Д.Өлзийбат: Шахмал түлшний орц, найрлага өөрчлөгдөөгүй


“Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбаттай ярилцлаа.

-Ярилцлагаа эхлэхээс өмнө таныг “Таван толгой түлш”-ний  үйлдвэрт хэзээнээс ажилласан талаар мэдээлэл авмаар байгаа юм. Учир нь энэ бид хоёрын ярианд их чухал?
-Би 2020 онд Таван толгой түлш компанийн зүүн үйлдвэр ашиглалтад ороход технологичоос эхлэн ажилласан. Ажиллаж эхлээд ахлах технологич, хэлтсийн дарга, ерөнхий технологич гэдэг албан тушаалыг хашиж ирлээ. 
-Таныг үйлдвэрийн технологи, шахмал түлшний технологийг эхнээс нь мэдэх хүн гэж ойлголоо. Яагаад эхнээс нь гэж байгаа юм бэ гэхээр гадуур шахмал түлшний технологи өөрчлөгдчихлөө гэдэг яриа их гарах болсон байна? 
-Энэ асуултад би хэвлэл мэдээлэл, олон нийтэд нэг л зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа юм. “Таван толгой түлш” компани 2019 онд байгуулагдсан. Тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр “Энержи Ресурс” компанийн мэдэлд байдаг “Ухаа худаг”-ийн нүүрсний уурхайн угааж баяжуулсан нүүрс үйлдвэрлэх завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрс “Мидлинг”-ийг үндсэн түүхий эдээр сонгож ашигласан. Тэгвэл өнөөдрийг хүртэл яг тэр түүхий эдийг “Энержи Ресурс” компаниас авч байгаа. Энэ түүхий эд бидний үйлдвэрлэдэг шахмал түлшний 95 хувь. Үлдсэн  таван хувийг нь холбогч түүхий эд буюу барьцалдуулагч эзэлдэг. Түүхий эд өөрчлөгдөөгүй байх нь. Үйлдвэрийн технологийн хувьд маш энгийн. Эрчим хүчний нүүрсээ таван миллиметр хүртэл бутлаад, холбогч түүхий эд хольж устай холиод хэвлэнэ. Хэвлэсэн шахмал түлшээ хатаагчид 120-150 хэмийн халуунаар стандартын шаардлага хангасан чийглэгтэй болтол хатаана. Нэг үгээр хэлбэл, зургаан хувиас бага чийгшилтэй болгоод хэрэглэгчдэд савлаж хүргэнэ. Тэгэхээр шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид өөрчлөлт ороогүй. 
-Гол түүхий эд болох эрчим хүчний нүүрс нь өөрчлөгдөөгүй, технологи өөрчлөгдөөгүй байх нь. Тэгвэл үлдсэн таван хувийн орц буюу барьцалдуулагч нь анхныхаасаа өөр бодисоор орлуулсан юм биш үү?
-Мөн л 2019 онд үйлдвэрлэл эхэлж байхад хоёр төрлийн барьцалдуулагч ашиглаж байсан. Ургамлын гаралтай эрдэнэ шишийн цардуул суурьтай бентонитийн дүүргэгчтэй целлюлоз, доломит болон байгалийн шохойн чулуун дүүргэгчтэй хоёр төрлийн барьцалдуулагч хэрэглэж байна. Түүхий эд болон барьцалдуулагч байгалийн гаралтай. Бидний барьцалдуулагчийн шинж чанарын судалгааг НЭМҮТ-өөс хүн байгальд хортой юу гэдэг дүгнэлтийг гаргадаг. Хими, хими технологийн хүрээлэнгээс агуулагдаж буй цардуул болон ислэгийн агууламж нь техникийн шаардлага хангаж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Мөн Гаалийн хяналтын лаборатори. "Энэ бол цардуулд суурилсан цавуулаг бүтээгдэхүүн мөн юм" гэдэг дүгнэлтийг өгсний үндсэн дээр бид энэ түүхий эдийг ашигладаг. Бүх зүйл шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай хийж байгаа учраас энэ барьцалдуулагч болон түүхий эдийг бид ашиглаж байна. Нэмээд хэлэхэд, барьцалдуулагч өөрчлөгдөөгүй, орц найрлага явж ирсэн технологийн дагуу л байгаа юм. 
-Шахмал түлш хортой, эргээд түүхий нүүрсээ түлье гэх хандлага ажиглагдаж эхлээд байна. Энэ талаар та юу хэлэх вэ?  
-Шахмал түлшээ болиод түүхий нүүрс түлнэ гэвэл ухралт л гэсэн үг. Бид өмнөх газраа харахгүй хэмжээнд хүрсэн утаан дунд амьдарч байсан нь маргашгүй үнэн. Гэхдээ бид утаанаас бүрэн салаагүй нь ч бас үнэн. Шахмал түлш эхний нэг шийдэл байсан уу гэвэл мөн. Бид урагш нэг алхаж утааг 50 хувь бууруулж чадсан. Үүнийгээ цаашид сайжруулаад явах ёстой болохоос эргэх тухай ярих хэрэггүй. Бид 2019 оноос хойш түүхий эдээ солиогүй гэж байгаа. Түүхий эдээ яаж сайжруулах вэ. Утааг дахиад яаж багасгах вэ гэдэг туршилт судалгааг маш олон хийлээ. Жишээ нь 2023 онд Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой манай компани хамтран дараагийн шахмал түлшний түүхий эд юу байж болох вэ гэдэг дээр хагас коксжих нүүрсний туршлага судалгаа хийсэн. Хагас коксжих нүүрсний туршилт судалгааг манай дотоодын лабораторуудын шинжилгээнд оруулж бидний дараагийн сонголт бол хагас коксжих нүүрс юм гэдэг сонголт хийсэн. Олон улсын туршлагаар бол шахмал түлшийг хагас коксжих нүүрсээр л хийдэг. Түүнээс дэгдэмхий өндөртэй эрчим хүчний нүүрс , түүхий нүүрс хэрэглэдэггүй байх нь. Хөгжлийн явц нь түүхий нүүрс дамжаад хагас коксжих нүүрс рүү шууд шилждэг байна. 
-Тэгвэл бидэнд нүүрснээс их юм алга. Хагас коксжих нүүрсээр шахмал түлш хийх алхмаа хийвэл яасан юм бэ?
-Хагас коксжих нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэе гэхэд манайд энэ үйлдвэр нь байхгүй. Үйлдвэр байхгүй учраас бидний туршилт, судалгаа шинжилгээний ажил зогсчихоод байна. Хагас коксжих нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн санал, санаачилга гараад, техник эдийн засгийн үндэслэлийг нь танилцуулаад явж байна. Энэ төслүүд батлагдаад үйлдвэртэй болтол дор хаяж 2-3 жилийн хугацаа бий. Тэгэхээр энэ 2-3 жилийн хооронд бид мидлингээ түлээд  байх уу, ямар богино зайн гаргалгаа байна. Энэ асуудлыг ч бид орхиогүй. Одоо хэрэглэж байгаа түүхий эдээ ямар байдлаар өөрчлөх вэ, өөр түүхий эдээр орлуулах уу. Өөр сайн чанарын нүүрс ашиглах уу, асалт дэмжих, байгалийн гаралтай нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд чанарыг сайжруулах уу гэдэг үр дүнтэй судалгаанууд явж байна. 
-Бид шахмал түлш хэрэглэж эхэлснээр агаарын чанар сайжирсан гэж үзээд байгаа боловч санал нийлэхгүй хүн олон байна. Хагас коксжих нүүрсээр шахмал түлш хийснээр одоогийн байгаа агаарын чанар сайжирна гэдгийг яаж мэдэх вэ?
-Агаарын чанар сайжирсан гэдэг нь ямар үзүүлэлтээр харагддаг юм бэ гэвэл түүхий нүүрсний стандарт гэж бий. Энэ стандартаар түүхий нүүрсний чийглэгийн хэмжээ 37 хувь. Дэгдэмхий бодисын гарц нь 44-45 хувьтай байдаг. Бидний хэлж заншсан утаа буюу нүдэнд харагдаад байгаа тэр зүйл дэгдэмхий бодисын гарцын хэмжээ. Тэгвэл бидний өнөөдрийн хэрэглэж байгаа мидлинг буюу эрчим хүчний нүүрсний дэгдэмхий бодисын гарцын хэмжээ 22 хувь. Энэ үзүүлэлтээр нөгөө нүдэнд үзэгдэх дэгдэмхий бодисын хэмжээ даруй 50 хувиар буурсан байгаа биз. Нүдэнд харагдах нарийн ширхэгт болон бүдүүн ширхэгт тоосонцрыг 50 хувь бууруулж чадсан л байхгүй юу. Хагас коксжих нүүрсийг үндсэн түүхий эдээ болгон шахмал түлш үйлдвэрлэе. Ийм шахмал түлшийг бид хэрэглээндээ нэвтрүүлбэл дээр өгүүлсэн дэгдэмхий бодисын  гарц 22 хувиас 12 хувь болж буурна. Нэг үгээр хэлбэл, одоо бидний нүдэнд харагдаж байгаа утаа дахиад 50 хувь багасах нь байна.
-Хөндлөнгийн хяналт шинжилгээний дүгнэлтүүд байдаг байх. Цаашдаа бид хагас коксжих нүүрсээр хийх шахмал түлшний үйлдвэрээ хүлээгээд таны хэлснээр богино зайн гаргалгаа хайгаад явах юм уу өөр довитой алхмаа хийгээд явах уу?
-Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт JAICA, УЦУОШГ, НАОБТГ-ын хяналт шинжилгээгээр агаарт харагдах тоосонцрын хэмжээ 40-50 хувь буурсан нь тодорхой байгаа. Ер нь ирээдүйд шахмал түлшийг халах нь зөв. Хөгжлийн шатанд түүхий нүүрс, шахмал түлш гээд явж байна. Цаашлаад хийн түлш нөөцийг бүрдүүлж, ашиглах зоригтой шийдлүүдийг гаргаж байна. Ирэх жил 20 мянган айлыг хийн түлш рүү шилжүүлнэ. Хийн түлш рүү шат дараатай шилжиж тэр хэрээрээ жилд түлэх шахмал түлшний хэмжээ буурна. 

 Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/ 


2
angry
0
care
3
haha
3
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 20 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18