Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учралтай ярилцлаа.
-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг өөрчлөхөөр УИХ-д өргөн барилаа. Хуулийг өөрчлөх үндсэн шаардлага нь юу байв, гарах үр дүн, ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Засгийн газрын үйл ажиллагааны 14 хөтөлбөрийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн төрийн өмчит компаниудын бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийн төслийг хамтарсан Засгийн газар буюу гурван намын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг нэгтгэж, олон улсын хэд хэдэн компаниас өгсөн зөвлөмжид үндэслэн боловсруулсан хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ. Ингэснээр одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хуваарилах, мөн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, олон улсын жишиг хандлагыг баримтлан компанийн сайн засаглалыг бүрдүүлэх шаардлагатай. Энэ хуулийн төслийг баталснаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдол бүхий бодлогын чанартай маш олон үр дүн гарна гэж үзэж байгаа юм. Товчхондоо, төрийн өмчит компаниуд улс төрийн нөлөөнөөс ангид, чиг үүргийн давхардалгүй, өндөр бүтээмжтэй ажилладаг зөв жишиг тогтоно. Зардал нь захирлын урамшуулал болдог гаж тогтолцоо үндсээрээ үгүй болно.
Цаашлаад төр нь эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцох Үндсэн хуулийн үзэл санаа болон ардчилсан үзэл санаа бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой улс орнуудад нийтлэг мөрддөг “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой томоохон төслийг хэрэгжүүлэх, хувийн хэвшилтэй тэгш нөхцөл, ижил дүрмээр аж ахуй эрхлэх замаар баялаг бий болгох, баялгийг оновчтойгоор дахин хуваарилах тогтолцоог бий болгох суурь нөхцөл бүрдэнэ.
Иргэний хууль дахь хуулийн этгээдийн хэлбэрийг зөрчиж байгуулсан төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн статусыг тодорхой болгоно. Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй, зах зээлийн зарчмаар хөгжих боломжтой тодорхой салбарт төр хутгалдан орж, өрсөлдөөнийг хязгаарлах, алдагдал учруулах бизнесийн эрсдэлээс зайлсхийх боломж олгоно. Компанийн засаглалыг сайжруулж, хяналтын тогтолцоо, ил тод байдал, үүрэг хариуцлага, ашигт ажиллагаа нэмэгдэж, санхүүгийн үр ашиг, компанийн үнэ цэн өсөж, татварын орлого, төрийн эзэмшлийн ногдол ашиг сайжирна. Төр болон орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхээ ил тод, шударга, хариуцлагатай, өрсөлдөөнд саад учруулахгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гээд маш олон талын үр дүн гарна гэж харж байна.
-Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн компаниудыг хэчнээн хувиар бууруулах вэ. Эдийн засгийн тооцоолол хэрхэн гарсан бол?
-Энэ хуулийн хүрээнд бид тодорхой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэнэ. Тодруулбал ТУЗ-ийг хараат бус байх зарчмаар хангуулахын тулд ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх захирлуудын босго, шаардлагыг компанийн гүйцэтгэлийн үнэлгээ, бизнес төлөвлөгөөнд суурилан үнэлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн төр ямар тохиолдолд төрийн өмчийн компани байгуулж ажиллах вэ гэдгийг хуульд хатуу суулгаж өгч байгаа. Үүний дагуу таван тохиолдолд төрийн өмчийн компани байгуулж болно, бусад тохиолдолд төрийн өмчийн компани байгуулах боломжгүй болж байна.
2023 оны байдлаар Төрийн өмчийн хороонд 122 компани тайлангаа ирүүлсэн. Харин нийт ажиллагсдын тоо 58 мянгад хүрсэн байна. Үүнээс 4.7 их наяд төгрөгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт мэдээллээ ирүүлдэг 122 компанийг үндсэн таван компани л нэгтгэж бүрдүүлдэг. 51 компани нийлээд 380 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлдэг. Үлдсэн буюу 41-42 компани -150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэдэг дүгнэлт гарсан.
Тиймээс энэ хуулийг баталснаар бид статусыг ойлгомжтой болгоно. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компани Баялгийн санд төсөв, орлого төвлөрүүлэх үүрэгтэй ажиллана. Эдгээр компанийг Төрийн өмчийн корпорац буюу хөрөнгийн менежмент хийдэг, засаглалын сайжруулдаг менежментийн компанитай нэгтгэж зохион байгуулна. Үүний хүрээнд уул уурхайн чиглэлийн “Эрдэнэс монгол” нэгдэл, уул уурхайн бус үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудыг “Эрчэс монгол” гэсэн хоёр нэгдлийн хүрээнд төрийн өмчийн компаниуд цаашдаа үйл ажиллагаа явуулна.
Харин бусад яаманд байдаг улсын төсөвт үйлдвэрийн газар гэдэг нэртэй нэг талаараа аж ахуйн тооцоот, нөгөө талаасаа төсвөөс санхүүждэг байгууллагуудыг шинээр зохион байгуулах нөхцөл үүсэж байна. Үүний хүрээнд олон улсад нэрлэдэг Нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статус руу шилжүүлээд хувийн хэвшлээр хийлгэж болох ажлуудыг хийлгэдэг болно.
Ингээд эсвэл хувийн хэвшлийн гүйцэтгэлд, тухайн сайд өөрийнхөө багцаас тухайн хүмүүсийн цалин хөлсийг шийдээд авч явах буюу нийтийн үйлчилгээний байгууллага гэдэг статустайгаар авч явна. Эсвэл татан буугдана гэсэн үг. Тэгэхээр цаашдаа төрийн өмчийн компани гэдэг статус дотор ашиг, орлогогүй буюу алдагдал хүлээдэг компаниуд байх боломжгүй болно гэсэн үг. Харин үнэ тарифын зохицуулалттай зарим байгууллагын хувьд нэгтгэх үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг сайжруулах хуулийг өргөн мэдүүллээ.
-Төрийн өмчийн корпорацыг шинээр байгуулах юм байна. Тэгэхээр одоогийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар /ТӨБЗГ/ цаашид ямар байдлаар, хэрхэн ажиллах вэ?
-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар гэдэг Засгийн газрын тохируулагч агентлаг энэ хуулиар улс орны хэмжээнд байгаа төрийн болон орон нутгийн өмчүүдийг бүртгэдэг, хяналтаа тавьдаг газар болно. Мөн дээрээс нь Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг байгууллагын статустайгаар ажиллана. Харин компанийн засаглалд шууд оролцдог байдлыг хулиар бүрэн зогсоож байна гэсэн үг. Энэ хүрээнд олон улсын сайн туршлагууд буюу OECD олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан зургаан зөвлөмж, TBI-ийн гурван зөвлөмжийг гол үндэслэлээ болгосон.
Олон улсын эдгээр жишгийн дагуу Төрийн өмчийн корпорац нь тухайн компаниудын ашиг орлогыг нэмэгдүүлдэг, хөрөнгийн менежмент хийдэг статустайгаар үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Уул уурхайн бус төрийн өмчийн компаниудыг энэ корпорацтай нийлээд эхлэхээр дотор нь эрчим хүч, банк санхүү, цахилгаан тээвэр ба бусад гэсэн дөрвөн салбартай л байна гэсэн үг. Эрчим хүчний 34 компани байхад үүнийг долоо болгоод нэгтгэж зохион байгуулах юм. Үүний үр дүн нь эргээд төсвийн хэмнэлтээс авахуулаад давхардсан чиг үүргүүдийг арилгаснаар харагдах юм. Ингээд үр дүнд нь өнөөдрийн төрийн өмчит 122 компани 56 болж цөөрөх тооцооллыг хийлээ. Ингэснээр олон улсын жишгээр болох shared service буюу дундын үйлчилгээ явуулаад эхлэхээр чиг үүргийн давхардлыг арилгахад төрийн өмчит компани бүр дэргэдээ Мэдээлэл технологи, аж ахуй, архив, олон нийттэй харилцах, гадаад харилцаа, санхүү зэрэг олон хэлтэстэй байдаг. Энэ давхардсан чиг үүрэг байхгүй болно. Жишээлбэл, санхүүгийн хэлтэст 10 хүн ажилладаг байсан бол ганцхан хүн ажиллаад Төрийн өмчийн корпорац дундын үйлчилгээ маягаар үйл ажиллагааг нь явуулснаар бүтээмж нэмэгдэнэ. Бүтээмж гэдэг нь байгаа нөөцийг зөв хуваарилснаар эдийн засгийг хэрхэн тэлэх вэ л гэдэг зорилт. 122 компанийг 70 болгоно. Үүн дотроо 56 нь толгой, 14 нь охин компани болгож зохион байгуулах боломж хуулиар бүрдэнэ. Ингээд ТУЗ-ийн тоо 31, гишүүдийнх 279, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын тоог 31-ээр цөөрүүлж байна.
Түүнчлэн цалин болон үйл ажиллагааны зардлаас эхний ээлжид 4.9 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм. Төрийн өмчийн компанийн захирлууд өнөөдрийн хуулиар хэдэн хүн удирдан ажиллаж байгаагаас үл хамаараад төрийн өмчийн компанид мэргэжилтэн ч болж болдоггүй зохицуулалттай. Төрийн өмчит компанийн газар, хэлтсийн дарга, мэргэжлийн инженерүүд төрийн алба хашиж байгаа биш, нийтийн алба, хувийнх ч бас биш буюу стастус нь ойлгомжгүй байсныг зохицуулж, нийтийн үйлчилгээний албаны хэлбэрт оруулна. Ирэх хаврын чуулганаар төрийн албаны реформыг хийхдээ Төрийн албаны ерөнхий хуулийг дагалдулаад нийтийн үйлчилгээний алба гээд багш, эмч гээд ажилтан албан хаагчдыг төрийн албаны ангиллаас гаргана.
Ингэснээр төрийн алба цомхон, чадварлаг болох бололцоо бүдэнэ. Харин эргээд төрийн албанд ажиллах болон төрийн компани байгуулах босго маш өндөр болно. Жишээлбэл, төрийн өмчийн компанийн захирлаар ажиллах хүн сүүлийн хоёр жилд улс төрийн намд ажиллаагүй байх ёстой гэх мэт хатуу заалтыг оруулж өгч байна. Үр дүнд нь төрийн өмчит компанийн удирдлагуудын нэр хүнд цаашдаа өсөх болно. Компанийн ашигт ажиллагаанд суурилсан цалингийн тогтолцоог ТУЗ өөрөө шийдвэрлэдэг болно. Жил бүр гүйцэтгэлийн үнэлгээ хийнэ, гурван жил тутамд алдагдлаа бууруулаагүй бол захирлыг чөлөөлдөг тогтолцоотой болох юм. Эцсийн дүндээ ингэж буурсан зардлын хэмжээгээр Баялгийн сангийн хөрөнгийг өсөн нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Уул уурхайн ч бай, уул уурхайн бус ч бай төрийн өмчит компаниуд цаашдаа Баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор ажиллана.
-Тэгэхээр цаашид төрийн өмчийн бүх компани ашигтай ажиллаж, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг болно гэж ойлголоо. Харин улсын төсөвт үйлдвэрийн газар гэж байхгүй болох хэрэг үү?
-Цаашдаа улсын төсөвт үйлдвэрийн газар гэдэг ойлголтгүй болно. Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг төрийн өмчийн компанийн статусаас гаргана гэсэн үг. Жишээлбэл, зарим яам дэргэдээ зөвхөн хувцас оёдог газартай байхад зарим нь хэвлэх үйлдвэртэй хүртэл байх жишээний. Энэ тогтолцоо нь өөрөө хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох зардал байдаг.
Үүнийг ирэх оны төсөвт Сангийн яамны нэмэлтээр улсын төсөвт үйлдвэрийн газар шиг статустай байгууллага байгуулах дээр өөрсдөө санхүүгийн бололцоогүй бол үйл ажиллагааг нь зогсоогоод бусдаар гүйцэтгүүлэх зардлыг нь нэмээд хувийн хэвшлийн оролцоог хангуулах зорилтыг дэвшүүлж байна. Үүний хүрээнд дарга нар болон захиргааны хэлтсүүдийн тоо буюу чиг үүргийн давхардлыг бууруулснаар эхний байдлаар 11.8 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол гарсан. Хүний нөөц, хууль эрх зүй, төлөвлөлттэй холбоотой ажлын байрны давхардлыг бууруулах хүрээнд 9.9 тэрбум төгрөг хэмнэнэ. Ингээд урьдчилсан байдлаар 26.7 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоолол гарсан.
Хуулиа ямар ч байсан өргөн мэдүүлсэн, ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжвэл УИХ-аас Ажлын хэсэг байгуулагдана. Ингэснээр ирэх хаврын чуулган хүртэл хуулийг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулж байгаа юм. Дараа нь хаврын чуулганаар эцэслэн баталбал араас нь Засгийн газраас төрийн өмчийн компаниудын баримтлах үндсэн чиглэлийг оруулж ирнэ. Ингэхдээ аль компаниудыг листэд оруулах вэ гэдгийг шийдвэрлэнэ. Ингээд эхлэхээр ирэх оны төсөв зардалгүй буюу төрийн өмчийн компаниуд ашиггүй ажиллана гэдэг ойлголт байхгүй болно. Ингээд төрийн өмчийн компаниуд заавал ашигтай ажилладаг зөв зарчим руугаа шилжинэ. Ашигтай ажилласан төрийн өмчит компанийн захирал алдагдалтай ажилласан компанийн захиралтай ижил цалинтай бус үр ашиг, бүтээмжээ үнэлүүлдэг зөв тогтолцоог бүрдүүлнэ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна