Баяр наадмын уур амьсгал, урилга, заллага дагуулсан арванхоёрдугаар сар айлчлан ирж, шинэ он босгоны гадаа байгааг сануулав. Өнгөрөгч долоо хоногт төсөв тойрсон маргаан мэтгэлцээн, басхүү хагарал бутрал зөвхөн Монголын хэрүүл байсангүй. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч цэргийн онц дэглэм тогтоосон нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, олны сэтгэлийг түгшээж амжлаа. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёол цэргийн онц байдал зарлах болсон шалтгаанаа сөрөг хүчний Ардчилсан нам төсвийн тодотголын төслийг батлуулахыг оролдож, хуулийнханд дарамт шахалт үзүүлж байгаатай холбон тайлбарласан. Тэгвэл Монголд ч улсын төсөв онц байдал биш ч гэлээ онцгой анхаарал татсан сэдэв хэвээрээ байна. Монгол Улсын Ерөнхийлөгч улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ энэ хоригийг хүлээж авсан. Хэрвээ 2024 онд багтаж төсвөө хэлэлцэж чадахгүй бол УИХ тарах дээрээ тулна гэсэн мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсаар... Улсын Их хурал 2025 оны төсвийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэж, эцэслэн батлах санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 94 гишүүний 87.2 хувь нь дэмжиж, баталлаа. Ингэснээр гацаанд ороод байсан төсвөө хэлэлцэх хуультай болж, нэг алхам урагшлав. Гэхдээ ард олны итгэл хүлээж сонгогдсон 126 гишүүний идэвх оролцоо сул байгаа нь УИХ-ын даргыг багагүй бухимдуулж, “Хэнд ч чөлөө өгөхгүй. Чуулган тасалдаг гишүүдийг араар суулгаж, хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдээд авлаа.
Монгол Улс тусгаар тогтнолоо зарлаж, Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж байгаа. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд “Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд боллоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй эрдэм шинжилгээний хурлаар Б.Чимид агсны Үндсэн хуульт ёс, хууль зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, түүхэн замнал, дурсамж бүтээлийг алдаршуулж, олон улсын эрдэмтэн судлаачдын илтгэлийг хэлэлцсэн. Энэ үеэр Бяраагийн Чимид нь ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулахад зарчим, голдирлоосоо хазайлгүй, чигч тууштай зүтгэсэн төдийгүй хожим Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд бүхий л үйл хэргээ зориулсан гэдгийг УИХ-ын дарга илтгэлдээ онцолж байлаа.
Төсөв задарч, асуудал ихтэй байгаа ч Монгол Улсын Ерөнхий сайд Саудын Арабын Хаант улсын Эр-Рияд хотноо зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцохоор мордлоо. Олон сарын өмнө товлогдсон, бүхий л хөтөлбөр, уулзалтуудын төлөвлөгөө урьдчилан гарч, хөтөлбөр нь зарлагдсан байсан учраас Ерөнхий сайд НҮБ-аас зохион байгуулж байгаа энэ хуралд зайлшгүй оролцох шаардлагатай байсан гэдгийг албаны хүмүүс онцолж байсан юм. Энэхүү хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант улсын угсаа залгамжлах ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль-Саудтай уулзаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцжээ. Мөн үүнээс гадна Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хоёр талын уулзалт хийсэн байна. Ураны төсөл дээр хамтран ажиллах, шар нунтгаа Францын дэмжлэгтэйгээр эдийн засгийн эргэлтэд оруулахаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа энэ цаг үед дээрх уулзалт дэлхийн олон хэвлэл мэдээллийн анхаарлыг татаад амжив. Гадаадад томилолтоор ажиллаж байгаа ч Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаа зарлаж цахимаар оролцлоо.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөгч долоо хоногт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо" үндэсний чуулганы нээлтэд оролцож зарим төлөөлөгчтэй уулзсан юм. Энэ чуулганы үеэр “Монгол Улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээр иргэний 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насныхан байгаа ч дөнгөж 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна” гэсэн статистик тоо мэдээ байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй 1263 хүүхэд сургуульд хамрагдах боломжгүй байна. Хүнд хэлбэрийн бэрхшээлтэй 1100 хүүхдийг дэмжих төвийг байгуулахаар улсын төсөлт 18.2 тэрбум төгрөгийг тусгажээ. Мөн 24 тэрбум төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн газар байгуулна гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан онцолсон юм.
Монгол Улсын төрийн захиргааны байгууллагуудаас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн хүнсний яам анх удаагаа хөдөө орон нутаг руу нүүж, нийслэлийн хэт төвлөрлийг задлах жим гаргаад байгаа. Тус яамны сайд Ж.Энхбаяр УИХ-ын чуулган дээр “ХХААХҮЯ-ны Улаанбаатар хотод үлдсэн ашиглахгүй байгаа үл хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар дамжуулан дуудлага худалдаанд оруулж хуримтлуулсан эх үүсвэрээс нь Дархан хотод ажиллахаар шилжиж очсон ажилтнуудын орон байрны асуудлыг шийдвэрлэх болсноо зарлав.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж эхэллээ. Хөгжлийн банкны зээлдэгчидтэй холбоотой энэ хэргийг “Хамгийн олон холбогдогчтой, улсад хамгийн их хохирол учруулсан хэрэг” гэж хуульчид үздэг. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 80 шүүгдэгчээс 10-ыг нь гэм буруутайд тооцож, бусад нь ял зэмгүй үлдсэн. Ял сонссон нь гомдол гаргаж, ялгүй үлдсэн хүмүүсийг гэм буруутай гэж прокурорууд эсэргүүцэл бичиж, энэ хэрэг улсын Дээд шүүх дээр очоод байна. Хөгжлийн банкны хэргийн энэ шүүх хурлаас болж, “Ногоон автобус”-ны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал хойшиллоо. Учир нь Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал давхацсан учраас энэ хэрэг дээр ажиллаж буй зарим өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулж байгаа юм байна.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын дарга нар, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Олны анхаарлыг татсан энэ хэргийн шүүх хурлын тов одоогоор гараагүй байна.
Өнгөрөгч долоо хоногт АТГ-аас Нийгмийн даатгалын 160 тэрбум төгрөгийг “Чингис хаан”, “Капитран” банканд хийгээд алдсан албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгахаар болсныг салбарын сайд зарлалаа. Нийгмийн даатгалын сангийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Тэдний ирээдүйд авах тэтгэвэр. Гэвч энэ мөнгөнөөс их хэмжээний мөнгө ор сох дутаж, шүүхээр явсан боловч авлага бүрэн барагдаагүй байна. 2019 онд Капитал банкнаас 104.2 тэрбум төгрөг нэхэмжлэх шийдвэрийг шүүхээс гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 36.9 тэрбум төгрөгийн төлбөр барагдаж, 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Чингис хаан банкнаас 103.57 тэрбум төгрөг нэхэмжилсэн боловч 7.98 тэрбум төгрөг төлөгдөж, үлдэгдэл 95.6 тэрбум төгрөг дутуу. Тиймээс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулсан буруутай этгээдийг олж тогтоон хариуцлага тооцохоор болжээ.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/
Сэтгэгдэл (1)