Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиглэнэ


Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Улаанбаатар хотын ирэх оны төсвийг баталлаа. Тодруулбал, энэ удаагийн хуралдаанаар   нийслэлийн 2025 оны төсөв, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах үнийг шинэчлэх, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн 2025 оны төсвийн орлого, зарлагыг хэрхэн тооцсон тухайгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулсан. Тэрбээр, нийслэлийн төсвийн суурь орлогыг 3.226.4 тэрбум, суурь зарлагыг 3.226.4 тэрбум төгрөг байхаар тооцон нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байхаар баталжээ. Мөн Орон нутгийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан байна. Төсвийн тухай хуульд, төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг тусгана гэж заасны дагуу Ulaanbaatar.mn цахим хуудаст байршуулан иргэдийн саналыг авахын зэрэгцээ есөн дүүргийн 400 гаруй иргэнийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг хийснээ тодотгов. Мөн цахим санал асуулга явуулахад нийт 700 орчим саналыг ирүүлжээ. Иргэд, сургууль орчмын аюулгүй байдлыг хангах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, урт цагааны гудамжийг ногоон байгууламж болгох, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үерийн хамгаалалтын барилга байгууламжийг өргөтгөх, ногоон байгууламж, гэрэлтүүлгийг нэмэх, явган болон дугуйн зам барих, авто замыг өргөтгөн шинэчлэх, орон сууцны дээврийн засвар, цахилгаан шатны засвар арчлалтыг хийх зэрэг саналыг ирүүлсэн байна. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн 2025 оны төсвөөс иргэдийн дээрх санал, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэдгийг онцоллоо. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн энэ үеэр  “Төсвийн тухай хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 5-ны дотор багтааж төсвөө батлах ёстой. Хуулийнхаа хүрээнд НИТХ хуралдаж төсвөө, нээлттэй баталлаа. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай 17 төсөл, арга хэмжээ, метро, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахтай холбоотой төсөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх төслүүд бий. Ирэх онд ажил хэрэг болох боломжтой боллоо. Зам болон бусад татвар, хураамжтай холбоотой өөрчлөлт орсон. Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Улсын төсвийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Нийслэлийн тухайд Төсвийн хуулийн хэм хэмжээ, цагалбарынхаа хүрээнд хуралдаанаа товлоод, хийгээд, мэдээллээ олон нийтэд нээлттэй өгөөд явж байгаа. Мэдээж улсын төсөв батлагдаад, нийслэлийн төсөвт тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тодотгол хийж болно. Жил бүр Төрийн аудитын газраас төсөвт хяналт тавьдаг. Зөвлөмж, шаардлагаа танилцуулдаг. Төсвийн жилийн явцад Аудитын газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу төсөв захиран зарцуулагчид зөвлөмжийг хэрхэн мөрдсөн тухайгаа эргээд тайлагнадаг. Аудитын байгууллага ч төсвийн зарцуулалтыг хянадаг” гэлээ.  Ийнхүү нийслэлийн төсвийг эцэслэн баталсны дараа Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга А.Амартүвшин танилцуулсан юм. 2023 оны байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын тоон үзүүлэлтээр гаргасан судалгаагаар нүүрс төрөгчийн дутуу исэл болон хүхэрлэг хий нь гэр хорооллоос, азотын давхар исэл нь автомашинаас ялгарах утаанаас агаарын бохирдолд илүү нөлөө үзүүлж байна гэж гарчээ. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хүрээнд НЗДТГ болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар 2019 оноос өнөөдрийг хүртэл гэр хорооллын 200 мянган айл өрхөд сайжруулсан шахмал түлш нийлүүлэх, тээвэрлэх, нөөцлөх, борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна гэв. Мөн Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэр нь хоёр үйлдвэрээр жилд 200 мянга орчим өрх, 170 гаруй аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд зориулж 680 мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэлийг алдалгүй ажиллуулах, сайжруулсан түлшний чанарыг сайжруулах туршилтын ажлуудыг эхлүүлжээ. Мөн эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангахаар дулааны 2, 3 дугаар цахилгаан станцыг өргөтгөн, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж нийт 750 мВт хүчин чадлаар, бие даасан дулааны тархмал эх үүсвэрийг 10 байршилд байгуулж, Налайх дүүргийн дулааны станцыг барьж нийт 1545 мВт-ийн хүчин чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн  агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тодруулбал, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд зургаан төвүүдийг бий болгон, гэр хорооллын байршилд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж нийт 202.626 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн  хүрээнд 12719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгч Т.Батцогт, төлөөлөгч Б.Золтуяа, төлөөлөгч Б.Эрдэнэсүх, төлөөлөгч З.Төмөртөмөө, төлөөлөгч Т.Отгонболд, төлөөлөгч Ж.Сандагсүрэн, төлөөлөгч Б.Дөлгөөн нар агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй судалгаа хийсэн эсэх, сайжруулсан шахмал түлшийг цаашид хэрэглэх эсэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх богино болон урт хугацааны бодлогын талаар асуулт тавьж, санал хэллээ. Төлөөлөгчдийн асуултад холбогдох албаныхан мэдээлэл өгсөн бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Агаарын бохирдлоос шууд нөлөөлсөн өвчлөл байна гэсэн судалгаа бол хийгдээгүй. Хавдар, зүрх судасны өвчлөл ихэссэн. Гэхдээ агаарын бохирдлоос шууд хамааралтай гэж хэлэх нь учиртай дутагдалтай” гэсэн тайлбар хийв. Харин цаашид авч хэрэгжүүлэх гол бодлогын талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга А.Амартүвшин сайжруулсан түлшний чанарыг сайжруулах судалгаа хийгдэж байгаа талаар, угаартаж буй иргэдийн тоог бууруулах, цаашлаад нүүрс түлэхгүй, ашиглахгүй байх бодлого барьж буй гэдгийг онцоллоо. Сэргээгдэх эрчим хүч болон зургаан дэд төвүүд, дахин төлөвлөлт болон бусад эх үүсвэрээр орон сууцжуулах ажлыг бодлогын хүрээнд эрчимжүүлнэ гэдгийг дурдлаа. 

 Х.Өлзийжаргал

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24625/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 3 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 7 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 7 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 8 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23