Хөгжлийг чөдөрлөх санаачилга

unen
2 цагийн өмнө


Нийгмийн шилжилт ид өрнөж байсан 1990-ээд оны үед “Олон ургальч үзэл” гэдэг үг трэнд болж байлаа. Миний бодлоор олон ургальч үзэл гэдэг овоолсон шорооны хэдэн талд гарч зогсчихоод нэг нь шороон дахь эрдсийн агууламжийг ярьж байхад нөгөөх нь шороог цэцэг тарьж болох гайхалтай хөрс, өөр нэг нь  хүнсний ногоо тариалах боломж хэмээн харахыг хэлээд байх шиг байгаа юм. Энэ талаараа бол тун сайхан эд байгаа биз. “Нэг толгойноос хоёр толгой илүү гэдэг дээ” гэж ямар кинонд хэлсэн байдаг билээ. Улс орны хэмжээний бүтээн байгуулалтын төсөл дээр ийм олон ургальч үзлээр тал, талаас нь харж хөгжлийн гарц, гаргалгаа хэлээд явдаг бол сайхан аа. Том төслүүдээ тал, талаас нь дэмнээд явах нь бүү хэл жаахан өргөөд ирэхээр нь оосорлож аваад, татаж унагах гэж оролдоод унадаг нь сонин шүү. Ямар ч шинжлэх ухааны тайлбар нотолгоо байхгүй, ул суурьгүй буруутгалаар улс орны хэмжээний төслүүдийг шүүмжлээд байдаг. Шүүмжилснээрээ хөгждөг бол бид өнөөдөр “Цэнгэлийн манлай”-д хүрчихсэн яваа л даа. Олон ургальч үзлийг, олон талаас нь “Шүүмжлэхийн дон” болгож орхисон нь харамсалтай. Өнөөдөр энэ дон нийгмийг хамарсан шинж чанартай тахал мэт түгдэг болсон нь хамгийн аймшигтай. 

Яагаад бид нийгмээрээ ийм “Дон”-той болчих оо вэ гэдгийг жаахан л  бодчихвол хариулт, онош нь ч амархан, бэлэн юм байна. Нийгмийн энэ өвчний суурь онош “Би” үзэл гэдэг нэршилтэй ажээ. Энэ өвчний шинж тэмдгийг “Бусдын үйлдэл, итгэл үнэмшлээс ялгаатай, өөрийнхөө зөвд итгэх явцуу сэтгэлгээ, дээр нь жаахан ёс суртахууны доройтол нэмэгдэнэ” гэж тодорхойлжээ. Эмчлэх жор нь ямар байхыг би мэдэхгүй ч маш халдвартай гэдгийг л хэлж чадна. Хүнээс, хүнд халддаг энэ өвчнөөр улс орны “Тусгаар тогтнол”-д хүртэл заналхийлж, эдийн засгийг сүйрүүлж эмчилгээ, тэжээлийн цэг дээр аваачиж болох юм байна гэдгийг сүүлийн 10 жил (Миний таамгаар...) бид харчихлаа. 
Хүн гэдэг амьтан өөрийнхөө мэдэхгүй, чадахгүй зүйлээс айдаг төрлийн амьтан. Энэ айдсаа мэдлэгээр дарангуйлсны хүчинд бид өнөөдрийн хөгжлийн түвшинг бий болгочихоод сууж байгаа хэрэг л дээ. Хүн төрөлхтний түүхэнд хийсэн хөгжлийн томоохон алхмууд бүгд ногоон гэрлээр явж ирсэн гэж бодож байна уу. Үгүй л болов уу. Энд бид цаг хугацааны хувьд хамгийн ойрын жишээ болох Теслагийн зоригтой, шинэчлэгч түүхийг жишээ авч болох юм. Түүний автомашины хөдөлгүүрийг цэвэр эрчим хүчний шийдэл рүү шилжүүлэх санааг салбарын магнатууд цэвэр утопи гэж шоолцгоож байлаа. Илон Маскийн цахилгаан тээврийн ирээдүйд итгэх итгэл, нэр төрөөрөө тавьсан мөрийтэй тоглоом үр дүнгээ өгч ойрын ирээдүйг тодорхойлчихоод сууж байна. Тодорхой бус байдал бизнест “Өндөр эрсдэл, арвин өгөөж” гэсэн зүйр үг бизнесийн хүрээлэлд байдаг. Түүний баримталсан зарчим ердөө л энэ. 
Сүүлийн үед хөгжлийг чөдөрлөх урлаг гэж бий болжээ. Энэ урлагийг төгс эзэмшигчид авто замын зогсох хориотой хэсэгт аваарийн гэрлээ асаан зогсож бүтэн эгнээг түгжиж орхидог нөхөд байдаг. Тэд дээр өгүүлсэн “Шүүмжлэх дон”-гоор өвчилж, “Би” үзлээр өвч зэвсэглэсэн нийтлэг шинжтэй. Хөгжил чөдөрлөх урлагийг төгс эзэмшсэн тэдгээр нөхдийн нийгмийн сүлжээнд хамгийн их эсэргүүцэж байгаа төслийн нэг нь Бүсчилсэн бодлогын хүрээнд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан шинэ дэд бүтэцтэй “Шинэ Зуунмод” дагуул хот. “Төр захиргааны нэгдсэн байрыг барьж,  ашиглалтад оруулах төсөл”-ийн хүрээнд хийгдэх “Хөшигийн хөндийн туннель”-ийн ажил. Хөгжлийн хурдасгуур болсон энэ бүтээн байгуулалтыг уг нь зайлшгүй хийх ёстой. Эртний Хятадын философич Лао Цзы “Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлнэ”гэсэн байдаг. Бид яагаад алхам хийхгүй суух ёстой юм бэ гэдэг асуултад хөгжлийн төслийг чөдөрлөхийг санаархагчид тайлбар хиймээр байгаа юм. Дагуул хотын үр өгөөжийн эсрэг тавьж байгаа маргаан нь “Онгон уулыг минь нүхлэх гэлээ” гэдэг мухар сүсэг, явцуу эрх ашгаа хамгаалсан шинжтэй. Хамгийн эмгэнэлтэй нь эсэргүүцэгчдийн дотор нийгмийн оюун санааг түүчээлдэг шилдэг нийтлэлчийн гаргаж тавьсан өнцөг намайг сэтгэлээр унагаж орхисон. Түүний Монголын удирдагчдыг урвагчид гэж цоллоод “Тэд урвасан учраас л албаар Богд хан ууланд халдаж байгаа юм. 30 километр зам товчлох ямар ч хэрэггүй төслөөс асар их мөнгө идэх санаа мэт сонсогдох авч үнэн санаа нь мөнгөндөө бус. Монголчуудын, тэр дундаа нийслэл улаанбаатарчуудын оюун санаа, сэтгэл зүрхэнд дархлагдсан орон зайг нүхэлж устгах “хужаа” санаа юм” хэмээн бичсэнийг нь уншихад гуниглаад л гудамждаа лааз өшигчин хөлчүүрч явмаар санагдсан даа, өөр яах вэ. Уг нь бид албаны болон амины сайн харилцаатай Солонгосын түгжрэл сааруулсан төлөвлөгөөний хийсэн гол ажлуудыг харахад л дээрх төслийг эсэргүүцэх шаардлагагүйг мэдэх боломжтой. Тэд дөрвөн том арга хэмжээ авсны нэг нь “Дагуул хот, олон төвт буюу 15 минутын хот” төсөл юм билээ.  
Хүн төрөлхтөн “Сэргэн мандалтын үе”-с сүсэг, бишрэлийг шинжлэх ухаан хөгжлийн замаас салгаад даруй таван зууныг үзэж байгаа биз дээ. Тэгэхээр бид таван зуунаар хоцорчихсон яваа гэсэн үг үү. Биднийг ийн сүсэг бишрэлээ яриад хөгжлөө хөлдөж аваад чөдөрлөх гээд сууж байхад хөгжил дорой, мухар сүсэгт идэгдсэн гэж жишээ аван ярьдаг Африк тивийн улс орнууд нэгдэж Транс-Африкийн 56.7 мянган километр есөн том хурдны замыг нэгтгэх зорилготой том төсөл эхлүүлээд явж байна. Ф.М.Достоевский “Ирээдүйд нэг бол төр нь шашин болно, үгүй бол шашин нь төр болно” хэмээн бошголсон байдаг. Төр нь шашин мэт ард түмэндээ дээдлэгдэж яваа улс орнууд сайхан ч юм аа даа. Манайд шашин нь төр болчихоод там дотроо биесээ хэмлээд, хийх гэсэн нэгнээ хийрхлээр татаж унагаад байх болсон нь гашуун үнэн. 
Ховд аймгийн “Халзан бүрэгтэй” уулын орд газрын төслийг эсэргүүцэж байгаа маргаан ч мөн ялгаагүй мухар сүсгийн шинжтэй. Ямар сайндаа л уулын нэрийг сургаар бүдэг бадаг таамагласан нэгэн “Халзан бүргэдтэй уулын бүргэдүүд нь бүгд халзан, террорист царайтай” бараг л биеэрээ дүүрэн шивээстэй гэсэн агуулга бүхий нийтлэл нийгмийн сүлжээнд оруулж амьтны доог болж байх вэ дээ. Уг нь “Уран”-аар хордсон гэсэн санаа юм уу даа. Төслийн багийнхан анх очиход Ховд аймгийн Мянгад сумын иргэд ямар ч ойлголтгүй “Уран” олборлох талаар яриад сууж байсан гэж төслийн удирдагчийн хэвлэлд өгсөн ярилцлага байна. Энд Физикийн ухааны доктор, Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаярын яриа байна. Тэрбээр  “Газрын ховор элемент бол Менделеевийн үелэх системд байдаг жирийн л нэг үелэх систем. Бусад элементээс ялгаатай тал нь  цацраг идэвхэт чанартай болон чанаргүй ховор элемент байна. Халзан бүрэгтэйн орд бол хэн нэгэн авчраад тарьсан өвс ногоо биш. Тэнд дэлхий үүсэхэд газрын ховор элемент байгалиасаа л байсан. Хойшид ч байх зүйл. Эдийн засгийн ач холбогдолтой бол олборлоно. Эс олборлосон ч хур тунадасны усаар шүүгдэж, угаагдаад, тэнд байгаа газрын ховор элемент Ховд гол руу, Хар-Ус нуур руу ч орж байгаа. Тэгэхээр олборлуулахгүй байлаа гээд гавьяа байгуулж байгаа хэрэг ердөө биш. Тийм учраас шинжлэх ухаан талаасаа эдийн засгийн ач холбогдолтой бол хаана ч олборлох ёстой. Аливаа газрын ус тухайн орчинд ямар эрдсийн хуримтлал байгаагийн толь болдог. Халзан бүрэгтэй ордыг ашиглах нь бүс нутагтаа хэрэгтэй. Дэлхий нийтэд газрын ховор элемент ховордож байна. Ийм учраас маш их эрэлттэй болж байгаа. Өндөр технологи газрын ховор элементээс хамаарч байна. Ийм тохиолдолд газрын ховор элементийг олборлуулахгүй гэж байгаа нь ухаалаг биш хэрэг” гэж ярьсан байдаг. Дэлхий дээрх газрын ховор элементийн нийт түүхий эдийн бааз нь ойролцоогоор 100 сая тонн бөгөөд үүний 52 сая тонныг Хятадад эзэлдэг. Хятад улс дэлхийн газрын ховор элементийн 92-94 хувийг хангадаг. Бидэнд газрын ховор элементийн зах зээлд тоглогч болох боломж нээлттэй ажээ.  
Үүнийг бичиж байхад яагаад ч юм “Алтан дээр суусан гуйлгачид” гэдэг хоржоонтой гашуун үг байн, байн тархинд зурсхийн орж ирээд л байх. Том төслүүдийг эхлүүлэхийн өмнө нийгмийн соён гэгээрлийн ажлыг маш сайн хийх ёстой юм байна даа дарга, захирлууд аа. Ард иргэдийн мэдэх эрх, тэмцэх, үгээ хэлэх эрхэд халдах гээгүй. Харин улс орныг хамарсан том төслийг чөдөрлөх санаачлага гарган хөгжлийн хурдыг удаашруулахыг санаачилгачдын турхиралт хэний эрх ашгийн тусын тулд вэ гэдгийг мэргэн ард ялгаж салган ойлгох ухаантай буй за. Хөгжлийн том үсрэлтийг хийхийн тулд анхны алхмаа хийх л ёстой. Хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд өнөөдөр ашиггүй мэт харагдаж болох ч алс хэтийг харсан шинжтэй байдгийг өнөөдрийн өөхийг таашаагсад харах болтугай гэж ерөөмөөр байгаа юм. Засгийн газрын тэргүүн залуу хүн болоод зоригтой шийдэмгий байна, тэр хэрээр нүдүүлж байна. Ажил хийсэн нь нүдүүлж, алхайж ард түмний мөнгийг хумсалж хэвтсэн нь үнэд орох гээд ч байх шиг. Мэргэн ухаан моданд орох цаг ирж л таарна. 

  Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 1 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 1 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 1 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 1 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 1 цагийн өмнө
SDY Calling you... 1 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 1 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 2 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 2 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 2 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22