Улаанбаатар хотод үнэртэй усны бизнес хамгийн гүйлгээтэй наймаа болсон гэдэг нь утааныхаа үнэрээс салах гэсэн хүслээс үүдэлтэй л юм гэсэн.    


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 3 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 4 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 4 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 4 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 4 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 4 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 4 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 4 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 4 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 4 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 4 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 5 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 5 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 5 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… Өчигдөр