Агаарын бохирдлын үйлдвэр-автомашин


Их хотууд агаарын бохирдолтой тэмцсээр XXI зуунтай золгосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр гурван сая хүн агаарын бохирдлын улмаас нас бардаг. Арван  хүн тутмын ес нь чанаргүй агаараар амьсгалж байна. Энэ бол хөгжингүй болон хөгжиж буй орнуудын аль алинд нь хамаатай асуудал. Орчин үеийн технологи, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлснээр зарим хот утаан хөшгөөсөө салсан. Утаагүй төслүүдийг туршин хэрэгжүүлж байгаа ч CO2 ялгаруулалт буурсангүй. Олон улсын судалгааны байгууллагуудын хэмжилтээр хотын агаарын бохирдлын суурь шалтгаан нь автомашины утаа юм.  Иймд эко нийтийн тээвэр, алхах, дугуй унахыг дэмжих, утаа багатай болон тэг бүсүүдийг бий болгох, цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжиж сорилтыг даван туулж байна. 

Нийтийн тээврээ шинэчилж байна

Агаарын бохирдлоо бууруулахаар Зүүн болон Зүүн өмнөд Азийн орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх, цахилгаан тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулж, ил задгай хог шатаахыг хориглох, иргэдээ цэвэр түлшээр хангахад анхаарч эхэллээ. Хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарласнаар иргэд амьд явах эрхээ баталгуулж байна. Замын түгжрэлд зогсох автомашинууд сульфат, нитрат, хортой СО2 зэрэг бохирдуулагчийг үйлдвэрлэдэг. Мехико 1992 онд дэлхийн хамгийн агаарын бохирдолтой хотоор тодорч байсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд хувийн тээврийн хэрэгслээр хотын төвөөр зорчихыг хязгаарласнаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг багасгажээ. Мексикийн Засгийн газар хоёр сая хувийн машиныг зохих журмын дагуу хөдөлгөөнд оролцуулснаар агаарын бохирдлоо 40 хувиар бууруулсан юм. Европын хотын дарга нар  агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрсэн үед олон хувийн тээврийн хэрэгслийг хотын төв рүү нэвтрүүлэхийг хориглож, зоригтой алхам хийдгээрээ алдартай. Тэгвэл Стокгольм, Лондон, Копенгагенд урт хугацаанд агаарын бохирдлыг арилгахын тулд хотын төвүүддээ утаа ялгаруулдаггүй бүс байгуулжээ. Мадрид хотын дарга Мануэла Кармена, Милан хотын дарга Жулиано Писапиа нар хувийн автомашинд өршөөлгүй ханддаг. Үүнтэй төстэй схемийг Шинэ Дели, Бээжинд нэвтрүүлсэн байна. Хувийн унааг хориглоод зогсохгүй нийтийн тээврийн сүлжээгээ шинэчлэх, төлөвлөлтөө өөрчлөх шийдлийг олон хот хэрэгжүүлсэн. Орчин үеийн хотууд авсаархан, эко нийтийн тээвэр, алхах, дугуйн дэд бүтэцтэй байх ёстой. Энэхүү менежмент нь шинэ дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхээс илүүтэйгээр хотуудад тээврийн чадавх, үр ашиг, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн. Жишээлбэл, Сан Франциско хотод зогсоолын хөтөлбөрийг уян хатан үнийн механизмтай нэвтрүүлжээ. Ингэснээр зогсоол хайж буй тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулжээ.

Утааг ялсан ч бохирдлоос зугтсангүй

Чулуужсан түлшнээс татгалзах нь урт хугацааны хамгийн сайн шийдэл ч автомашинаас ялгарах давхар ислийг их хотууд бууруулж чадахгүй байна.  Лондончууд нэгэн зэрэг 70 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний бохирдолттой агаараар амьсгалж  байсан гэдэг. Гэхдээ энэ зуунд ч Их Британийн нийслэл агаарын бохирдолтойгоо тэмцсээр.  Лондонгийн хойд хэсэгт орших Примроз толгодоос  агаарын бохирдлыг хянагчтай тагтаанууд өглөө бүр ажилдаа ниснэ. Тагтаанууд хотын дээгүүр нисэхдээ агаарын чанарын үзүүлэлтийг хэрэглэгчдийн ухаалаг утас руу илгээж мэдээлдэг. Дели хотын агаарын бохирдол нь оршин суугчдынхаа дундаж наслалтыг 6.3 жилээр богиносгож байна.  Тээврийн хэрэгслийн утаанд ялгардаг жижиг  PM бол агаарын бохирдолд нуугдсан заналт тоосонцор.  PM2.5 буюу ердөө 2.5 микрометрийн диаметртэй учир уушгины эдэд нэвтэрч, цусны урсгалаар дамжин артерийг гэмтээж, зүрх судасны өвчин үүсгэдэг. NO2 буюу азотын давхар исэл  нь  үхлийн аюултай. Уушги үрэвсүүлж, халдварт өртөмтгий болгосноор зөвхөн Их Британид л гэхэд жилд 23500 хүн нас бардаг. БНХАУ-ын эрх баригчид  2014 онд агаарын бохирдлын эсрэг дайн зарлав.  ДЭМБ-ын удирдамжид PM2.5 нь өдөрт нэг шоо метр тутамд 25 микрограммаас хэтрэхгүй байх ёстой гэж заасан ч Бээжинд үзүүлэлт арав дахин өндөр байлаа. Хятадын хамгийн их бохирдолтой Шижиажуан хотод нэг метр куб тутамд 305 микрограмм байсан. Хятадын арван хотод 1000-гаас доошгүй цахилгаан хөдөлгүүртэй автомашин байрлуулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд утаагүй автобус нэвтрүүлсэн. Улмаар  Шинжэнь хот 16 мянган цахилгаан автобус, 194 мянган цахилгаан таксигаар тээврийн хэрэгслээ шинэчилжээ. Дизель хөдөлгүүрийг хориглосноор хотын агаарын чанарын үзүүлэлт эрс нэмэгдсэн. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн нь Засгийн газрын  дэмжлэг, инновац, туршилтын төслүүдийн үр дүн юм. Голландын зохион бүтээгч Даан Рузгаардын  утаа усгах цамхаг Бээжингийн агаарын чанарыг сайжруулах технологийн гол шийдэл болжээ.  БНХАУ-ын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр 2016 оны есдүгээр сард Бээжинд анхны цамхгийг ажиллуулж эхлэв. Энэ бол гадаад талбайн аварга том  агаар цэвэршүүлэгч юм. Ердөө 1400 ваттаар ажилладаг, хагас өдөрт хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй орчны  PM тоосонцрын хэмжээг 75 хувиар бууруулдаг.  Рузгаардын цамхгууд Хятадын томоохон хотуудад хэдийн сүндэрлэсэн. Тэрбээр  Польш, Энэтхэг, Мексик, Колумбид долоон метрийн өндөр технологийн шилдэг бүтээлээ худалджээ. 


Таван хотын сайн туршлага

НҮБ-аас агаарын бохирдолттой тэмцэх зорилгоор жил бүрийн есдүгээр сарын 7-ныг “Цэнхэр тэнгэрийн цэвэр агаар”өдөр болгосон.  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Агаарын чанарын үйл ажиллагааны тайланд дурдсанаар, улс орнууд цэвэр үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлт, хатуу хог хаягдлыг шатаахыг хориглосон, бохирдлыг бууруулахад чиглэсэн урамшуулал, бодлогыг хэрэгжүүлэх нь нэмэгдсэн. бодлого баримталж байна. Гэсэн хэдий ч илүү их зүйлийг хийх шаардлагатай байна. Улс орнуудын дөнгөж 31 хувь нь хил дамнасан агаарын бохирдлыг зохицуулах, шийдвэрлэх эрх зүйн механизмтай байдаг бол 43 хувьд нь агаарын бохирдлын тухай хууль эрх зүйн тодорхойлолт байдаггүй.  Ихэнх улс оронд агаарын чанарын байнгын хяналт, агаарын чанарын удирдлагын тогтолцоо дутмаг аж. Агаарын бохирдлын эсрэг тэмцэж буй  Богота,  Варшав, Сөүл, Аккра, Бангкок хотын туршлагыг олон улсын байгууллагууд сайшааж байна.
  • Колумбын нийслэл Богота хот  агаарын бохирдлыг бууруулах тэмцлээр Латин Америкт тэргүүлдэг. Нийтийн тээвэрт цахилгаан автобус нэвтрүүлснээр 2024 онд агаарын бохирдлоо 10 хувиар бууруулсан. Богота хотод хийсэн судалгаагаар агаар бохирдуулагч үндсэн хүчин зүйл нь тээврийн хэрэгсэл байсан учир хотын дарга Клаудиа Лопез Эрнандес автомашинаас татгалзахыг иргэддээ уриалж, унадаг дугуйг өдөр тутамдаа хэрэглэж хэвшжээ. 
  • Польшийн нийслэл Варшав бол Европын холбооны хамгийн их бохирдолтой хот. Агаарын чанарыг сайжруулах зорилгоор “Цэвэр агаар” сан, “Bloomberg Philanthropies”-тэй хамтран “Breathe Warsaw” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо Варшав хот даяар 165 байршилд мэдрэгч суурилуулан агаарын чанарын мэдээллийн сан боловсруулж, бохирдлын эх үүсвэрийг тодорхойлж байна. Мөн нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар халж,  утаа бага ялгаруулдаг бүс байгуулах, шилдэг туршлага хуваалцах, шинэ технологи нэвтрүүлэхээр зорьжээ. 
  • Өмнөд Солонгосын нийслэл 26 сая оршин суугчтай.  Сөүл хотод агаарын чанарын хямрал нүүрлэж байгаа нь гайхах зүйл биш. Хотын PM2.5  хорт тоосонцрын үзүүлэлт дунджаас өндөр байна. Засгийн газраас 2025 он гэхэд дизель хөдөлгүүртэй автомашиныг бүрэн хориглож,  нийтийн тээврийн хэрэгслүүдээ шинэчлэхээ зарласан. Сөүлийн төлөвлөгөөнд утааг бууруулах, нийгмийн эрүүл мэнд, дотоод, гадаад хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоо гэсэн дөрвөн үндсэн чиглэлийг хамарсан 64 төсөл багтжээ. Үүний зэрэгцээ НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй (UNEP) хамтран агаарын чанарыг сайжруулах олон улсын  сүүлийн таван жилийн туршлагыг судлахаар болжээ. 
  • Гана улсын Аккра нь “BreatheLife” кампанит ажилд нэгдсэн Африкийн анхны хот. Мөн агаарын бохирдолтын эсрэг тэмцлээрээ тивдээ тэргүүлдэг.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 28000 гаруй хүн агаарын бохирдлын улмаас цаг бусаар нас бардаг аж. Иргэд хог хаягдлаа шатаахгүй бай аяныг хотын захиргаанаас  өрнүүлж, ДЭМБ болон Уур амьсгал, цэвэр агаарын эвслийн хамтарсан хүчин чармайлтаар тогтвортой тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, хог хаягдлаа бууруулахад дэмжлэг үзүүлж байна.
  • Тайландын Бангкок хот авто замын бөглөрлөөр дэлхийд тэргүүлдэг. Агаарт байгаа нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5 аюултай түвшинд хүрсэн нь түгжрэлтэй холбоотой. Хотын захиргаа нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахаар хэд хэдэн санаачилга гаргасан.  2019 онд “Ногоон Бангкок 2030” төслийг эхлүүлсэн нь хотын ногоон байгууламжийн хэмжээг нэг хүнд  10 мкв ногдох, газар нутгийн 30 хувьд мод тарих,  явган хүний замыг олон улсын стандартад нийцүүлэх зорилготой юм. Улмаар 11 байршилд  цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хувийн тээврийн хэрэгслийн тоог бууруулсан. Тайландад цэвэр агаарын стратегийн зардал 2030 он гэхэд жилд ойролцоогоор дөрвөн тэрбум ам.долларт хүрнэ. 

  Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 20 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18