Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан



Агаарт 16000 цаг нисэж, 6.1 сая км агаарын замыг туулсан Монголын нисэх хүчин, Иргэний агаарын тээврийн анхны эмэгтэй нисгэгчдийн нэг, АН-2, АН-24, АН-26 онгоцны анхны эмэгтэй дарга Түмэнжаргалын СУМЬЯА

"Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг". Энэ хэлц үг зөвхөн нисгэгчдэд л хамаардаг. Дүрмийг ягштал мөрдөж, хэдэн арван янзаар солигдох байгалийн араншинг нарийн мэдэрч, эрсдэлтэй орчинд зоригтой шийдвэр гаргаж, өөрийгөө ялан дийлж нисэх эрх авдаг болохоор арга ч үгүй биз. Тиймдээ ч гарцаагүй эрчүүдийнх гэсэн ойлголт гүн бат суусан нисэхийн салбар 1934-1969 онд гарын арван хуруунд хүрэхгүй эмэгтэй нисгэгч бэлтгэсэн юм. Гэсэн хэдий ч эмэгтэй нисгэгчдийн тухай содон сонин мэдээ, баримт бүдэг бадагхан дуулдах болсоор сураг алдарсан нь тэд ээлж дараагаар "газардаж", өөр ажил алба хаших болсонтой нь холбоотой болов уу.
Тушаал дор чанд хатуу дүрэмд захирагдаж, хүний алтан амь насыг хариуцан, эрчүүдтэй мөр зэрэгцэн АН-2, АН-24, АН-26 онгоцны даргаар ажилласан эмэгтэй нисгэгч Монголд ердөө хоёрхон бий. Тэдний нэг нь агаарт 30 жил нисэж, Монголын нисэх хүчин, Иргэний агаарын тээврийн түүхийн хуудаст хүндтэй байр суурь эзэлдэг "Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан" Түмэнжаргалын Сумьяа билээ. Тэр зөвхөн нисгэгч, онгоцны дарга байгаад зогсохгүй бүсгүйчүүд ховор ажиллах нисэхийн салбарын охидын шүтээн, үлгэр дуурайл үзүүлэгч эрхэмсэг нэгэн байв.
Эр хүн шиг эрэмгий, тэвхийж дүүхэлзсэн нисгэгч бүсгүйг хараад "Яг энэ эгч шиг мундаг нисгэгч болохсон" гэж мөрөөддөг байсан тухайгаа өнөөдөр ч тухайн үеийн онгоцны үйлчлэгч охид нь бахархан өгүүлдэг. Харин МИАТ компани албан ёсны баримтдаа Т.Сумьяа гуайг "Агаарт 16000 цаг ниссэнээс 4000 цаг нь шөнийн нислэгт хамаардаг. Нийтдээ 6.1 сая километр агаарын зам туулж, 12868 удаа суулт үйлдэж, зуд  турхан, өвс тэжээл, гал түймэр зэрэг онцгой байдлын болоод хөдөө аж ахуй, иргэний бүхий л нислэгийг хийсэн Монголын иргэний агаарын тээврийн хүнд онгоцны нисгэх багийн анхны эмэгтэй дарга, ахмад тэргүүний нисгэгч" хэмээн тодорхойлсон байдаг.


Аливаа учрал тохиол бүхэн өөрийн цаг бас жамтай. Аравдугаар ангиа төгсөөд үйлдвэрт нормчин хийгээд гүйж явсан охин гэнэт л Батлан хамгаалахад туслах нийгэмлэг (БХТН)-ийн дэргэдэх шүхрийн курс руу урвачихсан гэдэг. Дараа нь БХТН-т нисгэгч бэлтгэх гэж буйг мэдээд ямар ч эргэлзээгүйгээр шалгалт өгөөд тэнцчихжээ. Тухайн үед ЗХУ-ын нисэгч Юрий Гагарин 1961 онд Байконурын баазаас сансарт ниссэн нь социалист орнуудын хүүхэд, залуучуудыг нисгэгч болох, сансарт нисэх хүслээр өвчлүүлж байлаа. Сонин сэтгүүл, радио нэвтрүүлгүүд сансар огторгуйн тухай, сансрын нисгэгчдийн тухай мэдээгээр амьсгалж байсан нь тэдэнд ийм хүчтэй нөлөө үзүүлсэн хэрэг. Т.Сумьяа ч хөвгүүдийн шунан дурлаж асан нисгэгч хэмээх мэргэжилд сэтгэл татагдан, хувь заяагаа энэ зүгт өөрөө эргүүлж орхисон аж. Гэвч түүний нисгэгч болох шийдвэрийг аав нь эхэндээ таашаасангүй. Эрсдэлтэй мэргэжил, нислээ гэхэд эргэж ирэх эсэх нь тэнгэрийн араншингаас ихээхэн хамаарахыг мэдэх эцэг хүний сэтгэл тэгэхээс ч яах билээ. Тэгээд ч охиноо Анагаахын сургуульд оруулж, эмч болгоно, өтөлж өвдөх зовох цаг ирвэл асруулж, ядаж ганц тариа хийх хүнтэй байя гэж тэр үеийнхэн ярьдаг, зүтгэдэг байсан нь ч нөлөөлөө биз. Эмч болгоно гэж ярьдаг, эмч болоорой гэж захидаг байсан аав нь хэчнээн ширүүлсэн ч охиныхоо мөрөөдлийг өөрчилж дийлсэнгүй. Тэр жил нисгэгчийн шалгалтыг 30 орчим охид өгсөн ч ердөө хоёр нь л зөвхөн нисгэгчид давж гарах хүнд хэцүү шалгуур, сорилтод тэнцсэний нэг нь Т.Сумьяа байв.
"Манай Сумьяа их эршүүд, бие даасан охин байсан" гэж ангийнх нь залуу, ахмад нисгэгч И.Магванжав дурссан. Тэд Иргэний агаарын тээврийн түүхэн хүмүүс, Ж.Ёндон, Г.Даваадорж нарын гарын шавь юм. Ж.Ёндон багшийнх нь эмэгтэй нисгэгчдэд зааварчилгаа өгч байгаа зураг өдгөө нисэхийн түүхийн хуудсуудыг чимж үлдсэн бол нэг курсийн нисгэгч И.Магванжав нь 1983 онд Ховд, Улаанбаатарын чиглэлд нисэж байгаад агаарт хоёр хөдөлгүүр нь зогссон АН-24 онгоцыг амжилттай газардуулж, олон хүний амийг аварсан зоригт нисгэгчдийн нэг билээ.
Эрс шулуухан зантай нисгэгч бүсгүйг нисгэгчид "Манай Сумьяа харахад ширүүн төрхтэй ч шулуун, шударга, шийдэмгий, за гэвэл ёо-гүй хүн гэцгээнэ. Нисгэгчийн курст хуучин цагийн байлдааны ЯК-18 онгоцонд эрчүүдтэй эн зэрэгцэн агаарт маяг үзүүлж явсан 19 настай нисгэгч бүсгүй 1968 онд Ардын армийн Нисэх холбоо эскадриль буюу 109 дүгээр ангид АН-2 онгоцны II нисгэгчээр томилогджээ. Засгийн газар 1960-аад онд армийг өргөтгөн, хими, инженер, барилгын гэх мэт мэргэжлийн ангиудыг байгуулан улс орны бүтээн байгуулалтад оролцуулж эхэлсэн бөгөөд Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн нисэхийн тусгай эскадриль ийнхүү шинэ залуухан нисгэгч бүсгүйтэй болжээ.
Төр, засгийн болоод цэргийн дээд удирдлага, гадаадын зочдод үйлчлэх, цэргийн хээрийн сургуульд гарсан анги нэгтгэлийг шуурхай холбоогоор хангах, десант буулгах, шүхэрчдийг сургах, үер, түймэр, зуд турхантай тэмцэх ажлыг энэ ангийн МИ-2, МИ-4, МИ-8, АН-2, АН-14 онгоцууд гүйцэтгэж байв. Хаяа нь үл үзэгдэх тэнгэрийн цээлд эрчүүдтэй эн зэрэгцэн ниссээр байсан ч энэ нь Т.Сумьяад тухайн үедээ хангалтгүй байсан учраас ЗХУ-д Цэргийн академид явахаар зүтгээд үзсэн удаатай. Нисэх холбоо эскадрильд 1971 онд ЗХУ-ын Цэргийн академийн таван хуваарь ирж, аравдугаар анги төгссөн нисгэгчдээс шалгалт авч явуулах болзол ч зарлажээ. Шонхрууд дунд байр сууриа төвөггүй олсон эршүүд Т.Сумьяа шалгалт өгөөд тэнцсэн ч хориг тавигдчихжээ. "Цэргийн академид эмэгтэй хүн явуулахгүй, нисгэгч болно гэдэг бол чиний хувьд их хувь заяа. Юуны чинь академи, яасан том толгойтой юм" гэж загнаад дарга нар нь өрөөнөөсөө гаргачихсан гэдэг. Үнэхээр ч "Нисгэгч болно гэдэг бол их хувь заяа" хэмээн тэр хожим өгүүлсэн байдаг.
Монголын нисэхийн салбар ийнхүү 1970 онтой золгоход хэзээ ч, ямар ч үүрэг ирсэн нисэх техникээ бэлэн байлгаж, цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж ирсэн нисэх тусгай анги, нисгэгчдийн түүхийн хуудас зузаарсаар байв. Тухайлбал, Ардын арми 1973 онд ЗХУ-ын армитай хамтран түүхэндээ анх удаа «Хэрлэн-73» хээрийн сургуулийг зохион байгуулав. Зөвлөлт-Монголын цэргийн хамгийн том хээрийн сургуульд армийн бүх анги дайчлагдсан бөгөөд нисэх хүчин агаараас бөмбөгдөлт хийх авиацын техникийг туршсан нь Батлан хамгаалахын түүхэнд бахархал болж, хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээжээ. Тухайн үед бүх төрлийн мэргэжлийн цэрэг, зэвсэг техник оролцсон хээрийн сургуулийн Монгол-Зөвлөлтийн нисэх бүрэлдэхүүнд цорын ганц эмэгтэй нисгэгч оролцсон нь Т.Сумьяа байлаа. Хээрийн сургуульд амжилттай оролцсон гурван нисгэгч БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй алтан цагаар шагнуулсны нэг нь ч мөн л Т.Сумьяа, нөгөө хоёр нь Ч.Нэргүй (Маршал Х.Чойбалсангийн хүү), Л.Пүрэвсүрэн (Монгол Улсын Гавьяат нисгэгч) нар байв.
Нисэх холбоо эскадрилийг 1966-1980-аад онд Монгол Улсын Гавьяат нисгэгч Д.Цэрэндорж, С.Лхагважав нар удирдаж байв. Ангийн удирдлагууд ч хоёр эмэгтэй нисгэгчээ сайн дэмждэг байж. Гэвч тэднийг Иргэний агаарын тээврийг удирдах газрынхан сонирхож, эмэгтэй экипаж бүрдүүлнэ гэж тооцсон байжээ. Энэ үед Ч.Сүрэнхорлоо (Монгол Улсын Гавьяат нисгэгч) ИАТУГ-ыг удирдаж байсан бөгөөд Батлан хамгаалах яамны Нисэх хэлтсийн дарга З.Юра хурандаа руу утасдаж "Нисэх эскадрилийн хоёр нисгэгч бүсгүйг Иргэний агаарын тээвэр рүү шилжүүлж, ИЛ-14, АН-24 онгоцны эмэгтэй экипаж бэлдэх" саналаа хэлжээ. Хариуд нь З.Юра хурандаа "Хэдийгээр албан тушаал илүү ч надад бие даан шийдвэр гаргах эрх байхгүй. Та ангийн захирагч С.Лхагважав хурандаатай зөвлө" гэснээр удалгүй тэд шилжин ирж, Иргэний агаарын хөлгийн экипаж ахлах замналаа эхлүүлсэн байна.
Т.Сумьяа, Т.Осоргарав хоёр бол арга байхгүй, иргэний тээврийн орчин үеийн онгоцоор тогтвортой, амжилттай ниссэн бүсгүйчүүд. Эмэгтэй хүн ямар ч ажилд хариуцлагатай, чамбай ханддаг. Энэ ялгаа нь тэднийг эрчүүдээс тодруулж байлаа. Агаар, салхи, цаг уурын хүндрэл бол бүх нисгэгчид ижил ачаалал өгч, ур ухаан, авхаалж самбааг нь сорьж байдаг. Нисгэгч хүн ямар ч хүнд байдалд орсон зоригтой, оновчтой шийдвэр л гаргах ёстой. Экипаж бол амь нэгтэй баг. Тав, арван хүн байна уу ялгаагүй. Хувь заяа нь үхсэн ч, сэхсэн ч цугтаа зурагдсан байдаг. "Энэ хоёр бүсгүй бол амь насны дэнчинтэй чанд хатуу мэргэжлийг эзэмшиж, үүргээ нэр төртэй биелүүлсэн нисгэгчид" гэж З.Юра гуай нэмж өгүүлсэн юм.
Энгэрт нь МХЗЭ-ийн "Тэргүүний ажилтан залуу" алтан медаль, V,VI,VII,VIII таван жилийн гавшгайч цол тэмдэг, Зэвсэгт хүчний 50, 60 жилийн ойн медаль, Байлдааны медаль, Цэргийн гавьяаны одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон гялалзах Т.Сумьяа дарга "Би нисэхийн салбарт хүссэн онгоцоороо нисэж, мөрөөдлөө дээд зэргээр биелүүлсэн хүн" хэмээн ярихдаа нүд нь гялалзаж, царайд нь мэргэжлээрээ бахархсан сэтгэл дүүрэн инээмсэглэл тодорно.
Монголын иргэний агаарын тээвэр оргил он жилүүддээ ЗХУ-ын онгоц зохион бүтээгч О.К.Антоновын товчооны зохион бүтээсэн ах дүү "АН" онгоцуудыг авч ашиглаж байсан юм. Нийтлэлийн баатар маань цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй, буух талбай голдоггүй АН-2, ард түмэнд "Цагаан онгоц" нэрээр алдаршсан иргэний тээврийн АН-24, ачаа тээврийн АН-26 онгоцны хоёрдугаар нисгэгчээс онгоцны капитан болтол дэвшин ажилласан нэгэн. Шинэ онгоц, бүр хамгийн орчин үеийн шинэ загварын онгоцыг жолоодох нь нисгэгч бүхний хүсэл болохоор арга ч үгүй биз ээ. Ах дүү АН загварын онгоцууд 1980-аад он гэхэд Монголын бүх аймаг, 130 сум нэгдэл, сангийн аж ахуйд зорчигч, агаарын шуудан тээврийн үйлчилгээг агаараар өртөөчлөн, нэг аймаг руу өдөртөө 3-5 удаа нислэг хийх тохиолдол ч цөөнгүй байсан. Нисгэгчид үүрийн 3- 4 цагт ажилдаа ирж, өдөрт 3-5 удаа нислэг хийж, шөнөдөө гэрийн бараа харах нь ердийн үзэгдэл байв. Орой нислэгээс буухад "Одоо ганцхан аймаг үлдсэн, дарга нисгэгч байхгүй байна, яваад ир" гэсэн тусгай томилолт түүнд ирэх нь олонтаа. Мөн дарга нар нь "эмэгтэй хүн архи ууна гэх биш" гээд наадмаар хариуцлагатай жижүүрээр томилчихно. Үүрэг хариуцлага, тушаал, дүрмийн дор зүтгэж явсан он жилүүдэд тэрбээр сүүлийн 14 жил нэг ч удаа Улсын наадам үзэж амжаагүй байснаа сүүлд нь л санасан гэсэн.
Т.Сумьяа дарга одоо Сэлэнгэ аймгийн Шаамар суманд амьдарч байна. Хөх тэнгэрээр дүүлж явсан нисгэгч эмэгтэй газарт буугаад, Шаамарт суурьшаад удаж буй. Эхлээд ногоо тарьсан, өнөөдөр харин зөгийн аж ахуй эрхэлж байгаа. Түүний сургийг нисэхийнхэн нэг хэсэг гаргаж чадахгүй алдсан гэнэ билээ.
"Маргааш отгон нислэгээ хийнэ, бэлтгэлтэй байгаарай" гэсэн гэнэтийн мэдээ нисгэгч болгоны сэтгэлийг өвтгөдөг. Дүүлж явсан цэнхэр тэнгэрээсээ нэг л өдөр жигүүрээ хумиад бууна гэдэг тийм ч амар биш. Яг энэ мэдээ Т.Сумьяа даргад 50 нас ч хүрээгүй, амьдралын эрч хүч буураагүй, туршлага нь улам зузаарч нисээд л баймаар санагдаж байсан үед нь ирсэн гэдэг. Ингээд Хөвсгөлийн чиглэлд нисээд эргээд Буянт-Ухаагийн уудам хөндийд буухад нисгэгч хамт олон, гэрийнхэн нь угтаж, хайртай онгоцныхоо дугуйнд сүүгээ өргөөд, хошуунаас нь адис авчээ. Энэ тухай ярихад өнөөдөр ч гуниг дагуулдаг учраас олон жилийн өмнөх тэр өдрийг дурсахдаа хоолой нь зангирсан эрхэм нисгэгч "хэрэв "нис" гэсэн тушаал өгвөл чадал заах эцсийн мөчөө хүртэл нисэх л байсан даа" хэмээн өгүүлсэн билээ.
Ийм эрэмгий хүн ажлаасаа холдоод Нисэхээс битгий хэл Улаанбаатараас ч өөрөө мэдэхгүй зугтсан байдаг. Тэтгэвэрт гарснаа мартаад нисгэгчийн формоо өмсөж, цүнхээ бариад ажил руугаа гарч  явах шахсан өдрүүд, өглөө бүр байшин дээгүүр нь нисэн, өдөржин бууж хөөрөх онгоцны дуу, чимээнд хямрахгүй гэсэндээ Т.Сумьяа гуай 1990 оны дундуур эхлээд Буянт-Ухаагаас холдон, хотын төв рүү нүүжээ. Нийгэм зах зээлд шилжиж, хүн ам, хотын утаа ихсээд ирэхээр хөдөө Сэлэнгэд амьдрахаар шийдээд нэг л өдөр галт тэргэнд суучихсан гэж байгаа. Яагаад Сэлэнгийг зорьсон нь ч сонин. Энэ аймаг руу нисгэгчид зөвхөн гал түймрийн эргүүл болоод авиахимийн л нислэг хийдэг байсан учраас түүнийг нисгэгчийнх нь хувьд танихгүй, амгалан орчин гэж сонгожээ. Хүүгээсээ авсан сая төгрөгтэй цүнхээ бариад вагонд нуусан нисгэгчийг аян замд нь таарсан Шаамарын бүсгүй "Манай сум хамгийн сайхан" гэж хэлээд дагуулаад буусан гэдэг.
Шаамар сум тэр жил ингэж гэнэтийн оршин суугчтай болсон бөгөөд зүг чиггүй аян замд гарсан онгоцны дарга энэ суманд 26 жил амьдарч байгаа юм. Гэнэтийн оршин суугчийн сураг чимээнээр гайхаж эргэлзсэн хүн цөөн байсан ч дассан, нөхөрлөсөн нь түүнээсээ олон юм. Сүрлэг уулсын битүү модон дунд орших суурин эрүүл агаартай, амгалан тайван, ямар ч стрессгүй. Зөгийн аж ахуйгаа эрхлээд намартаа нэг МИАТ дээрээ ирж, хамт олонтойгоо уулзаад, зөгийн балаа зарчихаад буцдаг болжээ.
Нисэхийн хамт олон 2018 онд Т.Сумьяа нисгэгчийг хөдөөнөөс урьж, "Мөрөөдлийн гүүр" нэвтрүүлэгт оролцуулж байсан юм. Зөгийчин болсон даргаа нэвтрүүлэгт оролцуулах ажлыг МИАТ компанийн онгоцны үйлчлэгч асан Ёндон багшийнх нь охин Сувдаа, МИАТ-ийн ажилтан Б.Энхмаа, Т.Сумьяа гуайн хүүгийнх нь найз Ц.Цогтнэмэх нар зохион байгуулж, ангийн нисгэгч И.Магванжав, багш нисгэгч Р.Доржготов... гээд нисэхийнхэн бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэн, цэнхэр дэлгэцийн хойморт залж, Америкт 18 жил амьдарч буй хүүтэй нь уулзуулсан сэтгэл уярам түүхийг бүтээж амжсан.
Баргийн зүйлд сэтгэл хөдлөөд байхааргүй мэргэжлийн онцлог, ямар ч давааг даваад гарах хат суусан нисгэгчийн араншинг нөхөд нь андахгүй. Тиймээс нэвтрүүлгийн тухай юу ч сонсгоогүй байж. Гэтэл өнөө "Ёо ч" гэж хэлдэггүй дарга нь хотын зочдод "Нэг удаа хөлөө хугалсан, ганцаараа амьдардаг учраас хэнийг хөөе гэх билээ дээ. Мөлхөж очоод галаа түлж, цайгаа чанаад, аяга тавгаа угаагаад буцаад мөлхөөд орондоо ордог байсан" тухайгаа ярьж өнөө хэдийгээ уйлуулаад авчээ. "Та ёстой арай ч дээ, бидэнд дуулгахгүй яасан юм бэ" гэсэн сэтгэлийн харуусалд Т.Сумьяа гуай нэг их юм бодсон шинжгүй "Яах вэ дээ, болно шүү дээ" гээд огт тоохгүй байна гэнэ. Т.Сумьяа дарга нь угийн л ийм хүн, бусдаас өөрийг нь ялгаатай харуулдаг энэ зан нь огтхон ч арилаагүй аж.
Нууцлагдуу, "би" гэж цээжээ дэлддэггүй энгийн, агаарын хөлөгт эрчүүд шиг ихэмсэг зоримог амьдарч байсан эмэгтэй нисгэгчээ монголчууд сайн таньдаг байсан. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хүн олны өмнө огт үзэгдээгүй болохоор бараг мартагдсан хүний тоонд орсон байлаа. Харин нисэхийнхний санаачилсан нэвтрүүлэг орон даяар цацагдсаны дараа монголчууд цэнхэр дэлгэцээр сураг нь алдарсан эмэгтэй нисгэгчтэйгээ уулзаж, олон хүн нулимс унагаж, холбоо барьж, хэл сурагтай болсон юм.

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 3 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 7 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 7 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 7 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23