Шинэ цагийн чөлөөт сэтгүүл зүйг Монголд нутагшуулах, эдийн засгийн төрөлжсөн сэтгүүлзүйг хөгжүүлэх, сэтгүүлчдийг сурган дадлагажуулах үйл хэрэгт өөрийн тод мөр, торгон авьяасаа зориулсан ардчилал, шинэчлэлийн манлайлагч, сэтгүүлч, нийтлэлч ЛУНТАНГИЙН БОЛОРМАА
* * *
Л.Болормаа 1965 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. Түүний аав Лунтан эмч хүн байв. Хүүхэд ахуй насаа тэр үеийн бусад хүүхдийн адилаар ихэвчлэн өвөө, эмээтэйгээ өнгөрөөнө. "Долоон настай байсан болов уу даа. Төмөр замын барааны дэлгүүр гэсэн тодотголтой хоёр давхар шар байшинг та ч мэдэхгүй л байх даа. Одоо тэнд "Рэйлком" холбооны компани төвхнөсөн байна лээ. Дээр үед хоёр давхар шард төмөр замынхан бараа авах гэж ордог байлаа. Долоон настай би дэлгүүрийн тавиур дахь жижиг хийлээс харц салгадаггүй байсан юм. Хааяа хааяа хийлээ харах гэж очно. Хүн авчихаагүй л байлаа, ашгүй. Бага гарын хийл 100 төгрөгийн үнэтэй. Их өндөр үнэ байлаа, тэр үеийнхээр бол. Хүрэн бор өнгөтэй хийлийг тавиур дээр ялимгүй хажуулдуулсхийн тавьжээ. Үлгэрийн хийл. Зүрхэнд өнөөдөр ч хоргодох хонгорхон мөрөөдөл сөн" хэмээн Л.Болормаа агсан 2010 онд бичиж байжээ.
"Зуун төгрөгийн хийл" нэртэй энэ бичвэр "Хийл авах сан гэж би хэнд ч хэлээгүй. Ер нь л би бодсон санаснаа чөлөөтэй хэлж чаддаггүй байсан юм. Ийм хүүхдүүд мөрөөдөмтгий, түүгээрээ амьдардаг байх. Хамаатны маань үеийн охиныг Солонго гэдэг байл уу даа. Гэртээ төгөлдөр хууртай. Дээр үеийн хэмжүүрээр бол баян айлын охидын нэг. Эмээ бид хоёр хааяа айлчилж очиход "Алив Солонгоо хөгжим тоглож үзүүлээч"гээд л гэрийнхэн нь охиныг дуудна. Цэдэнбал даргын жолоочийнх гэсэн бил үү, яамны сайдаас дутуугүй амьдралтай айл байв аа, тэднийх. Солонго охины эмээ нь манай эмээ бид хоёрт төгөлдөр хуураа гайхуулаад ч байгаа юм шиг, үгүй ч байж магадгүй, би жаахан охин юм болохоор "энүүн шиг хууртай болохсон..." энэ тэр гэж бодогдоно оо. Хожим тунгаахад хөөрхий эмээ минь бас дотроо над шиг зүйл бодоод л айлаас гардаг байсан шиг" хэмээн цааш үргэлжилнэ. Түүний эмээ нь уншиж, бичиж чаддаггүй ч уран гартай, дэгжин эмэгтэй байж. Гоё гоё даашинзууд нэхнэ, оёно, бас хатан хааных мэт дэгжин бүрх урлачихдаг байсан гэнэ. Ингээд гангалахаар нь хүмүүс "Оюун гуай" хэмээн авгайлж, ихэд хүндэлдэг байж. "Миний эмээ гоё сайхны торгон мэдрэмжтэй, тэмцэж босохын хат чанартай хүн байсан" гэж Л.Болормаа дурссан байдаг. Энэ үнэт чанарыг нь тэр өөрөө өвлөж авсан аж.
Тэр Хөгжим бүжгийн сургуульд орох хүсэлтэй байв. Гэвч түүний хүслээр болсонгүй. Эмээ нь Хөгжим бүжигт оруулахыг дэмжсэн ч аав ээж нь тэр үеийнхний сонголтоор "сайн сургуульд" сургах шийдвэр гаргасан гэдэг. Харин түүний зүрхэнд хийлийн аялгуу эгшиглэсээр л байлаа. Магадгүй энэ аялгуу түүнийг сэтгүүлч болох замд хөтлөн оруулсан болов уу. 2011 оны аравдугаар сард "Гоодаль" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Сонголт үргэлж байдаг. Гэтэл сонголт, сонирхол хоёр дандаа зөрчилддөг нь хяслантай. Миний үеийн төгсөгчдөд инженер, техникийн мэргэжилтэн болох боломжууд илүү их байсан. Тэр боломжийн дагуу суралцаж эхэлсэн боловч түүнээсээ татгалзаад, сэтгүүлзүйн ангид оройтож элсэж суралцсан юм. Үүний шалтгаан нь хүн бүрд байдаг төрөлхийн сэтгэлийн дуудлага байх. Би хоёрдугаар ангид байхдаа есдүгээр сарын нэгний тухай зохион бичлэг бичих болоход "Хуанлийн хуудсан дээр улаанаар тэмдэглээгүй ч, өнөөдөр бол баярын өдөр" гэж бичсэнээ санадаг юм. Гоё бичсэн гэж сонгоод зохион бичлэгийг минь багш хүүхдүүдэд уншиж өгөх үед, үг холбож сураад удаагүй жаахан амьтан нээрээ би гоё бичиж чадах юм болов уу гэж бодож байж билээ. Өөрийн чадах зүйл, хайртай дуртай юм нялх багаас эхлээд сэтгэлд, оюун ухаанд бүрэлдсээр байгаад хэзээ нэг өдөр биежсэн нь тэр байх" гэжээ.
Тэр МУИС-ийн Сэтгүүлзүйн ангийг төгссөн. Мөн Германы олон улсын сэтгүүлзүйн хүрээлэн, АНУ-ын Олон улсын сэтгүүлчдийн институтэд эдийн засаг, бизнесийн сэтгүүлзүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, "Bashington Post, "Grand Forks Herald” сонины редакцад туршлага судалжээ. Л.Болормаа 1998 онд Монголын үндэсний өдөр тутмын "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлсэн байна. 2001- 2008 онд "Өнөөдөр" сонины орлогч эрхлэгч, нэгдүгээр орлогч эрхлэгчийн албыг хашжээ. Энэ хугацаанд Монголын өдөр тутмын сонины бичлэгт, барууны сэтгүүлзүйн хэв маягийг нутагшуулж чадсан гэж мэргэжил нэгтнүүд нь дүгнэдэг. Мөн өдөр тутмын сонины гал тогоог чадварлаг удирдаж, бичлэгийн хэв маягийн сонгодог загварыг төлөвшүүлсэн гэж үздэг байна. Түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж явсан сэтгүүлч Б.Энхцэцэг "Тэр ирээдүйгээс ирсэн... Энэ цагийн явдлыг одоо энд ирэх болоогүй он жилүүдийн тэртээгээс эргэн хараад инээмсэглэж байгаа юм шиг, эргэн тойрны шалдир булдирт эс түүртэн гал цогтой ажилладаг нь тийм сонин мэдрэмж, цоо шинэ, эрч хүчтэй өрнөлийг асаадаг байж. Лунтангийн Болормааг сэтгүүлчийнхээ хувьд хэн явсныг түүний нийтлэлүүдийг шимтэн уншдаг хүн бүхэн мэднэ. Өрсөлдөх чадвартай, өөртөө итгэлтэй, нийгмийн хамгийн өндөр боловсролтой хэсэг түүнийг хэн хүнээс илүү шүтэн биширдэг байлаа. Төсөв мөнгө, банк санхүү, уул уурхай гээд эдийн засаг, улс төрийн "уйтгартай" сэдвийг хэрхэн энгийн, амттай, ул суурьтай бичиж болдгийг Монголын сэтгүүлчдэд Л.Болормаа өөрийнхөө бүтээлээр зааж өгсөн юм.
Өдөр тутмын сониныг болдогсон бол яг л түүн шиг хүн удирдвал зохилтой гэх алтан хэмжүүрийг "Өнөөдөр" сонины Болороо эрхлэгч өөрийн биеэр үзүүлсэн билээ. Эдийн засгийн сэтгүүлзүйн зүг чигийг заагч "Алтан гадас" нь ганцхан Л.Болормаа байлаа. Тэр өөрийнхөө нийтлэлүүдээр хамт олноо манлайлан дагуулж, удирдагчийнхаа хувьд зохион байгуулах, урам зориг өгөх завгүй ажилдаа балчирдаж байсан удаагүй. Тэр бүгдийг нь эгэлгүй эрхэмсгээр байлдан дагуулж чадсан" гэжээ.
Л.Болормаа "Өнөөдөр" сонинд 10 ажилласан. Харин ажлаасаа яаж гарсан тухайгаа "Тэр шийдвэрийг би өдөр сонсч билээ. Ингээд үд ихэд хэвийх цагт би ажил дээрээ ирээд, ёс болгож, тэр хүмүүстэй хальт уулзаад гарсан юм. 2008 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн даваа гарагт тэндээс гарсан. Дараагийн Бямба гарагт нь ирээд, хэдэн дэвтэр, бичиг цаасаа жижиг машиндаа хийгээд бүрмөсөн явж билээ. Дахин би тэр редакцаар огт шагайсангүй. Орох хүсэл төрөөгүй юм. Босгосон бүхэн минь тэнд хоцорсон. Арван хэдэн жил ажилласан редакцтай маань хүний ёсоор баяртай гэж хэлэх боломж олгоогүй тэр хүмүүст нэг их юм бодсонгүй. Энэ шийдвэрийг гаргуулах гэж нэг хоёр хүн их зүтгэснийг хожим дуулж билээ. Харин хэсэг хугацааны дараа энэ шийдвэр надад хязгааргүй эрх чөлөө өгснийг ойлгосон юм. "Эрх чөлөө" нэртэй зургийг надад Төгсөө эгч бэлэглэх мөчид жигүүр дэлгэн хөөрөх өдөр ирснийг би мэдэрсэн. "2008 оны гуравдугаар сарын 16" хэмээн С.Төгс-Оюун эгч зураг дээрээ бичжээ. Хоёр бяцхан тэнгэрийн дагина дүүлэн, харин ээж нь гэх даашинзтай тэнэгхэн бүсгүй эрх чөлөөт орон зайг гайхширан, үл итгэн алхах тэр юутай оносон дүрслэл байв аа. Амьдралын тойрог лугаа бор шар дулаахан өнгөт цагаригууд бид гурвыг хүрээлээд, би гэдэг бүсгүй хоёр хайртай охинтойгоо хорвоогоор нэг алхаж байх юм даа.
Бидний замыг яасан ч урт дүрслээв дээ. Сонинд ажиллаж байх үед минь зураач Төгсөө ирээд, чамд эрх чөлөө хэрэгтэй байх шиг санагдах юм, чи богинохон даашинз өмсөөд дуртай зүгтээ алхмаар байвал хүссэнээ хийж бай, хамгийн чөлөөтэй тод өнгийг айлгүй сонгож байгаач гэж хэлсэнсэн. Сэтгэл дотроо зөрчилтэй явдгийг минь тэр ухаалаг эмэгтэй олж харсан байж. Төгсөө эгч тэр өдөр тод ногоон өнгөтэй, энгэр задгай, дэгжин загвартай хантааз өмссөн байсан нь санаанаас ул гарна. "Өнөөдөр" сониноос намайг гарахад чин сэтгэлээсээ миний төлөө баярласан ганцхан хүн тэр эмэгтэй байсан байх. Дайчин, халуун сэтгэлтэй, зурх зоригтой, бас дэгжин хүүхнүүдэд би их хайртай. Тийм хүмүүс амьдралын өнгийг тодорхойлдог" гэж дурсан бичжээ.
Бартаат даваа чулуу их
Бэсрэг жавар үлээх энүүхэнд
Хачин нь би даашинзтай
Хөнгөн өсгийтөөсөө
салах ч биш.
/Л.Болормаагийн шүлгийн хэсгээс/
Тэр "Өнөөдөр" сониноос гарсныхаа дараа эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи, монгол хэл дээр хэвлэгддэг “The Mongolian Mining Journal” сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгууллаа. Л.Болормаа “The Mongolian Mining Journal” сэтгүүлээрээ дамжуулан хэвлэл мэдээллийн мэргэжлийн редакц хараат бусаар хэрхэн ажиллаж болдгийг бодитоор харуулж чадсан юм. Тэрбээр сэтгүүлзүйг мэргэшүүлэн төлөвшүүлэхэд “The Mongolian Mining Journal” хэмээх бүхэл бүтэн загвар, институтыг бий болгосон гавьяатай. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс түүний үүсгэн байгуулж, эрхэлж байсан энэ сэтгүүлийг 2008, 2012, 2013 оны "Үндэсний шилдэг сэтгүүл"-ээр шалгаруулж байсан нь үүнийг гэрчилнэ. Л.Болормаа нь “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллах хугацаандаа baabar.mn хуудсаар дамжуулан нийтлэл бичиж, нийгэмд өөрийн дуу хоолойгоо хурц, тодоор илэрхийлдэг байлаа. Мөн залуу сэтгүүлчдийг давтан сургах, эдийн засаг, уул уурхайн сэдвээр мэргэшин бичихэд нь дэмжлэг үзүүлдэг "Хөгжлийн төлөө сэтгүүлзүй" төрийн бус байгууллагыг 2010 онд санаачлан байгуулсан юм. Түүнчлэн эдийн засаг, уул уурхайн мэдээллийн зөвлөгөө өгөх, мониторинг хийх ажлыг "Завгүй" компаниараа дамжуулан эрхэлдэг байв. Тэрбээр 2011 онд эдийн засаг, уул уурхайн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг "Хөгжил" телевизийн студийг байгуулсан. Eagle, С1, 25 дугаар суваг телевизүүдээр "Хөгжил" хөтөлбөр тогтмол цацагдаж, олны хүртээл болсон байдаг. Иймээс түүнийг сэтгүүлч гэхээс гадна нийтлэлч, шинжээч гэх зэргээр тодотгох нь цөөнгүй. Тэрбээр өөрийнхөө завгүй амьдралын тухай "Шөнө дөлөөр ганцхан миний цонх гэрэлтэй байх шиг санагддаг. Нойр хугаслан бичих, төлөвлөх, редакторлах, захидлууд явуулах гээд ажил дуусахгуй. Тэр өдөрт төлөвлөсөн ажлуудыг маргаашид үлдээвэл овоорсон бантан болж орхино.
Цаг хугацаа гэдэг энэ дэлхий дээрх хамгийн үнэ цэнтэй ойлголт мөн. Алисиа унтаж байна... 3аримдаа охин маань пэд пад гээд яваад ирдэг юм. Нүд нь анилдсан, үс нь сэгсийсэн жижигхэн бамбарууш нойрон дундаа яваа атал инээсээр миний өрөөнд ороод ирдэг. Охиноо унтуулж, хажууд нь жаахан сууж байгаад дахиад л бичдэг. Компьютерийн товчлуур их чимээтэй эд гэдгийг шөнийн аниргүйд л мэдэрдэг. Охин минь дахин сэрэх вий дээ. Нойр хугасласан шөнүүдийн тухай хэнд ч ярьж байсангүй. Чив чимээгүйн дунд бодлууд үсчин, санаа хөврөх торгон агшин. Тэр шөнүүддээ би их хайртай" хэмээн бичжээ.
Л.Болормаа нь 2007 онд" Өнөөдөр" сонинд ажиллаж байх үедээ Монгол Улс болон дэлхий дахинд болж байсан үйл явдлуудыг газар дээрээс нь сурвалжилсан, тэмдэглэл, дурсамж дээрээ тулгуурлан бичсэн "Даашинзтай сурвалжлагууд", 2013 онд шинэ сэтгүүлзүйн хэвлэлийн менежментийн талаар өгүүлсэн "Завгүй" номоо хэвлүүлсэн юм. Эдгээр ном сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг оюутнууд, залуу сэтгүүлчдэд мэргэжлийн ур чадварын томоохон гарын авлага болдог. Түүнийг "Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч", "Монголын 2015 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч", "Transparency international Award 2015", "Үнэний төлөө" 2015 оны хэвлэлийн эрх чөлөөний шагналаар шагнаж байв.
Гэвч "The Mongolian Mining Journal" сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа 2015 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын сэтгүүлзүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиосон юм. Түүний дуусгаж амжаагүй "Чимээгүй лугших бүтээлч судас" хэмээх нэртэй Монгол Улсын ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших үеийн тухай өгүүлсэн ном нь 2015 онд бүрэн эхээрээ хэвлэгдсэн юм.
Тэр үнэхээр бүтээлч, завгүй нэгэн байлаа. “Гоодаль”-ийн сэтгүүлчийн “Хүн яаж амьдарвал дүүрэн амьдрах вэ?” гэсэн асуултад “Гэр рүүгээ орой яарч харьдаг, ажил руугаа өглөө яарч ирдэг. Ер нь яараад л, гүйгээд л явдаг тэр хүн хамгийн аз жаргалтай. Яагаад гэвэл чамайг гэрт чинь, ажил дээр чинь үргэлж хүлээж яаруулж байдаг учраас. Аль алинаас нь аз жаргал авдаг, бас хаана нь ч өөрийнхөөрөө байж чаддаг, түүндээ сэтгэл хангалуун байдаг бол тэр дүүрэн хүн” хэмээн хариулжээ.
Тэр нуур хөлдөө болов уу
Тэвчээргуй зун шиг
давалгаалж чадах уу,
Завгүй л явна даа би
Заримдаа тэр жаахан
нуурыг өрөвдөх юм.
/Л.Болормаагийн шүлгийн хэсгээс/
Зууны 100 эмэгтэй II боть номоос...
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна