Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн зохицуулалтыг бодит болгоно


Ахмадын үндэсний чуулганд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан  үг хэлж, холбогдох бусад албаныхан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай, одоо авч хэрэгжүүлж буй арга хөтөлбөр, арга хэмжээ болон цаашдын баримтлах зорилго зорилтын  талаар танилцуулсан юм. Эдгээр болон чуулганд оролцсон ахмадуудын төлөөллийн байр суурийг хүргэе. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: 
-“Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Энэ оноос хэрэгжиж буй Ахмадын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа үндсэндээ тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн. Одоо харин хуулиа хэрэгжүүлэхэд хаана хаанаа хүчин чармайлт гаргах ёстой. Төр хувийн хэвшлийн бүх байгууллага хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ахмадууд өөрсдөө ч дангаараа болон хамтрах, хорших хэлбэрээр шинээр ажлын байр болон ажиллах боломж бүрэн нээлттэй. Өөрийн хүсэл, сонирхол, ур чадварт тохирсон ажил төрөл эрхлэх, шинэ ур чадварт суралцах, шинэ технологи эзэмших болон эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл зүй ба амьдрахуйн дасгал бясалгал, спортын санаачилга, биеийн тамирын хөдөлгөөнүүдэд хамрагдах нь ахмад настны хөгжил, тэдний эрүүл насжилт, идэвхтэй амьдралын үндсэн нөхцөл юм. Ахмадууд эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг авах онцгой, бүрэн эрхтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд ахмад настны эрүүл мэндийн цогц үнэлгээ хийж, тэднийг урьчилан сэргийлэлт, эрт илрүүлэгт хамруулах замаар эмнэлгийн яаралтай тусламж, сэргээн засалт, асрахуй сувилахуйн болон эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг олон улсын жишиг, орчин үеийн шаардлагын түвшинд хүргэх нь нэн тэргүүний зорилт болж байна. 


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан:
 -Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зориулан олгож байгаа нийт зардлын арваас доошгүй хувийг тэдний нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих үйлчилгээнд зарцуулахаар хуульд тусгаад байгаа. Үүний дагуу жилд 600 орчим сая төгрөг зарцуулж байсан бол хууль хэрэгжсэнээр зарцуулах хөрөнгө жилд 15-20 тэрбум төгрөгт хүрч нэмэгдсэн. Мөн өмнө нь таван жил тутам олгож байсан протез, ортопедийн хэрэгсэл, тэргэнцэр, нэн шаардлагатай тусгай хэрэгсэл худалдан авсан зардлын үнийн хөнгөлөлтийг гурван жил тутам олгох болсон, ганц бие ахмад настанд олгож байсан түлээ нүүрсний үнийн хөнгөлөлтийг нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай ахмад настнуудад олгохоор болгож, хүрээ хэмжээг нь тэлсэн. Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байхад настнууд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх сувиллын газрын тоо 20 хүрэхгүй байсан бол нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиар бүх сувиллын газар хөнгөлөлттэй үнээр үйлчлэх болсон.  Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлж, тэдний нийгмийн харилцаа, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломжийг нэмэгдүүлснээр сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг сайжрах, эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэх, ялгаварлан гадуурхалтыг бууруулж, илүү аюулгүй, нэр хүндтэй амьдрах нөхцөлийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэдний мэдлэг, туршлагыг үр дүнтэй ашиглан эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой. 


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: 
-Төрөөс улс орны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн ахмадуудынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмад настны хэрэгцээ, шаардлагатай нийцсэн урт хугацааны цогц нийгмийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, тодорхой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тодруулбал, тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж жил бүр шинэчлэн тогтоохоор хуульчилж, энэ  оноос эхлэн хэрэгжүүлж байна. Мөн өндөр насны тэтгэвэр авч байсан иргэн нас барсан бол түүний нөхөр, эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх тусгай зохицуулалттай болсон. Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгодог. Ингээд амьжиргаагаа ч залгуулж чадахгүй, өрийн дарамтад орж, ядууралд өртөхөд ихээхэн нөлөө үзүүлж байна. Тиймээс тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг багасгах, өр, орлогын харьцааг зохистой хэмжээнд хүргэх талаар Монголбанканд хандсан. Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцооны нэг хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр тэтгэвэр авагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ. 


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
 -Ахмадууд маань өөрсдөд нь хамааралтай хуулиар ямар эрх эдэлж байгаа, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоо ямар байх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Хуулийг амилуулахад ахмадуудын оролцоо чухал. Мөн хяналт тавих ёстой. УИХ-д ахмад настнуудыг дэмжих бүлэг бий. Бид сүүлийн долоон жил хэрэгжүүлээгүй Ахмадын сан байгуулах тухай заалтыг бодит ажил болгоход анхаарна.  Ахмадуудад хөдөлмөр эрхлэх боломжийг олгосон зохицуулалтуудыг хэрэгжүүлэхэд анхаарахаас гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байгаа. УИХ-аас баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нийслэлд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч 10 эмийн сан тутамдаа эмийн хүртээмж муутай алслагдсан байршилд нэг эмийн сан байгуулах, аймгийн төвд ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч гурван эмийн сан тутамдаа нэгийг суманд байгуулж ажиллуулахаар заасан. Үүний үр дүнд эмийн хүртээмж тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэж харж байгаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өнгөрсөн онд 651 нэр төрлийн эм багтаж, үүнд 37 тэрбум төгрөг зарцуулсан. Харин энэ онд 825 нэр төрлийн эмийг багтааж, үүнд 171 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” хөтөлбөрт иргэн бүрийг хоёр жил тутамд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамруулж хэвшүүлэх, үүнд энэ онд 38 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байгаа. 


Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар: 
-Шинэ оны эхнээс дагаж мөрдөж буй хуулийн хэрэгжилтийг хангуулахад ахмадын байгууллага чухал үүрэг,  оролцоотой байх ёстой. Цаашид амралт, рашаан сувилалд хамрагдах ахмадуудын тоо, зардлыг нэмэгдүүлэх, Ахмадын сан байгуулах ажлыг эрчимжүүлэх, тэтгэвэр бодох цалингийн дээд хязгаарыг өсгөх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд хөнгөлөлттэй зээлийн хэмжээг арван сая төгрөг болгож нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чирэгдлийг багасгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн ахмадуудыг хямд, түрээсийн орон сууцтай болох нөхцөлөөр хангах, тэтгэврийн зээлийн хугацааг богиносгож, алсдаа энэ төрлийн зээлийг олгохгүй байх, төрөлжсөн асрамжийн газар байгуулах, асаргааны хувилбарт үйлчилгээний төрөлжилтийг нэмэгдүүлж, боловсон хүчнийг бэлтгэх, амралт, сувиллын газрын тоог нэмэгдүүлэх зэрэгт анхаарч ажиллах нь зүйтэй. 


Цагдаагийн ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд: 
-Энэ оноос дагаж мөрдөж буй хуульд ахмадуудын эрх ашгийг хамгаалах талаар нэлээд олон заалт багтсанд бид талархалтай байгаа. Тухайлбал, Ахмадын сан бүрдүүлэх. Энэ бол цалингийн сангийн үлдэгдлээс бус тухайн төсвийн байгууллага өөрийнхөө төсөв дээрээ гурав хүртэлх хувийг батлуулж, түүнийг ахмадуудад зарцуулах зохицуулалт бий. Энэ бол том өөрчлөлт. Мөн төр, хувийн хэвшлийн байгууллага хамтарч, ахмадуудыг эрүүл мэнд, асрамж зэрэг шаардлагатай үйлчилгээнд хамруулах боломж нээгдэж байгаа. Түүнчлэн тэтгэвэрт гарсан ч тодорхой нөхцөлөөр үргэлжлүүлэн ажиллуулах заалт багтсан нь ахмад, дунд, залуу үеийн холбоог бэхжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцахад чухал түлхэц болно. Манай хорооны хувьд ахмадуудыг сургалтад хамрууулж,  сургагч, зөвлөгч багш,  баг зэргээр сертификат олгож, залуу боловсон хүчиндээ танхимаар болон практик сургалтаар мэдлэг, туршлагаасаа хуваалцдаг. 
Энэхүү чуулганаар ахмадуудынхаа санал хүсэлт буюу тэтгэврийн зөрүүтэй холбоотой асуудлыг холбогдох албаныханд уламжилна. Адилхан албан тушаал дээр адилхан хугацаагаар ажиллаад өөр өөр жилд тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүү цалин, итгэлцүүрээс хамаарч харилцан адилгүй тогтоогдсон. Эл асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 21-нд 238, 239 дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоолоор олон жил өөрчлөөгүй тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг шинэчилсэнд ахмадууд баяртай байсан. Гэтэл долдугаар сард тэтгэвэр тавихад хүлээлтээс буюу бодит тооцооллоос бага байсан. Тогтоолд тусгасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх зохицуулалтыг хэрэгжүүлэхэд алдаа гарсан. 


Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны тэргүүн Ж.Жавзандулам: 
-Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт, Засгийн газрын тогтоол, журмыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, Засгийн газар 2013 оны есдүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Гурван талт үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар баталсан боловч үүнийг баримтлаагүйгээс ихээхэн хэмжээний тэтгэврийн зөрүү үүссэнийг нэн даруй засах шаардлагатай. Мөн тэтгэвэр, тэтгэмжийг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоож буйг уян хатан болгож, 20-25 жил ажилласан бол 50 хувь, 25-30 жилд 55 хувь, 30-35 жилд 60 хувь, 35-аас дээш жилд 65 хувиар тогтоох, “Ахмадын сан” байгуулж ажиллуулах журамд төсвийн байгууллага цалингийн нийт сангийн, аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагааны орлогын гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг сандаа шилжүүлж байхаар журамлах нь зүйтэй. 

 С.Аз

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 12 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 20 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр