МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал энэ сарын 6-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо. Одоогоос 30 жилийн өмнө “Эмэгтэйчүүд -хөгжил хөдөлгөөн” нэртэй байгууллага анхдугаар чуулганаа хийж, дүрмээ баталж, дарга, тэргүүлэгчдээ сонгон ажилдаа орж байв. Өнөөдрийг хүртэл дөрвөн удаа нэрээ өөрчилж, үндэсний хэмжээнд 115 мянга гаруй гишүүн, дэмжигчидтэй СДМЭХ болон өргөжжээ. Тус холбооны 21 аймаг, есөн дүүргийн салбар хороодын удирдлага, тэргүүлэгчдийн 300 гаруй төлөөлөл ойн хуралд оролцсон юм.
Хүндэтгэлийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга нар, удирдах албаны бусад тушаалтнууд, намын даргаар ажиллаж байсан удирдлагуудын төлөөлөл, СДМЭХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, өмнө нь тус холбоог удирдаж байсан үе үеийн дарга нар, УИХ, Засгийн газрын гишүүд, Бага хурлын гишүүдийн төлөөлөл оролцлоо.
Түүнчлэн Монголд суугаа зарим Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөл хүндэтгэлийн хуралд иржээ.
Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж 1992 оны парламент гурван эмэгтэй гишүүнтэй байсан бол 2024 онд 126 гишүүнтэй УИХ-д 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь энэ тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлж байна.
Эмэгтэй улстөрчид тасралтгүй хөгжин, чадавхжиж, дараагийн үеэ бэлтгэнэ
СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Бидэнд өнгөрсөн 30 жилийн түүхэнд олон ололт, амжилт байгаа ч цаашид анхаарах ёстой үзүүлэлтүүд дээр СДМЭХ анхаарч ажиллана. Тухайлбал, ядуурал, ажилгүйдэл, хүчирхийлэлд эмэгтэйчүүд илүү өртөмтгий хэвээр байна. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд буурсан нь эмэгтэй улстөрч бидний хувьд тулгамдсан асуудал юм. Мөн хүн амын өсөлтийн эрч буурч, гэр бүлийн тогтвортой бус байдал нэмэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа зэрэг асуудалд бид анхаарч ажиллах шаардлагатай. Иймд дараагийн 30 жилд манлайлагч эмэгтэйчүүд та бид бусдынхаа дуу хоолой байж эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд хүргэж, төр төвтэй биш, хүн төвтэй нийгмийг бүтээхэд тууштай ажиллах шаардлагатай юм.
Эмэгтэй улстөрчид тасралтгүй хөгжин, чадавхжиж, дараагийн үеэ бэлтгэнэ. Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж ирсэн манай эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо маш их байсан” гэдгийг онцолсон юм. Дараагаар нь тус холбооны үе үеийн ерөнхийлөгч нарт хүндэтгэл үзүүллээ. Тус холбооны анхны ерөнхийлөгчөөр Д.Алтай ажиллаж байсан бол түүнээс хойш Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл Х.Булгантуяа нар үе үеийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
СДМЭХ-ны анхны ерөнхийлөгч Д.Алтай “Цаашид улс төрийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага ямар чиглэлээр төлөвших вэ гэдэгт анхаарах нь зөв. Орчин үеийн намууд чөлөөт гишүүнчлэлтэй, хатуу гишүүнчлэлээс татгалзаж байгаа. Монголын нийгэмд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн өмнө олон сорилт тулгарсаар байна. Иймд социал демократ үзэл баримтлалтай улс төрийн ууган намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд чухал санаачлагч, дуу хоолой нь болж илүү оролцоотой ажиллах ёстой” гэсэн бол хоёр дахь Ерөнхийлөгч Д.Оюунхорол “Өнөөдөр Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо парламентын түвшинд амжилттай явж байгаа юм. Гүйцэтгэх засаглалын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Эмэгтэйчүүд маань сонгуулиар маш хариуцлагатай, идэвхтэй ажилладаг. Тиймээс эмэгтэйчүүдийн квотыг зөвхөн улс төрийн шийдвэр гаргах түвшинд хуульчлах бус бүх салбарт мэргэжлийн түвшинд оролцоог нь хангах хэрэгтэй” гэсэн юм.
СДМЭХ-ны гурав дахь ерөнхийлөгч Ц.Цогзолмаа “Бид өнөөдөр Азидаа улс төрийн түвшинд шийдвэр гаргах эмэгтэйчүүдийн оролцоогоор тэргүүлж байна. Дэлхийн дундаж түвшинд хүрлээ. Та бид 30 жилийн турш маш их тэмцэл, сорилтыг давж энэ үр дүнд хүрсэн. Тиймээс бид ирэх 30 жилийн дүр төрхийг илүү гэрэл гэгээтэй харж байна” гэсэн бол СДМЭХ-ны дөрөв дэх ерөнхийлөгч Д.Сарангэрэл “Үе үеийн эрэгтэй улстөрчид эмэгтэйчүүдээ дэмжиж ирсний үр дүнд өнөөдөр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нэмэгдсэн. Бүх үйл ажиллагааны үр дүн нэг хүнийх байдаггүй. Хамтын хөдөлмөрийн үр дүнгээр амжилт, ялалт ирдэг. СДМЭХ-ны удирдлагаар ажилласан нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Манай эмэгтэйчүүд зоригтой, дайчин. Хамтдаа нэгдэж чаддаг. Шийдсэн ажлынхаа ард гарч чаддаг. Тиймээс эмэгтэйчүүддээ итгэж болно. Эмэгтэйчүүд бол улс орны хөгжлийн нэгэн багана” гэдгийг онцоллоо.
Я.Содбаатар: МАН эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх талаар дэмжинэ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Одоогоос 100 жилийн өмнө МАН-ын Төв хорооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн тасгийг байгуулсан. Энэ нь манай намын эмэгтэйчүүдийн байгууллагын эв санааны нэгдлийн илэрхийлэл, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын эхлэл байсан түүхтэй. Монгол Улс 1924 онд Анхдугаар үндсэн хуулиа тунхаглан зарлаж, эрэгтэй, эмэгтэй иргэний сонгох, сонгогдох баталгаажуулсан Ази тивйн анхдагч улс болсон. Ийнхүү Монгол Улс 100 жилийн өмнөөс жендэрийн тэгш байдлыг хангаж ирсэн түүхтэй.
1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар ардчилал, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, жендэрийн тэгш байдлыг хангах тухай, УИХ, орон нутгийн сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор квот тогтоож өгсөн нь өнөөдөр амжилттай хэрэгжиж байна.
МАН-ын XXIV дүгээр их хурлаар бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар, XXVIII дугаар их хурлаараа 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар намын дүрэмдээ тус тус тусгасан байдаг.
Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоо өндөр байвал төрийн бодлого иргэдэд ээлтэй, нийтэд хүртээмжтэй болох боломж бүрдэнэ гэж үздэг. Өнөөдөр МАН 314,8 мянга гишүүнтэй байна. Энэхүү гишүүдийн 169,7 мянган буюу 54 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Эндээс харахад манай МАН-ын хувьд эмэгтэй гишүүдийн оролцоо өндөр байна. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог өсгөх асуудал цаашдаа л тулгарч байна. Энэ удаагийн парламентад нийт 32 эмэгтэй гишүүн байгаагийн 15 нь МАН-аас сонгогдон ажиллаж байгаа юм. Мөн МАН-ын шат шатны сонгуульт албан тушаалд 27.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ нь өнөөдрийн түвшинд хангалалттай биш гэж намын удирдлагын зүгээс үзэж байгаа. УИХ-ын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийг дэвшүүлсэн. Энэ нь 2028 оны УИХ-ын сонгуулиар 40 хувьд хүрнэ. Үүнийг бид хамтдаа хуульчилж чадсан бөгөөд та бүхэн шийдвэр гаргах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсний үр дүн юм.
Ирэх онд МАН-ын XXXI их хурал хуралдана. Энэ хурлаар намынхаа хөгжил, шинэтгэлийн хөтөлбөрийг батлан гаргахаар бэлтгэж байна. Энэхүү намын их хурлаараа Удирдах бүрэлдэхүүний 40 хувьд эмэгтэйчүүдийн оролцоог хангах зорилтыг дэвшүүлж байгаа юм. МАН-ын удирдлагын зүгээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх талаар дэмжиж, дэмжлэг үзүүлж, сургаж, дадлагажуулж, олон түмэнд таниулах чиглэлээр онцгой анхаарна” гэсэн юм.
СДМЭХ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн хурлаар ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн зарим хүмүүсийг шагнаж, урамшууллаа.
Ийнхүү СДМЭХ хагас жарны ажлаа дүгнэж, ирэх 30 жилдээ зорилт, хөтөлбөрөө дэвшүүлэн орж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна