Бидний суусан “Аэро Монголиа-377” хөлөг Чингис хаан олон улсын нисэх буудлаас харвасан сум шиг агаар мандал руу шурган ороход аль хэдийнэ 10 мянган метрийн өндөрт хүрч үзэгдэх орчин янз бүрээр хувирч хайлран сэмжрэх цасан үүл цоохортож, хаврын өнгийг сануулах мэт. Хажуу тэртээ судаг жалга гол горхи ногоорон судалтаж зуны өдрийг харуулна. Тэртээд ухаа сархиаг, толгод нарны туяанд шаргалтаж намрын өнгөөр дуниартана. Яваад өнгөрөх мөч бүр цасан хучлагаар хөглөрч өвлийн өнгөөр үднэ. Энэхүү үүлэн тоглоом дөрвөн цагийн дотор Монголын дөрвөн улирлыг үзүүлж амжина. Агаар мандал гэдэг ямар уран тансаг орчин байдгийг урьд нь явж байхдаа төдийлөн анзаарч байсангүй. Агаарын энэ зам хоёр, гурван улсын хил дамнан аялах учир ийм сонин содон байдаг юм болов уу?
Төдөлгүй Япон тэнгис хэмээх их усан дээгүүр эргэлдэн өнгөрөхөд энэ орны барилга байшин суурин газрууд ялгагдан харагдаж, завсар чөлөө алга дарам газрыг ч үлдээлгүй засаж янзалсан нь ширээн дээр тавьсан шатрын хөлөг мэт алаглан үзэгдэх нь хүн зоны олон зуун жилийн хөдөлмөрөөр бүтээж бүрдүүлж ирснийг илтгэнэ. Бидний хөлөг доошлон "Нарита" онгоцны буудалд газардахад янз бүрийн хийц загварын онгоцууд хоолой бүрд чигжин байрласан нь ойролцоогоор 10 мянган га газрыг эзэлсэн бололтой. Онгоцоос дөнгөж хөл тавингуут түмэн хэлийн хүмүүсийн дунд сүлэгдэн орлоо.
Хүнээр баян хот-Токио
Ашгүй, угтах хүүхдүүд аль хэдийнэ ирчихсэн биднийг хүлээж байв. Салхи ч бараг амсалгүй хурдан тэргэнд сууж боржин чулуун бүтэц бүхий хурдны замаар жирийлгэхэд ямар ч донсолгоо доргиогүй хажуу хавиргыг үер ус нуралт зэргээс хамгаалж өнгөт чулуун хавтангаар шигтгэж байгуулсан нь сэтгэлд таатай агаад гайхам ажгуу. 60 км орчим яваад мөнөөх их хотын шил толь болсон өндөр барилгууд нүүр тулан угтаж бусад улс орны томоохон хотууд шиг гял цал биш ч харах нүдэнд ядаргаа багатай, үзэгдэх орчин тов тодорхой ерөнхийдөө бараандуу хот юм. Ямар ч бөглөрөл тагларал, утаа униаргүй далайн зөөлөн сэрүүн уур амьсгал нүүр илбэн угтана. Зам гэж хажуу хавирга дээгүүр доогуургүй сүлжин хэн нэгэнд саад тотгор үл учирна. Ийнхүү замыг хээ угалз адил мэтгэн тавьсан нь түгжрэл бөглөрлийг бүрэн шийдсэн бололтой. Замын гол түүхий эд нь боржин чулуу түүнийг засаж янзлан шигтгэж тавьсан нь бат бөх, эдэлгээ удаантай, цэвэр цэмцгэр болжээ. Өнгөт болор чулуун гулдмайн цутгамал сандал хаа сайгүй үзэгдэнэ. Токио бол хүнээр баян хот юм. Тус хотод 10 сая гаруй хүн амьдардаг ч хахаж цацсан, багтаж ядсан байдал үл үзэгдэх бөгөөд харьцангуй тайван санагдсан. Дундаж наслалт 75-80 хэвийж буй нь урт удаан амьдарна гэсэн үг. Эдүгээгээс 70 жилийн тэртээ /1952-1953 он/ 80 сая хүнтэй гэж дэлхийн сурахад бичигдэж байсан бол 120 сая гаруй хүнтэй гэснээс үзэхэд хүний өсөлт тийм ч хурдан биш бололтой. Токио аргагүй насжилт өндөртөй хот болох нь харахад ажиглагдана. Энэ ард түмний ойр зуурын ажил төрлөө амжуулах гол унаа нь хойно урдаа бяцхан ачаатай унадаг дугуй, хүүхэд шуухад хөгшин хөвөөгүй унаад л жирийлгэнэ. Хоол нэхэхгүй зам талбай шаардахгүй биед хамгийн сайн тохиромжтой унаа юм. Магадгүй тэд үүнийхээ ачаар урт насалдаг байж ч болох. Монголчууд мориноосоо холдож хүн толгойтой бүр нь төмөр хүлэг хэрэглэсээр усан шалхаг болж, хүч чадал зориг тэвчээр нь мохож түрүү булчирхайн зовлонг эрчүүд маань амсдаг болов уу гэж бодогдоно. Хотын зах руугаа жижиг барилга олонтой. Ямар нэгэн түлш хэрэглэдэг бол утаа униарт автмаар. Гэвч тийм байдал ер ажиглагдахгүй нь нэн сонин. Тэд цахилгаан, хийн түлшин, кондитионер ашигладаг ажээ. Ингэж юм бүрийг тухай бүр шийдсэн нь нарийн төлөвлөлт, зохион байгуулалт иргэдэд таатай орчныг бүрдүүлж чадсан байв. Япончуудын баримталдаг нэг зарчим бол хэн нэгэндээ саад тотгор болохгүй байх. Бас аль болох таатай боломж бүрдүүлэхийг хичээх аж. Энэ бол маш том соёл юм. Хүн хүндлэх ялангуяа гадаад иргэн, таяг тулсныг харвал хэдэн алхмын зайд хүлээн зогсож өнгөрөөгөөд аль аль нь толгой дохин баяслыг илэрхийлнэ. Токиог өндөр өртөгтэй хот гэж дуулсан тул эрхий хэмжиж хуруу хумхин хэдэн иен солиулахад ханшийн хувьд тийм ч өндөр биш агаад бараа бүтээгдэхүүндээ үнэ нь дүйх тул төдий л үл ажиглагдана. Худалдаа үйлчилгээ нь иргэдийн ахуй амьдралд нөлөөлөх өргөн хэрэглээний барааны 100 иенийн тасаг дэлгүүр бүрд үйлчилдэг нь тун таатай үйлчилгээ мэт санагдсаныг нуух юун. Бид мөнгө зээлийн үйлчилгээнд хэтэрхий автаж арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагууд мөнгө хүүлэгчид болж иргэдийг өрөөс өрийн хооронд амьдруулж байгаа нь илт мэдрэгдэж байна. Мөнгөний ханш сайн, бараа үйлчилгээний үнэ хэт өндөр биш бол иргэдийн хэвийн амьдрах нь энэ айлын жишгийг харуулна. Зоосон мөнгийг өргөн ашигладаг нь бэлэн мөнгөний хомсдолд орохоос сэргийлэх үйлчилгээний салбарын өргөжилтийг тэлж өгдөг бололтой. Ийнхүү Япон орон эх орноо хөгжүүлэх, иргэдийн ая тухтай орчныг хангахад бүх үйл ажиллагаагаа зориулж хөгжлийн хувьд өндөр түвшинд хүрчээ.
Үүлэн луу оршоох Фүжи хайрхан
Дэлхийд алдартай, япончуудын амны уншлага, шүтээн нь болсон энэ хайрхны талаар дуугуй өнгөрч боломгүй мэт. Манайхан орон нутгийн томхон уулсаа хайрхан хэмээн хүндлэн нэрлэдэг. Фүжи хайрхан өвөрмөц тогтоцтой. Монголын Отгонтэнгэр хайрхнаас 200-300 метрийн өндөрт үүлэн луу оройг нь ороож үл үзэгдэнэ. Түүний ойролцоо их, бага таван нуур хаяаг нь чимэн цэлэлзэн орших ажээ. Орчинд нь тосгон суурин зайгүй бүчиж, Токиогоос 200
гаруй км-ийн зайд дүнхийх бөгөөд өнөө жил сүүлийн 130 жилд цасгүй үүлэн хучлагатай байгаа нь уур амьсгалын өөрчлөлттөй холбоотой биз. Нууруудын хамгийн том нь Яманока нэртэй. Тогтоцын хувьд Оросын Байгаль нууртай төстэй битүү ой шугуйгаар хучигдсан олон том уулын дунд цэлэлзэн, том жижиг хөлөг онгоцууд сүлжилдэн хун шувуунаас эхлээд шувуудын чуулга орчныг тэр чигээр нь амилуулна. Мөн өнгө ялдам загас жараахай жуулчидтай ижил дасал болж будаа тариа, зориулалтын хоолоор усанд хүрэх завдалгүй уралдан идэцгээх нь хоолоор тасардаггүй бололтой. Манай гандан хийдийн тагтаанууд л гэсэн үг.
Тэнд Фүжи ёшидо тосгон орших бөгөөд жуулчдын тав тух хэрэгцээг хангасан хоол үйлчилгээний газрууд зайгүй үргэлжилнэ. Фүжи уулыг зориход 2-4, 4-8 км-ийн дөрвөн том тунел нэвтлэн хүрэх бөгөөд урьд нь галт тэргээр явахад гэнэт харанхуй нүх рүү шурган ордог бол хурдан тэргээр гэрэл гэгээ үл тасран онцын юм үл ажиглагдана. Харин бэхэлгээ сэлт, зам харгуй нь бяр тэнхээтэй бэл бэнчинтэй айлын хийдэг байгууламж гэлтэй. Замд таарах тосгон суурингууд нь янз бүрийн өнгө дизайнтай уулын бэл, хад чулууг тэгшлэн байгуулсан нь Япон оюун ухаан хөдөлмөрч чанарыг нэгэн зэрэг илтгэх аж.
Төгсгөлийн оронд...
“Хөх далайн цэнхэр мандалд
Хөлгийн далбаа ганцаар цайрч
Ахуй нутгаа юунд орхиж
Алсын газар юунд зорином...”
Оросын их яруу найрагч Михиал Юреевич Лермонтовын “Далбаа” шүлэг санаанд орж байлаа.
Тэр үед далай хүний сонирхол татсан агуу мандал байсан бол өнөөдөр зорилт зорилго тов тодорхой аялал жуулчлал, айлчин гийчин, ачаа бараа худалдаа наймаа алийг нэрлэж барах вэ?
Бүхэл бүтэн байшин сав нүүгэлтэн яваа мэт аварга том хөлөг онгоцууд далайн өнгийг чимэглэн явах нь сонирхлыг ихэд татна. Монголчуудын онож хэлснээр “Мянга сонсохоор нэг үз” гэдэг юутай үнэн үг вэ. “Явснаас үг сонс, суусан газраасаа шороо атга” гэдэг ардын сургаалын дагуу улс төр, бизнесийг бас л сонирхож явлаа. Хөгжингүй гэдэг орны жишиг иймэрхүү байдлаар эртний жибин улс нэрнээсээ эхлээд ингэж өөрчлөгджээ.
Д.Дэмбэрэл
/Төв аймгийн Лүн сум/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24626/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна