Ц.Цогзолмаа: СДМЭХ бол улстөрч эмэгтэйчүүдийн гал тогоо


МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны 30 жилийн ой тохиож байна. Манай сонин тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж асан эмэгтэй улстөрчдийн ярилцлагыг  цувралаар хүргэж байгаа. Энэ удаа СДМЭХ-г Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нэртэй байх үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд асан, Монгол Улсын Гавьяат багш Ц.ЦОГЗОЛМАА-тай уулзаж ярилцлаа.

-МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага СДМЭХ-ны 30 жилийн ой тохиож байна. Та бол энэ байгууллагыг удирдаж явсан, МАН-ын манлайлагч улстөрч бүсгүйчүүдийн нэг. Тиймээс юуны өмнө холбооны 30 жилийн үйл ажиллагааг товчхон дүгнэхгүй юу?
-Ямар ч үйл хэрэг, ямар ч байгууллагын түүх хүмүүсийн идэвхитэй үйл ажиллагааны явцад бүтээгддэг. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын 30 жилийн түүх ч ялгаагүй. Өнгөрсөн цаг хугацааны туршид эв санаа нэгтэй, амь нэгтэй хамтран ажилласан улстөрч бүсгүйчүүдийн дайчин замналаас бүтсэн. Аливаа байгууллага оршин тогтнож, хөгжиж дэвшихийн үндэс нь тухайн байгууллагын бүтэц, тогтолцоог амьдруулж байддаг хүний нөөц юм. Манай холбоо бол намынхаа эмэгтэйчүүдийн нөөцийг бүрдүүлж, тэднийгээ дэмжин хөгжүүлэхэд бусдаас илүү анхаарч ажилладаг, ажилласаар ирсэн байгууллага. 
Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг талаас хараад шүүмжлэх нэгэн ч бий.

Гэхдээ эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог явцуу утгаар, жижигхэн цонхоор харах хэрэггүй. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага бол хүүхэд, эмэгтэйчүүдийн, гэр бүлийн асуудлаар тогтохгүй ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн бодлогод ч нөлөөлөх чадвартай гэдгээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийгэмд харуулсан, таниулж чадсан. Эмэгтэйчүүдийг хөгжлийн бодлого тодорхойлох үйл явцад оролцуулах нь хэр үр дүнтэй вэ гэдгийг 30 жилийн турш нийгэмд гарсан өөрчлөлтүүдээс харж болно.

1990 оны нийгмийн шилжилт гэж бид их ярьдаг. Тэрхүү өөрчлөлтийн давлагаанд шидэгдэж, мартагдаж, гээгдсэн хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ амьдралын чанарын өөрчлөлтийн төлөө МАН-ын эмэгтэйчүүд зүтгэж ирсэн. Холбооны 30 жилийн ой тохиож байна. Энэ жилүүдэд бид юуг амжуулж, ямар өөрчлөлтийн салхи авчирч чадсан, цаашдаа юунд зорих, юу бүтээхээ нэлээн сайн ярилцана гэж бодож байна.

-Холбооны 30 жилийн үйл ажиллагааны долоон жил нь танаар овоглогдож, Ц.Цогзолмаа Ерөнхийлөгчтэй НАМЭХ гэж яригдаж, бичигдсэн. Холбоог удирдсан долоон жилээ товчхон дүгнэхгүй юу?

-СДМЭХ-г удирдаж байх үед Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нэртэй үйл ажиллагаа явуулж байсан. Холбоог удирдсан долоон жилд манай баг өдөр тутмын үйл ажиллагааг идэвхжүүлэн тогтмолжуулж, Удирдах зөвлөлөө ч цаг тухайд нь хуралдуулж, салбар зөвлөлүүддээ ажлын чиглэл өгч, завсар зайгүй ажилласан. Бүсийн зөвлөгөөн, төрөл бүрийн зорилтот сургалтууд, түүхэн тэмдэглэлт өдөрт зориулагдсан нэгдсэн болон орон нутгуудын сэдэвт үйл ажиллагааг өргөн хүрээтэй, амжилттай зохион байгуулж байлаа.

Зохион байгуулж буй арга хэмжээндээ бүх гишүүн, эмэгтэйчүүдээ оролцуулахыг зорьдог байсан. Хувийн машиндаа өөрийн мөнгөөр бензин хийгээд, томилолтын зардал ч авахгүй гараад давхичихна. Очсон газар бүрд үйл ажиллагаандаа үргэлжид идэвхтэй оролцдог, харамгүй хандив өгдөг идэвхтэй, манлайлагч эмэгтэйчүүд маань угтдаг учраас тэднийхээ ач дэмээр олон ажлын ард гарч байснаа дурсахад сайхан байна.

Эмэгтэйчүүдийн холбооныхоо Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын хорооны гишүүд, 21 аймаг, нийслэл, есөн дүүргийнхээ салбар зөвлөлийн дарга нар, идэвхтэн сонгуультнууд, гишүүд дэмжигчдийг М.Энхболд, У.Хүрэлсүх, намын ЕНБД-аар ажиллаж байсан Ж.Мөнхбат, Д.Амарбаясгалан зэрэг МАН-ын үе үеийн дарга нар ойлгон, дэмжиж, хамтран ажиллаж байсан. Хичээсэн, зүтгэсэн, хөгжсөн, хөгжилдсөн бас алдаж асгаж үзсэн “амьд” долоон жилийн түүхийг бид хамтдаа бүтээж чадсан. Манай багийн бүсгүйчүүд бол хийсэн ажилтай, хэлэх үгтэй ажилласан.

-Энэ цаг хугацаанд танай баг ямар ажлууд амжуулсан бэ. Ямар өөрчлөлтүүд хийгдэв?

-СДМЭХ бол улстөрч эмэгтэйчүүдийн гал тогоо. Төрийн эрх барьж байгаа 100 жилийн түүхтэй  улс төрийн ууган намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага бол ямар ч үед бидний онцлогийг тодруулж, тодотгож ажиллах цаг үе, нийгмийн шаардлагад нийцэж ажиллах ёстой. Нийгмийнхээ, нийгмийг бүрдүүлэгч айл өрхийнхөө, эмэгтэйчүүд, хүүхдүүдийнхээ асуудал, бэрхшээлийг мэддэг, түүнийг шийдэх гарц хайдаг, шийдвэр гарахад нөлөөлж, нийгмээ гэрэл гэгээ нэмэхийн төлөө бид ажиллах ёстой. Тиймээс би холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод үндэсний хэмжээнд “Эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа”-г эхлүүлж байлаа. Фридрих-Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийгдсэн үндэсний хэмжээний энэ ажил бол зүгээр нэг судалгаа биш амьдралын чанарын үзүүлэлтийг гаргаж ирэх кампанит ажил байсан юм.

Энгийн нэг ТББ мянган хүнээс судалгаа авах тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ ийм хязгаарлагдмал судалгаанаас амьдралын чанарын үзүүлэлтүүд гарч ирдэггүй юм. Харин бид ул суурьтай үндэсний хэмжээний том судалгаа хийхээр зорьж, 15 мянган эмэгтэйг оролцуулсан судалгаа хийж байлаа. Энэ бол зөвхөн асуулгаас бүтсэн цаасан суурьтай судалгаа биш. Бүх эмэгтэйчүүдтэй нүүр тулан уулзсан, иргэд, эмэгтэйчүүдийнхээ амьдралын гүн рүү орсон, нухацтай судалгаа байсан. “Та зээлтэй юу,  нөхөр чинь таныг бүх талаар дэмжиж, ойлгодог уу, сонгуулиа та хэн нэгний дарамтгүйгээр өгч чаддаг уу, та ямар боловсролтой вэ, танай ар гэрийн амьдрал ямар байна вэ, танайх хэдэн хүүхэдтэй вэ, хүүхдүүд чинь сургуульдаа  явж чадаж байна уу” гэх мэт эмэгтэйчүүдийг, монгол гэр бүлийг тойрсон олон асуултад хариу авсан судалгаа. Тийм ч учраас одоо болтол бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ашиглагдаж байна. Энэ бол бидний хийсэн анхны том ажил байсан. Манай эмэгтэйчүүдийн холбооны бахархах ёстой.


Гэр бүл салаад байвал ирээдүйгээс зөв төлөвшилтэй иргэнийг хүлээж, горьдох боломжгүй болно

 


 -“Эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа”-наас онцолж авсан, төр, засгийн хэмжээнд хүргэж, бодлогын шийдвэрт тусгуулсан ямар асуудал, шийдлүүд байна. Судалгааны үр дүнгээс л сонирхоод байна?

-Энэ бол олон хүний хөдөлмөр шингэсэн том ажил байсан. Судалгааны үр дүнгээ гаргаж, эрэмбэлээд, төр засгийн хэмжээнд хүргэх, шийдвэрт тусгуулах нь  тийм ч амар ажил биш. Гэхдээ манай эмэгтэйчүүд энэ бүх шат дараатай ажлын ард гарч чадсан. Эхлээд бид судалгааныхаа үр дүнг хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд танилцуулсан.

“Шийдвэр гаргагчид төр, засгийн хэмжээнд эмэгтэйчүүдээ анхаарахгүй бол эмэгтэйчүүдийн амьдралд үүсэн бий болж буй хүнд асуудлууд улам хуримтлагдаж, “улаан гэрэл” асах хэмжээнд хүрч ирлээ шүү” гэсэн дохиог нийгэмдээ өгөхийн тулд Олон нийтийн сүлжээнд ч судалгаагаа байршуулсан. Улс орны эдийн засаг хямралтай, хүнд үе байсныг ч хэлэх үү, судалгааны дүн бол үнэндээ эмэгтэйчүүдийн, нийгмийн амьдрал, нөхцөл байдал маш хүндэрсэн байна гэдгийг харуулсан. 

Эмэгтэйчүүдийн дийлэнх нь эдийн засгийн эрх чөлөөгүй, өөрийн гэсэн орлогогүй, өр зээлгүй хүн гэж нэг ч байгаагүй. 15 эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлдог. Өрх толгойлсон ээжүүдийн дийлэнх нь 3-4 хүүхэдтэй. Хүүхдүүдээ юугаар хооллох вэ, хэрхэн хувцаслах вэ гэдэг асуудал энд яригдана тийм үү. Гайхалтай нь нөхцөл байдал асар хүнд байсан ч манай судалгаанд оролцсон ээжүүд өр зээл тавиад ч хамаагүй, бууз, банш хийж зарж, яаж ийж байгаад хүүхдээ сургууль завсардуулахгүй боловсрол олгох, их дээд сургуульд сургахын төлөө бүхнээ зориулсан байсан. Ийм хүнд ачааг монгол эмэгтэйчүүд үүрч, дүүрч явна шүү дээ.

Судалгаанд оролцсон дөрвөн хүүхэдтэй нэг эмэгтэйн яриаг би огт мартдаггүй юм. Хоёр хүүхэд нь өглөө хичээлдээ явдаг. Багачууд нь үдээс хойш хичээлтэй. Багад нь гутал авч өгч чадахгүй учраас ахынхаа гутлыг өмсдөг. Ахыгаа хичээлээс ирэнгүүт дүү нь гутлыг нь  өмсөө хичээлдээ явдаг ийм хүнд амьдрал бидний дунд байна. Судалгааны дүнгээ уншаад зарим орой сэтгэл эмзэглээд уйлж байсан. Одоо ч заримдаа санаанд орж, сэтгэл эмзэглүүлдэг. Тиймээс хүнд асуудлуудыг зүгээр орхихгүй. Улс төрийн  акц болгож, шийдвэр гаргах түвшинд хүргэнэ гэж зорьсон.

Ингээд судалгааны үр дүнг МАН-ын даргад болон бусад улс төрийн намын дарга нарт албан ёсоор хүлээлгэн өгч, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо намын Мөрийн хөтөлбөртөө эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах зорилтуудыг шингээж, шигтгэж өгөхийг хичээнгүйлэн хүссэн. Үр дүнд ч хүрсэн.

 Манай нам болон бусад улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүд рүү чиглэсэн амлалтууд цөөнгүй орсон. Үүнээс гадна “Хүүхдийн мөнгө”, “Цалинтай ээж” хөтөлбөрийн эхлэлүүд тавигдаж, өрх тойлгойлсон эмэгтэйчүүд ЖДҮ-ийг дэмжих зээлд, гэр хороололд амьдарч байгаа өрх толгойлсон эхчүүд түлээ нүүрсний хөтөлбөрт хамрагдаж, 35-аас дээш насны эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээ төлбөргүй хийлгэдэг болсон. Гэх мэт энэ судалгааны дүн хожим төр, засгийн бодлогод янз бүрийн хэлбэрээр тусгагдсан.

-2020 оноос өмнө хийсэн судалгаагаар 15 эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлж буйг сөхөн гаргажээ. Одоо энэ тоо өссөн үү, буурсан болов уу?

-2015 оны суурь судалгаанаас хойш гэр бүлийн салалт буусан байх гэж найдаж байсан юм. Гэтэл саяхан 7-8 эмэгтэйн нэг нь өрх толгойлж байна гэсэн судалгааны дүн олж харлаа. Эндээс Монголын нийгэмд гэр бүлийн задрал явагдаж байгаа юм байна гэсэн бодол төрж эмзэглэсэн. Энэ тоог зүгээр нэг статистик, судалгааны үр дүн гэдэг талаас харж, үл хайхраад өнгөрч болохгүй. Төрийн бодлогын хэмжээнд анхааралдаа авах цаг болсон.

Аливаа нийгэм гэр бүл дээр тогтдог. Хэрвээ гэр бүл салаад байвал ирээдүйгээс гэр бүлээ хайрладаг, гэр бүлийн зөв төлөвшилтэй иргэнийг хүлээж, горьдох боломжгүй болно оо гэсэн үг. Нийгмээ илүү зөөлнөөр, сайхнаар өөрчлөх хамгийн том хүч эмэгтэйчүүдэд байдаг гэдэгт би итгэдэг. Ээжүүдээр дамжуулан нийгмээ соён гэгээрүүлэх бодлого хэрэгжүүлбэл ихээхэн үр дүн гарах боломжтой. Монголын нийгэмд монгол хүн л үнэтэй байх учиртай. Хүнээ “хаясан” улс баялагтай байгаад яах юм бэ. Өндөр өртөгтэй олон мега төсөл чухал ач холбогдолтой ч зэрэгцүүлээд хүнийхээ хөгжлийн асуудлыг анхаарлын төвдөө байлгаж, авч явах ёстой.

 

Судалгааны үр дүнд цочирдож, уулга алдаж хэрэггүй, асуудлыг төрийн бодлогоор шийдмээр байна

 

-Эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудлыг төр, засгийн хэмжээнд ярьж эхэлсэн. Бодлогод тусгадаг болсон ч энэ сэдэв нь өөрөө зөвхөн ТББ-уудын ярих, хөндөх ёстой асуудал. Тэдний хийж, хөөцөлддөг ажлын нэг гэсэн ойлголт нийгэмд бараг тогтчих шиг боллоо. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?

-Яг үнэндээ өнгөрсөн 30 жилд эмэгтэйчүүдийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн л асуудал байлаа. Үүнд Төрийн бус байгууллага л анхаарал хандуулах ёстой гэсэн ойлголт байсаар ирлээ. Энэ сэдэв бүхэлдээ ТББ-ын нуруун дээр тогтож явна. Зарим ТББ байгууллага бор зүрхээрээ Олон улсын байгууллагад хандаж, төсөл хэрэгжүүлж, төрийн хийж хүрэлцдэггүй ажлуудыг хийж ирсэн. Эмэгтэйчүүдээ чадавхжуулж чадсан. Энэ бидний үнэн дүр төрх.  Одоо харин энэ шилжилтийн үеийг дуусгаж, асуудлыг бид дараагийн түвшинд гаргаж ирэх цаг болсон.

Хэдхэн ТББ–ын хийсэн судалгааны үр дүнд  цочирдож  “Яанаа, ийм байгаа гэж үү” гэж уулга алдаж суух биш төрийн бодлогын түвшинд төсөл, төлөвлөгөө боловсруулж ажиллах цаг болсон. Жил бүр улсын төсөв, төсөл хөтөлбөрт тодорхой зорилтууд тусгаж, хэрэгжүүлэх замаар хүнээ хөгжүүлж, дэмжих цаг болсон гэж бодож байна.

Мэдээжийн хэрэг, хүний хөгжлийн асуудлаар эмэгтэйчүүд бид илүү идэвхтэй  дуугарах ёстой. Хурдтай өөрчлөгдөж буй өнөөгийн цаг үед хүний хөгжлийг чухалчлах учиртай. Эмэгтэйчүүд бид энэ асуудлаар илүү хүчтэй дуугарах ёстой. Эмэгтэй хүний нарийн мэдрэмж, тууштай, эмх цэгцтэй хөдөлмөрч, үнэнч тэвчээртэй гэх мэт төрөлхийн сайн чанарыг улс орны хөгжлийн асуудалд хөдөлгөгч хүч болгон ашиглах, дэмжих төрийн тодорхой бодлого нэн шаардлагатай байна. Тухайлбал, амьдралынхаа төлөө тэмцдэг, зээлээ эргэж төлдөг эмэгтэйчүүдээ ЖДҮ-ийг дэмжих зээлд хамруулж, ахуйн зээлийн дарамтаас чөлөөлж, эдийн засгийн эрх чөлөөнд  хүргэх төрийн бодлоготой болмоор байна. Бид ийм өнцгөөр эмэгтэйчүүдийнхээ, нийгмийнхээ асуудлыг харж, шийдэх ёстой юм.

-Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоог удирдах нь тийм амар зүйл биш. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдээ оруулахад хичээл зүтгэл нэлээн шаарддаг байх. Эмэгтэйчүүдээ сонгох, улс төрд бэлдэх амаргүй ажлыг хэрхэн зохион байгуулбал үр дүнтэй гэж хардаг вэ?

-Төрийн албанд мерит зарчим буюу карьерын шатлан дэвших зарчим хэрэгждэг шиг улс төрийн хүрээн дэх эмэгтэйчүүдийг дэмжин, чадавхжуулахдаа мерит зарчим баримтлах хэрэгтэй гэж боддог. Бид мерит зарчим баримталж байж тэмцэж олж авсан квот үнэ цэн, ач холбогдлоо бататган, хүлээн зөвшөөрөгдөх учиртай. Улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага улс төрийн акц хийж, улс төрийн үйл ажиллагаа явуулах нь зүйн хэрэг боловч нөгөө талдаа нийгэмд бүхэлд нь чиглэсэн бодит ажлуудыг санаачлан хийх шаардлагатай байна. Тиймээс энэ талбарт “тулалдах” улстөрч эмэгтэйчүүдээ  бодлогоор, мерит зарчмаар бэлдэх учиртай юм.

Сонгууль болохоор санамсаргүй улс төрд орж ирсэн олон шинэ хүнд лист гарган өгч нийгмийг цочоох нь чухал биш. Үнэхээр улс төрийн намын дэргэдэх бие даасан, түүхтэй, туршлагатай байгууллага юм бол улс төрд эмэгтэйчүүдээ мерит зарчмаар бэлдэж, ажил, албан тушаалд томилох хэрэгтэй.

Энэ бол дан ганц эмэгтэйчүүдийн байгууллагыг төлөвшүүлэх биш Монгол Улсад парламентыг төлөвшүүлэх чухал суурь болно гэж хардаг. Хэдийгээр нийгэм цоо шинэ хүмүүсийг хүсэж байдаг ч энэ шинэ хүн  нь шат дараатай бэлтгэгдсэн туршлагатай “шинэ” хүн байж яагаад болохгүй гэж. Ийм хүмүүс ядахдаа л алдаа бага гаргана.

 Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоогоор Монгол Улс Азидаа тэргүүлж явна

Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоогоор Монгол Улс Азидаа тэргүүлж явна

 

-Таныг холбооны тэргүүний ажлыг авахад УИХ маш цөөхөн эмэгтэй гишүүнтэй байсан. Таныг ажиллах хугацаанд парламент дахь эмэгтэйчүүдийн тоо мэдэгдэхүйц өссөн. Энд таны үүрэг оролцоо хэр байв?

-Би 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа, манай нам парламентад цөөнх болсон үед МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн ажлыг авсан. УИХ ердөө гуравхан эмэгтэй гишүүнтэй байлаа. Ажлаа аваад улс  төрд эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор нэмэгдүүлэх том зорилгын төлөө зүтгэсэн. Улс төр дан эрчүүдийн тоглоомын дүрмээр явж ирлээ.

Тийм учраас улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүний хувиар улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг зоригтой хөндөх ёстой гэж үзсэн.

Манай нийгэм ер нь жендэр гэдэг үгийг импортоор орж ирсэн гэж ойлгодог байсан. Жендэр гэхээр эмэгтэйчүүдийн эрхийн асуудал гэж хүлээж аваад туйлширдаг байв. Бид юуны өмнө энэ буруу ойлголтыг зассан. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, бодит ажил хэрэг болгосон цаг хугацаа бол 2016 оны УИХ-ын сонгууль. Энэ сонгуулиар УИХ-д анх удаа 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Тэдний 11 нь МАН-ын эмэгтэйчүүд байсан. Энэ бол бидний амжилт.


-2005 онд 20 хувь гэж тогтоосон улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны хувь, квот өсөхгүй явсаар 2024 онд 30 хувь руу орж ирсэн. Энэ хувь дахиад өсөх бололцоотой юу?

-Монгол Улс 2024 онд эмэгтэйчүүдэд ээлтэй гэгддэг пропорциональ системээр сонгууль явуулж, эмэгтэйчүүдийг парламентад жагсаалтаар орж ирэх боломжийг бүрдүүлсэн. Үр дүнд нь 126 гишүүний 35 нь эмэгтэй буюу 23 хувийн  амжилтаар Монгол Улс Азидаа тэргүүлж эхэлсэн. Дэлхийн дундаж 25 хувьтай байдаг. Манай улс, МАН энэ үзүүлэлт рүү дөхөж яваа нь бидний амжилт. Энэ амжилт нэг өдөр, нэг сонгуулиар зүгээр нэг хүрээд ирсэн юм биш. Эмэгтэйчүүдийн хийсэн, санаачилсан ажлын бодитой үр дүн яах аргагүй мөн. Бидний олон жилийн тууштай тэмцлийн үр дүнг өнөөгийн эмэгтэйчүүд хүртэж байгаа. Энэ утгаараа тэд илүү ухамсартай, илүү хариуцлагатай, хичээнгүй байх ёстой.

2028 оноос жагсаалтын 40 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх хууль хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулийг 2024 онд батлуулсан. Хууль батлуулах нэг хэрэг. Хамгийн гол нь энэ шалгуурт тэнцэх кандидатуудыг бэлтгэх нь юу юунаас чухал байна. Эмэгтэйчүүдэд улс төрийн боловсрол, соёл, ёс зүйн ойлголтыг цогцоор нь олгож байж өнөөдрийн үр дүнг дээшлүүлэх боломж гарч ирнэ гэж би хувьдаа үздэг.

-Улс төрд хүйсийн харьцаа хэд байвал илүү зохимжтой вэ?

-50:50 гэдэг харьцаа бол эрүүл тогтолцоо. Мянганы хөгжлийн зорилт буюу Тогтвортой хөгжлийн зорилтдоо дэлхийн улс орнууд 50:50 харьцааны тухай яриад эхэлчихсэн. Бид юугаараа дутах билээ. Шударга ёс, тэгш төлөөллийн асуудлыг бид цаашдаа анхаарч ажиллах ёстой юм. Гэхдээ одоогийн нөхцөлд УИХ-д олон эмэгтэй гишүүн сонгогдсон ч нийгмээсээ төдийлөн үнэлгээ авч чадахгүй байна. Учир нь тэд ёс зүйгээрээ ялгарахгүй байна. Эмэгтэйчүүдээ төлөөлж чадахгүй байна гэсэн үнэлгээ аваад л байвал бидний 30 жилийн тэмцэл, хүрсэн үр  дүн зорилгоо үл биелүүлэх магадлалтай. Тиймээс бид илүү сайн байж шат ахих ёстой.

Улс төр дэх эмэгтэйчүүдийн квотыг 20, 30 хувьд хүргэх алхмыг МАН-аас парламентад сонгогдож байсан эмэгтэй улстөрчид маш амжилттай хэрэгжүүлсэн. УИХ-ын танхимд эрчүүддээ ойлгуулах, лобби хийх, нийгэм, олон нийт рүү хандсан нөлөөллийг хийх гэх мэтээр шат, шатанд анхаарч, тууштай ажилласан. Энэ бол  монгол эмэгтэйчүүд дарга болох гэж амбицлаад байгаа асуудал огтоос биш. Улс орны хөгжилд хүйсийн тэнцвэртэй, жендэрийн мэдрэмжтэй бодлого, шийдвэр ус, агаар мэт хэрэгтэй учраас энэ асуудлыг хуульчлуулсан.


Тиймээс одоогийн парламентад байгаа эмэгтэй гишүүд илүү сайн манлайлал үзүүлж, хичээж ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл, тэд гэрийн даалгавраа сайн хийж, эмэгтэйчүүдийг жагсаалтад оруулах нь зөв юм байна. Парламентад сонгох хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг нийгэмд өгч, сонгогчдод хүлээн зөвшөөрөгдөж чадвал дараагийн үүд хаалга нээгдэнэ.

-МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагын гадаад харилцаа таны үед идэвхжсэн гэдэг юм билээ. Та гадагшаа чиглэсэн ямар бодлогыг хэрэгжүүлж байсан бэ?

-Зуун жилийн түүхтэй, улс төрийн ууган хүчин МАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагын үүрэг, статусыг тухайн цаг үеийнхээ нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, бүтэц, зохион байгуулалтаа сайжруулан хөгжүүлэх, олон улсын, дэлхийн шилдэг туршлагаас суралцах, гадаад харилцаагаа өргөжүүлэх гэх мэт бүх асуудал бидний анхаарлын төвд байсан. Бид тууштай, тогтвортой, хичээж ажилласан. Гадаад харилцааны тухайд бид ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, ИБНВУ, Швед зэрэг орнуудын ижил төстэй байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилласан зузаан түүхийг бүтээж амжсан.

Мянга сонсохоор нэг үз гэдэг. Олон эмэгтэйчүүд, идэвхтнүүдээ хилийн дээс алхуулж, хамтдаа өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн туршлагатай танилцаж, найрсаг сайхан харилцааны түүхийг баринтагласан нь нэг талаар дотооддоо эмэгтэйчүүдийнхээ хөгжил боловсролд нэмэр тус болсон төдийгүй нөгөө талаар гадаад харилцаагаа өргөжүүлж, жим гаргасан.

Энэ бүхнээс илүү бидний хамгийн том амжилт бол улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог бодитойгоор нэмэгдүүлж, 2024 оны сонгуулийн дүнгээр анх удаа хамгийн олон буюу 35 эмэгтэй гишүүнтэй боллоо. Үүний төлөө бид 30 жил цуцалтгүй, тууштай, эв нэгдэлтэй хамтран ажилласан. Энэ бол МАН-ын олон зуун лидер манлайлагч эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл байсан. Хэдийгээр нийгэмд, олон нийтийн сүлжээнд янз бүрийн нэр хаяг зүүтлээ хэлүүлж, хэмлүүлсэн ч гэсэн  ухаршгүй зүтгэсэн зүтгэлийн бодитой үр дүн. Энэ бол бидний зүгээс холбооныхоо ойд барьж буй хамгийн том, хамгийн бодитой амжилт төдийгүй бэлэг, сюрприз гэж бодож байна. 

Мэдээжийн хэрэг энэ бол бидний амжилт, ахиц мөн боловч бас хүрэх ёстой эцсийн цэг биш. Бид цаашдаа улам бүр зорилгоо нэгтгэн хамтран ажиллаж, өнөөдрийн хүрсэн үр дүнгээ, үр шимийг эх хүний, эмэгтэй хүний билэг ухаан, нарийн нямбай сэтгэлээр нийгмийн салаа мөчир бүхэнд хүргэж, хүртээж ажиллахыг хичээх ёстой гэж бодож байна.


ТББ Олон улсын хурлыг төрийн айлчлалын хэмжээнд зохион байгуулсан түүх ховор

 


 -Сэтгэлд тод үлдсэн, маш том амжилт дагуулсан олон улсын арга хэмжээний дурсамжаас хуваалцахгүй юу?

-Соц-Интернийн 2016 оны олон улсын Азийн бүсийн ээлжит хурлыг бид 2016 оны хавар Улаанбаатар хотноо хүлээн авч, зохион байгуулсан. Соц-Интерн бол дэлхийн 159 орныг, нийгмийн чиг баримжаатай нам, улс төрийн хүчнүүдийг эгнээндээ нэгтгэсэн, цар хүрээний хувьд НҮБ-ын зиндааны том байгууллага. Хурал “Азийн эмэгтэйчүүд ба жендэрийн тэгш байдал" сэдвийн хүрээнд болж, Италийн парламентын гишүүн Пиа Локатилла, Бразилийн парламентын гишүүн Мигуэлина Векчио, БНСУ-ын парламентын гишүүн, бидний эрхэм дотно нөхөр Ким Ён Жү тэргүүтэй 10 гаруй орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн. Үндсэндээ энэ хурал дээр Азийн бүс нутгийн лидерүүдийг цугласан. Соц-Интернийн зүгээс ч манай хурлыг өндрөөр үнэлсэн. Монголын эмэгтэйчүүд олон улсын хурал зохион байгуулах түвшинд очсон гэдгийг нүдээрээ харсан тулдаа л итгэсэн гэцгээж байсан.

Хурлын үр дүнд “Улаанбаатарын тунхаглал” олон улсын баримт бичгийг гаргасан. Ерөөс энэ хурлын ач холбогдлыг тоочоод баршгүй. Хожим манай холбооны дарга Ерөнхийлөгчөөр ажилласан Д.Сарангэрэлийнхээ дэмжлэгтэйгээр TV-5 телевизээр бүтэн нэг сарын турш эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны асуудлаар цогц концепц бүхий мэдээлэл бэлтгэж цацсан нь маш их үр өгөөжөө өгсөн. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд,   боловсрол, хөдөлмөр эрхлэлт гэх мэтээр цуврал хэлэлцүүлэг хийж олон улсын хурлынхаа бэлтгэлийг хангаж, Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж чадсан. Товчхон хэлэхэд энэ бол ялагдсан намын дэргэдэх ТББ-ын намынхаа үйл ажиллагааг сэргээсэн, олон нийтийн санаа бодлыг залуурдсан сэтгэл хөдөлгөм түүх болж үлдсэн.

-2016 онд эдийн засаг тийм ч таатай байгаагүй. Сөрөг хүчний намын дэргэдэх нэг ТББ яагаад олон улсын хэмжээний том хурал зохион байгуулна гэсэн зоригтой шийдвэрийг гаргах болов?

-Сонгуульд нам ялагдсан хүнд үед ажлаа авсныг ч хэлэх үү, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх улс төрийн акцуудыг бид өрнүүлж байсан. Нөгөө талаар нийгмийн анхаарлыг улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх тал руу хандуулах ёстой гэж үзээд Соц-Интернийн эмэгтэйчүүдийн ээлжит чуулганыг Монгол Улсдаа зохион байгуулахаар сэтгэл шулуудсан. Ингээд намын идэвхтэн, сонгуультан хүүхнүүдтэйгээ гар, сэтгэл нийлээд зүтгэсэн. 2016 оны УИХ-ын сонгууль болоход ердөө хоёрхон сарын өмнө чуулганаа Улаанбаатар хотдоо амжилттай зохион байгуулж байлаа. Эргээд дурсахад ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй өдрүүд өнгөрч гэж бодогддог юм.

-Зардал санхүүгийн хувьд хүнд байсан байх. Үүнийг яаж шийдсэн бол?

-Манай хүүхнүүд үнэхээр дайчин. Ирсэн зочдынхоо замын зардал, зочид буудлын төлбөрийг бид өөрсдөө гаргасан. Нисэх буудалд бууж байгаа гадаадын зочдоо тосохын тулд автомашинтай бүх эмэгтэйчүүдээ бүртгээд, хэн, ямар машинтайг хүртэл тооцож, ажил үүргийн хуваарь оноосон. Зочдоо аятайхан машинаар тосохоос гадна зочид буудлын өрөөнд нь цэцэг тавих гэх мэт чимхлүүр ажлыг ч орхигдуулалгүй хийсэн юмдаг. Энэ бүхний цаана нэг намын дэргэд эмэгтэйчүүдийн байгууллагын нэр хүнд гэхээсээ илүү нийт Монгол Улсын нэр төр, имиж давхар байсан учраас тэгтлээ ач холбогдол өгсөн.

Үндсэн хурлаа зохион байгуулсны дараа Чингисийн хүрээнд  бэсрэг наадам хийж, бөх барилдуулж, морь уралдуулан, үндэсний хоол ундаар дайлж цайлахаа ч мартаагүй. Гарын бэлгэнд “Говь"-ийнхоо ноолууран бүтээгдэхүүн өгсөн. Зочид буцахдаа “Танайхыг ийм гэж бодоогүй. Талдаа малаа хариулаад явж байдаг эмэгтэйчүүд гэж бодсон. Үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө” гэсээр буцацгаасан. Хурлын зардал тэр үед мөнгөн дүнгээр 250 сая төгрөг болсон ч манай холбооны бүсгүйчүүдийн сэтгэл зүтгэл, үзүүлсэн үйлчилгээ бол мөнгөөр үнэлэх аргагүй агуу зүйл байсан. ТББ Олон улсын хурлыг төрийн айлчлалын хэмжээнд зохион байгуулсан ийм түүх ховор байдаг байх.

Тухайн үеийн намын даргаасаа “Олон улсын хурал хийх гэж байна, дэмжих боломж бий юу” гэж асууж үзсэн. Намын дарга миний яриаг сонсоод “Сөрөг хүчин байж яаж олон улсын хурал хийх юм. Танай Ховдынхон олон улсын хурал зохион байгуулах хоббитой юм уу. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч АСЕМ хийнэ гэж баахан дэрвэсэн. Одоо чи олон улсын хурал хийнэ гэх юм” гэж тоглоом, шоглоомоор хэлж байсан. Тэр хурал бол эмэгтэйчүүдийн ТББ-ын хувьд үнэхээр АСЕМ байсан л даа. Сайхан сэтгэлтэй намын журмын нөхөд, гишүүн эмэгтэйчүүдийнхээ дэмжлэгтэйгээр амжилттай гарсан. Манай намын дарга  “Чи үнэхээр зориглож шинэ түүх бүтээжээ. Танай хүүхнүүд мундаг байлаа” гэж урам өгсөн. Монголчууд, хүүхнүүд хүчээ нэгтгэвэл юу ч хийж чаддаг болохыг харуулах зорилго, амбиц бидэнд байсан. Зорилгоо ч биелүүлсэн.

-МАН сүүлийн хэдэн жил болсон сонгуулиудад амжилттай оролцож байгаа. Намын дэргэдэх  ТББ-ыг удирдаж байсан хүний хувьд энэ нууцаас хуваалцахгүй юу?

-МАН яагаад сонгуульд ялдаг вэ гэж үү. Улс төрийн намын үндсэн зорилго бол сонгуульд ялах явдал мөн. Сонгуульд ялахад намын Мөрийн хөтөлбөр сайн байхаас гадна Мөрийн хөтөлбөртэйгээ уялдсан намын боловсон хүчний бодлого буюу гишүүдийн боловсрол, мэдлэг, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн байдал чухал нөлөө үзүүлдэг. Товчхон хэлэхэд, ялалтын ард бодлого, боловсон хүчний чанар байдаг.

Зуун жилийн түүхтэй энэ улс төрийн хүчин МАН-аа гэсэн сэтгэлтэй хүмүүсээ шат дараатай, бодлогоор бэлдэж, улс төрийн боловсрол олгодог. МАН-ын үнэт зүйл болдог хүний нөөцийн систем эвдэгдэхгүй, уламжлагдаж ирсэн, уламжлагдаад явж байгаа учраас сонгуульд ялалт байгуулдаг. Хэрвээ сонгуульд ялагдаад ирвэл намын бүтэц нь ажиллахгүй байна аа л гэсэн үг. Тиймээс маш суурьтай, сайн уламжлалдаа түшиглэн боловсон хүчний бодлогыг улам чамбайруулж явах нь чухал. 

  Д.Отгонжаргал

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
1
care
0
haha
3
liked
1
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.206
2024/12/08
0
0
ховдын балиар авгай шуналын тулам, иймэрхүү юмнуудыг зайлуулаач
Хариулах
197.211.61.99
2024/12/07
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@G MAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@G MAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 18 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр