Мэргэшсэн парламентч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сарангэрэл бол сэтгүүл зүйн салбараас төрсөн улстөрч. МҮОНТВ-ийн сэтгүүлчээс “ММ” агентлагийн дарга, “TВ5” телевизийг үүсгэн байгуулагч, МСНЭ-ийн Ерөнхийлөгч хүртэл салбартаа мерит шатлалаар албан тушаалд томилогдон ажиллаж, телевизийн салбарт өөрийн “школа”-ыг тод тамгалж, сэтгүүлзүйн салбарт шинэ менежмент нэвтрүүлж, хөгжлийн шинэ шатанд хүргэсэн удирдагч.
Түүний улс төрийн карьер 2011 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар томилогдсоноор албан ёсоор эхэлсэн байдаг. Цаашлаад 2012-2016, 2016-2020, 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон мэргэшсэн парламентч.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл анх Хан-Уул дүүргээс сонгогдоод олон жил яригдаж байсан “нэхмэлийн шар”-ын иргэдийн орон сууцыг шинэчлэх ажлыг бусадтай хамтран хэрэгжүүлсэн. Шинэ байранд орсон иргэд одоо ч түүнд талархаж явдаг юм билээ. Энэ бол сонгогдсон гишүүний тойргийн ажил. Тэрбээр эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх үедээ 10 жил царцсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг ашиглалтад оруулж, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд зохион байгуулж 100 мянга гаруй хүүхдийг эмчилсэн гээд урт жагсаалт хөвөрнө.
Өнөөдөр “Яармагийн шинэ хүүхдийн эмнэлэг” гэж олонд нэршсэн “Эх нярай эмэгтэйчүүдийн төв II”-ийн техник, технологи болоод эмч нарын ур чадвар, харилцаа, эмчилгээгээр улсдаа тэргүүлж, хүмүүст ам сайтай байна. Басхүү өнөөдөр эцэг, эхчүүд шүдний үзлэгийн цагийг урьдчилан авч, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч байна. Энэ бүхэн Д.Сарангэрэл сайдын үед эхлүүлсэн ажил.
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд сонгогдсон ч Засгийн газрын гишүүнээр томилогдох магадлал бага байдаг. Тэгвэл Д.Сарангэрэл УИХ-ын гишүүнээр сонгогдох хугацаандаа Засгийн газрын гишүүнээр гурвантаа томилогдож, Эрүүл мэндийн сайд, БОАЖ-ийн сайд, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан төрийн түшээ.
Ээжийгээ элэгний өвчнөөр алдсан хүний хувьд “Манай эмч нарын баг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа амжилттай хийлээ” гэсэн мэдээ сонсоод хачин их баярлаж билээ. Амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийх хууль, эрх зүйн орчныг санаачлан батлуулсан хүн нь тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд жилүүдийг эргээд санахад ар нуруунаас хүйтэн хөлс чихармаар... Тэгвэл тухайн цаг үед салбараа удирдан, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, бэлтгэл хангаж, дотооддоо халдварыг алдалгүй тогтоон барьж чадсаныг түмэн мэднэ. Тэгвэл эрүүл мэндийн салбарт төдийгүй төрийн, хүн ардын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн онцгой гавьяа зөвхөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хаяглагдах юм.
Басхүү УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллах хугацаандаа Д.Сарангэрэл СДМЭХ-ны холбоог тэргүүлэн ажиллаж, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд манлайлж, уриалж оролцсон эрхэм.
Тиймээс ч аливаа ачааг үүрч, дааж, асуудалд торгон мэдрэмжээр хандаж, зөв гарц, шийдэл олдог Д.Сарангэрэл гишүүний харизм өнөөдөр эмэгтэй улстөрчдөд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлсэн гэж улс төр судлаачид үздэг юм билээ.
Ингээд СДМЭХ-ны дөрөв дэх ерөнхийлөгч, мэргэшсэн парламентч Д.Сарангэрэлтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
2024 оны УИХ-ын сонгуулиар түүхэндээ анх удаа 30 хувийн квотыг хэрэгжүүллээ
-СДМЭХ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Таныг энэ байгууллагыг тэргүүлэн ажиллаж байх хугацаа ямар онцлогтой байсан бол?
-Социал демократ эмэгтэйчүүдийн байгууллага бол үзэл бодол, хийж бүтээх хүсэл эрмэлзлээрээ нэгдсэн олонлог. Миний бие 2019-2023 онд тухайн үеийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэн ажиллаж байлаа. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн байгууллагаа дэмжин ажиллаж байсан 21 аймаг, есөн дүүргийн дарга нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Яагаад гэвэл эмэгтэйчүүдийн байгууллага маань тодорхой санхүүжилт байхгүй. Үүнийг хийе, бүтээе, бие биенээ дэмжье гэсэн эрмэлзэлтэй эмэгтэйчүүд хамтарч хөдөлгөнө. Түүнээс бус бие биенээ дэмжихгүй, тулгамдсан асуудлаа өөр өөрсдийн бололцоогоор шийдээд явж чадахгүй бол энэ сайн дурын байгууллага оршин тогтнох боломжгүй. Харин 30 жилийн түүхэнд хөгжиж чадсан гэдэг нь энэ байгууллагыг удирдсан таван ерөнхийлөгч болон 21 аймаг, есөн дүүргийн удирдлагууд, 100 гаруй мянган эмэгтэйчүүдийн маань хамтын ажиллагааны үр дүн юм. Энэ байгууллагын ерөнхийлөгч нар өөр өөрийн цаг үедээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилтоо тодорхойлдог.
Миний хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдэгдүүлэх, эмэгтэйчүүдийн нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа умайн хүзүүн хорт хавдрын эсрэг ажиллах, эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх гурван том зорилтыг тавьсан. Бид 16 мянган километр замыг туулж, 21 аймгийн бүх салбар зөвлөлдөө очиж ажиллахад дээр гурван асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн эмэгтэйчүүдийн хувьд биш улс орны хөгжилд хэрэгтэй байгааг хэлж байлаа.
-Өнөөдрийн УИХ-д өмнөх парламентуудаас хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ нь таныг 2020-2024 оны парламентад УИХ-ын эмэгтэй гишүүдийн лобби бүлгийг тэргүүлж байхдаа сонгуулийн хуульд 30, 40 хувийн квотыг тусгуулж, хуульчилсны үр дүн гэж хардаг. УИХ-ын сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгуулж, хуульчлах амаргүй даваа байсан болов уу?
-Тийм ээ, 2024 оны УИХ-ын сонгуулиар түүхэндээ анх удаа 30 хувийн квотыг хэрэгжүүллээ. Үүний үр дүнд парламентад анх удаа хамгийн олон буюу 32 эмэгтэй сонгогдсон нь Азийн дунджаас дээгүүр, дэлхийн дундаж руу орсон. Учир нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны Азийн дундаж 21 хувь, дэлхийн дундаж 25 хувьтай. Өнөөдрийн 126 гишүүнтэй парламентын 32 нь эмэгтэй байгаа нь 25 хувьд хүрсэн юм. Тиймээс бид дэлхийн хэмжээнд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүллээ гэсэн үг. Үүнээс гадна бидний хийсэн нэг том дэвшил нь 2028 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх асуудлыг 2020-2024 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн эмэгтэй гишүүд хийсэн. Энэ бол нийгмийн шаардлагын хүрээнд хийсэн ажил.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны асуудал зөвхөн МАН-ын эмэгтэйчүүдийн асуудал биш. Дэлхийн улс орон бүхэлдээ энэ асуудлыг ярьдаг. Үүнийг шийдвэрлэхэд шүүмжлэлээс үл айж манлайлан зүтгэхээс өөр арга байхгүй. Бид дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах ёстой. Учир нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын 17 зүйлийн тав дахь хэсэгт жендэрийн тэгш байдлын асуудлыг тусгасан байдаг. Бид дэлхийн гадна үлдэх ёсгүй. 2017 онд батлагдсан Монгол Улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд “2030 онд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог 50:50 хувьд хүргэнэ” гэж тусгасан байгаа.
Бид дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө амласан амлалтаа биелүүлж, тайлангаа тавина. Тиймээс бид энэ зорилтоо хэрэгжүүлж, дөхөж яваа. 2024 оны УИХ-ын сонгууль 30 хувийн квотоор явсан нь үүний илрэл юм. Үргэлжлүүлээд 2028 оны УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд тусган хуульчилсан байгаа. Тиймээс бид 2030 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтдоо ерөнхийдөө хүрсэн байх юм. Энэ бол зөвхөн нэг үеийн парламентын, нэг үеийн намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын хийсэн ажил биш. Үе үеийн эмэгтэйчүүд, биднийг дэмжиж байсан эрэгтэй улстөрчдийн, намын удирдлагуудын дэмжлэгийн үр дүн юм.
Эмэгтэйчүүдийн квотыг 30, 40 хувь болгох заалтыг хуульд тусгахад тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар маш их үүрэг гүйцэтгэсэн. Би УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн даргын хувьд парламент дахь эмэгтэйчүүдтэйгээ хурал хийж, “УИХ-ын сонгуулийн хуульд 30 хувийн квот тусгахгүй бол акц хийж, хурал хаяна” гэдгээ мэдэгдэж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар бол олон улсын мэдээллийг уншдаг, судалдаг, дэлхий дахинд юу өрнөж байгааг мэдэрдэг хүн.
Тиймээс “Ирж яваа цагийн дууг эмэгтэйчүүдтэйгээ хамт дуулна” гэдэг түүхэн үгийг хэлж, эмэгтэйчүүдээ дэмжсэн байдаг. Г.Занданшатар дарга намайг өрөөндөө дуудан уулзаж “Та бүхэн тэмцлээ түр хойш тавих хэрэгтэй. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар тусгана. Энэ бол МАН-ын бодлого. Харин 40 хувийн квотыг 2028 оноос хэрэгжихээр шийдвэрлэвэл ямар вэ” гэж хэлсэн. Ингээд УИХ-ын эрэгтэй гишүүд маань ч дэмжиж, хуульчилсан.
Энэ бол парламентч эмэгтэйчүүд төрд насаараа байх гэсэн агуулга биш. Монголын чадварлаг эмэгтэйчүүд, өсөж, өндийж байгаа сайхан охиддоо өөрсдийн авьяас чадлаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломж, үүд хаалгыг нь нээж өгсөн юм. Энэ бол олон жилийн хамтын ажиллагааны үр дүн байсан шүү. Үүнд хувь нэмрээ оруулаагүй нэг ч эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлага болон улстөрч эмэгтэй байхгүй. Үүнийг би бахархалтай хэлэхийг хүсэж байна.
-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал чухал гэдэг. Ер нь манай эмэгтэйчүүдийн улс төрийн идэвх, оролцоо хэр вэ?
-Манай Монголын эмэгтэйчүүд улс төрийн идэвх сайтай. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн дүнгээс харахад эмэгтэйчүүдийн оролцоо 60-70 хувьтай байдаг. Тухайлбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын нийт эмэгтэйчүүдийн 62 хувь нь саналаа өгсөн байна. Үүн дотор миний удирдаж байсан 100 гаруй мянган гишүүнтэй Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, есөн нийслэл дүүргийн салбар зөвлөл, удирдлагуудын хүчин чармайлт, ажлын үр дүнг өнөөдөр хэлэхэд бахархалтай, талархаж байна.
Би энэ байгууллагын удирдлага байсандаа бахархдаг. Яагаад гэвэл энэ бол төрийн бус байгууллага. Үзэл бодлоороо нэгдсэн эмэгтэйчүүдийн олонлог болохоос санхүүгийн хувьд боломжгүй газар. Эмэгтэйчүүд өөрсдөдөө байгаа боломжоороо дэмжиж явсаар 30 жил үйл ажиллагааг нь тасалдуулалгүй өнөөдрийн түвшинд аваад ирсэн учраас гишүүддээ, бүх салбарын удирдлагууддаа, үе үеийн дарга нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
-Та эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлж байхдаа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээс гадна эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарч хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн байдаг. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ажлын хэрэгжилт өнөөдөр ямар шатанд явна вэ?
-Би 2019-2024 оныг хүртэл энэ байгууллагын тэргүүнийг хийж байсан. Тухайн үеийн МАН-ын дарга, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намайг санал болгож, эмэгтэйчүүд маань дэмжиж энэ сайхан байгууллагын ерөнхийлөгчөөр сонгож байлаа. Аливааг удирдаж байхад олон түмний дэмжлэгээр ажил бүтдэг юм билээ. Олон сайхан эмэгтэйчүүд байсан болохоор олон ажлын ард гарлаа. Энэ сайхан хүмүүсийн дэмжлэгтэйгээр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн түүхэнд үлдэх ажил хийсэн.
Мөн хоёр дахь том ажил нь Монголын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь элэгний хавдар. Үүний дараагаар эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар. Бид байгууллагынхаа гишүүн эмэгтэйчүүдээс үүрэг, даалгавар аваад С.Энхболдыг Эрүүл мэндийн сайд байх үед дархлаажуулалтыг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлыг, С.Чинзориг сайдын үед Дархлаажуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, хууль, эрх зүйн асуудлыг тус тус шийдвэрлэсэн. Өнөөдөр “Умайн хүзүүний хорт хавдаргүй Монгол Улс” болох боломжийг нь бүрдүүлж өглөө. Үүнийг ажил хэрэг болгох асуудал Эрүүл мэндийн яам болон УИХ-д суугаа 32 эмэгтэйчүүдийн хийх ажил.
-Эмэгтэйчүүд улс төрд оролцоход санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Эмэгтэйчүүдийн эдийн засгийг сайжруулахад юуг анхаарах шаардлагатай вэ?
-Мэдээж, өмнөө тавьсан зорилтоо бүгдийг нь хэрэгжүүлэхэд цаг хугацааны болон боломжит нөхцөл бүрдэх үе гэж байна. СДМЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Оюунхорол гишүүн байхдаа Эмэгтэйчүүдийн банк байгуулах санаачилга гаргаж байлаа. УИХ, Засгийн газрын түвшинд тухайн үед Д.Оюунхорол даргын Эмэгтэйчүүдийн банк байгуулах санаачилгыг дэмжсэн бол өнөөдөр эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдэх байлаа.
Учир нь эмэгтэйчүүдэд зээл авахад барьцаа хөрөнгө байхгүй. Гэтэл зээлийн төлөлтийн түүхийг харахад эмэгтэйчүүдийг авсан зээлээ 100 хувь төлж, барагдуулсан байдаг нь судалгаагаар гарсан байдаг. Эмэгтэйчүүдийн банк байгуулах асуудал нь эдийн засгийн оролцоонд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгавартай байдлыг арилгах зорилготой.
Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдвэл манай улсын эдийн засгийн чадавх сайжирч, нэг хүнд ногдох ДНБ 16 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг Дэлхийн банк, АХБ-ны судалгаа харуулдаг. Энэ нь Эмэгтэйчүүдийн банк байгуулбал Монгол Улс хожно. Наад зах нь эмэгтэйчүүдийн орлого сайжрахаар гэр бүлийн асуудал цэгцэрнэ. Учир нь эмэгтэй хүн орлоготой болохоороо хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэнд, хөгжилд зориулдаг юм байна. Эрүүл саруул, эрдэмтэй, боловсролтой хүн Монгол Улсыг авч явна. Тиймээс өнөөдөр бодит дэмжлэгийг нь үзүүлэх цаг болжээ.
Эмэгтэйчүүд гэр бүл, нийгэм, улс орныхоо хөгжлийн төлөө нэгдэж, асуудлыг шийдвэрлэж чаддаг давуу талтай
-Жендэрийн тэгш байдлыг хангах нь улс орны хөгжилд ямар дэвшил авчирдаг бол?
-Жендэрийн тэгш байдлыг хангаж чадсан улс орнууд бүх салбартаа тэнцвэртэй тогтвортой хөгжиж байгааг бидэнд олон улсын туршлага харуулж байна. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоогоороо бид чамлалтгүй түвшинд хүрсэн. Одоо эмэгтэйчүүдийн квотыг 50 хувьд хүргэх ёстой.
Харин бусад салбар болон эдийн засаг дахь оролцооны хувьд, ялангуяа нийгмийн салбарын удирдах түвшинд эмэгтэйчүүдийн байр суурь бага байгаа. Тухайлбал, Филиппин улс хөгжлөөрөө манай улстай ойролцоо түвшинтэй. Энэ улсын жендэрийн тэгш байдлыг судлахаар СДМЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Цогзолмаа дарга бид хоёр явж байлаа.
Энэ улс жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд нэг сонирхолтой ажил хийжээ. Филиппин улс цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнд анх удаа эмэгтэй хүнийг томилсон байсан. Тус улсад хүчирхийллийн гэмт хэрэг их гардаг. Энэ асуудлыг хэн хүнээс илүүтэй эмэгтэй хүн ойлгоно.
Хүчирхийллийн асуудлыг илүү ойлгож, мэдрэх үүднээс цагдаагийн байгууллагынхаа удирдлагад эмэгтэй хүн томилсон байлаа. Мөн батлан хамгаалах, цэрэг армийн салбартаа эмэгтэй хүн томилсноор эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд эерэг өөрчлөлт орсон байна. Тиймээс бүх салбарт жендэрийн тэгш байдлыг хангаж чадвал тухайн улс орон бүх түвшиндээ тогтвортой, тэнцвэртэй хөгжих боломжийг бий болгож байгаа юм.
-Өнөөдөр нийгэм ч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмждэг болжээ. Тэр дундаа залуу эмэгтэйчүүд түлхүү улс төрд орох сонирхол анзаарагдаж байгаа нь СДМЭХ-ны өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн гэж харж болох уу?
-Жендэр өөрөө амархан шийдвэрлэгддэг асуудал биш. Өнөөдөр дэлхийн улс төрд эрэгтэйчүүд ноёрхсон хэвээр байна. 30 гаруй жил жендэрийн тэгш байдлыг ярьж байж, маш олон хүний хичээл зүтгэлээр өнөөдрийн бодит үр дүн гарсан.
Бид бүх түвшинд хаалга нь нээлттэй байх боломжийг бүрдүүлсэн. Тийм учраас Монгол Улс эмэгтэйчүүдээ дээдлэх, эмэгтэйчүүд маань гэр бүлийн ажлаас гадна улс орны бүх салбарт зүтгэж, өөрийн авьяас чадал, хүч чадвараа зориулах боломжийг нээсэн гэж ойлгож байна.
-Өмнөх жилүүдэд эрэгтэйчүүдийн зүгээс хэлдэг байсан “эмэгтэйчүүд бие биенээ дэмждэггүй” гэдэг үг өнөөдрийн цаг үед “хүчингүй” болсон харагдах юм. Эмэгтэйчүүд хэр нэгдэж чаддаг вэ?
-Эмэгтэйчүүд бие биедээ урам өгөөд, аливаа асуудлыг хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудсан л бол улс төрийн нам, ажил албан тушаалаас үл хамааран нэгдэж чаддаг. Хөшигний ард ямар нэг хуйвалдаан хийдэггүй. Гэр бүл, нийгэм, улс орондоо чухал гэсэн асуудлын ард хоёргүй сэтгэлээр хандаж, ард нь гарч чаддаг том давуу талтай. Үүнийг УИХ дахь эмэгтэй гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд олон зүйлээр харуулсан. Тухайлбал, Тамхины тухай хуулийг бид хамтарч боловсруулан, хийсэн. Эмэгтэйчүүд бие биенээ дэмждэггүй, ойлгодоггүй гэдэг асуудал бол эрэгтэйчүүдийн зүгээс гаргасан зохион байгуулалттай үйл ажиллагаа. Эмэгтэйчүүд ямар ч бэрхшээл, саадыг давж, нэгдэж, тухайн асуудлынхаа ард гарч чадна.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна