Д.Дэмбэрэлдаш: Миний өвөө Ш.Найдансүрэн анхдугаар Үндсэн хуулийг боловсруулан батлалцсан төрийн түшээ



Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг батлалцсан төрийн түшээгийн нэг бол Шаравын НАЙДАНСҮРЭН.  Мэйрэн тайж Ш.Найдансүрэн хуучнаар Засагт хан аймгийн Гүн Загдсамбарын хошуу,  одоогийн Завхан аймгийн Түдэвтэй суманд 1877 онд Шарав тойны угсаа залгамжилсан ууган хүү болон мэндэлжээ. 

Тухайн үед  Монголын язгууртан тайж  нар үр хүүхдээ удам угсаагаа залгамжуулахаар гэрийн сайн багшид шавь оруулан, эрдэм ном заалгаж, сурган хүмүүжүүлдэг байсан уламжлалтай. Энэ уламжлалын дагуу мэйрэн тайж  Найдансүрэнг  зургаан настайгаас нь гэрийн багшид шавь оруулж, эрдэм номд шамдуулснаар монгол хэл бичгээс гадна манж, төвөд хэлийг гаргууд эзэмшжээ. Нутаг усандаа эрдэм мэдлэгээрээ гайхагдсан мэйрэн тайж Найдансүрэн төрөлх хошууныхаа Тамгын газрын бичээчээр ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн байна. Улмаар түшмэлийн алба хашиж, төрийн хэрэгт суралцсан эх зохиогч бичгийн хүн болон төлөвшжээ.  

Мэйрэн тайж Найдансүрэн Чин улсын үед Да жанжин жасааны түшмэл, Автономитын үед Цэргийн яамны түшмэл, Ардын засгийн үед  1924-1925 онд Хууль цаазыг эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэл,  Шүүх явдлын яамны сайдаар тус тус ажиллажээ. Улмаар 1926-1929 онд Хантайшир уулын /Одоогийн Завхан аймаг/ аймгийн даргаар сонгогдон ажиллажээ. Ийн Монголын төрд хичээн зүтгэж явахдаа 1924 онд анхдугаар Үндсэн хуулийг батлахад эх баригчаар ажилласан нь түүхийн хуудсандаа тодоор бичигдэн үлджээ.  Ардын засгийн газрын Цааз хуулийг эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэлээр ажиллаж байхдаа Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн эхийг зохиолцож,  ардын эрхэт тусгаар тогтносон Монгол Улсын ард олны эрх ашгийг эн түрүүнд дээдэлсэн эрэгтэй, эмэгтэй, баян, хоосон ялгалгүй хуулийн өмнө  тэгш эрхтэй, хариуцлага хүлээх ардчилсан цааз хуулийн үндэс суурийг тавилцжээ.  

Анхдугаар Үндсэн хуулиа баталсны дараагаар  1924 онд хуралдсан Монгол Улсын анхдугаар бага хурлаар Ш.Найдансүрэнг Шүүх явдлын яамны сайдаар томилсон байна. Мэйрэн тайж Ш.Найдансүрэн БНМАУ-ын II, III, IV, V их хурлын төлөөлөгч, анхдугаар болон II,  III,  IV их хурлаас Улсын бага хурлын гишүүнээр сонгогдон төрийн  их үйлсэд чин үнэнчээр зүтгэж, Ардын төрийн удирдагчид, МАХН-ын үндэслэгчидтэй гар нийлэн ажиллаж байсан сурвалжит улс төрийн том зүтгэлтэн хүн байжээ.  Ийнхүү нэгэн насны амьдралаа төр, улсынхаа төлөө зориулсан мэйрэн тайж, Монгол төрийн түшээ Ш.Найдансүрэнг их хэлмэгдүүлэлтийн хар шуурга тойрсонгүй. 1932 онд хэлмэгдүүлэлтэд өртөн ялын дээд хэмжээ авчээ. Үүнээс 84 жилийн дараа буюу 2016 онд төрийн түшээ Ш.Найдансүрэн мэйрэнгийн үйл хэрэг үнэн зөв байсан нь батлагдаж  Монголын төр гаргасан алдаагаа засаж, цагаатгажээ.

Д.Дэмбэрэлдаш: Ерөнхийлөгч Н.Багабанди уншаад “Дэмбэрэлдаш аа, танай өвөө чинь Монгол Улсын анхны Үндсэн хуулийг эхийг зохиолцон, барьж орж, батлуулж хэрэгжүүлсэн хүн байна.  Дөрөвдүгээр Үндсэн хуулийн эхийг баригч, Гавьяат хуульч Б.Чимидтэй эн тэнцэх хүн байна” гэж дүгнэж хэлсэнд би баяртай явдаг

Ингээд  төрийн түшээ Ш.Найдан­сүрэнгийн зээ хүү, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, “Найдаа мэйрэн” сангийн тэргүүн  Д.Дэмбэрэлдаштай ярилцлаа.


Төр, нийгмийн зүтгэлтэн Д.Дэмбэрэлдаш өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж ирсэн эрхэм. Олон улсын тоймч, улс төр судлалын магистр тэрбээр  1974-1980 онд Төв аймгийн Намын хороонд лектор, хэлтсийн эрхлэгч, 1980-1988 онд Дархан хотын Намын хороонд үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1988-1991 онд Улаанбаатар Төмөр замын намын хороонд II нарын бичгийн дарга, 1991-2000 онд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, 2000-2012 онд нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын  даргаар тус тус ажиллаж байсан юм.

-Таны  өвөө багаасаа эрдэм номд шамдсан  хүн байжээ. Та өвөөгийнхөө тухай дурсамжийг хэр сонсож өссөн бэ?

-Миний өвөө Ш.Найдансүрэн Чингисийн удмын хүн. Боржигон овгийн хиад ястан. Аав нь Шарав  тойн гэж тайж хүн байсан. Хүүгээ зургаан наснаас нь сайн ламд шавь оруулж, бичиг үсэг сургасан. Манай ээж аавынхаа тухай их дурсдаг байлаа. Эмээ маань “Хар багаас нь бичиг үсэг сургаснаас төрийн албанд явуулж, би хүүгийнхээ барааг харсангүй” гэж ярьдаг байсан юм гэнэ лээ.  Тухайн үед  монгол бичгээс гадна манж, төвөд хэл эзэмшсэн эрдэмтэй хүн ховор байжээ. Тиймээс өвөө минь хошууны Тамгын газарт тал бичээчээс эхлээд бичээч, бичгийн орчуулагч, эх  зохиогч болсон байдаг.

Миний өвөө 1912 онд  Ховд, Улиастайг  чөлөөлөх байлдаанд Хатанбаатар Магсаржав, Дамдинбазар нартай удаа дараа  оролцсон эх орон, газар нутгийнхаа төлөө тэмцэж явсан юм.   Чин улсын үеэс л  Да жанжин жасааны түшмэлээр ажиллажээ.  Улиастайн амбаны чуулганы хурлын бүх протокол манж хэлээр явдаг. Тухайн үед Засагт ханы хошуунд  Найдансүрэн мэйрэн, Наянбуу захирагч хоёр л манж хэлтэй байсан. Тэр хоёрыг чуулганд ээлжлэн суулгадаг байжээ. Автономитын үед Цэргийн яамны түшмэлээр ажиллаж байсан юм билээ.  Цэргийн яамны түшмэл гэдэг нь одоогийнхоор Төрийн нарийн бичгийн дарга.

-1924 онд анхдугаар Үндсэн хуулийг батлах үед ямар албан тушаал эрхэлж байсан бол?

 -1924 оны эхээр Шүүх явдлын яаманд  Хууль, цаазыг эмхлэх хэлтсийн  эрхэлсэн түшмэл хийж байжээ. Үндсэн хуулийн төслийг боловсруулах комисс олон удаа өөрчлөгдсөн байдаг.  Хамгийн сүүлд нь Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан. Дахин комиссоо татан буулгаж, Үндсэн хуулийн төслийг дахин боловсруулах чиглэл өгч Шүүх явдлын яаманд шилжүүлсэн байна. Энэ үед Шүүх явдлын  яамны Хууль цаазыг эмхлэх хэлтсийн  эрхэлсэн түшмэл Ш.Найдансүрэн  Үндсэн хуулийн эхийг гардан зохиолцсон. Үүнийг академич Ж.Болдбаатар, С.Нарангэрэл нар “Ш.Найдансүрэн бол  анхдугаар Үндсэн хуулийн эхийг зохиолцсон төрийн түшээ” гэж хэлсэн байдаг. Анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэхэд төслийг зохиолцон батлуулж, яамны сайдаар томилогдсон байдаг. Шүүх явдлын яамны сайдаар томилогдоод анхдугаар Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хүрээнд бусад анхны  бүх хуулийг  боловсруулан оруулж батлуулсан байна.

-Тухайн үеийн Шүүх явдлын яам бол одоогийн ХЗДХЯ. Шүүхийн яамны хэд дэх сайд вэ?

-Манай өвөө Ш.Найдансүрэн Шүүх явдлын  яамны тав дахь сайд. Улсын их, бага хуралд удаа дараа төлөөлөгч, Бага хурлын гишүүнээр томилогдсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. БНМАУ-ын Шүүх яамны сайд байхдаа 1925 онд Улсын их хурлын үеэр “Ардын эрхтэй засгийг байгуулж, урьдах бүдүүлгийг огоорч, харгисыг устган, Европын боловсон улсын цааз хуулийг үлгэр болгон дэвших замыг эрхэлмой” гэж хэлсэн байдаг. 

 Би өвөөгийнхөө тухай  “Төрийн зүтгэлтэн Шаравын Найдансүрэн” ном нийтлэн хэвлүүлсэн. Миний номыг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди уншаад “Дэмбэрэлдаш аа, танай өвөө чинь Монгол Улсын анхны Үндсэн хуулийг эхийг зохиолцон, барьж орж, батлуулж хэрэгжүүлсэн хүн байна.  Дөрөвдүгээр Үндсэн хуулийн эхийг баригч, Гавьяат хуульч Б.Чимидтэй эн тэнцэх хүн байна” гэж дүгнэж хэлсэнд би баяртай явдаг.  

-Төрийн түшээ Ш.Найдансүрэн гуайг хэлмэгдүүлэх шалтгаан юу байсан бэ?

 -Миний өвөө Чингисийн удмын хүн. Тухайн үедээ хөрөнгө чинээтэй, тайж язгууртан. Хоёр удаа эд хөрөнгийг нь хураасан гэдэг. Гурав дахь удаад  баривчлан авч явж, ялын дээд хэмжээ оноосон юм билээ. Шоронд ял эдэлж байхдаа бурхан болсон.

 Өвөө маань төрийн түшээ, хууль цаазын хүн учир хуулиа сайн мэддэг байх. Тиймээс хилс хэргээр яллагдахдаа өмгөөлөгчгүйгээр өөрийгөө шүүсэн байсан. Аймгийн төвд болсон сүүлчийн шүүх хурал дээр  “Энэ төрд боловсролтой хүн хэрэггүй юм байна. Би хууль зохион батлалцсаныхаа төлөө өөрөө өөрийнхөө хуулиар яллагдлаа” гэж хэлсэн байдаг.  Бас хилс хэргээр яллуулах үедээ овгоо сольж,  Цэвээнжав болгосон байжээ. Бид өвөөгийнхөө хилсээр яллагдсан бичиг баримтыг эрж, хайж, нэр нь олдохгүй нэлээд цаг орсон. 1928 онд улсын  V дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдохдоо өөрийн гараар бичсэн  анкет байдаг. Энэ анкет дээр Шаравын Найдансүрэн гээд овог нь зөв байсан. 1928 оноос хойш хөрөнгө хураах хөдөлгөөн өрнөх үед овгоо сольсон байх гэж таамаглаж байна. Учир нь хуулиа мэдэж байсан.


 -Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан анхдугаар Үндсэн хуулийн эхийг зохиож батлалцсан хүний үр удмын хувьд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-ХЗДХЯ, “Найдаа мэйрэн” сангаас хамтран Ажлын хэсэг гаргаж, өвөөгийн мэндэлсний 140 жилийн ойд зориулан хүрэл хөшөөг нь нутагт нь байгуулж, дурсамжийн ном хэвлэж, эрдэм шинжилгээний байга хурал зохион байгуулсан. Бид анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд Завхан аймгийн Түдэвтэй сумын сургуулийн сурагчдын дунд “Төрийн түшээ Ш.Найдансүрэнг хэр сайн таних вэ” зохион бичлэгийн уралдаан зарлаж, сумын иргэдтэй уулзалт ярилцлага хийж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлуулна.

 

Төрийн түшээ, мэйрэн Ш.Найдансүрэнгийн талаар хуульч, судлаач, академичид ярьж байна

С.Нарангэрэл:  Ш.Найдансүрэн бол хууль зүйн албыг үндэслэгчдийн нэг мөн

 /Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич/

 

-Эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр үнэнч  шударгаар  хүчин зүтгэсэн монгол эрхэм хүмүүний нэг бол төрийн нэрт зүтгэлтэн, 1924-1926 онд Шүүх явдлын яамны сайдаар ажиллаж байсан Шаравын Найдансүрэн яахын аргагүй мөн. Шүүх явдлын яамны Хууль цаазыг эмхлэх хэлтэс нь хуучны харгис хууль цаазыг халах, тэдгээрийн үйлчлэлийг зогсоох, шинэ хууль тогтоомжийн төсөл, түүний дотор 1924 оны буюу анхны Үндсэн хуулийн төслийг боловсруулахад нэн чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Ийм учраас Ш.Найдансүрэн мэйрэнгийн анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах, батлуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсний нотолгоо нь түүнийг 1924 оны Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Засгийн газарт Шүүх явдлын яамны сайдаар тохоон томилсон явдал. Монгол Улсын анхны Үндсэн хуулийг хэрэгжүүлэх үйлсийг манлайлах их хариуцлага, хүнд хүчир ажил үйлс түүнд оногджээ.

 

Г.Баясгалан: Ш.Найдансүрэн өнөөгийн эрх зүйт төрийн үндэс суурийг тавилцсан хууль зүйн албаны нэрт зүтгэлтэн мөн

 /ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан/

 

-Ш.Найдансүрэн нь 1923 оноос Шүүх явдлын яамны Хууль цаазыг эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэлээр, 1924 оноос сайдаар ажиллахдаа анхдугаар Үндсэн хуулийг боловсруулж батлуулахад биечлэн оролцож, өнөөгийн эрх зүйт төрийн үндэс суурийг тавьж, ардын эрхт тусгаар тогтносон, Монгол Улсын ард олны эрх ашгийг нэн түрүүнд дээдэлсэн Эрүүгийн болон Иргэний  хуулийг боловсруулж, шүүхийн тогтолцоог бүх шатанд байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрбээр сайдаар ажиллах хугацаандаа шүүн таслах газруудын бүх хэргийг жолоодон удирдах зөвлөл, Эрүүгийн болон Иргэний хуулийг боловрсуулах комисс, улс төрд харшилтай хэрэг өдүүлэхээр оролдон явсан ялт нарыг гүйцэтгүүлэх тусгай комиссыг тус тус ахалж, Ардын засгийн үед Манжийн үеийн хуулийг улс орныхоо хөгжлийн  шинэ нөхцөл шаардлагад нийцүүлэн шинэчлэх, шүүх таслах ажлыг боловсронгуй болгох, ялангуяа эрүүдэн шүүх хуучин хуулийг бүрмөсөн халах, ардчилсан шүүхийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, шоронгийн нөхцөлийг сайжруулах зэрэгт мэдлэг чадвараа дайчлан ажилласан Монгол төрийн хууль зүйн албаны нэрт зүтгэлтэн байсан юм.

 

Н.Бэгз: Ш.Найдансүрэн мэйрэн гурван төрд алба хашсан төрийн зүтгэлтэн

 /Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич/

 

-Ш.Найдансүрэн манж хэлээр бичиж найруулахдаа гарамгай учир Улиастайн яаманд хошуугаа төлөөлөн олон удаа жасаалан сууж байжээ. 1911 онд монголчууд Манж чин улсын эрхшээлээс гарч, үндэсний хувьсгал ялсан. 1912 онд Богд хаан Нийслэл хүрээнд тусгаар тогтнолоо дахин сэргээсэн Монгол Улсын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэн зөвлөлдөхөөр Засагт хан аймгаас оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хошуу Засаг Дамдин-Абиша, мэйрэн тайж Найдансүрэн нарыг нэр заан оруулжээ. 

Найдансүрэн мэйрэн тусгаар тогтнолоо дахин сэргээсэн шинэ  тулгар улсаа хөл дээр нь зогсоож бэхжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн юм. 1924 оны эхээр Ш.Найдансүрэнг шинэ төрд нэн хэрэгцээтэй боловсон хүчин гэж үзэж Ардын засгийн Шүүх явдлын яаманд Хууль цаазын эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэлээр дэвшүүлэн томилжээ. Эл албыг залгуулж байхдаа анхдугаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах, их хурлын бэлтгэл ажлыг хангахад оролцжээ.

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24622/ 


0
angry
2
care
0
haha
5
liked
3
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.29
17 цагийн өмнө
0
0
Таныхаа үйл хэргийг төрсөн дүү маань үргэлжлүүлж байгаа билээ.
Хариулах
Шинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж б… 19 цагийн өмнө
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын … 20 цагийн өмнө
Улаанбаатарт 4 хэм дулаан байна 21 цагийн өмнө
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал маш … Өчигдөр
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол болж бай… Өчигдөр
Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА Өчигдөр
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал болло… Өчигдөр
Улаанбаатарт 2 хэм дулаан байна Өчигдөр
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга, дотуур байрны их засвар… 2024/11/19
Дүүжин тээврийн эхний чиглэлийг ирэх онд ашиглалтад оруулна 2024/11/19
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг арванхоёрдуг… 2024/11/19
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчи… 2024/11/19
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа … 2024/11/19
Оюуны олимпоос ганзага дүүрэн ирлээ 2024/11/18
Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн салбарт зун цаг ирж байна 2024/11/18
Д.Дэмбэрэлдаш: Миний өвөө Ш.Найдансүрэн анхдугаар Үндсэн хуулийг болов… 2024/11/18
"Бадмаарсан зул" Хоролын Зандраабайдий 2024/11/18
Технологийн салбарын “Алтан луужин” 2024/11/18
Г.Номин: Нэгдүгээр ангийн сурагчдын шүдийг эмчилж, цоорохоос сэргийлэх… 2024/11/18