Хэдийгээр биднийг "Үхэр монгол" гэдэг ч үхрийг шаггүй ой санамжтай, өөрт тохиолдсон эвгүй явдлыг мартах нь удаан гэдгийг гадарлахын хувьд би санал нийлдэггүй. Харин тал хээр өссөн монголчууд үнэгийг хамгийн мартамхай амьтан гэдгийг мэднэ. Өөрийг нь гөрөөлөх гэж яваа анчныг харчихаад ганцхан хууралтаар аргалж орхиод хамрын цаана гараад л мартчихсан хулгана, оготно эргүүлж явах нь бий. Зальжин хэрнээ ой санамж гэх юм бараг байхгүй гэдэг утгаараа өнөөгийн бидэнтэй адилхан ч юм шиг. Үүнийг өгүүлсний учир хэдхэн жилийн өмнөх Улаанбаатар хотын харанхуй бүүдгэр өглөөг эргэн сануулах гэснийх. Бидэнд өглөөний харанхуй утаан дунд хүүхдээ тэвэрч явах зөвлөмжтэй, арын тэрэгнийхээ ойрын гэрлээр баримжаалан зүтгэж, амь тавихаа шахсан автобусны нүүгэлтсэн утаанд угаартаж, өглөө бүхэн гэр, машин дээр тогтсон үнс тортогийг гунигтайхан унагаж зогссон үе бий. Тэр үеийг эргэн санахад гэрэлтэй, нартай дурсамж сэтгэлд ер буудаггүй. Ямар сайндаа л “Архичны хамар шиг ув улаан нар, амрагийг минь сэрээх гэж шагайхгүй” гэж бичиж байх вэ дээ. Нар хүртэл тунгалаг шар өнгөөрөө харагддаггүй байлаа.
Одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх тун зоримог алхам хийж, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоож, Улаанбаатарын баруун, зүүн захад тус бүр нь 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр барьж, улаан шуудайтай сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын айлуудыг хангаж эхэлсэн. Үр дүнд нь 2019, 2020 оны өвөл Улаанбаатарын утаа 50 хувь хүртэл буурч байлаа. Монголчууд шахмал түлшний үйлдвэртэй болж, түүхий нүүрс түлэхгүй байх энэ шийдвэр асар их маргаан дагуулж байсан ч амжилттай болж чадсан. Айл бүр жилд хэдэн машин нүүрс түлэхээ байж, хашаа бүрд байдаг нүүрсний амбаарууд нурж, сайжруулсан түлш агаарын бохирдлыг бууруулахад нөлөөгөө өгсөн. Хамгийн аймшигтай нь түүхий нүүрс, түлээ модны үнэ тэнгэрт хадаж, уулын мод урдаасаа, хойноосоо халзарч эхлээд, ухсан нүхэндээ амь алдсан нүүрс олборлогчдын талаарх гашуун мэдээ нэг өвлийг алгасаж байгаагүй юм даа. Гэтэл зарим иргэн урагшилснаасаа ухарч, түүхий нүүрс түлэх тухай асуудал хөндөж, зарим нь жагсаж цуглаж, улстөржсөн өнгө аястай ухуулга сурталчилгаа хийсээр... Түүхий нүүрс түлдэг байх тэр үед дайны байдалтай байсан гэхэд хилсдэхгүй. “Түүхий нүүрсээ түлье” гэдэг үг өнөөдөр урвасан цэргийн "Ухарцгаая" гэдэг уриа шиг л сонсогдож байна.
Нийслэл хотын утааг 50 хувь буурууллаа, энэ амжилтдаа сэтгэл ханаж амьдар гээд байгаа юм биш шүү. Харин цааш хийж, хэрэгжүүлэх ажлуудаа эдийн засгийн боломж нөхцөл, цаг хугацаа, өөрсдөдөө байгаа технологийн боломжуудаа тооцоолоод урагшилъя гэж байгаа юм. Боломж нөхцөлүүдийг дурдахын учир миний хэлэх гэсэн санаанд өгүүлэгдэх болов уу.
“Ардчилал бол хэлэлцээр явагддаг засаглал юм” гэж Английн модерн үеийн философич Жон Стуарт Милл хэлсэн байдаг. Нөхцөл байдлаас үүссэн асуудлыг тойрч хэлэлцээрийн ширээний ард суун гаргалгаа олох нь чухал. Юун хэлэлцээр, юун гаргалгаа болоод явчихаа вэ. Миний асуудлыг шийд гэж би таныг сонгоо биз дээ гэж магадгүй юм. Би өөрийнхөө ойлголтоор үүнийг тайлбарлах гээд үзье. Дээрх үг нөгөө талаараа нийгэмд үүссэн асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо чухал гэдгийг өгүүлж буй биз ээ. Нийслэл хотын утаа гэдэг нийгмийн асуудал мөн үү гэвэл мөн. Нийгэм гэдэг мэргэн уншигч та, мөн би. Ингээд бодохоор нийгмийн асуудал болсон утааг шийдэхийн тулд та бид нийтээрээ үүргээ ухамсарлаж хариуцлага үүрэн оролцох ёстой гэдэг нь эндээс харагдана. Иргэдийн оролцоо гэхээр амьдрах орчныг минь сайжруулж, бидний эрх ашгийн төлөө шийдвэр гаргахдаа бидний дуу хоолойг сонсож байх ёстойг хэлнэ. Гэхдээ энэ зөвхөн иргэний зүгээс төрд хариуцлага үүрүүлээд өөрөө зөвхөн зөвлөх, шүүмжлэгчийн байр сууринаас асуудалд хандана гэсэн үг биш юм. Харин төр, иргэн хоёрын хамтран ажиллах, зөвлөлдөх замаар гарч буй асуудлыг шийдэх, үр дүнг нь хуваалцах тухай л ойлголт юм. Асуудлыг эрүүл саруул ухаанаар шүүн тунгааж, бодит үнэлэмж дүгнэлт өгөх нь ч мөн иргэн таны үүрэг, хариуцлагын нэг хэлбэр. Гэтэл бидэнд өнөөдөр бодит байдлыг шүүн тунгааж, эрүүл саруул ухаанаар шүүн хэлэлцэх хүсэл ч алга. Ямар сайндаа л нэг компанийн борлуулалтын сурталчилгаанд автаад цэвэр агаар шүүгчийн жилийнх нь нөөцийг барчихсан байх вэ дээ. Үнэг гэдэг амьтан хэдийгээр мартамхай ч гэлээ бусдын нөлөөнд автдаггүй өөрийнхөө зөн совин, төрөлх мэдрэмжээрээ амьдардаг байх шүү. Харин бид асуудлыг олж харсан хэрнээ шийдэх хүсэлгүй, зүгээр "Та нар шийдээч" гээд л сууж байдаг. Цахилгаан халаалтаар дулаанаа шийдсэн олон айл цахилгааны үнэ чөлөөлөх сургаар галлагаа хийж эхэлсэн. Цахилгааны хомсдолоо шийдье, ураны цахилгаан станцтай болъё гэхээр хог хаягдал, хоёр толгойтой хурга тугал яриад эхэлнэ. Усан станцтай болъё гэхээр аав ээжийн минь нутаг, аргал түүдэг толгод минь гээд уйлаад хэвтчихнэ. Үгүй дээ яндангаа хөөлөөд пийшингээ солиогүй байж миний асуудлыг шийдсэнгүй гэж үстэй дээл өмсөөд үнэгэн лоовууз сөхөөд талбай дээр ирээд зогсчихно.
Өнөөдөр Улаанбаатар хотын утааны 28.9 хувийг бүрдүүлэгч автомашины утааг багасгахад иргэний оролцоо нэн чухал үүрэгтэй. Эдэлгээний хугацаа нь 10 жилээс дээш болсон автомашин хилээр оруулахаа больё, татварыг нь өндөрсгөх замаар хэрэглээнээс аажмаар хасах болтол унах унаагүй болчихно утаа тортог яамай гэсэн. Үгүй дээ л унаж яваа автомашиныхаа утаа шүүгчийг салгаад зарчихдаггүй ухамсрыг өөртөө суулгах нь иргэний үүрэг хариуцлага юм.
Ардчилсан засаглалтай, өндөр хөгжилтэй орны иргэдийн хувьд засгийн газар нь амьдрах ая тух, эрүүл мэндийг нь хамгаалсан шийдвэр гаргавал хүлээн авч биелүүлэх үүрэгтэй гэдэг л ухамсартай. Өнөөгийн Засгийн газар утаа, түгжрэл зэргийг бууруулах алсын болон ойрын бодлогын арга хэмжээнүүдийг шат дараалан авч хэрэгжүүлсээр байгаа юм. Зургаан дэд төвтэй "20 минутын хот" концепц, дагуул хот барих түүнийг тойрсон төслүүд хэл ам дагуулсаар байдаг. Энэ бол асуудлыг том зургаар шийдэх аргачлалууд. Тун ойрын үед авах арга хэмжээ ч бас бий.
Том төслүүд хэрэгжих цаг хугацаа мэдээж хэдэн жилээр яригдах байх. Өнөөдөр байшин бариад, маргааш дулааны цахилгаан станц ашиглалтад оруулж дулаанаа өгөөд явчих боломжгүй учраас нэн яаралтай ойрын хугацаанд авах арга хэмжээ дулаан ялгаруулалт сайтай, бүрэн шаталттай, утаа бага гаргадаг пийшин л байх шив. Улаанбаатар хотод яг өнөөдрийн байдлаар 200 мянга орчим айл гэр хороололд амьдарч байгаа нь агаарын бохирдлын 55.6 хувийн эх үүсвэр болж байгаа. Эдгээр өрхүүд өөрсдийнхөө амьдрах орчин, агаарын чанарт анхаарал хандуулан хариуцлагаа өндөрсгөж хуучин уламжлалт пийшингээ сольж, байшингийнхаа дулаан алдагдлыг багасгаж, яндангаа хөөлдөг болмоор байна. Үүнийг ёс суртахуун гэж нэрлэнэ. “Эрх чөлөө нь нэг талаар бие даан шийдвэр гаргах боломж, нөгөө талаар бие даан үйл ажиллагаа явуулах болон гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх үүргийг агуулна” хэмээн Германы улстөрч Ханс Петер Репник тодорхойлсон байдаг. Таныг амьдрах орчноо сайн сайхан болгохыг төр засгаас шаардахаас гадна өөрийнхөө гаргасан шийдвэр бүрт хариуцлага хүлээх ёстойг сануулаад байгаа хэрэг. Гал түлэх шийдвэр гаргасан бол та утааг нь хариуцах ёстой. Нийслэлд амьдрах шийдвэр гаргасан бол нийслэлд амьдрах өртгөө та төлөх ёстой. Эдгээр өртөг нь шийдвэр гаргагчдын зүгээс бусдын амьдрах орчны таатай байдлыг хангуулах зорилгоор гаргасан 10 жилээс бага эдэлгээтэй автомашин унах ёстой, утаа бага ялгаруулдаг пийшингээ тодорхой хугацаанд сольж байх ёстой гэдэг шийдвэрүүдээр илэрнэ. “Эрх чөлөөнд хил хязгаар үгүй бол түүнд үнэ цэнэ үгүй” гэж Гегель хэлсэн байдаг юм. Эрх, үүрэг, хариуцлага гурав хүний амьдрахуй, оршихуйн үнэ цэнэ.
Эргээд үнэг рүүгээ очих уу. Үнэг өөрийн гэсэн үүрээ өөрөө барьдаггүй. Бусдын үүрийг ашиглан үр төлөө гаргадаг амьтан. Гэхдээ л зальжин. Монгол ардын үлгэрүүд дээр үнэгийг хамгийн зальт этгээд мэтээр дүрсэлдэг нь дэмий ч хэрэг биш байж. Утааг бизнес болгох, нэр хүндээ өсгөх арга хэлбэрээр амьдрагчид яг л тийм зальжин сэтгэлгээтэй байх. Тэд үнэгэн лоовуузтай өвлийн өдрүүдээр утааны тухай уйлагнан ярьсаар талбай дээр суудаг. Унасан приусных нь яндангийн утаа шүүгч байхгүй, тавьсан зуухных нь оёор нь ханзарч үнс нь гоожсон байдаг.
Мартсанаас үхэр нэлээд хариуцлагатай амьтан шүү.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна