Улиран одож буй 2024 он МАН-ын хувьд хариуцлага нэхсэн, итгэл өгсөн, үүрэг оноосон жил байлаа. Улс төрийн намын үйл ажиллагаа төрийн эрхэнд сонгогдож, бодлогоо хэрэгжүүлэхэд оршдог.
Өнгөрсөн найман жил төрийн эрхийг барьж, бодлогоо хэрэгжүүлсэн МАН-д 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар сонгогчид дахин итгэл хүлээлгэлээ. Ингэснээр улс төрийн ууган хүчин МАН гурван сонгууль дараалан ялалт байгуулаад байна. Энэ нь өнгөрсөн найман жилийн хугацаанд улс орон, ард иргэдээ аюулт цар тахлын эрсдэлээс гаргаж, эдийн засгаа сэргээх, боомтын боомилсон үндсэн асуудлуудыг шийдвэрлэж, технологи, дэд бүтцийн шинэчлэлийг хийж, улс орны хөгжлийн түлхүүр болсон эдийн засгаа тогтмол өсгөн ажилласан нь ард иргэдийн дархан итгэлийг хүлээсэн биз ээ.
МАН улс орны хөгжилд чөдөр тушаа болсон зургаан суурь асуудлыг Шинэ сэргэлтийн бодлогоор тодорхойлж, намын 30 дахь Их хурлаараа хэлэлцэн баталж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Бүс нутгийн хөгжлийг дэмжих, Хөдөөгийн сэргэлт, "Шинэ хоршоо" хөдөлгөөн зэрэг татвар, санхүүжилт, бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд орон нутагт шилжин суурьшигчдын тоо сүүлийн нэг жилд 26 мянгыг давж, бүс нутгийн хөгжлийг дэмжих бизнес, эрх зүйн орчин сайжраад байна. Ингээд МАН-ын 2024 оны онцлох үйл явдлаас тоймлон хүргэе.
"Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн реформ" мөрийн хөтөлбөрөө баталлаа
УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан МАН-ын 30 дахь Их хурлаас байгуулагдсан Бага хурлын III хуралдаан боллоо. Бага хурал гишүүдийн 80 гаруй хувийн ирцтэй хуралдсан юм. Энэ хурлаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох Нэр дэвшүүлэх журам, УИХ-ын сонгуульд дэвшүүлэх Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн реформ мөрийн хөтөлбөрөө баталлаа.
Удирдах ажилтны улсын зөвлөгөөн болов
МАН-ын анхан шатны байгууллагын бүсийн зөвлөгөөнийг хийлээ. Удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 3200 гишүүний төлөөлөлтэй зохион байгуулсан юм. Тус зөвлөгөөнөөр Бүсчилсэн хөгжлийн реформыг зохион байгуулж, 2024 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хангах сургалт зөвлөгөөн хийлээ.
МАН парламентад 68 суудал авлаа
Анх удаа холимог тогтолцоогоор бүсчилсэн тойргоор явагдсан УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуулиар МАН парламентад 68 суудал авлаа. 126 гишүүнтэй анхны парламентын УИХ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сонгогдов. Энэ парламент хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй. Үүний 15 эмэгтэй нь МАН-аас сонгогдсон юм. Ийнхүү МАН УИХ-ын ээлжит сонгуулийн гурав дараалсан ялалтаар парламентын нэн шинэ үеийн түүхийг эхлүүлэв.
Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо
МАН-ын Бага хурлын V хуралдаан 2024 оны долдугаар сарын 5-ны өдөр боллоо. Бага хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилсон юм. Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Ийнхүү МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар МАН-ын цаашдын бодлого, үйл ажиллагааг удирдахаар боллоо.
МАН-ын Удирдлагын баг орон нутагт ажиллав
2024 оны ээлжит орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Удирдлагын баг бүрэлдэхүүн бүс, орон нутагт ажиллалаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд, Хэвлэл мэдээллийн газрын дарга Г.Баярхүү нараар ахлуулсан МАН-ын удирдлагын баг бүрэлдэхүүн 21 аймаг аймгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангуулж, МАН-ын үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, зорилго, зорилтыг танилцуулах, удирдлага, арга зүйгээр хангах, гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэх сургалт, уулзалтуудыг зохион байгуулан ажилласан юм.
Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангууллаа
Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд МАН-ын Удирдах ажилтны улсын зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнөөр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид, аймаг, сум, дүүргийн намын хорооны удирдлагууд нийт 1200 гишүүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, сургалт, арга зүйгээр ханган ажиллалаа.
Орон нутгийн сонгуульд ялалт байгуулав
2024 оны орон нутгийн сонгуулийн дүнгээр МАН сумын ИТХ-д 330 сумаас 173-т нь ялалт байгуулав. Орон нутгийн сонгуулиар 6922 мандатаас 3629-ийг МАН-аас нэр дэвшигчид авсан юм. Мөн НИТХ-д 88.9 хувиар үнэмлэхүй ялалт байгуулсан бол дүүргийн ИТХ-ын 313 мандатаас 250 мандат авсан байна. Ингэснээр нийслэлийн найман дүүрэгт МАН засаглах эрхээ авлаа.
Б.Гомбыг СДМАХ-ны тэргүүнээр сонголоо
2024 оны есдүгээр сарын 12-13-ны өдөр СДМАХ-ны VIII чуулган боллоо. Чуулганд 21 аймаг, есөн дүүргийн 200 гаруй ахмад гишүүн оролцов. СДМАХ-ны тэргүүнээр Б.Гомбыг сонгосон юм. СДМАХ-ны тэргүүн, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Гомбо Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Баянхонгор аймгийн МАН-ын хорооны Үзэл суртлын хэлтэст лектор, Баянхонгор аймгийн Галуут суманд (НАШБ) Намын үүрийн бичгийн дарга, Баянхонгор аймгийн МХЗЭ-ийн хороонд I нарийн бичгийн дарга, Баянхонгор аймгийн Заг сумын АДХГЗ-ны даргын ажлыг тус тус хийж байсан. 1992-1996 онд УИХ-ын гишүүн, 1996-2000 онд МАХН-ын Удирдах зөвлөлд боловсон хүчний эрхлэгч, 2000-2005 онд Гадаад хэргийн яамны ДБҮЭГ-ын дарга, 2005-2008 онд Монгол улсаас Бүгд Найрамдах Куба улсад суух Элчин сайдын яам Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2008-2013 онд Сан Марино улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яам Зөвлөхөөр ажиллаж байсан. 2020-2023 онд МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн, 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан юм.
СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагвыг сонгов
СДМЗХ-ны ээлжит VII хурал есдүгээр сарын 14-15-нд боллоо. Тус хуралд СДМЗХ-ны 500 гаруй гишүүн оролцов. СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагвыг сонголоо.
СДМЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 2008 онд МАН-д элссэн. МАН-ын Бага хурлын гишүүн, Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны дэд ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалтай юм.
Намын дэргэдэх байгууллагуудад арга зүйн зөвлөгөө өглөө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар СДМЭХ, СДМАХ, СДМЗХ СДМОХ зэрэг дэргэдэх байгууллагынхаа удирдлагуудыг хүлээн авч уулзав. Уулзалтаар цаашдын үйл ажиллагаанд чиглэл, арга зүйн зөвлөгөө өглөө. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараар ахлуулсан төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцов. Төлөөлөгчид сонгуулийн бүтэц, арга технологийн талаар холбогдох албан тушаалтнуудтай туршлага солилцох уулзалт хийсэн юм.
МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
МАН-ын Удирдах зөвлөл 2024 оны арванэгдүгээр сарын 24-нд хуралдаж, тогтоол гаргалаа. Тус тогтоолоор МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, шинэ баг бүрэлдэхүүн томилсон юм. МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын алба нь МАН-ын даргын дэвшүүлсэн шилжилтийн үеийн эдийн засаг, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх, намын бүтцийг бэхжүүлэх, гишүүд, дэмжигчид, ард иргэдийнхээ өмнө өгсөн амлалт, хүлээсэн үүргээ биелүүлэх, МАН-ын хөгжлийн стратеги хөтөлбөрийг батлуулахад бодлого, үйл ажиллагаагаа чигүүлж ажиллах юм.
Гадаад харилцааг өргөжүүлэв
Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган нартай уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн БНХАУ-ын Коммунист нам, Лаосын Ардын хувьсгалын нам, Данийн вант улс зэрэг олон улсын улс төрийн намуудын удирдлага, төлөөллүүдтэй уулзалт хийж, намын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэв.
Олон улсын залуучуудын хурлаас Улаанбаатарын тунхаг БИЧГИЙГ БАТАЛЛАА
ICAPP олон улсын залуучуудын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Тус хуралд Ази тивийн 14 орны 800 гаруй зочин төлөөлөгчид оролцов. Монгол Улсаас МАН, АН, ХҮН-ын төлөөллүүд хүрэлцэн ирж, улс төрд залуусын оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал ICAPP-ын эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгууллаа. Тус хурлаар Улаанбаатарын тунхаг бичгийг баталсан юм.
Сүхбаатар анимэйшний нээлтийг хийв
МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, Ардын засгийн цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ой тохиолоо. Энэхүү ойг тохиолдуулан түүхт хүмүүний түүхээс намтарчилсан Сүхбаатар анимэйшн бүтээлийн нээлтийг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулав.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна