Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн


Хүн төрөлхтөн тун удахгүй одоог ирээдүйтэй холбох цаг хугацааны гүүрэн дээр гарч он солигдох торгон мөчтэйгөө золгоно. Он солигдох мөчийг тэсэж ядан хүлээх нь хүүхэд насны гэнэн томоогүй хүслүүдийн нэг. Мөнгөн саа сэрчигнэх чимээ, цасан охидын жингэнэх инээд, өнгөлөг оддын гэгээ, шинэхэн цасны гялбаа. Гоёл зүүсгэлээр чимсэн мөнх ногоохон гацуур өнгө, өнгийн гэрлээ анивчуулахыг харж нойргүй хоносон шөнүүд. Гэгээхэн хүсэл, гэрэлтэж гялтганасан дурсамжууд сэтгэлд тодхон. Энэ бүгд дээр нэмээд цан хүүрэг савсуулан, цас мөсний орноос айлчлан ирэх урт цагаан сахалтай, уран ганган таягтай өвлийн өвгөн аав. Хоёр он солигдох мөчийг өвлийн өвгөн аавгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өвлийн өвгөн шинэ оноо “хөтлөн” ирж, хуучин оноо “дагуулан” буцна. 

Цаг хугацаа урсан одсоор, цагаахан балчир нас минь хөнгөн дэврүүн мөрөөдөлтэйгөө үлдээд хөхөл сахалд насны хяруу унажээ. Цаг хугацаагаар аялж хүүхэд насны хүсэл мөрөөдөлдөө очиж чадахгүй ч, тэр л насны минь тодхон дурсамжийн нэгэн хэсэг болсон өвлийн өвгөн аавтайгаа хамт нэгэн өдрийг өнгөрүүлэх завшаан надад олдсон юм. 

Миний уулзах өвлийн өвгөнийг Баясгалангийн Тамир гэдэг. Тэрбээр 17 жилийн турш өвлийн өвгөн аав болж хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөл дундуур, хөр цас, хүйтэн жавар сөрөн алхаж явна. Жингэнэх хонх уясан мөнгөн таягаа тулан, жилийн турш нөөцөлсөн мянган бэлгээ үүрэн айл, айлын хаалга тогшин, албан газрын баярт уригдана. Гэрэлтэж, гялалзсан нүдээр эгцлэн харж инээвхийлэх өвлийн өвгөний үг бүр нь цэгцтэй, уран цэцэн аж. Угтаа бол нас залуувтар нэгэн. Надаас нэлээд хэд дүү ч болов уу. Ярилцах зуураа тэрбээр өнөөдөр уригдсан шинэ жилийн арга хэмжээнд орох бэлтгэлээ хийж, дээл хувцсаа өмсөн, монгол гутал жийж, тэргүүндээ мөнгөн чимгээр оройлсон шонхор малгай асаав.

 Малгайных нь мөнгөн чимэг гэхэд л арван лан мөнгө орсон гэнэ. Хувцсаа бүрэн өмсөөд босоход нь би өөрийн эрхгүй л “Та” гэчихлээ. “Таны хувцас миний багадаа харж байсан монгол өвлийн өвгөний хувцаснаас жаахан өөр юм аа” гэвэл “Таны харж байгаа энэ хувцас миний дөрөв дэх иж бүрэн хувцас. Би хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандах дуртай. Өвлийн өвгөн болно гэдэг шинэ жил солигдох мөчид хэдэн төгрөг олох халтуурны ажил биш. Хүүхдийн гэнэн, итгэмтгий сэтгэлд орших ид шидийн, мөрөөдлийн, нэг үгээр хэлбэл үлгэрийн баатар шүү дээ. Хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүний ч мөрөөдөл, хүслийн баатар хир даг болсон хааш яаш хувцастай байж болохгүй биз дээ” хэмээн инээмсэглэн өгүүлээд “Яг үнэнийг хэлэхэд шинэ жил болохоор хэдэн төгрөг олох гэсэн өвлийн өвгөн, Санта Клаус нэртэй халтуурчдын өмссөн хувцас, алхаа гишгээ хүртэл сэтгэлд хүрэхгүй юм даа. Уг нь бид чинь хүүхдийн хүсэл мөрөөдлийн баатрын дүр бүтээж байгаа биз дээ” хэмээсэн юм. 

Үзэгчдээ хүндлэх соёл түүнд балчир наснаас нь төлөвшсөн нэгэн гэдгийг дараа нь мэдэв. Б.Тамирын ээж монголчуудын хүндэтгэл хайрыг татсан урлагийн томоохон зүтгэлтэн хүн байж таарах нь тэр. Монголын сонгодог урлагт асар том орон зайг эзлэх нэрт балетчин Ю.Оюун гэдэг хүний нэрийг сонсоод өөрийн эрхгүй л “Өө тэгвэл аргагүй” хэмээн бодолдоо дуун алдав. Биднийг бэлтгэлээ базаан хөөрөлдөж суух зуур түүний уригдсан шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхлэн дундаа оржээ. Хөтлөгч танхимд өвлийн өвгөн айлчлан ирж буйг зарлах агшинд зөөлөн цаасаар хамар дээрээ бурзайсан хөлсийг шингээж орхиод намс, намс алхалсаар тайзнаа морилон гарав.


Монголчуудын дунд европ тооллын он солигдох мөчийг ёслон тэмдэглэх баярт өвлийн өвгөн урих болсон нь 1947 оноос эхлэлтэй. “Тайж Д.Нацагдоржийн тэмдэглэсэн шинэ жил”-ийн дуулиант баяраас 16 жилийн дараа юм даг уу даа. Шинэ жилийн баярыг тэмдэглэхэд өвлийн өвгөн аав хэрэгтэй гэдгийг анх Ардын жүжигчин Б.Чимид-Осор бодож олсон гэдэг. Өвлийн өвгөн аавыг хэрхэн бүтээх билээ. Тухайн үед жишээ авч болохуйц шинэ жил тэмдэглэх уламжлалтай Европын орнуудад Санта Клаус гэдэг өвлийн өвгөн байх бөгөөд богино улаан хүрэм, оготор цагаан сахалтай нэгэн. Т

эрбээр цас мөсний оронд нисдэг бугануудын хамт амьдарна. Харин тухайн үеийн манай холбоотон ЗХУ-ын өвлийн өвгөн аавыг Дед Мороз гэнэ. Дед Мороз цагаан нөмрөг, цэнхэр дээл, алтан таяг тулан алхах бөлгөө. Тэрбээр ойн гүнд дэлдэн туулай, хүрэн баавгай, зальт үнэг тэргүүтэнтэй амьдарна. Ингээд энэ хоёроос арай өөр дүр төрхтэй монгол өвлийн өвгөн аав бүтээх хэрэгтэй болжээ. Хамгийн түрүүнд эгэл ард, малчин шинжийг илэрхийлэх ёстой гэдэг шалгуур тавьсан гэдэг. Сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон урт цагаан сахалтай, монгол дээлтэй өвгөн цэнхэр нөмрөг хийсгэн алхах дүр төрхийг бүтээв.

Миний танилцсан өвлийн өвгөн социалист нийгмийн үед манай сур­гуулиар ирж онц сурлагатнуудыг шагнаж, муу сурлагатан, сахилга­гүйчүүдийг ичээгээд явдаг өвгөнөөс арай өөр хувцастай ажээ. Сахал, хөмсөг, өмссөн хувцас нь цогцоороо “Уулын цагаан өвгөн” –ийг санагдуулах аж. Түүнийг тайзнаа гараад л бидний аль хэдийнэ мэддэг болсон “Цас мөсний орноос цан хүүргээ савсуулсаар...” гээд л шүлэглээд эхлэх юм байх гэтэл үгүй санж. 


Өвлийн өвгөн маань арванхоёрдугаар сар гараад л амсхийх завгүй болдог гэнэ. Албан байгууллагууд арваннэгдүгээр сараас эхлэн захиалгаа өгч эхэлдэг тул яг шинэ он гарах сард захиалга өгнө гэдэг саналтгүй юм байна. Гэтэл санамсаргүй танилцсан “Өвөө” маань зүгээр л хувиараа хувцас урлаж өмсөөд “Халтуур” хийдэг нэгэн ч биш болж таарлаа. “Mongolian еntertainment хамтлагт харьяалагддаг нэгэн гэнэ. Шинэ жилийн баяр дуусах тийшээ хандаж буй бололтой.  

Хуучин оноо үдэж, шинэ оноо эхлүүлээд өвөө маань орж ирлээ. Одоо дараагийн арга хэмжээ рүү явна гэнэ. “Сүүлийн 17 жил гэртээ шинэ он гаргаж үзээгүй” гээд инээж байсан эхнэр хүүхдэд нь хэцүү л байдаг байх даа. Хүн гэдэг нэг нь нөгөөгөө нөхөн оршиж байж нийгмээрээ амьдардаг амьтан даа. Түүнээс тайзан дээр хэлсэн үгийг нь асуувал “Би жил болгоныхоо онцлогийг оруулаад өөр үг хэлэхийг хичээдэг. Нэг албан газар хэлсэн үгээ нөгөө албан газар очоод улиглаж давтаад байх ч утгагүй. Үгээ өөрөө зохиогоод л цээжилчихнэ. Одоохондоо гомдоллосон газар алга болж байгаа юм байлгүй” гээд цааш нь “Түүнээс гадна би өөрөө дуулчихна, бүжиглэ гэвэл бүжиглэж л орхино. 

Намайг “Mongolian еntertainment хамтлагийн охид голдуу дагаж явдаг юм. Нэг арга хэмжээнд очиход бүжигчид байвал бүгд л намайг таньж байдаг нь сайхан. Тэгээд тэд маань намайг “Энд тэнд арга хэмжээнд ирээч” гэж санал тавьж байдаг. Би хувиараа өвлийн өвгөн болж яваагүй учраас шахуу цагийн хуваарьтай явдаг. Шинэ он гарах арванхоёрдугаар сар гаргаад л нарийн хуваарь гарчихна” гэж байна.  Олон хүний баярласан сэтгэл, мянга мянган хүүхдийн хүсэл мөрөөдлийг өвөрлөж явдаг болохоор ч тэр үү үнэхээр сэтгэл татам залуу юм. Тэрбээр хувцас солих өрөөнд өвлийн өвгөнийхөө хувцсыг тайлан эвхэх зуур “Энэ хувцас маань их халуун. Айлд ороод сууж байхад хөлс урсаад л байдаг. Одоо хамтлагт харьяалагдаж байгаа болохоор айлд очихоо больсон. Уг нь өвлийн өвгөнийг хараад, гараас нь бэлгээ авсан хүүхдийн баярлаж хөөрсөн нүдийг харах хэчнээн сайхан гэж санана” гээд дараагийнхаа шинэ оныг гаргахаар гар даллан салах ёс гүйцэтгээд явж одлоо. 

Манай өвлийн өвгөн оготор улаан хүрэмтэй Санта Клаусыг нэг их таашаадаггүй гэнэ лээ. Залуучууд мэдлэгтэй, өөрийн гэсэн бодол санаатай байх сайхан. Гадаа тас харанхуй тэнгэрт хүмүүсийн итгэл найдварын оч шиг салют дуу хадаан цацарч галт очис цацрах авай. Ийм нэгэн өвлийн өвгөнтэй санамсаргүй тохиолоор уулзаж танилцсан минь урьдын ерөөл гэмээр. Дуурийн театр, Спортын төв ордон хоёрын дунд өссөн хүү юм билээ. Тамирын аавыг Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Баясгалан гэдгийг би мэдээгүй байсан шүү.


 Трамп Төмөрөө 

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/ 



0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
173.68.65.40
2024/12/24
1
0
Тамир хүүд баяр хүргэж их амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе!
Хариулах
Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 16 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 20 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 20 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 20 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 20 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23