Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ойрын хоёр жилийн хугацаанд 100 мянган айлыг “Утаагүй бүс” болгох нь зүйтэй гэж үзжээ. Үүний тулд газын буюу хийн хэрэглээг үе шаттайгаар нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж эхэлсэн байна. Харин энэ жилийн тухайд 84 мянган айлын зуухыг шинэчлэхээс гадна 2000 орчим айлыг цахилгаан халаалтад шилжүүлэхийн зэрэгцээ сайжруулсан түлшний найрлагыг шинжилж, өөрчлөхөөр болжээ. Түүнчлэн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ тухайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын олон нийтэд хандан хүргэсэн мэдээллийг багцлан хүргэж байна.
20 мянган айлд хийн халаалтын хэрэглээг нэвтрүүлнэ
Агаарын бохирдлыг бууруулахын тулд эхлээд гол үүсгэгчтэй нь тэмцэх буюу түүнд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж нийслэлийн удирдлагууд үзэж байна. Энэ тухайд Хотын даргын мэдээлснээр агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын яндангууд “үйлдвэрлэж” байгаа бол 29 орчим хувийг тээврийг хэрэгслээс, үлдсэн 16 орчим хувийг уурын зуухууд болон цахилгаан станцуудын агаарт ялгаруулж буй химийн хортой бодисууд бүрдүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Тиймээс юуны өмнө яндангийн тоог багасгаж, автомашины ялгаруулж буй хорт бодисын хэмжээг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна. Агаар, орчны бохирдлын гол эх үүсвэр болсон автомашины тоо сүүлийн нэг жилийн хугацаанд огцом өссөн дүн мэдээг Хотын дарга танилцуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг үүсгэгч хамгийн том хүчин зүйл болсон гэр хороололд 198 мянган ширхэг яндан байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд эдгээр яндан 520-540 мянган тонн сайжруулсан түлшийг түлсэн байна. Харин Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 2023 онд 325 мянга байсан бол 2024 онд 804 мянгад хүрчээ. Түүнчлэн Агаарын бохирдолтой тэмцэх албанаас 60 мянган айлыг гэр, байшингаа дулаалах зөвлөмжийг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, эдгээр айл өрх дулаан алдагдалтай учраас агаарын бохирдлыг өдөөх хүчин зүйл болчихоод байгаа аж. Энэ хэрээр агаарын бохирдол нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрэх үндсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас нийслэлийнхний зүгээс “Утаагүй бүс”-ийг байгуулж, автомашинуудын янданд хяналт тавих нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр нэгдүгээрт, “Яндангүй бүс”-ийг зарлаж, хийн хэрэглээнд үе шаттайгаар шилжихээр бэлтгэл хангаж эхэлсэн байна. Энэ тухайд Хотын дарга “Түүхий нүүрс түлдэг байх үед нүүрсний үнэр, агаарын бохирдлын хэмжээ бүр илүү байсан гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа юм. Улаанбаатар хотын удирдлагын багаас сайжруулсан түлшний шилжилтийн дараагийн төлөвлөгөөг гаргаснаа Засгийн газрын хуралдаанд товчхон танилцуулсан. Бид эхний ээлжид “Яндангүй бүс”-ийг зарлана. Ирэх оны гуравдугаар сард багтаан 20 мянган айлыг хийн халаалтын хэрэглээнд шилжүүлэхтэй холбоотой гэрээг албажуулна. Үүний тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг Цагаан сарын өмнө байгуулахаар ажиллаж байна. Бид энэ байгууллагатай бүтэн жилийн турш ажиллаж, тооцоо судалгаануудыг хийсэн. Зураг төсөв, ТЭЗҮ бэлэн болсон. Барилгын ажлыг гуравдугаар сардаа багтаан эхлүүлнэ. Ингэснээр ирэх арваннэгдүгээр сар гэхэд эхний ээлжийн 20 мянган айлд хийн хэрэглээг нэвтрүүлнэ. Үлдсэн 80 мянган айлд нефтийн дайвар бүтээгдэхүүн НАФТА-гийн C5 C6 C7 загварын газын үйлдвэр байгуулах, уг шугам сүлжээнд хамрагдах дундын станцуудыг байгуулах урьдчилсан ТЭЗҮ хийх ажил энэ сарын 19-ний өдөр эхэлнэ. Гаднын мэргэжилтнүүд үүнийг хийнэ. Нүүрснээс шилжихийн тулд эхний ээлжид хоёр жилийн хугацаанд 100 мянган айлыг газын хэрэглээнд шилжүүлье гэж байгаа юм. Үүнд хамгийн гол хүндрэлтэй байгаа зүйл нь хэрэглэгчийн төлөх төлбөр. Газнаас болж дэлхийн улс орнуудын хооронд зөрчилдөөн, мөргөлдөөн үүсэж байна. Тэгэхээр бид аль нэг улсаас хараат болох, тэсэрч, дэлбэрэх эрсдэл бүхий систем угсрах, хэрэглэгч дааж давшгүй төлбөрт унахаас урьдчилан сэргийлж нэлээд тооцоотой хандаж байгаа. Үүний тулд Засгийн газраас сайжруулсан түлшний үйлдвэрт одоогийн олгож буй хэмжээнээс бууруулахгүйгээр нийслэлд улсын төсвөөс татаас олгох ёстой. Ингэж нийслэлд хуваарилсан мөнгөөр бид халаалтын долоон сард хэрэглэгчдэд татаас олгох замаар шилжилт хийнэ гэдгийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Нийслэлийн ИТХ-аар газын шилжилт хийх тусгай зориулалтын компанийг байгуулж, Ч.Батзориг төлөөлөгчөөр удирдуулаад ажиллаж байна” гэлээ. Хоёрдугаарт, жилээс жилд тоо нь өсөж буй автомашинуудын агаарт нөлөөлж байгаа хамгийн хүнд элемент нь азотын давхар исэл. Тэр дундаа хайбрид хөдөлгүүртэй приус загварын автомашинуудын нэлээд хувь нь зориулалтын нүүрсний яндангаа сольсон байдаг нь агаарт хамгийн их хортой бодис ялгаруулж байна гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Тиймээс Тээврийн цагдаагийн газраас хөдөлгөөнд оролцож буй машинуудыг эхний удаад сануулж, дараагийн удаа журамлаж, зориулалтын яндан тавьсан тохиолдолд авто замын хөдөлгөөнд оролцуулах нь зүйтэй гэж үзжээ.
84 мянган айлын зуухыг шинэчилж, сайжруулсан түлшний найрлагыг өөрчилнө
Улаанбаатар хотын хэмжээнд 60 мянган айл гэр, байшингаа дулаалаагүй буюу агаарын бохирдлыг өдөөж байгаа бол 84 мянган айлын шаталт ихтэй, эвдэрч муудсан зуух утаа “үйлдвэрлэж” байгааг албаныхан судалгаагаар тогтоосон байна. Тиймээс шулуун яндантай 84.400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлага үүсчээ. Түүнчлэн сүүлийн үед гарсан угаарын дуудлага, мэдээллийн дийлэнх шалтгаан нь чанарын шаардлага хангахгүй зуухнаас болж байна гэсэн дүгнэлтийг холбогдох албаныхан гаргасан байна. Тиймээс хэдийгээр айл өрхүүд өөрсдөө зуухаа шинэчлэх шаардлагатай ч удаа дараа хүргүүлсэн зөвлөмжийг биелүүлэхгүй байгаа учраас нийслэлийн зүгээс эхний ээлжид 84.400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлага үүссэн гэдгийг Хотын дарга тодотголоо. “Өнгөрсөн жил зуух шинэчлэх ажил төлөвлөж байсан ч нийгмийн сүлжээний эсэргүүцлээс болоод больсон. Энэ жил мөн нийгмийн сүлжээнд олон хүн эсэргүүцэж байна. Гэхдээ үүнээс болж зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй. Төсөв батлагдсан” хэмээн Х.Нямбаатар дарга тодотгосон. Түүнчлэн Хотын даргын зүгээс агаарын бохирдолтой тэмцэхэд хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэйг сануулаад утаа, бохирдол үүсгэж буй эх үүсвэрийг цөөлөх, татгалзах чиглэлд иргэн, аж ахуйн нэгжүүд төдийгүй замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг илүү санаачилгатай бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг уриалж байлаа. Түүнчлэн тэрбээр цаашид сайжруулсан түлшний найрлагыг шинжилсний үндсэнд өөрчлөхөөр болж буйг дурдлаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу сайжруулсан түлшний үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн хувь, хэмжээг багасгахаас гадна найрлага, технологийг өөрчлөх судалгаануудыг эхлүүлсэн байна.
Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотод ирэх жилүүдэд эрчим хүчний зургаан шинэ төслийг хэрэгжүүлэхээр болсноо Хотын дарга зарлалаа. Заримынх нь ТЭЗҮ батлагдсан бол заримынх нь урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулалтын шатанд байгааг дуулгалаа. “Улаанбаатар хотын эрчим хүчний зургаан төсөлд хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, сүүлийн 25-26 гаруй жил ярьсан V цахилгаан станцад хөрөнгө оруулах сонирхлоо гаднын хөрөнгө оруулагчид илэрхийлсэн.
Мөн “Шинэ зуун мод” хотын 220 мВт-ын дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлтийн “Эко аж үйлдвэрийн парк” мөн л олон жил яригдаж байгаа юм. 24 мВт-ын дулааны цахилгаан станц дээр 2-3 хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийе гэдэг сонирхлоо илэрхийлж байна. Түүнчлэн “Эрдэнэс баянбогд” гэж нийслэлийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын ТЭЗҮ батлагдаж байгаа. Үүнд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлж байна. Улаанбаатар хот хоёр хогийн цэгээ түшиглэж тус бүр нь 18 мВт-ын цахилгаан гаргадаг Хог шатаах үйлдвэр байгуулах чиглэлээр Бээжинд хийсэн хөрөнгө оруулалтын уулзалтаар аж ахуйн нэгжүүд хамтарч ажиллах санал гаргасан. Энэ мэтчилэн бид зөвхөн нүүрсээ сайжруулна, газ руу шилжинэ гэх биш эрчим хүчний эдийн засгийн өсөлтөө хангасан, орон сууцжих бодлого руугаа чиглэсэн хөрөнгө оруулалтын хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Улаанбаатар хотын утааны гол хэсэг болоод байгаа ил хатааж буй лагийг Лаг боловсруулах үйлдвэр болгож нэмэлт гэрээ байгуулъя, санхүүжилтийг нь хотоос гаргах хэлэлцээр эхэлсэн. Түүнчлэн, одоо бид метроны хөрөнгө босгохоор синдикат банкуудтай уулзахаар төлөвлөж байна” гэлээ.
Япон улсын хөрөнгө оруулалтаар V цахилгаан станцыг байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар саяхан Япон улсад албан томилолтоор ажиллаад ирсэн юм. Ингэхдээ тэрбээр эрчим хүчний салбарт том түлхэц болохуйц томоохон ажлын эхлэлийг тавиад ирснээ хэвлэлийнхэнтэй уулзах үеэр дуулгалаа. Тодруулбал, тэрбээр томилолтынхоо үеэр олон жил яригдсан V цахилгаан станцад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тохиролцсон байна. Ингэснээр тус цахилгаан станцын бэлэн ТЭЗҮ-г үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр Япон улсын хөрөнгө оруулалтаар шинэ дулааны цахилгаан станц барих ажлын эхлэлийг тавьжээ. Энэхүү төслийн ажлыг ирэх онд эхлүүлэх бөгөөд “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн, шинэ станцыг байгуулах юм байна.
Ташрамд дуулгахад, Улаанбаатар хот эрчим хүчний хэрэглээнийхээ дутагдлыг нөхөх, цаашид агаарын бохирдлыг бууруулахыг тулд орон сууцжуулах ажлын бэлтгэл болгож, эрчим хүчний зургаан төслийг эхлүүлэхээр болсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээллээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна