СДМЭХ-ны 30 жилийн ойн хүрээнд нийслэл, дүүргийн салбар холбоод энэ сарын 27-ны өдөр Соёлын төв өргөөнд баярын хурлаа хийлээ. Хуралд ирсэн зочдыг зохион байгуулагчид сарнай цэцэгтэй угтан авч байв. Соёлын төв өргөөний нэг давхрын угтах танхимд Монголын салбар салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн нь баримтат кино үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ. Үзэсгэлэнд дэлгэсэн малчин, тариаланч, багш, уран бүтээлч эмэгтэйчүүдийн гэрэл зургуудаас тухайн нийгмийн өнгийг харж болно. Монголчууд бид энэ долоо хоногт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна.
Түүхт ойн хүрээнд болсон УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Анхдугаар Үндсэн хуульд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээнэ” гэж тунхаглан, ард иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулахдаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хангаж, түүн дотроо эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил, тэгш эрхийн үндсэн дээр сонгох, сонгогдохоор заасан нь Ази тивдээ анхдагч ардчилсан Үндсэн хууль болсон юм.
Анхдугаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа өнөөгийн парламентад ч тусгалаа олж эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарсны үр дүнд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт болсныг энэхүү түүхэн өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна” хэмээн онцолсон. Өнөөгийн УИХ-д өмнөх парламентуудаас хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон нь Ерөнхийлөгчийн үгийг бататгаж байгаа хэрэг билээ. Тэр дундаа УИХ-ын 32 эмэгтэй гишүүнээс 15 нь МАН-ынх.
Энэ жил мөн СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбоо бага хурлаа хийж, Б.Ану-Үжин даргаар ахлуулсан шинэ баг, хамт олон бүрдсэн. Шинэ баг ажлаа хүлээж аваад удаагүй байхдаа УИХ-ын болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг дэмжин оролцсон. Залуухан даргаар ахлуулсан СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбоо үүрэгт ажлаа маш амжилттай гүйцэтгэсэн нь СДМЭХ төдийгүй МАН-аас маш том үнэлгээ авсан юм. Тодруулбал, НИТХ-ын сонгуулиар нийслэл, дүүрэгт МАН-ын 100 эмэгтэй нэр дэвшсэн. Тэдгээрээс НИТХ-д нэр дэвшсэн есөн эмэгтэй 100 хувь ялалт байгуулсан бол дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшсэн 91 эмэгтэйгээс 83 нь ялалт байгуулсан билээ.
СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбоо түүхт ойгоо ийнхүү амжилт дүүрэн угтаж байгаа нь энэ юм.
Х.Булгантуяа: МАН жендэрийн мэдрэмжтэй улс төрийн хүчин
СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооны баярын хурлыг СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нээж хэлсэн үгэндээ “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүй. Нийслэлийн СДМЭХ-ны өнөөдрийн түүхийг үе үеийн удирдлагууд, эмэгтэйчүүдийн оролцоотойгоор бичилцсэн. СДМЭХ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг бид өргөн хүрээнд тэмдэглэж байна.
Нийслэлийн салбар холбооны шинэ баг ажлаа хүлээж аваад удаагүй УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн том ачааг үүрлээ. Маш хариуцлагатай ажлыг залуухан эмэгтэй дарга ахлан ажиллаж, ялалт байгууллаа. Тиймээс би өнөөдөр Б.Ану-Үжин даргад болон есөн дүүргийн салбар холбоодын дарга нарт халуун баяр хүргэе.
30 жилийн ойн баярын хурлыг аймаг бүрийн салбар холбоо зохион байгуулж байгаа. Саяхан СДМЭХ-ны Дархан-Уул аймгийн салбар холбоо 400 эмэгтэйчүүдийн хүрээнд баярын хурлаа зохион байгууллаа.
МАН жендэрийн мэдрэмжтэй улс төрийн хүчин. 2008-2012 онд эрх баригч хүчин байхдаа УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь болгох заалтыг тусгаж өгсөн. Ингэснээр 1992-2012 он хүртэлх парламентад 3-9 эмэгтэйтэй үе байлаа. Тэгвэл 2012 оноос эхэлж УИХ-д 11, 2016 онд 13, 2020 онд 13 эмэгтэй тус тус сонгогдсон. Харин өнөөдрийн УИХ-д 32 эмэгтэй гишүүнтэй болох үүдийг нээлээ. Энэ удаагийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгон нэмэгдүүлж, намын жагсаалтаар эрэгтэй, эмэгтэйгээр нь ээлжилж бичихээр хуульчилсан. Үүний үр дүнд энэ УИХ-ын 32 эмэгтэйгийн 24 нь жагсаалтаар, найм нь тойргоос сонгогдоод байна.
Энэ нь МАН дэвшилтэт бодлоготой, хүний эрхийг дээдэлсэн улс төрийн хүчин болохыг харуулж байгаа юм.
Нийгмийн хүрээнд эмэгтэйчүүдийн дуу хоолой, үзэл баримтлал, хамтын ажиллагаа, итгэлцлийг тодорхойлоход МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хамт олон нэн чухал үүрэг хүлээж ирсэн. Үүний үр дүнд бид нийслэл Улаанбаатар хотод ЕБС-ууд гурван ээлжээр хичээллэдэг байсныг хоёр ээлж болгон шийдвэрлүүлж байна. Азын сугалаагаар эсвэл аав, ээж нь дугаарлаж байж хүүхдүүдээ цэцэрлэгт оруулдаг байсныг бид халж чадсан. Мөн Гэр бүлийн тухай багц хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг УИХ дахь эмэгтэйчүүд санаачилж, батлуулсан байдаг.
Саяхан УИХ дахь эмэгтэйчүүдийн санаачилсан хуулиудын тоон статистикийг харлаа. Эмэгтэйчүүдийн санаачилсан хуулиудын 50 хувь нь УИХ-аар батлуулж чадсан байна. УИХ-д эмэгтэй гишүүд олноор орж ирснээр анх удаа Монгол Улс Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуультай болсон. Мөн эмэгтэйчүүдийн санаачилгаар Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай боллоо. Боловсролын багц хуулийн ажлын хэсгийг эмэгтэй гишүүд ахалсан бол Нийгмийн даатгалын багц хуулийг мөн л эмэгтэй гишүүд санаачлан батлуулсан.
Нөгөө талдаа бидэнд тулгамдсан асуудал олон байгааг хүлээж зөвшөөрөх ёстой. Ялангуяа Улаанбаатар хотод утаа, түгжрэл, хүүхэд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал тулгамдаж байна. Эдгээрийг шийдвэрлэхэд шат шатны сонгуулиар сонгогдсон эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал. Бид хамтдаа дуу хоолойгоо хүргэн ажиллах болно" хэмээн онцолсон юм.
Б.Ану-Үжин: Улс төрийн талбарт эмэгтэйчүүдийн оролцоо өсөн нэмэгдэж байна
Монгол Улсынхаа хөгжлийн төлөө сэтгэл зүрх, зориг хатуужил гарган зүтгэж байсан, зүтгэж буй үе, үеийн манлайлагч эмэгтэйчүүд, бүсгүйчүүд та бүхэндээ талархлаа илэрхийлье. Өнгөрсөн байгаагүй бол одоо байхгүй, одоо байхгүй бол ирээдүй үгүй билээ.
Бид Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооныхоо 30 жилийн ойг тэмдэглэж, энэ хугацаанд нийслэл болон есөн дүүргийн хийж, бүтээсэн зүйлсийг дүгнэх, ирээдүйд тавих зорилгоо тодорхойлох сайхан боломж өнөөдөр олдож байна.
СДМЭХ маань анх 30 жилийн өмнө байгуулагдаж байсан нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн тэгш байдлыг хангах, тэдний дуу хоолойг сонсох, бодлого шийдвэрт оролцохын зорилгоор байгуулагдаагүй, харин бидний эрх, боломж, эрх чөлөөг хамгаалахын тулд нэгдсэн зорилготой, нийгмийг хөгжүүлэх, төлөвшүүлэх томоохон хөдөлгөөн байсан билээ.
1994 оноос хойш 1999 онд Нийслэлийн салбар холбоо байгуулагдаж 2000 оноос идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Иймд өнөөдөр нийслэлийн СДМЭХ 25 жилийн ойтойгоо золгож байна.
Өнөөдрийн энэхүү түүхэн ойн өдөр бид Монгол Улсын улс төрийн талбарт эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн жилүүдэд өсөж, тэдний дуу хоолой улам чухал болж байгаа энэ үеийг бодит болгож, бид бүхнийг түүчээлж буй СДМЭХ-ны ерөнхийлөгч Х.Булгантуяа танд нийслэлийн эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлэх нь зүйн хэрэг юм. Мөн Нийслэлийн МАН-ны хорооны дарга Х.Нямбаатар танд Нийслэлийн СДМЭХ-ны үйл ажиллагааг үргэлж дэмждэгт талархал илэрхийлж байна.
Мөн СДМЭХ-ны нийслэлийн салбар холбооны үе үеийн дарга болох Г.Идэрмаа, Д.Баярсайхан, Б.Саранчимэг болон салбар дүүргийн холбооны дарга нартаа эмэгтэйчүүдийнхээ төлөө хийсэн бүтээсэн бүхэнд нь талархал илэрхийлье. СДМЭХ-ны нийслэл, есөн дүүргийн салбар холбоонд хийж бүтээснээрээ үлгэр дуурайл болсон манлайлагч эмэгтэйчүүд та бүхнийхээ Монголынхоо ирээдүйг улам гэгээтэй болгохын төлөө, эмэгтэйчүүдийнхээ төлөө өнгөрсөн 30 жилд хийсэн бүтээсэн бүхнийг үнэлж баршгүй тул талархлаа илэрхийлж байгааг минь мөн хүлээн авна уу.
Цаашид нийслэлийн эмэгтэйчүүд бид шударга ёсыг тогтоох,бэхжүүлэх, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, тэгш байдлыг хангасан, ил тод, хүнд сурталгүй, хариуцлагатай, хүнлэг энэрэнгүй монгол төрийг цогцлооход охид бүсгүйчүүд эмэгтэйчүүд та бидний дуу хоолой, зүрх сэтгэл, харилцан дэмждэг, эв нэгдэл чухал юм.
Өнөөдрийн ойн баярын хурал нь бидний амжилт, дурсамжийг тэмдэглэхээс гадна ирээдүйд бидний зорилго, хэтийн төлөвийг тодорхойлох учиртай. Бидний өнөөдрийн хийж буй ажил, тэмүүлэл, түүх, бидний амжилт, дурсамж — бүгд Монголын ирээдүйд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бэхжүүлэх болно.
Хамгийн гол нь бидэнд эв нэгдэл чухал юм.
Өнөөдрийн ойн баяр бидний амжилт, дурсамжийг тэмдэглэхээс гадна ирээдүйн зорилго, хэтийн төлөвийг тодорхойлох учиртай. Иймд ахмад үеэ хүндэтгэн сонсож, шинэ үеэ хичээнгүйлэн бэлтгэж, эв эе, хүчээ нэгтгэн хамтдаа хийж бүтээцгээе" хэмээв.
Ингээд СДМЭХ-ны 30 жилийн ойн баярын хурал есөн дүүргийн салбар холбооны удирдлагууддаа хүндэтгэл илэрхийлэх арга хэмжээгээр үргэлжлэв. СДМЭХ-ны Нийслэлийн салбар холбооноос ойн баярын арга хэмжээнд зориулж 30 сая төгрөг хандивласныг ерөнхийлөгч Х.Булгантуяад гардууллаа.
Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Эрдэнэбаяр ойн баярын арга хэмжээнд оролцож, нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатарын мэндчилгээг уламжиллаа. Тэрбээр “Өнөөдрийн нийгэм, цаг үе социал демократ эмэгтэйчүүд та бүхнээс олон зүйлийг хүлээж байна. Төр болон хувийн хэвшил, соёл, боловсрол, дэд бүтэц, хүмүүнлэгийн олон салбарт манлайлан ажиллах, сайн хань, сайн ээж, сайн хамтран зүтгэгч байх үүрэг та бүхэнд ирж байна. Нийслэлийн МАН-ын хороо эмэгтэйчүүдээ үргэлж дэмжиж байхаа Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа бататган хэлье. Нийслэлийн МАН-ын хороо удирдах түвшинд эмэгтэйчүүдийн байр суурийг бататгаж, үүрэг хариуцлага хүлээлгэн, томилж ажиллуулах талаар бодлого, шийдвэртээ тусгаж байна. Орон нутгийн сонгуулиар НИТХ-д есөн эмэгтэй нэр дэвшиж 100 хувь ялалт байгуулсан бол дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвшсэн 91 эмэгтэйн 83 нь сонгогдож, үнэмлэхүй ялалт байгуусан нь нийслэлийн МАН-ын эмэгтэйчүүдийн улс төрийн байр суурь ямар түвшинд байгааг илэрхийлж байгаа чухал үзүүлэлт” гэдгийг онцоллоо.
Баярын хурлын үеэр СДМЭХ-ны нийслэл, дүүргийн салбар холбооны ажил үйлсээрээ тэргүүлсэн эмэгтэйчүүдэд шагнал гардуулсан юм.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24624/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна