“Давхар дээл”-тэй гишүүдэд зориулсан дүрэм батлагдаж, Засгийн газрын тэргүүн 100 хоногт хийх ажлаа амлан авлаа


Хуучин он хулжиж, шинэ он шижирч, баярын уур амьсгал оволзсон өдрүүд ард үлдлээ. Монголчууд 2025 оныг ногдол ашигтай, цалин тэтгэврийн нэмэлттэй, хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлсэн сайхан мэдээтэй  угтсан ч  зөрүүлээд татвар, суутгалын маргаантай өдрүүд үргэлжилж байна.  Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас эхлэн бүх цалин тэтгэвэр зургаан хувиар нэмэгдэж байгаа. Мөн ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоосон. Гэвч авто машины татварыг огцом нэмэх шийдвэр гаргасан нь иргэдийн дунд багагүй бухимдал үүсгээд байна. 


Он солигдох босгон дээр төрийн гурван өндөрлөг ямар үг хэлж, ард түмэндээ ямар мэндчилгээ дэвшүүлэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд байдаг. Энэ жилийн хувьд Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх мэндчилгээ үгэндээ 2024 оныг Монгол Улсын гадаад харилцаа, гадаад бодлого олон улсын тавцанд улам өргөжин бэхжиж, түүхэнд тодоор бичигдэн үлдэх төрийн өндөр, дээд олон айлчлал болж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил, ололт амжилтыг дэлхий дахинд сурталчлан таниулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагааны оргил жил байлаа гэж онцолсон. 


Тэгвэл  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан  өнгөрсөн онд “Улсын Их Хурал ирэх дөрвөн жилийн стратегиа баталж нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа” хэмээн мэгдэгдэв.  


Харин  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн онд болсон олон үйл явдлаас Үндэсний баялгийн сангийн хууль батлагдаж, гадаад бондуудын өрүүд төлөгдөж, зээлжих зэрэглэл сайжирч, Үндсэн хуулиар 126 гишүүнтэй шинэ парламент сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэж, ардчиллын хоёр дахь давлагаа эхэлсэн гэдгийг онцлон дурьдаж байсан юм. 
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд 2025 оноо эрч хүчтэйгээр эхлүүлж байна. Шинэ оны анхны өдөр Засгийн газар хуралдаж 100 хоногийн дотор хийх ажлын жагсаалтаа батлав. Тодруулбал, оны эхний гурван сарын дотор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулах,“Хүннү-ухаалаг хот” дагуул хот байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэл өглөө. Мөн агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал,  Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудын барилга угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх, “Дулааны II цахилгаан станц”-ыг өргөтгөх, шинээр “Дулааны V цахилгаан станц” барих асуудлыг судалж танилцуулах, хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх төслийн эдийн засгийн үр ашигийг судалж, хэрэгжүүлэх, гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төсөл хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр болон өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон салбар бүрд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгав. 


Өнгөрөгч арванхоёрдугаар сард цахилгаан эрчим хүчний дутагдал үүсэж,  Диспетчерийн үндэсний төвөөс цахилгааны хязгаарлалт хийх хуваарь хүртэл гаргаж байлаа. Тэгвэл 2025 оны эхний өдөр “Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний хэсэг төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож, өнгөрсөн долоо хоногоос  150 МГв-т цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ.  Ингэснээр эрчим хүчний хязгаарлалт хийхээ байж, Улаанбаатарчууд лаа барьж тэмтчихээ больж байна.  Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёр дахь блокийг ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Монголын хамгийн анхны том чадлын энэ  цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл монголчууд гаднаас гал гуйх зовлонгоос ангижирна хэмээн эрчим хүчний салбарынхан ярьцгааж байна. Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт зогсож, түр ч атугай амсхийж байгаа энэ үед газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал Засгийн газрын “шүдний  өвчин” болоод  байна. Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох зорилт тавьж тус үйлдвэрийн шавийг 2017 онд тавьснаас хойш даруй найман жилийн нүүртэй золгож байна.


 Шав тавих үед 2024 онд ашиглалтад оруулах тооцоололтой байсан ч цар тахлын улмаас ашиглалтад орох хугацаа хэд хэдэн удаа хойшилсон. Тухайлбал, 2026 он гэсэн тооцоолол гаргасан ч дахин нэг жилээр хойшилж 2027 он гэсэн хугацаан дээр тогтоод буй. Хамгийн гол нь Монгол Улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй нэг тэрбум 236 сая ам.долларыг жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээлж газрын тосны үйлдвэр барьж эхэлсэн. Зээлийн эргэн төлөлтийг санхүүжилт хийснээс хойш долоон жилийн дараа буюу энэ оноос төлж эхэлнэ. Гэвч үйлдвэр баригдсангүй. Дахин санхүүжилт шаардлагатай болж, 431 сая ам.доллар нэмж байж, үйлдвэрийг ашиглалтад оруулах боломж бүрдэнэ. Төслийн нэмэлт санхүүжилтийг БНЭУ-ын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Сангийн яамнаас хүргүүлснээр нэмэлт санхүүжилтийг зөвшөөрсөн. Тиймээс Засгийн газар нэмэлт зээл авах асуудлыг УИХ-д тавиад байна.
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Ёс зүй, дэгийн  байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн чуулганы ажиллагаанд оролцох журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Шинэ оны хамгийн анхны дуулиант хүнээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан, “Ачит ихт” ХХК-ын захирал П.Цагаан тодроод байгаа. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар интерполоор эрэн сурвалжлагдаж байсан П.Цагаан шинэ жилийн баярын өдөр буюу 31-ний өглөө Индонез улсаас Сингапурт иржээ. Энэ үеэр Индонезийн Интерполоос Сингапур руу мэдээлэл дамжуулснаар хоёр улсын хуулийн байгууллага түүнийг хамтран саатуулсан  гэдэг мэдээлэл цахим орчинд тархаж, үүнийг Хууль зүйн сайд О.Алтангэрэл үгүйсгэсэнгүй. Гэхдээ П.Цагааныг Монголд албадан авчрах эсэх тухай асуудал маргаантай хэвээрээ байна.

 Б.Нүүдэл

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын … 6 цагийн өмнө
СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ 7 цагийн өмнө
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруул… 10 цагийн өмнө
 Их талын зураач 10 цагийн өмнө
Монгол ургийн мод ургадаг хүрээлэн 10 цагийн өмнө
​ “Сономбалжирын Буяннэмэх” сэдэвт маркийг 11 мянган ширхэг хэвлэжээ 11 цагийн өмнө
А.Мандалноров: Хөгжим тоглож байгаа хүмүүсээс дотоод ертөнц нь мэдрэгд… 11 цагийн өмнө
Эрсдэлээс хамгаалж, ихийг хэмнэгч “Timely” 11 цагийн өмнө
Олон улсын спортын хутга шидэлтийн сургалт зохион байгуулж байна 11 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Санал асуулгаа мартав даа, хэн минь! 13 цагийн өмнө
Хишиг даллага дуудуулах сайн 13 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 13 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав Өчигдөр
Б.Мөнхбаяр: Эрчимжиж буй нано технологийн судалгааг Монгол Улсад хөгж… Өчигдөр
Шинэ тэсрэлт: Жолигийн бүтээсэн Каллас Өчигдөр
Хамтын үнэ цэнийг бүтээж, нийгэмд эергээр нөлөөлсөн төслүүдийг онцолсо… Өчигдөр
Д.Төмөрхуяг: Хиймэл оюун ухааны ертөнцөд өдөр болгон ирээдүй бий Өчигдөр
Универсиад наадамд Монголын тамирчид спортын таван төрөлд өрсөлдөнө Өчигдөр