Парламентын нэн шинэ үеийн түүхийг эхлүүлж, иргэд ногдол ашгаа хүртэв


Хангинах өвлийн жавар Монгол орны уул тал, ухаа толгодоор тачигнаж, жингэнэх оддын хэлтэрхий мэт цав цагаан цасан ширхгүүдээ хаялан байх нь байгаль дэлхийн жам ажгуу. Хоёрхон хоногийн дараа монголчууд бидний “Өвлийн туйл” гэж нэрлэдэг улирал эхэлж хамгийн урт шөнө, хамгийн богино өдрийг өнгөрнө. 

“Дэлхий гараг” хэмээх ганцхан завьтай хүн төрөлхтөн орчлонт ертөнц хэмээх хязгааргүй далай дунд эргэлдэн хөвсөөр 365 өдрийг ардаа орхив. Хязгааргүйн дундах өчүүхэн зомгол мэт дэлхий гараг жаргал, зовлонгоо тээн ийнхүү нэгэн оныг ардаа үдэж байгаа нь энэ. Өнгөрөн одогч нэгэн оныг хүмүүн бид ямархан ололт амжилт, оргилуун хүсэл, харуусал гуниг, хачин гайхалтай зүйлсийг үзэж туулсан гэх вэ. 

Он жилүүд онцлог, гайхалтай зүйлсээ дагуулан ирж хүн төрөлхтний хөгжлийн түүхийг их бага хэмжээгээр урагшлуулж өгөөд буцдаг. Улс төр, эдийн засаг, урлаг соёл, эрүүл мэнд. Хүн төрөлхтөн оршин сууж буй цэнхэрхэн гараг дээрээ юу эсийг бүтээсэн гэх вэ. Бид эринээс эрин, мянганаас мянган, зуунаас зуун, жилээс жил дамжин сод хүмүүсээ угтан, үдсээр л авай. Тун удахгүй бид хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авна. Хоёр оны зааг дээр хүн төрөлхтөн хийсэн бүтээснээ дэнслэн дүгнэдэг уламжлалтай. Улиран одож буй 2024 онд Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засаг болон бусад салбарт ямар онцлох үйл явдал өрнөснийг хүргэе.

Гурван нам, нэг эвслээс бүрдсэн “анхны 126”

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 2024 оны УИХ-ын сонгууль бүсчилсэн тойргоор явагдлаа. Ингэхдээ хуульд заасны дагуу жагсаалтаар болон тойрогт нэр дэвшүүлсэн. Ингээд УИХ-ын  сонгуулийн үр дүнгээр гурван нам, нэг эвслээс сонгогдсон анхны 126 гишүүнтэй парламент бүрдэж үйл ажиллагаагаа явуулж байна. 2024-2028 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх УИХ МАН, АН, ХҮН, ИЗНН болон Үндэсний эвслээс бүрдлээ. Өмнөх парламентууд нийт гишүүдийн 60 хувь нь 2-4 удаа сонгогдсон туршлагатай, мэргэшсэн парламентчдаас бүрддэг байсан. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын гишүүдийн олонх нь анх удаа сонгогдож байгаа гэдгээрээ онцлогтой. Ийнхүү олон намын оролцоотой, салбар бүрийн дуу хоолойг багтаасан, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан, иргэд сонгогчдын төлөөлөгч болсон 126 гишүүн УИХ-ыг  бүрэлдүүлснээр ардчиллаа бэхжүүлж, парламентын нэн шинэ түүхийг эхлүүлж байна.

 

Шинэ гишүүнээс спикер

2024 оны онцлох улстөрчид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зүй ёсоор багтана. Учир нь, тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа 2016, 2020, 2024  оны УИХ-ын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, намаа гурвантаа ялалтад хүргэсэн байдаг.  2016, 2020 оны УИХ-ын сонгуульд  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нэр дэвшээгүй, зөвхөн сонгуулийн менежерээр ажиллаж намаа  ялалтад хүргэсэн. Басхүү дээрх он жилүүдэд Ерөнхий нарийн бичгийн даргын албаа хашсан хэвээр байсан.  Харин 2022 оноос ЗГХЭГ-ын даргаар ажилласан хэдий ч генсекийн албан тушаалаа давхар гүйцэтгэж байлаа.

Ингээд сонгуулийн холимог тогтолцоогоор явагдсан 2024 оны УИХ-ын сонгуулиар ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд жагсаалтын эхэнд нэр дэвших боломж ч, эрх ч нээлттэй байлаа. Гэвч тэрбээр УИХ-ын сонгуулиар баруун бүсэд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр  сонгогдсон. МАН-ыг 2024 оны УИХ-ын сонгуульд олонх болох эсэх нь сонгогчдын сонголт байв. Д.Амарбаясгалан хууль тогтоох дээд байгууллагад шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн. Өмнөх парламентууд олонх болсон нам  УИХ-ын даргаар мэргэшсэн парламентчаа нэр дэвшүүлэн сонгодог байсан. Тэр байтугай намын дарга нь УИХ-ын даргаар сонгогдож байсан түүх ч бий.

Тэгвэл 126 гишүүнтэй анхны парламентыг шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан даргалж байна. Тиймээс Д.Амарбаясгалан улс төрийн түүхэнд ч, шинэ парламентад ч, хувь улстөрчийн намтартаа ч шинэ хуудас нээлээ.

 

Хамтарсан Засгийн газар хөгжлийг урагшлуулах  14 мега төслийг хэрэгжүүлэх том амбицтай

УИХ-ын сонгуулиар МАН 68 суудал авч олонх болсон. Ингэснээр  МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгаа үргэлжлүүлэн тэргүүлж, бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бүрэн эрх нээгдсэн. Гэвч МАН парламентад олонх боллоо гээд дангаар Засгийн газраа байгуулж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхийг хүссэнгүй. Монгол Улсын хөгжлийн төлөө   парламентад суудалтай улс  төрийн намтай хамтарч Засгийн газраа байгуулах саналыг хүргүүллээ. Ингээд парламентад суудалтай  АН, ХҮН-тай  хамтарч  “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээ байгуулан, хамтарсан Засгийн газар байгууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дээрх улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг мөн тусгалаа. Хамтарсан Засгийн газар  улс орны хөгжлийг урагшлуулах  14 мега төслийг хэрэгжүүлэх том амбицтай.  14 мега төсөлд хэлэлцээрийн шатанд 18 жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын ажлыг дуусгаснаар боомтуудын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, нүүрс тээврийг 40 сая тонноор, экспортын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, хэрэгжүүлснээр 2027 оноос баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангана. 26 жилийн туршид хайгуулын үйл ажиллагаа явуулсан Монгол Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлж чадвал манай улсын хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын төсөл болох ба улсын төсөвт 4.5 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлэх боломжтой.  2013 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 жил гацсан Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ.

Засгийн газар өмнө нь хэрэгжүүлж ирсэн Шинэ  сэргэлтийн бодлогоо үргэлжлүүлж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсүүдийг кластераар хөгжүүлж байгаа билээ. Тэгвэл хурдтай хөгжлийн зорилтын хүрээнд 14 мега төслөө ирэх оноос эхлүүлэхээр 2025 оны улсын төсөвт тусгаад байна.

Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн таваас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлсөн байна. Хэрэв 2026 онд багтаж 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ132.3 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна гэж үзжээ.


Бутаны хааны анхны төрийн айлчлал гадаад улсад Монголыг сурталчлав

Улиран буй 2024 онд гадаад улсын төр, засгийн тэргүүнүүд манай улсад албаны ёсны айлчлал хийсэн, хүндэт зочин ихтэй жил байлаа. Хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинээс эхлээд олон орны төрийн тэргүүн манай улсад айлчилж, харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэв. Энэ жилийн содон зочноор Бутаны хаант улсын  цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук тодорч байна. Энэ нь  Бутаны хаант улсын цог жавхлант хааны Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал  юм.  Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Цог жавхлант хаан гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочноор оролцож, “Чингис хаан” үндэсний музей, Богд хааны ордон музейд  зочлон, манай орны түүх, соёл, зан заншилтай танилцаж, Монголын говь нутгаар аялан, олон өдрийн айлчлал хийсэн юм. Бутаны хаан Монголын говь нутгаар “аялсан” айлчлалын зургаа цахим хуудастаа тавьсан нь олны анхаарлыг татаж байлаа.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн хоёр дахь гадаад хүн Бан Ги Мүн

 Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бид “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ өдөр  Ерөнхийлөгч зарлиг гарган,  хариуцсан салбартаа онцгой гавьяа байгуулсан эрхмийг төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээдэг.  Тэгвэл энэ жилийн “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг гадаад хүн хүртсэнээрээ онцлогтой. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их эзэн Чингис хааны мэндэлсний  862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн  Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.

Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийг манлайлан батлуулж, даян дэлхийн энх тайван, хүний эрх, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай зүтгэн, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэж байгаа гавьяа зүтгэл, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэлсэн байна.

Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа хоёр дахь гадаад хүн юм.

Орон нутагт төвхнөсөн  анхны яам

Монгол Улсын Засгийн газар бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа билээ. Шинэ сэргэлтийн бодлого дахь Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас орон нутагт шилжин үйл ажиллагаагаа явуулах  аж ахуйн нэгж, иргэдэд  гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, татварын хөнгөлөлт үзүүлж байгаа юм. Үүнтэй холбоотой Улаанбаатараас орон нутаг руу шилжих хөдөлгөөн ч нэмэгдсэн.

Мөн зарим их, дээд сургууль, яамыг орон нутагт шилжүүлэхээр болсон. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам   хамгийн анх орон нутагт шилжин, үйл ажиллагаагаа явуулж байна. ХХААХҮЯ нь Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу нүүж очин, төвхнөөд байна. Төвийн бүс болох Дархан-Уул, Төв, Сэлэнгэ бол газар тариалангийн гол бүс нутаг. Хөнгөн хүнсний боловсруулах үйлдвэрийн 90 гаруй хувь энэ бүсэд төвлөрч байна. Нийт газар тариалангийн гол цөм бүс нь төвийн бүсэд мөн оршдог. Дархан-Уул аймагт ХХААХҮЯ шилжин суурьшсаныг дагаж 100 мянга гаруй иргэн шилжилт хөдөлгөөн хийх тооцоо гарчээ. Ойрын жилүүдэд шилжилт хөдөлгөөн идэвхтэй явагдах юм. Цаашдаа  төвийн бүс рүү салбарын яамны гол хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжинэ. Хөнгөн үйлдвэрийн кластер, сүү, махны эрчимжсэн аж ахуй, туслах аж ахуй энэ бүсэд байгуулагдана. Түүнийг дагуулаад 200 мянга га талбайг нэмж эргэлтэд оруулахаар төлөвлөжээ.  Аж ахуй эрхлэх хүсэл зорилготой, жимс ногоо тарих хүсэл сонирхолтой иргэдэд бид газар олгох нөөц үүсгэнэ. Ингэснээр шилжин суурьшиж байгаа иргэд орлоготой болох боломж бүрдэх юм.

Алдагдалгүй төсөв-2025

Шинэ парламент анхны намрын чуулганы хуралдаанаа хийж байна. Намрын чуулганаар ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогыг баталдаг. Тэгвэл Засгийн газрын өргөн барьсан 2025 оны улсын төсвийг УИХ дахин тодотгох нөхцөлтэйгөөр  хуулийн хугацаанд баталлаа. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч, алдагдалгүй төсөв батлах чиглэлийг Засгийн газарт өгөв. Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу  2025 оны улсын төсөвт Засгийн газар өөрчлөлт оруулж, УИХ дахин баталлаа. Ингэхдээ Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд Төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн жилд нэмэгдэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар бууруулахтай холбоотойгоор төсвийн нийт урсгал зардлыг 73.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Дээрх зардлын эх үүсвэрээр Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах обьектыг лизингээр авах зардал, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардал, гурван ээлжээр хичээллэж байгаа ЕБС-ийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөг ХСҮТ-ийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таван тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус нэмж тусгасан байна.

Ингээд Монгол Улс түүхэндээ анх удаа алдагдалгүй  улсын төсөв баталлаа. 2025 оны төсөв бол Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой юм. 


Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдлээ

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах талаар үе үеийн парламентаар хэлэлцэж, хууль, эрх зүйн өөрчлөлт оруулж ирсэн.  Ингэснээр 1992-2012 он хүртэлх парламентад 3-9 эмэгтэйтэй үе байлаа. Тэгвэл 2012 оноос эхэлж УИХ-д 11, 2016 онд 13, 2020 онд 13 эмэгтэй тус тус сонгогдсон. Харин өнөөдрийн УИХ-д 32 эмэгтэй гишүүнтэй болох үүдийг нээлээ. Энэ удаагийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгон нэмэгдүүлж, намын жагсаалтаар эрэгтэй, эмэгтэйгээр нь ээлжилж бичихээр хуульчилсан. Үүний үр дүнд энэ УИХ-ын 32 эмэгтэйгийн 24 нь жагсаалтаар, найм нь тойргоос сонгогдоод байна.

Энэ нь жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжиж байгаагийн үр дүнг илэрхийлнэ. Басхүү сонгогчид ч сонголтоо хийхдээ жендэрийн хүйс харах бус улс төрийн нам, хувь нэр дэвшигчийн үнэлэмждээ тулгуурладаг болсон нь өнгөрсөн хугацаанд гарсан дэвшил юм. хугацаанд жендэрийн харилцааг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх шаардлагатай гэж ярьж, хуульдаа ч тусгаж ирсэн. 

 Ирэх 2028 оны УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэхээр тусгаад байгаа билээ.


Иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг хүртлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 онд 29.3 сая тонн нүүрс борлуулж 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Монгол Улсын 3.4 сая иргэнд хувьцааны ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн. Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256 мянга, 750 ширхэг хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 179 мянган төгрөгийн ногдол ашиг олголоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх 2009 онд 1072 ширхэг хувьцаатай 2.5 сая иргэнд 87 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байсан бол 2022 онд Онцгой дэглэм тогтоосноор санхүүгийн сахилга бат сайжирч, борлуулалтын орлого нэмэгдэж 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 1072 ширхэг хувьцаатай иргэнд 104 мянган  төгрөгийн ногдол ашиг олгосон юм.


Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг ахиулав

Олон улсын зээлжих зэрэглэл нэмэгдэх нь манай улсад хөрөнгө оруулалтыг татах эерэг мессэж. Тэгвэл энэ онд Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Мүүдиз” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B2”, төлөвийг “Эерэг” болгож шинэчилснээ зарлав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд хэд хэдэн хүчин зүйл  нөлөөлсөн байна. Тухайлбал, төсөв, өрийн зохистой удирдлагын нөлөөгөөр өрийн дарамт буурчээ. Уул уурхайн салбарын орлого, эдийн засгийн өсөлт эрчимтэй сэргэж, төсвийн тэнцэл сайжирсны зэрэгцээ өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр эргэн төлөлтүүдийг хийж, зохистой удирдсанаар Монгол Улсын өрийн ДНБ-д эзлэх хувь 2016 онд 93 хувь байсан нь 2023 оны эцэст 43 хувьд хүрч буурсан байна.


Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн чанаргүй зээлийн ангиллаас нийт 155,315 иргэн, ААН-ийг хаслаа

Энэ жил иргэдийн өрхийн төсөв, амьдралд шууд нөлөөлсөн сайн мэдээний нэг нь “Зээлийн хар жагсаалт”-аас гаргасан үйл явдал. Учир нь,  Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол банкны Ерөнхийлөгчийн тушаалаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай, зээл нь бүрэн төлөгдөж дууссан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусгахгүй байх тохируулгыг хийхээр болсон билээ. Нэгэнтээ Монголбанкны мэдээллийн сангийн чанаргүй зээлийн ангилалд орсон иргэнд зургаан жилийн хугацаанд ч арилжааны аль ч банкнаас зээл авах эрх нь хаагддаг. Монгол банкны Ерөнхийлөгч зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон “Ковид-19” цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор дээрх тушаалыг гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу  2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний өдөрт багтаан зээлээ бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон юм.

Ийнхүү дээрх хугацаанд  чанаргүй зээлийн ангилалд байсан, зээлээ бүрэн төлж барагдуулсан нийт 155,315 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийг лавлагааны муу ангиллаас гаргасан байна.

Ингэснээр дээрх иргэд, аж ахуйн нэгж дахин зээл авах эрх нь нээгдсэн юм. 

 Н.Энхбат

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/ 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 17 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр