Монгол Улс анх удаа ирэх жилийнхээ төсвийг хоёр удаа хэлэлцэж байж баталлаа. Учир нь чуулганаар ёсчлон баталсан төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсныг парламент хүлээн авснаар дахин хэлэлцэх нөхцөл үүссэн юм. Үүний дүнд 2.3 их наядын таналт хийснээр 2025 оны төсвийг алдагдалгүй баталж чадлаа. 126 гишүүнтэй парламентын анхны төсөв батлах явц ийнхүү түүхэнд үлдэхүйц байдлаар хэлэлцэгдсэн нь багагүй хугацаанд анхаарал татсан сэдэв хэвээр байсан юм. Түүнчлэн олон намын төдийгүй нийгмийн олон бүлгийн төлөөллийг багтаасан УИХ-ын онцлог ч энэ удаагийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр ажиглагдаж, энэ хэрээр олон талын эрх ашгийг багтаасан, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах тухайд дэвшил гарсныг онцлох нь зүйтэй. Засгийн газраас ирэх оны төсвийг дахин боловсруулахдаа алдагдалгүй байх зарчмыг голчилсон юм. Ингэснээр төсвийн зардлыг 2.3 их наяд төгрөгөөр, орлогыг 393 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсөлд тусгасан.
Төсвийн орлогыг 33 их наяд төгрөгөөр тооцсон юм. Хасагдах зардлыг задалж харвал урсгал болон хөрөнгийн зардлаас тус бүр 800 тэрбум, гадаад зээлийн ашиглалтын зардлаас 700 тэрбум төгрөгийг тус тус танахаар тооцсон юм. Урсгал зардлаас 800 тэрбум төгрөгийн хэмнэлт хийхийн тулд нэг удаа хойшлуулж болох дараах зардлыг бууруулахаар төлөвлөсөн байна. Энэ нь бүх төсвийн ерөнхийлөн захирагчид хамаатай юм. Тодруулбал, тавилга авах зардлыг 100, багаж, техник хэрэгсэл, бичиг хэргийн зардлыг 50 хувь, дотоод, гадаад томилолтын зардлыг 50 хувь /Өндөр түвшний айлчлал, өндөр түлшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад/, тээвэр шатахууны зардал 50 хувь /эрүүл мэнд, тусгай чиг үүргийн байгууллагаас бусад/, хичээл үйлдвэрлэлийн дадлагын зардлыг 50 хувиар бууруулан оруулж ирснийг дахин хэлэлцүүлгээр ийнхүү баталлаа. Мөн УИХ-ын төсвийн ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл дээр ажиллаад 80 тэрбум төгрөгийн тэвчиж болох зардлаас хасаж, шаардлагатай салбар руу шилжүүлэх зохицуулалтыг хийсэн юм.
Дахин өргөн барьсан 2025 оны төсөвл болон дагалдан оруулж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нь хөрөнгө оруулалт, урсгал зардал, Засгийн газрын тусгай сан, Төрийн өмчит аж ахуйн нэгж, гадаад зээл, тусламж болон төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийг судалж, санал гаргах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдэд хуваагдан ажиллаж, саналуудыг нэгтгэн гаргасан юм. Тухайлбал, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг эрэмбэлж, эдийн засгийн үр ашигтай дэд бүтцийн хөгжлийг дэмжих төслүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-аас байгуулах, хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгасан 2025-2026 онд ашиглалтад орох барилга, байгууламжуудын ашиглалтын зардал, үйлчлүүлэгчийн тоо, үр дүнгээс хамааран хувьчлах, төсөвт үзүүлэх ачааллыг бууруулж түрээслэх, Гэр бүл хөгжлийн төв, Хүний хөгжлийн ордон, Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон, Хүүхэд хамгаалал хөгжлийн төв, Ахмадын өргөө, Ахмадын хөгжлийн төв зэрэг барилга байгууламжуудын хэрэгцээ шаардлага, давхардлыг судалж, төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах зэрэг саналуудыг гарган ажилласан юм.
Төсвийн байнгын хорооноос хуулийн төсөлтэй холбогдуулан 55 зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал, 2025 оны төсвийн жилд нэмэгдсэн шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор ЗГХЭГ-ын даргын төсвийн багцын шинээр нэмэгдэх 23 орон тоог хасаж, урсгал зардлыг 1.484.1 сая төгрөгөөр, ЦЕГ-ын шинээр нэмэгдэх 277 орон тоог хасаж, урсгал зардлыг 7.738.1 сая төгрөгөөр, ШШГЕГ-ын шинээр нэмэгдэх 224 орон тоог хасаж, урсгал зардлыг 5.901.9 сая төгрөгөөр, Дотоодын цэргийн байгууллагын шинээр нэмэгдэх 245 орон тоог хасаж, урсгал зардлыг 5.899.9 сая төгрөгөөр, Дотоод хэргийн их сургуулийн шинээр нэмэгдэх 107 орон тоог хасаж, урсгал зардлыг 2.720.5 сая төгрөгөөр, Төрийн албаны зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 17 орон тоог хасаж, урсгал зардлыг 1.238.1 сая төгрөгөөр хассан юм. Түүнчлэн Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1.603.5 сая төгрөгөөр, ШЕЗ-ийн даргын шинээр нэмэгдэх 185 орон тоог хасаж, урсгал зардлын ангилал дахь цалин хөлс, шимтгэлийн зардлыг 8.250.1 сая төгрөгөөр, тавилга, багаж, техник хэрэгслийн зардлыг 948.8 сая төгрөгөөр, бараа үйлчилгээний зардлыг 650 сая төгрөгөөр, нийт 9.848.9 сая төгрөгөөр, СЕХ-ны даргын шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1.095.2 сая төгрөгөөр, МОНЦАМЭ агентлагийн шинээр нэмэгдэх гурван орон тоог хасаж, урсгал зардлыг 82.9 сая төгрөгөөр, УИХ-ын Тамгын газрын шинээр нэмэгдэх 25 орон тоог хасаж, урсгал зардлыг 2.142.3 сая төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны шинээр нэмэгдэх есөн орон тоог хасаж, урсгал зардлыг 309.4 сая төгрөгөөр, нийт 40.064.7 сая төгрөгөөр бууруулах саналууд гаргасныг олонхоор дэмжсэн юм.
Мөн Засгийн газрын Архидан согтууруулахтай тэмцэх сангийн санхүүжилтийг 6.900 сая төгрөгөөр, Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилтийг 698.5 сая төгрөгөөр бууруулах саналыг дэмжсэн юм. Ажлын хэсгээс Хавдрын эмнэлгийн барилгын лизингийн төлбөрт 20.000 сая төгрөг, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 8.881.7 сая төгрөг, нийт 28.881.7 сая төгрөгөөр Эрүүл мэндийн сайдын төсвийн зардлыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд зориулж 31.400 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, цэцэрлэг, гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд зориулж 10.000 сая төгрөгөөр Боловсролын сайдын урсгал зардлыг нэмэгдүүлэх, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын их засварын санхүүжих дүнг 2.881.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналуудыг дэмжин баталлаа.
Энэ тухайд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан улсынхаа төдийгүй ард иргэдийнхээ эрх ашигт нийцүүлэх үүднээс улсын төсвөө хоёр удаа хэлэлцэж байж баталсан нь парламентат ёсонд эерэг хандлага боллоо хэмээн онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн тэрбээр “Энэ бол парламентын сул тал, чадамжгүй тухай асуудал биш харин төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага гэж үзвэл зохино. Монгол Улсын Ерөнхийлөгч болон парламентаас чиглэл болгосны дагуу Засгийн газар төсвийг бүхэлд нь дахин боловсруулж ирүүлснийг УИХ цаг алдахгүй, зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч, олон талын оролцоотой бүтээлч хэлэлцүүлгийг хуулийн дагуу дөрвөн үе шаттайгаар хэлэлцлээ. УИХ-ын гишүүд ч олон ургальч үзлээр хандлаа. Ийнхүү улсын төсвийг цаг алдахгүй хэлэлцэж баталснаар ард иргэдийн ажил амьдрал, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдлээ. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдаж буйтай холбогдуулан дараа дараачийн холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь зүйтэй” гэдгийг тодотголоо. Ийнхүү улсын төсвийг баталснаар цаашид УИХ-ын Байнгын хороод асуудлаа нягт хэлэлцэж, гишүүд ойлголтоо нэгтгэх, төсөв хэлэлцэх онцлог, үүнтэй холбоотой дэгээ мөрдөхөөс гадна Засгийн газар эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлогын бодитой суурийг тавих, төсвийг дахин хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан санал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны давхардал, бүтэц чиг үүргийн уялдаа холбоонд анхаарч ажиллах.
Аймаг, нийсэл, сум, дүүргийн ИТХ, төрийн байгууллагууд орон нутгийн 2025 оны төсвөө яаралтай батлах шаардлага үүсэж байна. Түүнчлэн төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах хүртэлх шат дарааллын цаглаврыг жигдрүүлж, холбогдох хууль тогтоомжийг иж бүрэн ойлгомжтой болгох шаардлагатайг УИХ-ын дарга тодотгож байв.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна