Монгол Улсын Шадар сайдын Өмнөговь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр тус аймагт эхэллээ.
Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээнд Сургуулийг удирдагч, ОБЕГ-дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар нарын удирдлагууд оролцсон юм.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
“Цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, 21 мэргэжлийн анги, ҮАБ-ын тусгайлсан чиг үүрэг бүхий 5 байгууллагын нийт 530 гаруй алба хаагч цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.
Аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх, гамшгийн үед тухайн аймаг, орон нутагт тулгамдаж болзошгүй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулах зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, бүлгээр ажиллах, дадлага сургууль одоо явагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна