Монгол Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (LCP) төсөл, Биокомбинат ТӨХХК хамтран Шугаман эсийн технологи нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Уг төслийн төсөвт өртөг нь 385 мянган ам.доллар буюу 1.3 тэрбум төгрөг болсон байна. Шугаман эсийн технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлснээр 1973 онд Унгар улсын тусламжтай байгуулсан “Биокомбинат” ТӨХХК 50 жилийн насжилттай хуучин тоног төхөөрөмжөө орчин үеийн дэвшилтэд технологи бүхий лабораторийн 24 нэр төрлийн тоног төхөөрөмж болгон өргөтгөж шинэчилсэн байна. Ингэснээр вирусийн гаралтай вакцины уламжлалт технологийг өөрчлөн шугаман эс (cell line)-ийн технологид шилжүүлснээр биотехнологийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтэрч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавх дээшилж, түүхий эдийн хараат байдлаас бүрэн ангижирч, вирусийн гаралтай вакцин, биобэлдмэлийн чанар, хүртээмж нэмэгдэх боломж бүрдлээ. “Биокомбинат” ТӨХХК шинэ техник технологи нэвтүүлснээр үйл ажиллагааны зардал багасаж, орон тоогоо хэмнэхийн зэрэгцээ түүхий эд материал, хөдөлмөр хамгаалал, дэд бүтцийн зардал болох цахилгаан, дулаан, уур, ус, нүүрсний зардал 10-30 орчим хувиар буурах юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24627/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна