Эрчим хүчний хязгаарлалттай, дийн засагчдын бухимдал ихтэй 7 хоног



Хаа сайгүй баярын уур амьсгал орж, хамт олон, найз нөхдийн шинэ жилийн баярууд үргэлжилж байна.  УИХ төсвөө баталлаа. Гэхдээ “үрэлгэн төсөв” хэмээн шүүмжилж, Ерөнхийлөгчийг хориг тавихад хүргэсэн эрхэм гишүүд энэ удаад үгнээсээ буцаж, хасаж танаад оруулж ирсэн Засгийн газрын саналыг дэмжихгүй,  унагаж олон хүнийг гайхшируулав. Төсвийг үргэлж шүүмжилж, “үрэлгэн, үр ашиггүй” гэж мэдэгдэж байдаг ХҮН-ын дарга Т.Доржханд л гэхэд “Эрчим хүчний реформыг хэрэгжүүлэхэд  найман тэрбумаар сурталчилгаа, судалгаа хийнэ. Төр зардал багатай гээд юм бүрийг хасаж танаад байвал ажил явахгүй ” хэмээн мэдэгдэв. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан, төсвийг хасаж танах ёстой гишүүд нэмэх тухай янз бүрийн санал гаргаж, чуулганы хуралдаан багагүй сунжирсан. Ямартаа ч Засгийн газар түүхэндээ анх удаа нэг жилийн төсвийг хоёр удаа өргөн барьж, батлууллаа.

Энэ УИХ 32 эмэгтэй гишүүнтэй. Гэвч эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг,  зүс царай, өмссөн зүүсэн хувцсыг нь гоочилж,  сошиал орчинд элдвээр хэлж доромжилдог байдал нэмэгдсэн учраас  эмэгтэй гишүүд  арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн чуулганы хуралдаанд бүгд ягаан хувцас өмсөж, эсэргүүцлээ илэрхийллээ.  Улс тунхагласны баярын өдөр Д.Сүхбаатарын хөшөөнд УИХ-ын гишүүд цэцэг өргөх үеэр М.Нара гишүүн тод ягаан өнгийн гадуур хувцас өмссөнийхөө төлөө сошиал орчинд багагүй шүүмжлүүлсэн. Тиймээс эмэгтэй гишүүд үүнийг эсэргүүцэн ягаан өнгийн хувцас өмсөж чуулганы хуралдаанд оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулдаг гэдгээрээ өмнөх Төрийн тэргүүнүүдээс ялгардаг. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт сүүний чиглэлийн фермүүдэд ажилласан юм. Нэг хэсэг арлын Японыг донсолгож явсан Амай Д.Бямбадорж зодог тайлснаасаа хойш  Төв аймагт “Харүмафүжи сүүний ферм”  байгуулснаа Ерөнхийлөгчид танилцууллаа. Тус ферм   Францын Монбельярд үүлдрийн 100 гаруй үнээтэй,  нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү сааж, Улаанбаатар хотод борлуулж байгаа юм байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нэг литр сүүнд 1000 төгрөгийн урамшууллыг төрөөс олгож байгаа. Үүний үр дүнд  2020 онд 6.8 сая.литр байсан түүхий сүү нийлүүлдэг байсан бол энэ тоо  жил дараалан өсөж 2024 онд 29.1 сая литр болж нэмэгдсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байсан юм.
Өнгөрөгч долоо хоногт Засгийн газар хуралдсангүй.  Тодруулбал, ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж  чуулган, байнгын хороодын хуралдаан давхцаж байгаа учраас хуралдаанаа цуцаллаа. Засгийн газар ирэх онд зорилтот бүлгийнхнийг орон сууцанд хамруулах бодлого хэрэгжүүлнэ гэдгээ зарласан. Үүний тулд  Ипотекийн зээл олгох журамд өөрчлөлт оруулж,  50 м2 хүртэлх талбайтай байрыг зээлээр олгохоор шийдвэрлэжээ.  Өмнө нь 80 хүртэлх ам метр талбайтай байрыг  ипотекийн зээлээр авч болдог байсан юм. Мөн үүнээс гадна байртай хүнд ипотекийн зээл олгохгүй байх заалт журамд оржээ. 
Хүнсний салбарын мэргэжлийн холбоод нэгдэн  БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн улсууд болон Монгол Улс хоорондын чөлөөт худалдааны түр гэрээг хойшлуулах, зогсоох тухай шаардлага хүргүүлэв. Тэд Монголд үйлдвэрлэж чадаж байгаа, дотоодын хэрэглээгээ хангаж байгаа бэлэн бүтээгдэхүүний нэр төрлийг импортын тарифын хөнгөлөлтөд хамруулсан байгаа нь дотоодын үйлдвэрлэл хамгаалалтгүй болж, гаднын импортлогчдоос хамааралтай болох бодит эрсдэл учирч байна гэж үзэж байгаагаа нуусангүй. Тэд гурил, будаа, ургамлын тос, өндөг гэх мэт нийт 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг жагсаалтаас хасаж гэрээ байгуулахыг шаардав.  Харин Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсаас ОХУ болон Евразийн бусад эдийн засгийн бүс нутгууд руу экспорт хийх боломжтой болно. Мөн эдгээр улсаас 512 бүтээгдэхүүн татварын чөлөөлөлтөд оруулан импортоор орж ирнэ. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарыг унагаж байгаа мэт мэдээлэл цацагдаж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Өрсөлдөөнөөс айдаг байж болохгүй. Эсэргүүцээд байгаа аж ахуйн нэгжүүдийг Эдийн засаг, хөгжлийн яам хүлээн авч дахин зөвлөлдөх хурал хийж болно хэмээн мэдэгдсэн. Гэвч энэ зөвлөлдөх уулзалт нь хэрүүл маргаан болж, Эдийн засаг, хөгжлийн яамныхан бизнесмэнүүд хооронд ширүүхэн зөрчил үүсээд байна.  Уг нь энэ хэлэлцээр байгуулагдвал түр хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй экспортлох боломжтой болох юм. Гэхдээ гаднаас сүү, өндөг, гурил, төмс ногоо татваргүйгээр орж ирж, үндэсний үйлдвэрүүд хаалгаа барина гэхээс тэд болгоомжилж байна.
Энэ жил харьцангуй дулаахан өвөл болж байгаа. Гэвч эрчим хүчний салбар ачааллаа даахаа байж, хаа сайгүй цахилгааны хязгаарлалт хийж, иргэд бухимдангуу байна. Монгол Улсын эрчим хүчний гол хөдөлгүүр болох “ДЦС-3” ТӨХК-ийг  1968 онд, “ДЦС-4” ТӨХК-ийг  1984 онд байгуулсан.  “ДЦС-4” -өөс хойш Улаанбаатар хотод эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй. Өнгөрсөн 40 жилийн дотор хот тэлж, хүн ам өсөж, байшин барилга ч олон баригдсан. Жилээс жилд нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээгээ даахаа байж, энэ өвөл хэсэгчилсэн  хязгаарлалт хийж байна. Цахилгаан эрчим хүчнээс гадна дулааны хязгаарлалт хийх эрсдэл хоолойд тулчихаад байгааг салбарынхан мэдэгдлээ. “Гадаа -30 хүрэхэд бид усыг 120 градус хүртэл халаах ёстой. Тэр хэмжээнд хүргэж халааж чадахгүй. Учир нь уур буюу хүчин чадал хүрэлцэхгүй учраас хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалд орно” хэмээн тэд анхааруулж байна. 


Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийдвэр гарлаа. Анхан шатны шүүх  Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Гэвч Улсын Дээд шүүхээс  хэргийн бодит байдалтай нийцээгүй, ач холбогдол өгөхүйц нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна хэмээн үзэж, Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Э.Шинэбаяр, Н.Мөнхбат нарт холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргалаа. Анхан шатны шүүхээс таван жилийн ял сонссон УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг Дээд шүүхэд мөн гомдол гаргасан. Гэвч дээд шүүх Ё.Баатарбилэгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 22.10-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 18.6.2.1-д заасан мөнгө угаах гэмт хэрэг болгон өөрчилж, оногдуулсан ялыг хэвээр үлдээж, Ё.Баатарбилэгээс 73 сая төгрөг гаргуулах тогтоолын холбогдох заалтыг 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөг гаргуулахаар болгон өөрчлөлт оруулжээ. 

 Б.Нүүдэл

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 17 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр