УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор УИХ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулсан үндэсний чуулганд 900 гаруй ахмад настан оролцож, санал бодлоо солилцов.
Тус чуулганыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ ахмадуудын ажил, амьдралтай холбоотой таван асуудлыг онцолсон юм. Нэгдүгээрт, эрүүл мэнд. Хоёрдугаарт, тэтгэвэр, тэтгэмж. Гуравдугаарт, хөдөлмөр эрхлэлт. Дөрөвдүгээрт, хөгжил, идэвхтэй амьдрал. Тавдугаарт, нийгмийн оролцоог дэмжих, эрхийг нь хамгаалах. Эдгээр чиглэлд анхаарч ажиллах ёстой талаар хөндөж, үүний хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрийн талаар танилцуулахын зэрэгцээ чиг үүргийн яамд болон бүх шатны холбогдох байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг анхааруулав. Тэрбээр “Ахмад үеийнхэнд амьдралын туршлага хэмээх нийгмийн үнэт капитал буюу баялаг нөөц бий. Ахмадууд та бүхний туршлага, мэдлэгийн хүч нөөцийг улс орныхоо хөгжилд хэрхэн үр өгөөжтэй ашиглах нь аливаа улс орны Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тогтвортой хөгжлийн нэг үзүүлэлт, нэгэн шалгуур болж байна. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан олон хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлэхэд ахмадуудын нийгмийн оролцоо нэн чухал. Өмнөх чуулганаас гаргасан зөвлөмжид тусгагдсан УИХ-д хамаарах таван арга хэмжээ үндсэндээ бүрэн биелсэн болохыг дуулгахын зэрэгцээ энэхүү чуулганаас гаргах санал, зөвлөмжийг бүрэн дэмжиж, хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлье” хэмээв.
Дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг болов
Монгол Улсын хэмжээнд 2023 оны байдлаар нийт хүн амын 10.1 хувийг ахмад настан эзэлж байна. Тиймээс ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн асуудалд УИХ, Засгийн газраас анхаарч, тодорхой шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж буй. Тухайлбал, хувь тэнцүүлсэн болон тэтгэврийн доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээр дундаж тэтгэврийн хэмжээ 2016 онд 285.2 мянган төгрөг байсан бол энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 848 мянган төгрөг болов. Тэтгэвэр авах хүний тоо 2016 онд 376.5 мянга байсан бол өнгөрсөн оны байдлаар 499.2 мянгад хүрсэн тул энэ онд 5.4 их наяд төгрөгийг төсөвлөж, баталжээ.
Энэ онд инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийг зургаан хувиар нэмсэн бөгөөд энэхүү бодлогыг цаашид тууштай, баримталж, хэрэгжүүлэхээ холбогдох албаныхан тодотгосон юм. Энэхүү бодлогыг тууштай хэрэгжүүлснээр ахмад настны авч буй тэтгэврийн худалдан авах чадвар буурахгүй байх нөхцөл боломж бүрдэх төдийгүй инфляцын түвшинтэй уялдаж тэтгэвэр нэмэгдэж байх тогтолцоонд шилжиж байгаа юм.
Статистикийн мэдээллээр манай орны хөдөлмөрийн насны иргэд ба ахмад настны тооны харьцаа одоогоор 10:1 байна. 2040 он гэхэд 4:1 болж, ажиллах хүчний насжилт эрчимтэйгээр нэмэгдэхээр байна. Өнгөрсөн оны байдлаар 55-69 насны эмэгтэй 203779, 60-69 насны эрэгтэй 83336 байна. Тэдний ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, ажлын туршлагатай. Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомстол үүссэн энэ цаг үед ахмадын хувь нэмэр нэн чухал юм. Судалгаагаар 87.8 мянга буюу нийт ахмад настны 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг мэдээлэл байна.
Эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг нэмэгдүүлж, 171 тэрбум болгосон
Чуулганаар хөндсөн бас нэгэн сэдэв бол ахмадуудын эрүүл мэндийн асуудал байлаа. Ахмад настныг эрүүл, идэвхитэй, бага зэргийн тусламж үйлчилгээ шаардлагатай, бие даах чадвар хязгаарлагдсан гэж гурван түвшинд эрэмбэлж, тохирох үйлчилгээг Нийгмийн халамжийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн үзүүлэх бодлогыг хэрэгжүүлж буй юм. Цогц тусламж үйлчилгээг ахмадын өргөө, ахмадын төв, сэргээн засах төв, идэвхитэй насжилтыг дэмжих төв, дасгалын клуб, олон нийтийн төв болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан үзүүлэх бөгөөд тэдгээрийн байр, санхүүжилт, мэргэжлийн удирдлагатай холбоотой зохицуулалтыг Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад 60 ба түүнээс дээш насны ахмад настан 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувийг эзлэх тооцоолол гарчээ. Тиймээс УИХ-аас ахмадуудын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах талаар тодорхой арга хэмжээ авч буй. Тухайлбал, 2019 онд 407 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг энэ онд 2.5 их наяд төгрөг болгож, зургаа дахин, 2020 онд 37 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан Эмийн үнийн хөнгөлөлтийн төсвийг энэ онд 171 тэрбум болгож тав дахин нэмэгдүүлжээ.
УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгээр иргэн бүрийг хоёр жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамруулдаг байхаар тогтоож, энэ онд 38 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Тиймээс цаашид анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг өргөжүүлэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сэргээн засах, асран сувилах, хөнгөвчлөх үйлчилгээг түлхүү хөгжүүлэх шаардлагатайг холбогдох албаныхан онцолж байлаа. Түүнчлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг тогтмолжуулах замаар ахмад настны эрүүл мэндэд эрсдэлтэй хүчин зүйлс, хорт зуршлуудыг буруулах, хорт хавдраас сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж амьдралын зөв хэв маягийг төлөвшүүлэхэд бодлого хөтөлбөрөө чиглүүлсэн талаар танилцуулж байв.
Хуулийн дагуу хоёр хувиас доошгүй орон тоонд ахмадуудыг ажиллуулна
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Ингэснээр ахмад настны эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, идэвхтэй насжилтыг дэмжих, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, ахмад настны мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нэмэгдэж байна. Тухайлбал, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд өмчийн төрөл, бүрийн хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа хоёр хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Тус хуульд тусгасан онцлох зохицуулалтын нэг нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглосон, ахмад настан өөрөө нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй гэж үзвэл тэтгэврийн даатгалын шимтгэл 8.5 хувийг ажилтан, ажил олгогч тус тус төлөхгүй байх зохицуулалт юм.
Зөвлөмжид тэтгэвэр, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт зэргийг онцоллоо
Ахмадын үндэсний чуулганд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж мэндчилгээ дэвшүүлж, 126 гишүүнтэй парламент, хамтарсан Засгийн газраас мега төслүүд болон хөгжлийн хөтөлбөрүүдийг дэвшүүлж байгаа нь түүхэн чухал болохыг онцлоод, улс орныхоо хөгжлийн төлөө зааж зөвлөж, хамтран зүтгэхийг уриалсан бол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ахмадуудын дэвшүүлсэн саналыг нэгтгэн боловсруулсан зөвлөмжийг танилцуулсан юм. Ахмадын ахуй амьдралд тулгамдаж буй олон асуудал дотроос тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан тогтмол нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх, хүний нөөц, санхүүжилтийг өсгөх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих, тэдний мэдлэг туршлага, чадвараас суралцах, хүндэтгэн дээдлэх асуудлыг онцлон авч үзсэн гэдгийг тодотгохын зэрэгцээ цаашид ахмад настны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, бусад салбарын уялдааг хангах, хуулийг бодитой, үр дүнтэйгээр хэрэгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжид нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгаа, эм хангамж, амьдрах нөхцөлийг дэмжих хөнгөлөлт, дэмжлэгийг өргөжүүлж, хүртээмжийг тэлэх, Гэр, бүл хөгжлийн болон цогц үйлчилгээний төвүүдийг байгуулах, эрүүл, идэвхтэй насжилтын үндэсний бодлого, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг тодорхой бүтэц, зохион байгуулалтаар эрчимтэй хангах, хяналт тавьж ажиллах зэрэг олон асуудлыг тусгажээ. Мөн айл өрх бүр угийн бичиг хөтөлж хэвших, үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг, залгамж хойч үеэ амьдрах ухаанд сургаж, өв соёл, эрдэм боловсрол, тэвчээр хатуужлыг эрхэмлэсэн үнэ цэнтэй иргэн болгож хүмүүжүүлэхийг уриалжээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна