Энэ жил харьцангуй дулаахан өвөл болж байгаа ч агаарын бохирдол нэмэгдэж, хаа сайгүй утааны асуудал олон нийтийг бухимдуулж байна. Сошиал орчинд түгсэн иргэдийн бухимдал савнаасаа хальж, Төрийн ордонд Ерөнхийлөгч УИХ, Засгийн газрын гишүүд болон “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудыг дуудаж уулзахад хүргэв. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсан. Яагаад татан буугдсан юм? Одоо хариуцах хүн байхгүй. Өнөөдөр улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй. Давхардсан хяналт шалгалт хийдэг байсан. Олон жил нэгтгэх ёстой гэж ярьж байж нэгтгэсэн. Өнөөдөр байхгүй. Төрийн хамгийн чухал ажил бол хяналт шалгалт. Өнөөдөр хянаж шалгаж байгаа юм байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороогоо байгуулах шаардлагатай, үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үүргийг Тэргүүн шадар сайдад өгч байна. Энэ хороо байхгүйгээр та бүхэн урагш алхахгүй. Засгийн газар зөвхөн Улаанбаатар хотын захиргаанд, "Тавантолгой түлш"-ийн хамт олонд нүүрс, агаарын бохирдлыг даалгаж хаячихаад ажиллана гэвэл эд нар хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тийм учраас Улсын онцгой комиссыг яаралтай хуралдуул. Засгийн газраас баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2025 онд дуусах бөгөөд утааг 80 хувь бууруулна гэж амлаж байсан. Энэ амлалт чинь хаана байна” хэмээн бухимдлаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч агаарын бохирдолд санаа тавьж, ард олныхоо төлөө дуугарч байгааг нийт монголчууд тааламжтайгаар хүлээж авав. Ерөнхийлөгчийн сануулгыг Засгийн газар ч уриалгахан хүлээж авч, “Яндангүй бүс” байгуулахаар болсноо зарлалаа. Хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд тус тус шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт даалгалаа. Үүнээс гадна бүх төрлийн хийн түлшний халаалттай айл, өрхүүдэд урамшуулал олгох журам, “Яндангүй бүс”-д бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох, мөн тус бүсэд хийн түлшний халаалтад шилжүүлэхээр төлөвлөж буй айл, өрхүүдэд хийн халаалтын тоног төхөөрөмжийг ногоон зээлээр авахад татаас олгох журам батлахаар шийдвэрлэжээ. Яндангүй бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргаж, уг бүсэд хамрагдах айл, өрхүүдийг эрчим хүчний хэмнэлт бүхий дулаан алдагдал багатай орон сууц, монгол гэрийн иж бүрэн дулаалга, хийн болон цахилгаан халаагуур, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуух зэрэг ногоон зээлийн бүтээгдэхүүнээр хангах юм байна. Мөн Ерөнхийлөгчийн хэлсний дагуу Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороог Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар тус хорооны гишүүнээр ажиллахаар болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар нэг тааламжтай мэдээ дуулгасан нь тэтгэвэр нэмэх шийдвэр байлаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсөвт суулгачихсан байгаа гэдгээ ч Засгийн газар зарлав. Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар болсноо зарласан. Энэ гэрээ байгуулагдвал татварын хөнгөлөлттэй, хямд бараа бүтээгдэхүүн орж ирэх, мөн монголчууд мах, ноос ноолуураа гадагш гаргах боломж бүрдэнэ. Гэвч үүнийг үндэсний үйлдвэрлэгчид хүчтэй эсэргүүцэж байгаа учраас түр хугацаагаар хойшлуулах Засгийн газрын шийдвэр гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт дахин хориг тавихгүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр ёсчлон ирүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль тогтоомжтой Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаад хориг тавихгүй гэж шийдвэрлэжээ. Нэг жилийн төсвийг хоёр удаа баталсан УИХ-ын гишүүд энэ мэдээллийг тун ч тааламжтайгаар хүлээн авав.
Хоёр ч том сонгуульд оролцож туйлдаж ядраад байгаа улс төрийн намынхныг шаналгаж байсан нэг том асуудал бол Улс төрийн намын тухай хууль. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн шинэчилж намын дүрэм, хөтөлбөрөө илүү өргөн хүрээгээр тодорхойлж үндэсний хэмжээний бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцон ажиллахад чиглүүлэх үүрэг хариуцлагыг хуулиар хүлээгээд байгаа юм. Гэвч улс төрийн намуудын шахалтаар хэрэгжиж эхлээд нэг жил ч болоогүй Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт орж, хэрэгжүүлэх хугацааг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор болгон өөрчлөх, уг хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болгож, УИХ-аар эцэслэн баталлаа. Хуулийг хэрэгжүүлэхэд хугацаа хэрэгтэй гэж шахаж байсан намууд харин авах мөнгөнөөсөө татгалзсангүй. УИХ-ын сонгуулиар нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд дараагийн сонгууль хүртэл жил бүр санхүүжилт олгох заалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр нийт улс төрийн долоон нам төрөөс 7.4 тэрбум төгрөгийн урамшуулал авах юм байна. Сонирхуулахад, МАН 2.8 тэрбум, АН 2.1 тэрбум, ХҮН 993 сая, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая, Үнэн ба зөв нам 250 сая төгрөгийн санхүүжилт авах хууль эрх зүйн орчин бий болжээ. Намуудад олгох энэхүү санхүүжилтийн 25 хувийг эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд, 15 хувийг гишүүдийнхээ улс төрийн боловсролын дээшлүүлэхэд, 15 хувийг намын дотоод сургалт, судалгааг боловсронгуй болгоход гэхчилэн зарцуулалтын зориулалтыг хуульд тодорхой зааж өгсөн бөгөөд санхүүгийн тайлангаа гаргаагүй намуудын суудал болон саналын тоогоор авч байгаа санхүүжилтийг зогсоох, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа СЕХ-д гаргаагүй бол тухайн намыг идэвхгүйд тооцох зэрэг арга хэмжээ авахаар хуульд тусгаж өгчээ.
Энэ өвөл Улаанбаатарын утаа дагасан улстөржилт өрнөх нь тодорхой болоод байна. Нэг хэсэг нь жагсаал цуглаан хийхээр зар тавьж, зарим нь хэвлэлийн бага хурал хийж, утааг арилгах төлөвлөгөөгөө танилцуулав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр л гэхэд “УИХ дээр утааны асуудлыг хариуцсан нэг удаагийн үүрэгчлэлтэй, эрхзүйгээр зохицуулсан түр хороо байгуулаад надаар ахлуулчих. Яагаад гэхээр надад ямар ч ашиг сонирхол байхгүй, би хулгай хийхгүй. Эдийн засгийн болоод шинжлэх ухааны чиг баримжаатай ажиллана. Ийм онцгой үед яг үнэндээ цэргийн командлалын зарчмаар явах ёстой. Би гайхамшгийг үзүүлж чадна” хэмээн мэдэгдлээ.
Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд жолооч нартай холбоотой шинэ журам гарсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Жолооч хуульд заасан хугацаанд сайн дураараа торгуулиа төлөөгүй буюу 15 хоногийн дотор төлөөгүй бол 50 хүртэл хувиар торгуулийг нь нэмэх, харин торгуулиа 15 хоногтоо төлбөл 50 хувь хөнгөлөхөөр болжээ. Үүнээс гадна 450 мянган төгрөгөөс дээш төгрөгийн торгуультай жолооч нарыг шүүхэд өгч, 30 хүртэл хоног албадан ажил хийлгэхээр болсноо зарлалаа.
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн таатай мэдээг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дуулгалаа. Тэрбээр метроны төсөлд Англиас гурван тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалтыг авахаар болжээ. Энэхүү хөрөнгө оруулалтыг Их Британийн Засгийн газраас хийх бөгөөд баталгааг энэ долоо хоногтоо багтааж Монгол Улсын Засгийн газарт ирүүлэх юм байна. Зарим хүнд гурван тэрбум фунт стерлинг бага мөнгө шиг сонсогдож байж болох юм. Гэхдээ монгол мөнгөөр тооцох юм бол 12.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний том хөрөнгө оруулалт гэдгийг дурдах нь илүүц биз. Улаанбаатарчуудыг түгжрэлээс салгах цорын ганц найдвар болоод байгаа метро барих ажлын ТЭЗҮ үндсэндээ дуусаж байгаа аж. Одоогийн байдлаар Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт 14 буудалтай, метро барихаар зураг төсөл гарч байгаа гэнэ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн хамгийн таагүй мэдээлэл урлаг соёлынхонтой холбоотой байв. Тодруулбал, “Этик” продакшны жүжигчин залуусын нэгнээ зодож байгаа бичлэг цахим орчинд тархаж, олны танил хүмүүсийн ёс зүйтэй холбоотой асуудлыг сөхөж, маргаан, мтэгэлцээн ид өрнөж байна. Хэдийгээр “Этик” продакшныхан энэ бичлэгийг “Киноны зураг авалтын нэг хэсэг” гэж тайлбарласан ч бүх кино театр тус продакшны шинэ уран бүтээлийг гаргахаас татгалзаж байгаагаа мэдэгдлээ.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна