Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна

unen
21 цагийн өмнө

“Diamond Mind” академийг үүсгэн байгуулагч, бизнес ментор Э.Хишгээтэй амьдралын төлөвлөлтийн талаар ярилцлаа.

-Таны өсөж төрсөн нутгаас ярилцлагаа эхлүүлье?

-Намайг Энхтуяагийн Хишгээ гэдэг. Эзэн хаанаар овоглодог Хан Хэнтий аймагт төрж өссөн охин доо. Нутагтаа 10 жилийн сургуулиа дүүргэсний дараа Улаанбаатар хотод шилжин ирж МУИС-д элсэн эдийн засагч мэргэжлээр суралцан 2006 онд дүүргэж билээ. Сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу банк санхүүгийн салбарт 10 жил ажилласан маань миний ажил амьдралын гараа байлаа. Энэ салбарт ажилласан нь миний амьдралд маш том орон зайг бий болгосон. Банк санхүүгийн салбараас гараад гаалийн байгууллагад орж таван жил ажилласан юм. Ингээд төр, хувийн хэвшилд нийт 15 жил ажиллаад 2020 онд “Diamond Mind” академийг үүсгэн байгуулсан. Одоо би дөрвөн хүүхдийн ээж, эр нөхрийнхөө халамжит гэргий  зургаан ам бүлтэй гэрийн эзэгтэй.

-Банк, санхүүгийн салбар гэхээр зарим хүмүүс насныхаа хоолтойгоо залгасан мэт ойлгох нь бий. Юу таныг ийм ажлаас хөндийрүүлж чадсан юм бэ?

-Манай гэр бүлийн хүн бид хоёр багаасаа л нийгмийн ажилд идэвхтэй хүүхдүүд байж. Скаут, Улаан загалмайн нийгэмлэгийн идэвхтэй гишүүний хажуугаар олимпиад, уралдаан тэмцээнийг алгасаж үзээгүй гэхэд болно. Багаас төлөвшсөн энэ зан араншин тийм ч амар арилчихгүй болохоор өнөөгийн нийгмийнхээ болж бүтэж байгааг харж баярлахаас гадна болохгүй байгаа зүйлүүдийг ч харж анзаарна. Дээр нь эмэгтэй, эх хүн болохоор үр хүүхдийнхээ ирээдүй, сурч боловсрох орчин гээд бүгдэд санаа зовж эхэлдэг. Өнөөдрийн нийгэмд эцэг, эхчүүд бид үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ хэтэрхий академик боловсролд анхаараад хувь хүнийх нь хөгжлийг орхичихоо юу гэж анзаарсан юм. Хүн хоорондын харилцаа, нийгэмд гаргах хандлага гэх мэт. Гэтэл бид үүнийг нийгмийн харилцаанд орж эхлэх үеэсээ амьдралын шаардлагаар томчуудаас үлгэрлээд, нэг нь нөгөөгөөсөө сураад явдаг байжээ. Өнөөгийн хүүхдүүд цахим платформууд, техник технологиос маш их хамааралтай байгаагаас үүдээд нийгмийн харилцаанд орж чадахгүй, бие биенээсээ суралцахгүй байна. Дээрээс нь энэ их өрсөлдөөнтэй нийгэмд тэсэж үлдэхийн тулд боловсрол чухал гэдэг ойлголттой болсон эцэг эхчүүд үр хүүхдээ гаднын хэл сурах, тоо, хими, физиктээ сайн байх ёстой гэдэг үүднээс хичээлээс давтлага, давтлагаас хичээл гэсэн маршруттай болгочихож. Эндээс сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй, хүн хоорондын харилцаа байхгүй, багаар ажиллаж чадахгүй хүүхдүүд бий болоод байна уу даа гэдэг бодол төрж эхэлсэн. Үүнийг ажиглаад л анх 2015 хувь хүний хөгжлийн чиглэлээр ямар нэг зүйл хийх ёстой юм байна гээд судалгаа хийж эхэлсэн. Гадаадад ямар байдаг, Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ямар байгууллага байна. Ямар хэв маягаар ажлаа явуулдаг юм бэ гэх зэргээр. Ингээд 2020 онд гурав дахь охиноо гаргаад гуравхан сартай байхад цор ганцаараа үйл ажиллагаа явуулахдаа В1 давхарт 15 метр квадрат талбай түрээслээд ажиллаж эхэлсэн дээ.

-Одоо энэ байгууллага хэдэн хүнтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?

-”Diamond Mind” академи үүсгэн байгуулагдаад гурван жил гаруй, дөрөв дэх удаагийн хичээлийн жилд ороод явж байна. Манай академид бүтэн цагаар 11, онлайнаар 10 хүн ажиллаж байгаа гэхээр нийтдээ 20-оод хүн ажиллаж байна.

-Эхний удаа түрээс төлбөрөө төлөөд явж байсан болов уу. Таны яриаг сонсож байхад бараг сайн дурын ажил байх юм?

-Ер нь л нийгмийн хариуцлагын хүрээнд хийгддэг ажил. Байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ өөрөө санхүүжүүлж явдаг байлаа. Түрээс төлбөр, ажилтнуудын цалин хангамжаас эхлээд бүгд л толгой дээр бууж байгаа юм. Жил ажиллаад байхдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэх ёстой, илүү өргөн хүрээнд ажиллах ёстой гэж шийдээд санхүүжилтээ тэлэхээр “Монгол HD” сувгаар гардаг “Shark tank” нэвтрүүлэгт орж бизнес платформоо танилцуулсан. Ажил маань сайн дурынх ч гэлээ олон түмний төлөө платформ маань Ч.Анар шаркаас 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч билээ. Хөрөнгө оруулалт авснаасаа хойш үйл ажиллагаагаа тэлэх бүхий л ажлыг хийж эхэлсэн дээ. Одоо нэг үеэ бодвол эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдэд хувь хүний хөгжил, харилцаа хандлага, нийгэмтэй харилцах боловсрол хэрэгтэй гэдгийг ухаарч эхлээд байна.


-Өсвөр насны хүүхдийн хөгжил, харилцаа хандлагыг төлөвшүүлэхээс гадна нийгэм рүү чиглэсэн ажил хийдаг байх?

-Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл “Diamond Mind” академи зургаан удаагийн оюуны бүтээл гаргасан байна. Бид жилдээ нэг ном, бүтээл гаргаж байя гэсэн төлөвлөгөөтэй ажилладаг. Хамгийн анх гадаадад төрж өссөн монгол хүүхдүүдэд эх хэлээ сурах, судлах боломж олгох зорилгоор “Хөгжилтэй Монгол хэл I, II” гэдэг сурах бичгийг хичээл, видеотой нь гаргасан. Энэ маш үр дүнтэй ажил болсон. Дараа нь өсвөр насныханд зориулсан “Төлөвлөгч дэвтэр” гаргалаа. Өсвөр насныхан ийм төлөвлөгч дэвтэртэй болсноор харилцаа, хандлагаа сайжруулах алхмууд хийж өдрийнхөө ажлыг төлөвлөж сурч байгаа юм. Дээр үед өсвөр насныхан өдрийн тэмдэглэл хөтөлж түүндээ сэтгэлээ уудалж бичдэг байсан бол одоо ухаалаг гар утастайгаа л өдрийг өнгөрөөдөг болсон. Араас нь манай академи “Жаргалтай ээж” ном гаргалаа. Энэ номыг гаргах болсон шалтгаан нь хүүхдүүдийн хүсэлтээс үүдэлтэй гэвэл зарим хүн итгэхгүй байж мэднэ. Хүүхдүүд бидэнд “Би ээжтэйгээ зорилго, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл гээд ярихаар ойлгохгүй юм” гэдэг зүйл ярьж ирдэг боллоо. Ингээд хүүхдүүдээ хөгжүүлье, хүмүүжүүлье гэвэл ээжүүд, бизнесмэнүүд, нийгэм рүү чиглэсэн ажлууд хийж эхлэх ёстой байна гэдэг ойлголт төрөөд ажил хэрэг болгож эхэлсэн. Юуны түрүүнд “Жаргалтай ээж” гэдэг 10 хоногийн сургалт явуулаад энэ сургалтаа ном болгон хэвлүүлсэн.

-Ээжүүд яаж хүлээж авч байна?

-Ээжүүд бид энэ орчлонд төрүүлсэн үр хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй тийм дайчин хүмүүс байдаг. Дээрх “Жаргалтай ээж” сургалт, ном гаргасны дараа Эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр “Жаргалтай ээж”нэртэй 1000 гаруй ээж оролцсон арга хэмжээг зохион байгуулсан. Эрхээ хамгаалуулах өдрөө үр хүүхдийнхээ төлөө хөгжих ёстой гэдэг агуулгаар шүү дээ. Хүүхдүүд маань хөгжөөд, төлөвлөөд явдаг болчихлоо. Гэтэл ээжүүд бидэнд төлөвлөгөө байна уу. Ээжүүд нэг хувь өөрчлөгдөхөд хүүхдүүд 100 хувь өөрчлөгдөнө.

-Олон хүний сонирхлыг татаад байгаа “Төлөвлөгч дэвтэр”-ийн тань талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Ямар учиртай дэвтэр болохоор хүмүүс сонирхоод байгаа юм бэ?

-Одоо миний гарт байгаа “Төлөвлөгч дэвтэр 2025” бол бидний хамгийн сүүлийн бүтээл. Энэ “Төлөвлөгч дэвтэр 2025”-ыг бизнес эрхлэгч нарт зориулсан. Дэвтэр дээр байх QR кодыг уншуулснаар видео хичээлүүдийг гар утсаараа үзэж болохоор хийсэн нь бусад төлөвлөгч дэвтрээс онцлогтой бөгөөд Монголд анхных нь. Дэвтэр гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт өнгөрсөн жилийнхээ алдаа оноог дүгнэн цэгнэж бичих бөгөөд ирэх жил юу хийхээ төлөвлөнө. Оюун санаагаа цэгцэлж, өөртөө дүн тавина. Амьдралын найман тойргийн хаана нь би яваа юм бэ гэдгээ олж мэдээд маргаашаас өөртөө ямар дадал зуршлуудыг бий болгох вэ гэдгээ бичих юм. Эхний хэсэг нь өөртэйгөө ажиллах буюу уулзаж ярилцах хэсэг. Хоёр дахь нь сар бүрийнхээ санхүүг төлөвлөх хэсэг байх юм. Өнөөдрийн нийгэм завгүй хүнээр дүүрсэн. Цаг хором бүрийг төлөвлөөгүйгээс үүдэлтэй завгүйтэл. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөдөө ч гаргах цаггүй амьдарна гэдэг уйтгартай биз дээ. Хүн ямар ажил эрхэлдгээс үл хамаараад цагаа зөв төлөвлөж чадвал чөлөөт цаг гаргаж чадна шүү дээ.


-Яагаад бизнесмэнүүд рүү халтираад орчихов. Хоёулаа хувь хүний хөгжил ярьж байсан даа?

-Бизнес эрхлэгчид өөрсдөө хувь хүний хөгжилгүй болохоор бизнес нь хөгжихгүй байна гэж би хараад байна. Тиймээс 2021 оноос эхлэн бизнес ментор чиглэлээр ажиллаж эхэлсэн. Цахим ертөнцөд “Ментор Хишгээ” нэртэй энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 мянга гаруй дагагчтай хуудас бий. Энэ хуудаст банкны салбар, гаалийн байгууллагад ажилласан туршлага, “Diamond Mind” академи байгуулсан үйл явц зэрэгт тулгуурлан хүмүүст бизнес сургалт явуулдаг. Өөрийн гэсэн брэнд сургалттай болсон төдийгүй бизнесмэнүүдтэй ганцаарчилсан уулзалт хийж зөвлөгөө өгдөг.

-Манай нэг уншигч “Гадаад үг хэллэг хэрэглэлээ” гэж гомдоллож байсан. Ментор гэж яг юу гэсэн үг вэ, юу хийдэг хүн бэ?

-Ментор гэдэг туршлагаа хуваалцдаг хүн гэж ойлгоход болно. Энэ ямар нэгэн мэргэжил биш. “Би энэ зүйлийг ингэж хийсэн чинь онолоо. Эсрэгээрээ ингээд хийтэл алдчихлаа. Би энэ ажил дээр ийм алдаа гаргасан байна. Ийм аргаар хийвэл алдана, нөгөө аргаар нь хийвэл ононо” гэдгийг өөрийнхөө туршлагаар олж мэдээд мэдэхгүй байгаа хүнээс хэдэн алхмын өмнө алхаж яваа гэсэн үг. Миний хувьд банкны системд ажиллахдаа бараг 20 мянган харилцагчтай ажилласан байна. Хамгийн жижиг “Нарантуул” захын бизнесмэнээс эхлээд том групп, компанийн захирлуудтай харилцаж байсан. Өөрөө ч компани байгууллаа. Олон бизнесийг менторлож заримыг нь гадаад зах зээлд гаргасан байна. Энэ туршлагадаа тулгуурлаад бизнесүүдийг менторлодог. Энэ төлөвлөлт ч ялгаагүй. Би өөрөө төлөвлөөд энэ нь амжилттай болоод байгаа учраас бусды “Над шиг төлөвлөж ажиллаад үз” гэж хүсээд байгаа юм.

-Танд амжилт хүсье. Баярлалаа.

Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар мега төслүүдийн эхэнд эрэмбэ… 17 цагийн өмнө
Геополитикийн сорилтод удирдагчид бүдэрлээ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ойрын хоёр жилд 100 мянган айлын “Утаагүй бүс” байгуулна 21 цагийн өмнө
Э.Хишгээ: Бизнесмэнүүдэд менторлож, заримыг нь зах зээлд гаргаад байна 21 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулал… Өчигдөр
Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Мон… Өчигдөр
Шатрын шинэ хаан Өчигдөр
Хийморийн дарцаг хатгахад сайн Өчигдөр
Улаанбаатарт 17 хэм хүйтэн Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгалийн баялгийн үр өгөөжийг цөөн хэдэн … 2024/12/24
БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын… 2024/12/24
"ДЦС-III"-ыг өргөтгөнө 2024/12/24
Ерөөлөөр мялааж, бэлгээр бялхсан Уулын цагаан өвгөн 2024/12/24
А.Түвшинбаяр: “Чимээгүй хотын жолооч” болохын тулд өөртөө хэтэрхий их … 2024/12/24
Шинэ гэр ба байр авах сайн 2024/12/24
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2024/12/24
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батла… 2024/12/23
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо 2024/12/23