Монгол Улсын Засгийн газар 2025 оныг "Залуучуудыг дэмжих жил" болгон зарлах юм. Залуучуудыг дэмжих жилд төр засгаас хийж хэрэгжүүлэхээр олон ажил төлөвлөжээ. Нийгмийн асуудлууд, боловсрол, хөгжил улс орны урагшлах дэвшилд оруулах хувь нэмэр, оролцоонд анхаарал хандуулах ажээ. НҮБ-аас 15-24 нас хүртэлх хүнийг “Залуу” хэмээх ангилалд багтаан тодорхойлсон байдаг. Өнөөдөр нийт 1.8 тэрбум залуу дэлхийд амьдардгаас 90 хувь нь бөмбөрцгийн өмнөд хэсэгт оршин суудаг. Залуучууд гэдэг ойлголт бүс нутгууд, улс үндэстнүүдийн хувьд соёл, уламжлалаас шалтгаалан өөрөөр тодорхойлогдож болох ч ерөнхий ойлголт нь ийм.
Улс орны хөгжлийн бодлого ид дунд насныхны нуруун дээр явдаг. Аливаа асуудалд хандахдаа ултай бодож, суурьтай хөдөлдөг гэдэг утгаараа юм уу даа. Хий нь арилж, хийсгэж давхих нь ч багасдаг биз. Гэхдээ хөгжлийн хөдөлгөгч хүч нь залуучууд байдаг. Тийм ч учраас “Хэрэв залуучууд эрх мэдэлтэй бол тэдний хийж чадах зүйл өөрчлөлт авчирна гэдгийг ухаарвал бид дэлхийг үнэхээр өөрчилж чадна” гэж амьтан судлаач нэрт эрдэмтэн Жэйн Гудолл хэлжээ. Байгалиасаа оюун ухаан нь сийрэг, ид бяр нь тэгширч, хийж бүтээхээр заяасан нас. Зоригтой, урдаа тавьсан зорилготой, амьдрал тэмцэл өмнө нь харагдаж байдаг. Тэдэнд мэдэх сурах, хөгжих асар өргөн алс хэтийн ирээдүй бий. Залууст зөвхөн үүнийг нь ойлгуулж, хөгжүүлж өгөх нь л чухал. Нийгмийн амьдралд оролцож, гэр бүл зохион толгой даан шийдвэр гаргах үе залуусын хамгийн эгзэгтэй мөч. Өнөөгийн нийгэмд залуусын хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, эрч хүч ашиглагдаагүй нөөц боломж мэт л байна. Тэдний дуу хоолойг сонсохгүй, хүсэл мөрөөдлийг нь ойлгохгүй орхих нь нийгэмд үзүүлж болох асар их нөлөөллийг үл тоомсорлож буйгаас ялгаагүй юм. Хүн амын 60-аас дээш хувь нь залуу насны ангилалд багтдаг улс орны хувьд энэ асар том нийгмийн бүлгийг тоомсорлохгүй орхих боломжгүй.
Орчин үеийн сошиал платформууд, электрон тоног төхөөрөмж, нарийн хийцтэй багаж зэвсгийг ашиглах чадварыг нь хүлээн зөвшөөрч, тэдэнд зохих ёсны итгэл өгөх нь хөгжлийг хурдасгах хүч болох юм. Тэд шинийг сэдэгч, сэтгэгч оюун ухаанаараа ид шидийг бүтээсээр ирсэн. Хойшид ч бүтээх болно. Үүнийг саяхан буюу 20-хон жилийн өмнө дэлхийн харилцаа холбооны салбарт тэсрэлт авчирч, өнөөдрийн хүн төрөлхтний түүхийг тэс ондоогоор бичиж ирсэн Фэйсбүүк платформыг үндэслэгчдийн нэг Марк Цукербергийн амжилтын түүхээс мэдэж болно. Тэрбээр 20 насандаа шинэ платформыг үндэслэн хөгжүүлж дөрөвхөн жилийн дараа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон юм. Шинэ тутам хөгжиж яваа нано технологи, био инженерчлэл, цахим платформуудыг залуучууд л бүтээдэг. Тэд байгаль орчин, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг орчин үеийн тулгамдсан асуудлыг шийдэх хувьсгалч санааг тархиндаа хөгжүүлж яваа. Эдгээр асуудлыг шийдэх гарц гаргалгаа тэдний оюун санаанд байгаа гэхээр ямархан үнэт баялаг болох нь тодорхой. Харин бидэнд залуучуудын хувьсгалч, шинийг эрэлхийлэгч, бодит байдалд оновчтой зөв дүгнэлт өгөх чадварт итгэх нь л чухал болоод байгаа юм. Үүнийг өгүүлэхийн учир эрдэмтэн Альберт Эйнштейн "Бид асуудлыг бүтээхдээ ашигласан сэтгэлгээгээр асуудлаа шийдэж чадахгүй" хэмээсэн ёжтой, бүр хорон ч гэмээр үгийг эшлэх санаа агуулсан хэрэг.
Ер нь бол ирээдүй буюу маргаашийн удирдагчдын өмнө тулгарах нэг том асуудал бол техник технологийн хөгжлөөс шалтгаалах ажилгүйдэл. Үүнийг өнгөрсөн зууны оюун санаандаа гацсан бидний үеийнхэн шийдэж дөнгөхгүй л болов уу. Хүний хөгжлийн түүхийн явцад үе үеийн удирдагчдын өмнө технологиос үүдэлтэй ажилгүйдлийн асуудал тулгарсаар ирсэн л дээ. Аж үйлдвэржилтийн хувьсгалаас хойш үнэ цэнтэй болсон хүн гэдэг капитал үр бүтээмж өндөртэй, зардал багатай, асуудал цөөтэй техник шинээр зохион бүтээх бүрд ажлын байраа тавьж өгсөөр байгаа юм. Харин одоо миний ярьж буй, ирээдүйд тулгарах асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг өнөөдрийн залуус, маргаашийн удирдагчид хэрхэн шийдэхээ мэднэ. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэдэг үгтэй юм.
Хүчтэй засаглал, шударга тогтвортой төр гэдэг ойлголтыг өнөөдрийн залуус ойлгож эхлээд байна. Хүчтэй гэхээр ард түмэндээ “Төмөр нүүр”-ээ харуулдаг хуучны ойлголт биш юм. Ухаалаг, зоригтой шийдэмгий хөдөлдөг, сэлгээ хурдан хийх чадвартай, цомхон бүтэцтэй засаглалыг хэлдэг. Өнөөдрийн залуус ийм хүсэл тэмүүлэл, эрч хүч, алсын хараатай болжээ. Тэд “Төмөр нүүр”-тэй уламжлалт засаглалын хэлбэрийг эсэргүүцдэг. Монгол Улсын Засгийн газар, нийслэл хотоос хэрэгжүүлж буй "20 минутын хот" төсөл ч залуус руу чиглэсэн засаглалын бүтцийг өөрчлөх, нэг дор төвлөрсөн хэт их эрх мэдлийг задлах үр дүнтэй ажлуудын нэг юм. Удирдлага төвтэй бус хүн төвтэй засаг захиргааны нэгжийн бүтцийг "20 минутын хот" төслийн хүрээнд шийдэж байгаа юм.
Залуучууд нийгмийн амьдралд оролцох, нийгмийн нэг хэсэг байх хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг. Ийм хүсэл тэмүүлэлтэй залуусыг дэмжиж ажилтай орлоготой, ирээдүйдээ санаа зовох зүйлгүй байлгах нь улс орны Засгийн газруудын гол бодлого байх ёстой. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар гадагшаа урсах ажиллах хүчийг тогтоох зорилго тавьж, тэднийг сэтгэл ханамжтай амьдрах, амьдралын өртөгт нийцсэн цалин хөлстэй ажилтай болгох, орон байр, сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ зэрэг нийгмийн асуудлуудыг шийдэх нь улс орны хөгжилд оруулах том хувь нэмэр болно.
Өнгөрсөн зууны дунд үеэс шинэ залуу улс хөгжлийн шинэ шатанд гарах нийгмийг хамарсан том, том бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн байдаг. Шинэ бичиг үсэгт шилжихээс эхлэлтэй нийгмийг хамарсан шинжтэй реформууд залуучуудын идэвх зүтгэл, санал санаачилгаар амжилтад хүрсэн байдаг. Дархан, Эрдэнэт, Багануурын уурхайг түшиглэсэн хотыг барьж босгохоос эхлээд атрын аянууд, нэгдэлжих хөдөлгөөн, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын бүтээн байгуулалтуудыг тоочоод баршгүй. Ийм л учраас Монгол Улсын Засгийн газраас залуучуудыг дэмжих шийдвэр гаргаж байгаа болов уу. Залуучуудын нөөц чадавх маргааш тулгарах хүнд сорилт, асуудлыг шийдэх түлхүүр юм. Тэднийг шаардлагатай мэдлэг, боловсролоор цэнэглэж ур чадварыг нь хөгжүүлэх, бизнес эрхлэхэд нь хөрөнгө оруулалт, нөөц боломжуудаар хангаж өгснөөр нийгэмд гүйцэтгэх үүргийг нь нэмэх нь маш чухал юм. Өнөөгийн залуусын амьдралын хэв маяг, олон янзын үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрч оюуны өсөлтийг дэмжих нь инновацыг импортлохоос илүү үр дүнтэй ажил болох юм. Залуучуудад итгэл өгч нийгмийн ачааг хуваалцах нь зөвхөн яриа, үг хэллэгээр хязагаарлагдах ёсгүй. Үүнд төр иргэний нийгэм, хувийн хэвшил хоорондын түншлэл, бодит үйл ажиллагаа хэрэгтэй. Залуучуудын оролцоо, манлайлал, бүтээн байгуулалт, шинжлэх ухаан, технологи, шийдвэр гаргах бүх түвшинд хэрэгтэй. Залуу учраас, туршлага бага гэдэг утгаар аманд нь бэлэн хоол халбагадан өгсөөр байвал торомтог зүүсэн тэжээлийн төлөг явсаар бүх амьдралаа барах идэвхгүй, санаачилгагүй нэгэн болж хувирна. Тэдний боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтэд, тогтвортой хөрөнгө оруулалт хийх нь тэдний өсөлт, чадавхыг хангахад чухал үүрэгтэй. Гагцхүү бид л залуу үеийнхний чадавхыг бүрэн дүүрэн нээж, тэдний хөгжих орчныг бүрдүүлж чадна.
Маргаашийн хөгжлийн зүг хамт мордох залууст итгэдэггүй байдлаа хаяж, хязгааргүй боломжоор залуучуудын ухамсрыг төлөвшүүлэх нь ирээдүйд оруулах бас нэгэн том хөрөнгө оруулалт юм. Төлөвшсөн ухамсартай, иргэн байх нь ирээдүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно. Ирээдүй өнөөдрийн залуусынх.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна