СДМЭХ-ны хоёр дахь ерөнхийлөгч Д.Оюунхоролтой тус холбооны 30 жилийн ойг тохиолдуулан ярилцлаа. Тэрбээр УИХ-д тасралтгүй дөрвөн удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан мэргэшсэн парламентч билээ.
-Юуны өмнө танд МАН-ын дэргэдэх СДМЭХ үүсэн байгуулагдсан 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таныг ажлаа хүлээн авахад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар түвшинд байсан бэ?
-Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдний нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хариуцлагатай үүрэг хүлээсэн МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны үе үеийн удирдлагууд, идэвхтэн сонгуультнууд, гишүүд, дэмжигчдэдээ түүхт 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.
МАН ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн оролцоог тэгш хангахад анхаарал хандуулсаар ирсэн. Тэр дундаа эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад ихээхэн анхаарч, олон ажлыг хэрэгжүүлж ирсэн.
Хүний хувьд 30 нас бол хийж бүтээх гал цогоор дүрэлзэж байдаг идэр залуу нас. Харин ардчилсан нийгэмтэйгээ зэрэг шахам байгуулагдсан улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хийж бүтээснээс харвал бага хугацаа биш ээ. Өнөөдөр Монголын нийгэмд ч, улс төрийн орчинд ч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах болон шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх нь хэвийн ойлголт болж, үсрэнгүй ахиц дэвшил гарсан нь бидний 30 жилийн хамтын зүтгэлийн үр дүн юм.
1994 онд анх үүдээ нээж, өрхөө татсан “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн намынхаа үзэл баримтлалын өөрчлөлтийг дагаж Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо, өнөөдөр Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо нэрээр өргөжин тэлж үйл ажиллагаагаа явуулж байна.
Намын бүтцэд эмэгтэйчүүдийнхээ квотыг баталгаажуулж, эрх зүйн орчныг нь сайжруулсан
-Та СДМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоод ямар зорилт тавьж, хэрэгжүүлсэн бэ?
-Миний хувьд Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хэмээн зөвхөн нэр төдийгүй үйл хэргээ шинэчилсэн цаг үед холбооны ерөнхийлөгчөөр ажиллах түүхэн үүрэг ногдсон. 2011 оны зургадугаар сарын 24-нд НАМЭХ-ны V чуулганаар намын удирдлага, эмэгтэйчүүдийнхээ дэмжлэгээр ерөнхийлөгчөөр сонгогдоод шинэчлэл, өөрчлөлтийн таван зорилт дэвшүүлж ажилласан байдаг. Нийгмийн ардчилал нь бүх хүний тэгш эрхийг хангасан байх улс төрийн үзэл санаа учраас нийт эмэгтэйчүүдийнхээ эрхийн төлөө ажиллах, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог бодлогын түвшинд баталгаажуулахад гол анхаарлаа чиглүүлсэн түүхэн үе байсан. Намайг холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэр цаг үед шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо ер нь нэлээд эмзэг болсон байлаа.
Анх 1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын 430 депутатаас Улсын бага хуралд сонгогдсон 50 гишүүнээс хоёр нь л эмэгтэй байсан. УИХ-ын сонгуулиар 1992 онд гурав, 1996 онд найм, 2000 онд ес, 2004 онд тав, 2008 онд гурав, 2012 онд 11, 2016 онд 13, 2020 онд 13 эмэгтэй гишүүн сонгогдож байв. Тус холбоог удирдаж ажиллах хугацаандаа намын бүтцэд эмэгтэйчүүдийнхээ квотыг баталгаажуулж, эрх зүйн орчинг нь сайжруулж чадсандаа баяртай байдаг. Ингэснээр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, нарийн бичгийн дарга, хэлтэс албадын дарга нарын дунд эмэгтэйчүүд 25 хувийг эзлэх болсон. Мөн намаас сонгогддог, томилогддог улс төрийн албан тушаалд ч энэ квотыг мөрдүүлж эхэлсэн. Тэр үеэс улс төрийн бусад нам ч энэ шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн.
-Эмэгтэйчүүдээ нэгтгэх, амьдралын чанарыг нь сайжруулах чиглэлээр тухайн үед ямар ажил санаачилж хийсэн бэ?
-Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаад шинэчлэл, өөрчлөлтийн таван зорилт дэвшүүлж ажилласан. Холбооны бүтэц зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох, олон улсын харилцааг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, лобби бүлэг байгуулж, сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийг бэлтгэх, нийгмийн хөгжлийн зорилтот төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчүүдийн имижийг шинээр бүрдүүлэх зэрэг зорилтуудаа биелүүлэх гэж бид идэвх, чармайлттай ажилласнаа өнөөдөр дурсахад сайхан байна.
Монголын эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлуудыг цогц байдлаар хэлэлцэж, шийдвэрлэхийн тулд эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1000 эмэгтэй оролцсон “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011” форумыг 2011 оны арваннэгдүгээр сард санаачлан зохион байгуулж, эмэгтэйчүүдийн асуудлыг цогцоор нь авч хэлэлцэж байлаа.
Энэ чуулганаар гэр бүлийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, хөдөөгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчныг хамгаалах, улс төрийн оролцооны гэсэн чиглэлээр тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийг хэлэлцэж, зөвлөмж гаргасан. Зөвлөмжөө бид төр, засгийн бодлого, шийдвэрт болон улс төрийн намууд мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүргүүлж байлаа. Түүнчлэн эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндөж, 149.8 мянган эмэгтэй өрхийн бизнест цалин хөлсгүй оролцож байгааг онцлон, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага дунд орлоготой эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих уриалгыг гарган шийдвэр гаргагчдад хүргүүлж байлаа.
Бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах зээлийн баталгааны сан ажиллуулах замаар бодит дэмжлэг үзүүлэх эмэгтэйчүүдийн банк байгуулж болох талаар судалгаа тооцоог танилцуулж, уриалга гарган, шийдвэр гаргагчдад хүргүүлж, өөрөө ч их хөөцөлдсөн.
-Таны үед намын дүрэмд болон сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг хуульчилж байлаа. Энэ нь тухайн үедээ шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх эхний шат байсан. Гэхдээ квоттой боллоо гээд шууд хэрэгжсэн үү?
-Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хамгийн чухал үүргийн нэг бол шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх гэдгийг миний бие ерөнхийлөгчөөр ажиллахдаа алхам тутамдаа санаж ажилласан. Тиймдээ ч сургалт, судалгаа, бодлогын дэмжлэг бий болгоход анхаарсан.
МАН-ын дүрэмд оруулж байсан “Намын бүх шатны сонгуульт байгууллагад 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Санал хураалтыг энэ шаардлагад нийцүүлэн зохион байгуулна” гэсэн заалт нь намын доторх эмэгтэйчүүдийн байр суурийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болсон юм. Ингээд намын Удирдах зөвлөл, Бага хурал, нарийн бичгийн дарга нар, хэлтэс албадын дарга нарын дунд эмэгтэйчүүд 25 хувийг эзлэх болсон. Намаас томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх заалт ч бодит биеллээ олж эхэлсэн.
2012 оны УИХ-ын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явагдсан. Намын хувьд МАХН нэрээ МАН болгон өөрчлөөд удаагүй байв. Үүн дээр улс төрийн нөхцөл байдал манай намд ээлтэй биш, хүндхэн нөхцөлд сонгууль болсон юм. Тийм үед эмэгтэйчүүдээ дэмжих нөхцөл, боломж төдийлөн байгаагүй юм болов уу. Хэдийгээр эмэгтэйчүүд бидний хичээл, зүтгэлээр намын дүрэм, сонгуулийн хууль дахь квотын механизмд ахиц, дэвшил гарсан ч сонгуулийн дүн санасан хэмжээнд гараагүй.
МАН-аас 17 эмэгтэйг дэвшүүлсэн боловч жагсаалтын 11-ээс эхлэн эмэгтэйчүүдээ эрэмбэлсэн бөгөөд тойргоос хоёр эмэгтэй сонгогдож, жагсаалтаар нэг эмэгтэй УИХ-ын гишүүн болсон түүхтэй. 2024 оны УИХ-ын сонгуулиар намын жагсаалтыг гаргахдаа 2012 оны алдааг засаж эрэгтэй, эмэгтэйгээр сөөлжүүлэхийг хараад бидний олон жилийн хичээл, зүтгэл аажим боловч биеллээ олж байгаад баярлаж явдаг даа.
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл төрийн бодлого нийгэмд илүү ээлтэй болно
-Та УИХ-д дөрвөн удаа сонгогдсон мэргэшсэн парламентч. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд ажилласнаар юуг шинэчлэн өөрчилж чадсан бэ?
-Жендэрийн үндсэн суурь үзэл баримтлал болох “Эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, гэр бүл, нийгмийн асуудлыг эмэгтэй хүний нүдээр харж шийдэхэд эмэгтэйчүүдийн төлөөлөл зайлшгүй хэрэгтэй” гэдэгтэй дэлхий нийтээрээ санал нэгдэж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл төрийн бодлого эмэгтэйчүүдэд илүү ээлтэй болох боломжтой гэж үздэг.
Ахмадууд, хүүхдүүд, эмэгтэйчүүд, асаргаа сувилгаа шаардлагатай хэсэгт төрийн хайр, халамжийг чиглүүлэх олон санаачилга гаргаж, эрх зүйн үндсийг тавьсан нь үе үеийн эмэгтэй гишүүдийн хийсэн ажил юм. Эмэгтэйчүүд бидэнд байгалиас өгсөн өгөгдөл нь угаасаа энэрэн хайрлаж, халамжлах шүү дээ.
Улс төрд зүтгэсэн он жилүүддээ нийгмийн хамгаалал, халамжийн цэгцтэй бодлого боловсруулах, нийгмийн оршин тогтнох, хөгжих язгуур үндэс болсон гэр бүлийн үнэт зүйлсийг хамгаалах, нийгэм, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийг эрмэлзэж ирсэн. Энэ үүргээ ч биелүүлсэн гэж боддог.
Хууль тогтоох байгууллагын эд эс болон ажиллаж байхдаа санаачлан батлуулсан хуулиудын дийлэнх нь нийгэм, иргэн, хүн рүү чиглэсэн байдаг. Тухайлбал, Тэтгэврийн зөрүүг арилгах хууль, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хууль, Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай, Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд залуусыг дэмжих тухай гэх мэт хуулиудыг юуны өмнө нэрлэж болно.
Мөн хөдөө орон нутгаас сонгогдсон, малчдын амьдралыг илүү мэдэх хүний хувьд малчид, малчин өрхийг жижиг, дунд үйлдвэрлэгч хэмээн нэрлэх асуудлыг хуульчилж өгөх тухай хуулийн төсөл санаачилсан. Малчдын цаг наргүй хөдөлмөрийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцуулж тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, тэтгэврийн даатгалын шимтгэлийн өнгөрсөн 20 жилийг нь нөхөн төлүүлэх, малчин иргэний малчнаар ажилласан нэг жилийг нь 1.6 жилээр тооцуулахаар хуулийн төслүүдийг санаачлан өргөн барьж байсан.
Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүдтэй хамтран өргөн барьсан. Энэ хуулийн агуулга нь боловсролын байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсний ялгааг багасгах зэрэг асуудлыг багцаар нь шийдсэнээрээ онцлогтой юм. Энэ хууль батлагдсанаар боловсролын туслах ажилтан гэдгийг томьёолоод сургуулийн нярав, нягтлан, сантехникч, тогооч, манаач, үйлчлэгч гээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад тусалж дэмждэг бүх хүнийг хамруулан 25 жил тасралтгүй ажилласан тохиолдолд тэтгэвэртээ гарахад нь 36 сарын хөдөлмөрийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгодог болгосон.
Энэ хууль өнөөдөр ч маш олон хүнд өгөөжөө өгсөөр байна. Үүний зэрэгцээ хөдөө орон нутагт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, багш нар тогтвор сууршилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс орон нутагт гурав, таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгодог байхаар хуульчилж өгөх санаачилгыг гарган батлуулж байлаа.
Эмэгтэйчүүд улс төрийн бодлогыг илүү өргөн цар хүрээнд харж, стратегиа боловсруулж чаддаг байхыг өнөөгийн нийгэм шаардаж байна
-Таны батлуулсан олон хуулиас онцлоод гурвынх нь талаар тодруулах гэсэн юм. Бурхан багшийн их дүйчин өдрийг баярын өдөр болгоно гэсэн мэдээг нийгэм яаж хүлээж авахаа ч мэдэхгүй болчихсон?
-Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй. БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мьянмар зэрэг бурхны шашинт оронд Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Дээрх улс орнуудад их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс өрнүүлдэг.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1999 онд Бурхан багшийн их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуулийн төслийг өргөн барьж батлуулсан.
Энэ өдрийг тэмдэглэснээр хүмүүс амралтын өдөр гэхээсээ илүү өөрөө өөрийгөө соён гэгээрүүлэх, оюун санаагаа цэгцлэх, нөгөө талаас эцэг эхийнхээ өмнө, бурхан багшийн өмнө зөв буруугаа, хийсэн үйлээ дүгнэж цэгнэдэг, оюун санааны дотоод шинэчлэлийг хийдэг байгаасай гэж хүсдэг.
-Дараагийн хууль нь Алдарт эхийн одонгийн босгыг намсгасан шүү дээ. Энэ нь эхчүүдэд их урам өгсөн харагддаг.
-Сүүлийн жилүүдэд “Эхийн алдар” одон зүүсэн залуухан бүсгүйчүүд олширч харагдах болсныг анзаарсан байх. “Эхийн алдар” I, II одонг тав болон найман хүүхэд төрүүлж байж авдаг байсныг дөрөв болон зургаан хүүхэд төрүүлсэн бол авдаг болох хуулийг санаачлан 2010 онд батлуулж байлаа. Үүнээс хойших сүүлийн 10 жилд одон авч байгаа ээжүүдийн тоо жилд дунджаар 4500 орчим хүнээр нэмэгдэж байгаагаас харахад төрөөс төрөлтийг дэмжиж, хүн амын өсөлтөд мэдэгдэхүйц ахиц гарсан. Жил бүр Алдарт эхчүүдэд маш сайхан хүндэтгэл үзүүлж одон гардуулж байгааг харах сайхан байдаг.
-Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг та ахлан ажилласан. Тухайн үед нийгмийн хүлээлт ч их байлаа. Гэхдээ хамгийн байж болох оновчтой хувилбарт шилжүүлж батлуулсан гэдэгтэй та санал нийлүүлэх үү?
-2019-2020 оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэх мэдээллийг хундаганы үгэндээ дайж, төр шийдвэрийг нь гаргасан. УИХ-д үүний хүрээнд гаргасан хуулийн төслийг миний бие ахалж ажилласан юм. Өргөн барьсан төсөлд ахмадуудын бүх зээлийг тэглэхээр байсан нь учир дутагдалтай байсан л даа.
Өндөр тэтгэвэртэй иргэд өндөр зээлтэй, бүр 60-70 сая төгрөгийн зээлтэй ч байсан. Бага тэтгэвэртэй ахмадууд бага зээлтэй. Өр зээлээс айгаад зээл авдаггүй ч ахмадууд байсан. Энэ ялгаатай байдлыг харгалзан үзэж, эх орныхоо хишгээс ахмадууд маань жигд хүртэх боломжийг олгох нөхцөлийг бүрдүүлэхэд ажлын хэсэг анхаарч ажиллаж зургаан саяас дээш төгрөгийн зээлтэй бол төрөөс зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлөхөөр, нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй бол зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгох, зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн бондын эрхийн бичг олгох, 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тэтгэвэр барьцаалан зээл авсан иргэн нас барсан бол зээлийг нь тэглэхээр батлуулсан.
Улстөрч хүн аливаад тууштай байж, эрх ашгаа зөв эрэмбэлж сурах нь чухал
-Эмэгтэй гишүүд ихэвчлэн нийгэмд чиглэсэн хуулийн төсөл боловсруулж өргөн барьдаг. Парламентад эмэгтэй гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэн, батлах боломж хэр байдаг байв?
-УИХ-ын эрэгтэй гишүүд жендэрийн мэдрэмжтэй. Гол нь санаачлан өргөн барьж байгаа хуулийн төсөл нь нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан, эрэлт хэрэгцээнд тулгуурласан байвал батлагдана шүү дээ.
2012 онд УИХ -д сонгогдсон эмэгтэй гишүүд нам харгалзалгүйгээр нэгдэж, албан бус бүлэг байгуулан ажилласнаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хамтын тэтгэврийн тухай, Тамхины хяналтын тухай гэх мэт олон хуулийг батлуулж байсан.
Мөн Хүүхэд хамгаалах байгууллагын төсвийг жил дараалан нэмэгдүүлэх, өрхийн эмнэлэгт олгогддог нэг хүнд ногдох хувьсах зардлыг нэмэгдүүлэх, хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгох гэх мэт эрчүүдийн олж хардаггүй асуудлуудыг эмэгтэй гишүүд оруулж батлуулж байлаа
.
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь тодорхой түвшинд байх ёстойг нийгэм одоо хүлээн зөвшөөрсөн болов уу. Харин эмэгтэй улстөрчид өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрүүлэх вэ?
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл олон байх ёстой гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн. УИХ бол Монголын нийгмийн үйл явцад нөлөөлөхөд хамгийн ойр улс төрийн байгууллага. Тэр ч утгаараа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн манлайлал УИХ-аас, УИХ-д суугаа эмэгтэй гишүүдээс эхэлдэг. Эмэгтэйчүүд өөрийнхөө байсан түвшнээс өндөрт гарч, өөртөө илүү итгэлтэй, зоригтой болж өсөж дэвших нь чухал байна.
Эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөх нийгмийн хандлага сайжирсан ч эмэгтэйчүүдийг удирдах түвшинд хүлээн зөвшөөрөх явдал хувийн шинж чанар, улс төрийн туршлага, мэдлэг, нийгэм улс төр, эдийн засгийн бодлогын тодорхой ойлголт, бусдад нөлөөлөх ёсонд суралцсан байдалтай нь мөн холбоотой байна.
Улс төрч хүн аливаад тууштай байж, эрх ашгаа зөв эрэмбэлж сурах нь маш чухал. Үүнийг тойрог солилгүй Завхан аймагтаа дөрвөн удаа нэр дэвшиж тэднийхээ итгэлийг хүлээж явахдаа, иргэд сонгогчидтойгоо уулзах бүрдээ мэдэрч байсан.
Улс төрч хүний хамгийн үнэт зүйл бол ард түмэнд амласнаа биелүүлэх, үнэнээрээ байх юм. Нийгмийн тулгамдсан асуудлыг жижиг гэж харахгүйгээр шийдвэрлэж, иргэд, сонгогчидтойгоо холбоотой байвал эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд сонгогдоод явах боломжтой.
Манай ард түмэн хийсэн бүтээснээр нь хүнийг дүгнэж чаддаг ухаантай ард түмэн. Ямар ч хөрөнгө мөнгөтэй эрчүүдтэй өрсөлдөхөд эмэгтэйчүүд бид ялаад гардаг байлаа. Тиймээс биднийг дэмжээд, сонгож байгаа сонгогчдодоо маш их талархдаг.
Нөгөө талаар эрэгтэй, эмэгтэй бүх л улстөрч, шийдвэр гаргагчид нийгмийн шүүлтүүр дээр ил байдаг. Эмэгтэйчүүд илүү өргөн цар хүрээнд улс төрийн бодлогыг харж, дүгнэж, стратегиа тодорхойлж чаддаг байхыг өнөөгийн улс төрийн амьдрал шаардаж байна.
Эмэгтэйчүүдээс өөрсдийнхөө асуудлыг ярих, шийдэх чадвараас гадна үндэсний хэмжээний асуудалд хандах бүтээлч, эрч хүчтэй хандлагыг хүлээж байна. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцооны асуудал дан ганц бидний асуудал биш учраас эрэгтэй улстөрчидтэйгөө ойлголцох, хамтрах, нийгмийн бусад салбарын эмэгтэйчүүдийнхээ дэмжлэгийг авах, тэдний төлөө бодитой ажил хийх нь чухал юм.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/
Сэтгэгдэл (2)