Энэхүү чуулганыг өөрийн ивээл дор зохион байгуулж буй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ажлын хэсгийн гишүүдэд гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2023 оны аравдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо болсон “Шинэ сэргэлтийн бодлого-Ахмад настны оролцоо” сэдэвт үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож Засгийн газрын зүгээс баримталж буй бодлого, зорилтын талаар байр сууриа илэрхийлэн энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход хууль тогтоох байгууллагын оролцоо чухал болохыг тэмдэглэж УИХ-д лобби бүлэг байгуулан дэмжихийг санал болгосон байна.
УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 29 гишүүн ахмадын нийгмийн хамгаалал, асаргаа, сувилал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хамтрах, төр засгаас ахмадын талаар явуулж буй арга хэмжээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой лобби бүлэг байгуулан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн Хууль бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн талаарх санал зэрэг энэхүү хуулийн үзэл баримтлалыг УИХ-аар хэлэлцүүлэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 онд батлуулан 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон юм.
Ахмад настны эдлэх эрхийг хуульчлан баталгаажуулж тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл, хүртээмжийг сайжруулах, хамрах хүрээг өргөжүүлсэн Нийгмийн халамжийн багц хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай зэрэг хуулиуд үйлчилж байна.
Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг төрөөс баталсан бодлогын баримт бичгүүдэд ахмад настны эрхийг хамгаалах асуудлыг тодорхой хэмжээнд тусгажээ. Энэхүү хууль, тогтоомж, бодлогын баримт бичгүүдэд ахмад настныг нийгмийн идэвхтэй гишүүн байх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийн хувь хэмжээг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тусгаж, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн ахмад настны өмнө тулгарч буй зарим асуудал шийдлээ хүлээсээр байна.
2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь 2017 оны Ахмад настны тухай хуулиар зохицуулж байгаа харилцаанд орхигдсон болон нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гарч байгаа асуудлыг тусган Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулан ахмад настны өмнө тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэж, байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлагыг тодорхой болгосон байна. Гэсэн ч энэхүү хуулийн зарим заалт, Засгийн газрын тогтоол, журмыг шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна.
- 1. Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 3 дахь заалтаар “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 251 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг “Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн албан хаагчдын тэтгэвэр тогтоох, сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 2013 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1.404.000 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянган/ төгрөгөөр, мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр Нийгмийн Зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тогтоосугай гэж өөрчлөн найруулсан байна.
Энэ цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоохдоо 2022 он хүртэлх хугацааг хамруулж 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгөөр тогтоосон учир даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж тогтоох, цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмж тогтоох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг байх учиртай. Энэхүү дээд хэмжээг гурав дахин доогуур тогтоосны улмаас 2013 оны есдүгээр сарын 1-нээс өмнөх ба хойших цалингаас тогтоолгосон тэтгэврийн хэмжээнд асар их зөрүү үүсэж зах зээлд шилжихээс өмнө (1990 он) уул уурхай, тээвэр, эрчим хүч, барилга, төрийн болон хувийн секторын удирдах болон инженер техникийн ажилтнууд, төрийн тусгай албан хаагчид, хийснээрээ цалинжиж байсан өндөр ур чадвартай ажилчид зэрэг тухай үед авч байсан өндөр цалин хөлсөөр тэтгэвэр тогтоолгосон олон хүний тэтгэвэр бодитой нэмэгдсэнгүй.
2024 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсийг нэмэгдүүлж тооцох итгэлцүүрийг дахиж шинэчлэхгүй, инфляцын төвшнөөр индексжүүлэхээр хуульчилсан учир эдгээр иргэдийн хууль бусаар хязгаарлагдсан тэтгэврийн хэмжээ хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйд хүрч байна. Иймд олон хүний эрх ашгийг насаар нь хохироосон, олон нийтийг бухимдуулсан, төр засагтаа итгэх итгэлийг бууруулсан энэхүү ноцтой алдааг нэн даруй засах шаардлагатай.
Үүний тулд Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолын 3 дахь заалтын .... хөдөлмөр хөлсний дээд хэмжээг 2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр мөн өдрөөс хойших хугацаанд Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооноос баталсан тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тус тус тогтоосугай гэж өөрчлөн найруулж Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
- 2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтоож түүнийгээ олон жил өөрчлөхгүйгээр ирсэн байна. Иймд ажилласан жилээс нь хамаарч 10-20 жилд 45 хувь, 20-25 жилд 50 хувь, 25-30 жилд 55 хувь, 30-35 жилд 60 хувь, 35-аас дээш жилд 65 хувиар тогтоох,
- 3. Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн 14.7 -д заасан “Ахмадын сан” байгуулах мөнгөн хөрөнгийн доод хэмжээг 1-3 хүртэлх хувь гэх, Засгийн газраас гаргах “Ахмадын сан” байгуулан ажиллуулах журамд “Ахмадын сан” байгуулахдаа төсвийн байгууллага цалингийн нийт сангийн, аж ахуй нэгж, байгууллага өөрийн үйл ажиллагааны орлогын гурав хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн жилийнхээ төсөв дээр оны эхэнд нэмж тусган, төсвөө баталж, “Ахмадын сан”-даа шилжүүлж байх гэх,
- Статистикийн судалгаагаар өнөөдөр Монгол Улсад 4124 төсвийн байгууллага байна. Үүний 512 нь буюу дөрөвний нэг нь “Ахмадын сан”-даа гурав хүртэлх хувиар мөнгөн хуримтлалыг хийсэн байгаа нь энэхүү хуулийн хэрэгжилт нь хэрхэн яаж хэрэгжиж байгааг харуулж байна.
- 4. Мөн хуулийн 13.7 дахь заалтыг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас ахмад настанд зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт харьяалагдах ахмад настны тоонд харьцуулан хуваарилж хүртээмжтэй болгох гэх,
- 5. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн хэрэгжилтийг ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний тусгайлсан хөтөлбөр боловсруулж хангах гэж нэмэх
- 6. Мөн хуулийн аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд ахмад настны эрүүл мэндийг хариуцсан нэгж ажиллуулж, Геринтологийн төв байгуулах гэж нэмэх гэсэн саналуудыг энэхүү чуулганаас гаргах зөвлөмжид тусгахыг Төлөөлөгч та бүгдийн анхааралд хүргэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд болсон Олон улсын хүний эрхийн өдөр мэндчилгээ дэвшүүлэхдээ “Хүний эрх хангагдсан газар шударга ёс тогтоно. Нийгэмд хууль ёсыг тогтооход хууль тогтоомж нь Хүн төвтэй байж эрх зүй нь иргэндээ ээлтэй байхаас эхэлнэ” гэж хэлсэн байна. Хэчнээн үнэтэй байх сувд байгаад хэлхээс утасгүй бол тэр нь үнэт чанараа алддагийн адилаар төр, иргэнийг холбож өгөх утас нь хуулийн хэрэгжилтийг хангах явдал юм.
Иймд төрөөс Ахмад настны талаар баримтлах бодлого, хууль тогтоомжид өгөх санал, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын ахмадын байгууллагын төлөөллөөс бүрдсэн “Орон тооны бус зөвлөл”-ийг УИХ-ын даргын дэргэд байгуулан энэхүү хуулийн хэрэгжилт, үр нөлөө, нийгэм болон ахмадуудад үйлчлэх цар хүрээ үр дүнтэй болно гэж үзэж байна. Энэхүү УИХ-ын даргын дэргэд байгуулах орон тооны бус зөвлөлд УИХ-д суудал бүхий Улс төрийн намын дэргэдэх ахмадын байгууллага, Монголын ахмадын холбоо, Зэвсэгт хүчин, Цагдаа, Хууль, Багш, Эмч, Дэд бүтэц, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэгдсэн холбоо зэрэг ахмадын байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан 13 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байхаар санал оруулж байна. Эрхэм хурлын Төлөөлөгч нөхдөө ахмад настны эрхийг хангах зарим асуудлууд гэсэн товч илтгэлд ахмад бидний санал хүсэлт хууль, тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газар болон УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэн улмаар УИХ-ын тогтоол гаргана гэдэгт итгэлтэй байна.
Ахмадын үндэсний чуулганд оролцогчдоос
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна