Б.Цэрэн: Эко дүүргээ "20 минутын хот" болгохын төлөө ажиллаж байна


Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнтэй ярилцлаа. 

-Хоёулаа цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье. Та бүхэн өвлийн бэлтгэлээ бүрэн дүүрэн базааж чадсан уу. Гарч болзошгүй эрсдэл, хүндрэлийг хэрхэн тооцоолж, ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ? 
-Дүүргийн хэмжээнд боломж нөөцдөө тулгуурлан өвлийн бэлтгэлээ хангасан. Өвөлжилттэй холбоотойгоор дүүргийн дэргэд Шуурхай зохион байгуулалтын штаб байгуулан шар, улбар шар, улаан гэсэн гурван түвшинд бэлэн байдлаа хангаж байна. Нэгдүгээрт, цаг агаарын урьдчилсан мэдээлэлд тулгуурлаж, халтиргаа гулгаа үүсдэг ачаалалтай хэсгүүдэд цэвэрлэгээний шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг байрлуулан, ашиглалтын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Хоёрдугаарт, дүүргийн хэмжээн дэх хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангасан эсэхэд төлөвлөгөөт шалгалтыг тогтмол хийдэг. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон төрийн байгууллагуудын барилга байгууламжийн дулаалга, халаалт, цэвэр, бохир усны асуудлыг шийдвэрлэхэд  тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. 

Ингэснээр тухайн газруудын үйл ажиллагаа одоогоор ямар нэгэн саатал доголдолгүй, хэвийн үргэлжилж байна. Цаашид гарч болзошгүй эрсдэлийг тооцоолж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг төвлөрүүлж, мөн ажиллах бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангасан. 

Технологийн дагуу цас мөс цэвэрлэх, хог тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэв

-Танай дүүрэг цас мөс цэвэрлэх, хог тээвэрлэх автомашин, техник хэрэгсэлдээ парк шинэчлэлт хийх шиг боллоо. Ямар ахиц дэвшил гарч байна вэ? 
-Хот, нийтийн аж ахуйн зам цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай холбоотой ажлыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дүүрэг хариуцан ажиллаж эхэлсэн. Өмнө нь энэ чиглэлийн зарим ажлыг нийслэлийн Засаг даргын Захирагчийн алба хариуцдаг байсан юм. Дүүрэг цас мөстэй, халтиргаа гулгаа ихтэй, хогондоо дарагдах эсэх нь тухайн дүүргийн удирдлагуудаас шууд хамааралтай болсон гэсэн үг. Тиймээс бид бүхэн технологийн дагуу цас мөс цэвэрлэх, хог тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго дэвшүүлж, улмаар шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нь сайжруулахад  анхаарч, энэ чиглэлд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, хот нийтийн аж ахуйн зам цэвэрлэгээний том дөрвөн техник хэрэгсэл, цас мөс ачдаг жижиг оврын ковш хэлбэрийн 12, мөн явган хүний зам шүүрдэж цэвэрлэдэг 27, цас үлээдэг 60 орчим төхөөрөмжөөр парк шинэчлэлт хийлээ. Ингэснээр цас мөсийг хүрзээр цохиж, шүүрээр шүүрдэх бус олон улсын стандартын дагуу цэвэрлэх боломж бүрдсэн.  
Манай дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөр хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхийнхөө хогийг сард 2-3, байшин хорооллынхыг нийтийн хогийн савыг нь дүүргэхгүйгээр ачихыг хичээдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон улсад хог тээвэрлэлтэд ашигладаг, дэвшилтэт шийдэл бүхий 57 автомашинаар парк шинэчлэлт хийсэн. Ингэж парк шинэчлэлт хийхээс гадна хот, нийтийн аж ахуйн ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлэх, ажлын цагийг нь уян хатан байдлаар шийдэх мөн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой асуудалд нь анхаарах замаар хүний нөөцийн дутагдлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Нисэхийн аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгосонд иргэд ам сайтай байна

-Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил нэлээд өрнөлөө. Хан-Уул дүүргийн хувьд онцлох ямар бүтээн байгуулалт байна вэ?  
-Манай дүүргийн салбар бүрд тодорхой хэмжээний бүтээн байгуулалт өрнөсөн. Зарим нь одоо ч үргэлжилж байна. Нийслэлд тулгамдаж буй олон асуудлын нэг нь түгжрэл. Тиймээс энэ чиглэлд бид нийслэлтэй хамтарч, ажиллалаг. Тухайлбал, “Хан-Уул зам засвар, арчлалт” компани байгуулан өнгөрсөн хугацаанд гэр хорооллын гудамжны зам засварын 40 орчим хувийг технологийн дагуу сайжруулж, орон сууцны хороолол дундах автозамуудыг асфальтаар хучих ажлыг хийж гүйцэтгэсэн. Цаашид ч энэ төрлийн засвар үйлчилгээний ажлыг тогтмол хийхээр төлөвлөж байна. Мөн нийслэлтэй хамтарч, томоохон автозам, гүүрэн байгууламжуудыг өргөтгөж, шинээр барьж байгуулсан. Онцолбол, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Нисэхийн аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгон шинэчлэх ажилд онцгойлон анхаарч, ажилласны үр дүнд, өдгөө ашиглалтад оруулж чадлаа. Энэхүү бүтээн байгуулалтад иргэд, олон нийт нэлээд ам сайтай байдаг.  Цаашид бид үүнийг урдаасаа хойшоо, хойноосоо урагшаа чиглэсэн, автозам огтлолцохгүй гүүрэн байгууламжтай болгохоор зураг төслийг нь хийж дуусгаад байна. Энэ мэтчилэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэнд, боловсрол, авто зам гээд салбар бүрд их бүтээн байгуулалт өрнөсөн. Цаашид ч үргэлжлүүлнэ. 

Сургууль, цэцэрлэг барихад анхаарч, газар чөлөөлөлтийг эрчимжүүлж байна

-Эдгээрээс боловсролын салбарын бүтээн байгуулалтыг тодотгож асуумаар байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн тухайд, гурван ээлжээр хичээллэж буй сургууль бий юү? 
-Байгаа. Энэ асуудлыг стандартын шаардлага ханасан, зориулалтын байр түрээслэх байдлаар шийдвэрлэсэн. 
Өнгөрсөн 2020-2024 онд Хан-Уул дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 12 сургууль, 27 цэцэрлэгийг шинээр барьж, ашиглалтад оруулсан. Манай дүүргийн хүн амын тоо, өсөлт эрчимтэй нэмэгдэж байна. Сард дунджаар 3000 орчим хүн шилжин ирж, суурьшиж байна шүү дээ. Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургууль шинээр барих, өргөтгөх ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байгаа хэдий ч хүн амын энэ суурьшил, өсөлтийг гүйцэхэд хүндрэлтэй. Гэсэн хэдий ч хотын дарга болон УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нар улсын сургууль, цэцэрлэг барих ажилд онцгойлон анхаарч, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж байна.
 Улсын сургууль, цэцэрлэг дутагдалтай суурьшлын бүс, ялангуяа дүүргийн зүүн хэсгийн хороодод газар чөлөөлөлт хийж, барилгын ажлыг нь эхлүүлэхээр шав тавьсан байдалтай байгаа. Мөн хотын шинэ захиргаа буюу Яармагийн урд хэсэгт өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд ээр хувийн хэвшилтэй хамтарч сургуулийн барилга барьж байна. Удахгүй 20 дугаар хорооны цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Энэ мэтчлэн улсын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч ажиллаж байна. Цаашид шинээр барих гэж буй хотхон хорооллуудыг заавал улсын сургууль, цэцэрлэгтэй төлөвлөсөн тохиолдолд холбогдох зөвшөөрлийг нь олгох, төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжаа бүрэн дуусгаж,  ашиглалтад оруулсных нь дараа тухайн орон сууцыг нь Улсын комисс хүлээж авдаг байх зарчим руу шилжих нь зүйтэй гэж үзэж байгаа юм. 
-Танай дүүрэг “эко” тодотголтой учраас бусад дүүрэгтэй харьцуулахад ногоон байгууламжийн хувьд нэлээд хөрөнгө оруулалт хийсэн болов уу? 
-Нийслэлийн хөрөнгө оруулал­таар Хан-Уул төдийгүй нийслэлчүүд амарч, аялж зугаалах боломжийг бүрдүүлж, Дугуй цагаанд бүтээн байгуулалт хийж, тохижуулсан. Мөн бид хотхон хорооллуудын тоглоомын талбайн ногоон байгууламжийн бүтээн байгуулалтад нэлээд анхаарч ажиллалаа. Цаашид ч энэ мэтчилэн иргэд чөлөөт цагаараа ая тухтай амрах, аялж зугаалах орчин нөхцөлийг илүү олноор нь бий болгох чиглэлд анхаарч ажиллана. 

Өдрийн эмчилгээний төвүүдийг байгуулна

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас онцлох дараагийн салбар бол эрүүл мэнд. Ханиад томууны улирал эхэлж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, орны хүрэлцээ хангамжийн асуудал бүх дүүрэгт хөндөгдөж байна. Танай дүүргийн хувьд эмнэлгийн хүрэлцээ хангамж, тусламж үйлчилгээний хүртээмжийн асуудал ямар түвшинд байна вэ. Ялангуяа, бүх хороо Өрхийн эрүүл мэндийн төвтэй болж чадсан уу? 
-Манай дүүрэг Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг гэсэн том хоёр эмнэлэгтэй.  Мөн Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Яармагт жишиг эмнэлэг баригдаж байна.  Нийслэл, дүүргийн 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, шинэчлэх, гадна орчныг нь тохижуулах зэрэг ажлыг хийсэн. Мөн зарим болон алслагдсан 12, 13, 14 хороод сүүлийн үеийн тоног төхөөрөмж,  зохион байгуулалт бүхий Өрхийн эрүүл мэндийн төвтэй болсон. Зарим хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил үргэлжилж байна. Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн ам олноор төвлөрдөг газруудад Өдрийн эмчилгээний төвүүдийг байгуулахаар тусгасан. Тиймээс цаашид энэ чиглэлд анхаарч ажиллана. Ийм төвүүдтэй болсноор иргэд заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй болж, тэр хэрээр эмнэлгийн ачаалал буурна. Ялангуяа, ханиад томуу нэмэгддэг улиралд Өдрийн эмчилгээний төвүүд маш их давуу тал, ач холбогдолтой байх болно. Мөн иргэд өвчнөө хүндрүүлэхгүйгээр эмчлүүлж, урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.  


Иргэн хүссэн үедээ төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ 

-Та бүхэн ирэх дөрвөн жилийн хугацаанд Хан-Уул дүүргийг ямар түвшинд хүргэх зорилго төлөвлөгөө дэвшүүлээд байна вэ? 
-Бид ирэх дөрвөн жилд “20 минутын хот-Эко Хан-Уул” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ.  Товчхондоо, иргэд төрийн болон хувийн хэвшлийн бүх төрлийн үйлчилгээг 20 минутын дотор авах боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс хамгийн түрүүнд цахим үйлчилгээнд анхаарал хандуулаад эхэлсэн. Яагаад гэвэл, e-Мongolia системээс төрийн 1000 гаруй үйлчилгээг авах боломжтой. Тиймээс цахим үйлчилгээний машинуудыг банкны АТМ-тэй хавсруулж байршуулахаар төлөвлөж байна. Ингэснээр иргэн амралтын өдөр, цаг хугацаанаас үл хамаарч хүссэн үедээ төрийн үйлчилгээг авах боломжтой болно. Мөн e-Мongolia системийг бүх нийтээрээ ашиглаж чаддаг байх дадал зуршлыг бий болгоход анхаарна. 
Иргэдэд амарч зугаалах ногоон байгууламж бүхий орчин, дасгал хөдөлгөөн хийх зориулалтын зам талбай хамгийн их хэрэгтэй байгаа. Тиймээс ирэх дөрвөн жилийн хугацаанд ногоон хөгжил, эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт анхаарч, ажиллахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн тухайд сая ярьсан, Өдрийн эмчилгээний төвүүдийг бий болгоно. Мөн спортын заал, гүйж алхах зориулалттай зам талбайг бий болгоход хөрөнгө оруулалт хийнэ. Ингэхдээ сүүлийн үед залуучууд эрчимтэй хичээллэж буй спортын төрлүүд, ялангуяа 3x3 сагсан бөмбөгийн зориулалтын талбайг боломжит байршлуудад олноор нь байгуулахаар төлөвлөж байна. 

Соёлын ордноо өргөтгөж, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлнэ

-Ирэх жилүүдэд боловсролын салбарт ямар чиглэлд анхаарч, хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна вэ?  
-Хичээлээс гадуурх дугуйлан секцүүдэд анхаарна. Ингэхдээ хими, физик, математик, англи, солонгос хэлний кабинетуудыг байгуулж, цахимаар болон танхимаар суралцах боломж олгоно. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь хангаж, орчин нөхцөлийг нь бүрдүүлэхийн зэрэгцээ туршлагатай, сайн багштай болоход анхаарч ажиллана. Соёлын салбарын тухайд бид 90 жилийн түүхтэй Соёлын ордноо өргөтгөж, хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн. Гэхдээ хүүхэд бүр Соёлын ордонд ирж хүссэн дугуйлан секцдээ хамрагдах боломжгүй учраас Яармаг, Нисэх, төв гэж бүсчлэн, тодорхой сургуулиудыг түшиглэн энэ чиглэлийн дугуйлан секц явуулах зохион байгуулалт хийхээр төлөвлөөд байна. 


Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлана 

-Салбар бүрд бүтээн байгуулалт өрнүүлэхээс гадна иргэдийг ажил, орлоготой байлгах чиглэлд ямар бодлого, хөтөлбөр боловсруулж байна вэ? 
-Иргэдийг ажил орлоготой байлгах хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд анхаарч ажиллана. Манай дүүрэгт Монголын томоохон баялаг бүтээгчид үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ онцлогтой. Тиймээс тухайн компани, аж ахуйн нэгжүүдийн кластер буюу туслах бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг нь бүрдүүлж,  холбож өгч, гүүр нь болж ажиллавал тэр хэрээр ажлын байр, цалин урамшуулал ч нэмэгдэх боломжтой. 
Ер нь бол цаашид төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурлаж, ажил үйлчилгээгээ явуулна. Тухайлбал, дүүргийн гэрэлтүүлэг, камержуулалт, ногоон байгууламж, авто зогсоол бий болгох зэрэг ажлуудыг хувийн хэвшилтэй хамтарч хийж гүйцэтгэх ёстой. Иргэдээс ирж буй санал хүсэлтийн дийлэнхийг автомашины зогсоолтой холбоотой асуудал эзэлдэг. Тиймээс эл асуудлыг давхар зогсоол барих зэргээр шийдвэрлэх боломжтой гэж харж байна.  
-Сүүлийн асуултыг танд үлдээе? 

-Хан-Уул дүүргийн иргэд төрийн бүх төрлийн үйлчилгээг ямар ч түгжрэлгүйгээр, 20 минут зарцуулаад л хамгийн ойроос авдаг байх, хүүхэд багачуудын хөгжлийг дэмжиж, авьяас чадварыг нь нээсэн, орчин үеийн шийдэл бүхий ногоон байгууламжтай, хот, нийтийн аж ахуйнхаа ажилд дэвшилтэт техник хэрэгсэл, автомашин ашигладаг,   хотхон болон гэр хорооллууд нь эвдрэлгүй, зориулалтын замтай, гэрэлтүүлэг нь нэгэн жигд тусгалтай бөгөөд өнгө үзэмжтэй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, бүх нийтээрээ нийтийн биеийн тамир, спортоор хичээллэдэг зөв дадал зуршилтай хан-уулчууд болох боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

С.Юмсүрэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН сонгуульд ялалт байгуулж, удирдлагын багаа шинэчилсэн жил Өчигдөр
Ж.Чинбүрэн: “Хавдар судлалын үндэсний II төв”-тэй болсноор монгол хүн … Өчигдөр
Ирээдүй өнөөдрийн залуусынх Өчигдөр
“Монголын үнэн” сониноос захиалагч, уншигчдадаа учирлах үг Өчигдөр
Дөрвөн улиралд ашиглах боломжтой 45 автомашин, техник хэрэгслээр парк … Өчигдөр
Хамгийн урт гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулжээ Өчигдөр
Эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээг иргэд рүү ойртуулав Өчигдөр
27 цэцэрлэгийг ашиглалтад оруулав Өчигдөр
17 сургуулийг шинээр барилаа Өчигдөр
Хан-Уул дүүрэгт хамгийн олон бүтээн байгуулалт өрнөжээ Өчигдөр
Б.Цэрэн: Эко дүүргээ "20 минутын хот" болгохын төлөө ажиллаж байна Өчигдөр
Нийслэлд их бүтээн байгуулалтын он жилүүд үргэлжилнэ Өчигдөр
Төрийн тэргүүний тэвчээрийг барсан утааны хэрүүлтэй долоо хоног Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй Өчигдөр
Улаанбаатарт 14 хэм хүйтэн Өчигдөр
“Яндангүй бүс” байгуулна 2024/12/18
Нийслэлийн агаарын бохирдол, өвөлжилтийн талаар хэлэлцэнэ 2024/12/18
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 2024/12/18
Япончуудын нарийн төлөвлөлт, зохион байгуулах чадвар иргэндээ ээлтэй о… 2024/12/17
​ Д.Отгонбаяр Бүтээл хийхийн тулд зүрх сэтгэлээ чөлөөл 2024/12/17