ШИЛДЭГ 5 АЙМГИЙН НЭГЭЭР ШАЛГАРАВ
Монгол төрийн бодлого шийдвэр, хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2023 оны үйл ажиллагааны үнэлгээгээр манлайлан шилдэг таван аймгийн нэгээр шалгарч, Монгол Улсын Ерөнхий сайдаас 2024 оны есдүгээр сард батламжаа гардлаа.
ЗАВХАН АЙМАГ ПАРАЛИМПЫН АВАРГАТАЙ БОЛЛОО
“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадмаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, таеквондогийн тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртэж бахархам амжилт гаргалаа.
Дэлхийн таэквондогийн Монголын холбооны тамирчин ОУХМ Уламбаярын Сүрэнжав 2000 онд Завхан аймгийн Тосонцэнгэл хотод төрсөн. Тэрбээр 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медальт тамирчин билээ. Түүний амжилтыг төрөөс үнэлж “Хөдөлмөрийн баатар” цол олгосон нь Монгол Улсын хамгийн залуу Хөдөлмөрийн баатар гэх тодотголыг дагуулаад байна.
Завхан аймаг паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжавыг 200 сая төгрөгөөр, анхны багш С.Будхүү, Ө.Ядамсүрэн нарыг тус бүр 20 сая төгрөгөөр урамшууллаа.
ЗАВХАН АЙМГИЙН БАГШ, СУРАГЧИД УЛСЫН ОЛИМПИАДААС ХАМГИЙН ОЛОН МЕДАЛИЙГ АВЛАА
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР Г.ӨНӨРБАЯР УЛИРАН ТОМИЛОГДОВ
2024 оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн дүнгээр Завхан аймагт МАН ялалт байгууллаа. Улмаар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргад Гомбосүрэнгийн Өнөрбаяр олонхын саналаар дэмжигдэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаарт захирамжаар Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаярыг улираан томилов.
ЗАВХАН АЙМГИЙН 10 СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙ, НЭГ СУМЫН 40 ЖИЛИЙН ТЭГШ ОЙ ТОХИОЛОО
2024 онд Баянхайрхан, Баянтэс, Сантмаргаз, Сонгино, Дөрвөлжин, Ургамал, Отгон, Цагаанхайрхан, Шилүүстэй, Яруу сумын 100 жил, Асгат сумын 40 жилийн тэгш ой тохиолоо.
ИХ-УУЛ "УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ" БОЛЛОО
2024 онд Их-Уул сум орон нутгийн хөгжлийн үзүүлэлтээрээ бүсээ тэргүүлэн “Улсын тэргүүний сум” боллоо. 101 жилийн түүхт Их-Уул сум нь мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлийн томоохон голомт нутаг. Жаргалант нэгдэл байх үеэсээ аймагтаа өрхийн болон хамтарсан үйлдвэрлэлээр манлайлж иржээ. Үүнийхээ үр дүнгээр байгуулагдсан цагаасаа 17 удаа аймгийн шилдэг нэгдэл, сумаар шалгарч байсан юм.
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТААР ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД VI БАЙРТ ОРЛОО
2023 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Завхан аймаг 20 дугаар байрт бичигдэж байсан бол боловсролын салбарт хэрэгжүүлсэн бодлого, шийдвэрийн үр дүнгээр 2024 онд зургадугаар байрт шалгарлаа.
ЖАВХЛАНТ ТОЛГОЙГ ТОХИЖУУЛЖ БАЙНА
Улиастай хотын нэгэн чимэг болсон Жавхлант толгойг өгсөж гарах засмал зам, авто зогсоол, шат, үйлчилгээний цэг, амралтын талбай, сэрүүн асар бүхий цогцолбор болгон тохижуулах ажил хийж байна.
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ
Улиастай хотын төвөөр хоёр том гол урсдаг ч ганцхан гүүртэй. Энэ гүүрэн дээр баяр наадам, томоохон арга хэмжээнүүдийн үеэр түгжрэл үүсэж ард иргэдэд хүндрэл учруулдаг. Тиймээс түгжрэлийг бууруулах гарц бий болгох, багуудын хооронд зорчих замыг товчлох, хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор тус гүүрийг бариулж байна.
Улсын төсвийн 20.2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Богд, Чигэстэйн голын төмөр бетон гүүрийн барилгын ажлыг 2024 оны зургадугаар сард эхлүүллээ. Жинст багаас Өлзийт баг хүртэлх 290.03 метрийн төмөр бетон гүүр нь уртаараа Монгол Улсдаа тэргүүлэх гүүрнүүдийн жагсаалтад орж байна. Гүүр ашиглалтад орсноор Өлзийт багт орон сууцны хороолол барих боломжтой юм.
Их хутагтуудын түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэв
Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд Жалханз хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 150 жил, Улиастайн сайд Дилов хутагт Б.Жамсранжавын мэндэлсний 140 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд Дилов хутагт Данзанламэд багшид “Бат-Оршил” өргөх ёслол, “Хоёр их хутагт” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна