Анхдугаар Үндсэн хуулиа батлан хаант засаглалыг халж, хамаг монголчууд төрөө удирдах эрхийг олж авсны 100 жилийн ой өнгөрсөн долоо хоногт тохиов. Үндсэн хуулийн өдрөөр айл бүр битүү шөл уух УИХ-ын уриалга сошиал орчинд багагүй маргаан өрнүүлсэн ч “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг монголчууд энэ шийдвэрийг тэгтлээ их эсэргүүцсэнгүй. Гэрийн эзэгтэй бүр л монгол үндэсний хоолоо хийхийг эрмэлзэж, олон ч айл битүү шөл чанаснаа олон нийтийн сүлжээгээр зарлаж байсан юм. Ард иргэд битүү шөлтэй, харин албан тушаалтнууд битүү хуралтай долоо хоногийг үдэж байна. Хаа сайгүй төсөв, төлөвлөгөө хэлэлцэж байгаа учраас арга ч үгүй биз.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд боллоо. Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөж ярилцаж байгаа юм. Энэ үеэр Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр байгаль хамгааллын салбарт санхүүжилтийн тогтвортой эх үүсвэр бий болгох зорилгоор “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, “Монголын байгалийн өв сан” итгэлцлийн сан байгуулан, олон улсын хөрөнгө оруулагчдаас нийт 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж төвлөрүүлээд байгааг зарлалаа. Үүнээс гадна Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээл олгох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргажээ.
Улсын их хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авч, 2025 оны Улсын төсөв задрах нь нэгэнт тодорхой болсон. Гэхдээ хоригт ороод байгаа төсвийг УИХ ямар дэгээр хэлэлцэх вэ гэдэг тусгайлан зохицуулсан зохицуулалт хуульд байхгүй тул яахаа мэдэхгүй сандарцгааж, эцэст нь тогтоол боловсруулах ажлын хэсэг байгуулахаар тогтлоо.
Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ шинэчлэн баталсан. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих учиртай. Улс төрийн намууд үүрэг хариуцлага хүлээх, тэр хэрээрээ дэмжлэг олж авах энэ хуулийг хэрэгжүүлэхээс намын дарга нар татгалзаж, хууль хэрэгжүүлэх хугацааг хойшлуулахыг шаардан ээлж дараалан хурал хийлээ. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар “УИХ, орон нутгийн сонгууль дөнгөж дуусангуут улс төрийн намуудын бүртгэлийн асуудал сөхөгдөн гарч ирж байна. Бүртгэл хийх цаг хугацаа байгаагүй” хэмээн мэдэгдсэн бол Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат “Улс төрийн намууд намын удирдах хурлаа хийгээд бүтцийн 40 хувьд жендэр оруулаад дахин бүртгүүлэх, дэргэдээ судалгааны байгууллагатай байх ёстой. Үлдэж буй энэ нэг сарын хугацаанд үүнийг хийж амжихгүй” гэж ярьж байна. Үүнээс харахад улс төрийн намын дарга нар маань Улс төрийн намын тухай хуулиа саяхан л сөхөж харж, сандарч байгаа бололтой. Учир нь энэ хуульд улс төрийн намын тухай хуульд заасан болзлыг хангахгүй бол намыг татан буулгах, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах заалт байгааг тэд сая л анзаарсан бололтой. Харин Ардчилсан намын бүлгийн хурлын үеэр энэ асуудлыг хэлэлцэж, Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Тус намын гишүүд “Хуулийг өөрсдөдөө тааруулж батлах ёсгүй” гэж үзэж байгаа юм. Ийнхүү намууд хуулиа тойрон хэрэлдэж, зарим нь бүр дахин шинэчлэхийг шаардаж байгаа учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн анхаарал татсан сэдвүүдийн тоонд “20 минутын хот” үндэсний хорооны дарга буюу сайд Р.Эрдэнэбүрэнгийн мэдэгдэл багтаж байна. Тэрбээр Улаанбаатарын түгжрэлийг шийдэх хүрээнд нийслэлд ажиллаж буй төрийн бүх албан хаагчийг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулах тогтоол удахгүй албажих болсон талаар мэдэгдсэн юм. “Төрийн албан хаагчид түгжрэл нэмдэг үү” гэсэн асуултыг дагаад хувийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байгаа иргэд ч гэрээсээ ажлаа хийх боломжийг давхар гаргаж өгөх ёстой гэсэн байр суурийг олон хүн илэрхийлж байна.
Засгийн газар хуралдаж, өвлийн бэлтгэлийг хэлэлцэж, өвлийн аялал жуулчлалтай холбоотой шийдвэрүүд гаргалаа. Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргажээ. Тодруулбал, нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх, Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх, БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх шийдвэр гаргав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байгаа гэж мэдэгдсэн. Гэвч өнөөдрийн байдлаар долоон аймаг зудын эрсдэлтэй байгааг Шадар сайд нуусангүй. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговьм зэрэг аймаг гантай зуссан учраас зудын эрсдэл өндөр гарсан. Ялангуяа Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин өндөр байгаа юм байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна