Орон нутгийн сонгуулийн дүнд шинээр бүрдсэн нийслэлийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын зөвлөл болон Хурлын хороодыг байгуулав. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий 5-7 хүртэлх төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ИТХ-ын Зөвлөл байгуулна гэж заасны дагуу долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар танилцуулав. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжиж долоон орон тооны бүрэлдэхүүнтэй Зөвлөлийг баталлаа. Зөвлөлд Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Б.Сэргэлэнбаатар, Б.Дөлгөөн, Г.Ууганбаяр, Т.Отгонболд, О.Зундуйдорж нарын бүрэлдэхүүнтэй байхаар баталсан юм. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны даргаар Л.Ариунтуяа, Хүний хөгжлийн хорооны даргаар Ү.Оюунзул, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны даргаар Ж.Сандагсүрэн, Ногоон хөгжлийн хорооны даргаар Б.Золтуяа, Зам, тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны даргаар Г.Батсайхан, Засаглал, эрх зүйн хорооны даргаар Б.Сэмжидмаа нар ажиллахаар болов.
Ийнхүү нийслэлийн ИТХ-ын зөвлөл болон Хороодыг байгуулснаар ээлжит бус I хуралдаан болсон юм. Ингэснээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын үдээс хойших хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж төлөөлөгчдийн 66.7 хувийн саналаар баталсан юм. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийг танилцуулав. Тэрбээр “Үндсэн бодлого агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бөгөөд Улаанбаатар “20 минутын хот” үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суугаа газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр тусгасан” гэдгийг онцоллоо. Уг хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн үр өгөөж, нийгмийн хэрэгцээ шаардлагаар нь эрэмбэлсэн таван бодлого, 25 зорилго, 220 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн цаг үеийн хувьд тулгамдсан нэн шаардлагатай 12 томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан байна. Тухайлбал, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд таван зорилго, 69 зорилт, Хүний хөгжлийн бодлогын хүрээнд таван зорилго, 38 зорилт, Эдийн засгийн бодлогын хүрээнд таван зорилго, 12 зорилт, Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд таван зорилго, 23 зорилт, Засаглалын бодлогын хүрээнд таван зорилго, 42 зорилтыг тусгасан байна. Хотын даргын танилцуулгын дараа нийслэлийн ИТХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан санал, дүгнэлтээ танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр бүлгийн санал, дүгнэлтийг танилцууллаа. Явган хүн, моторт бус тээврийн хэрэгслийн замын сүлжээг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөний нөхцөлийг сайжруулах, үерийн эрсдэлийн хохирлын үнэлгээг боловсруулж, голуудын эргийн хамгаалалт 30 км далан, 100 км суваг, дөрвөн байршилд усан сан, хөв, цөөрөм, 20 км хөрсний ус зайлуулах шугам сүлжээг барьж байгуулах, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг урамшуулах, нийгмийн баталгааг хангахад төр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран дэмжлэг үзүүлэх гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг танилцуулав. Үүний дараа нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Батцогт бүлгийн санал дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөхдөө иргэдэд амьдрах орчны сонголтыг бий болгон амины орон сууцны хороолол, орон сууцны хороолол гэсэн төлөвлөлттэйгөөр хийж инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдсан хорооллыг барьж, 13.280 өрхийг орон сууцыг ашиглалтад оруулах, “Эрүүл мэнд, биеийн тамир хэсэг”-т нэмэлтээр оруулах санал, “Гэр бүл, хүүхэд, залуучууд хэсэг”-т нэмэлтээр оруулах санал танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан юм. Ингэснээр нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгээс гаргасан дээрх санал агуулгын хувьд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон учраас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Нийслэлийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмж тусгахаар боллоо. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг төлөөлөгчдийн 66.7 хувийн саналаар баталлаа.
Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, барилгажилтын төслийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Танилцуулгыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Төгсдэлгэр танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, төлөөлөгч Ү.Оюунзул тулгамдсан асуудлыг газар дээр нь очиж танилцаж, дахин төлөвлөлтийг цэгцлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төлөөлөгч О.Зундуйдорж, Т.Эрдэнэсүх нар “авлига хороолол” шиг барилгуудыг бариулахгүй байх, төлөөлөгч Ж.Энхжаргал явган хүний зам нэмэгдүүлэх, орц гарцыг нээх, төлөөлөгч Б.Ану-Үжин шинээр баригдаж буй барилга байгууламжид стандартыг мөрдүүлэх талаар асуулт, асууж хариулт авлаа. Үүний дараа санал хураалт явуулж төлөөлөгчдийн 61.5 хувийн саналаар төслийг дэмжлээ. Нийтийн зориулалттай орон сууцыг балансаас баланст шилжүүлэх тухай, Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг Т.Батцогт төлөөлөгчийн гаргасан горимын саналыг дэмжиж дараагийн хуралдаанаас хэлэлцэхээр хойшлууллаа. Түүнчлэн Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай асуудлыг редакцын засвартай батлахыг төлөөлөгчдийн 73.5 хувийн саналаар дэмжлээ. Тогтоол хүчингүй болгох тухай (Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 269 дүгээр тогтоол, 2009 оны 30 дугаар тогтоол, 2014 оны 92, 167 дугаар тогтоол) –г 70.6 хувийн саналаар баталлаа.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна