“Орано Майнинг САС”-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөл бүрдлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг дэмжин баталлаа.  Ингэснээр өнгөрсөн онд баталсан Цөмийн энергийн  тухай хуулийг “амилуулж”, шар нунтаг буюу ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ хийх эрх зүйн нөхцөл, боломж бүрдэж байна. Энэ талаарх Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулав. Тэрбээр  УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Цөмийн  энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цөмийн энергийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэдгийг онцолсон. Цөмийн энергийн тухай хуулийн 30.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1-д заасан гэрээг хөрөнгө оруулагчтай Засгийн газар байгуулахдаа УИХ-ын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Байнгын хороотой зөвшилцөнө” гэж заасныг үндэслэн Засгийн газраас  энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг САС” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг санал, дүгнэлтдээ дурдлаа. Мөн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар бүлгээр “Олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тусгайлан зохицуулдаг боловч Цөмийн энергийн тухай хуульд заасан хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг хуульчлаагүй байна. Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийг энэ хуулиар зохицуулаагүй бол уг асуудлыг хэлэлцэх дэгийг Ёс зүй, дэгийн байнгын хороо хэлэлцэж, саналаа нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу уг хуулийн төслийг тус Байнгын хороо  2025 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг  Б.Баярбаатар гишүүн онцлов. Хуулийн төсөл нь 12 зүйлтэй бөгөөд  гэрээний төслийг  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо тус тусдаа урьдчилан хэлэлцэхээс гадна нам, эвслийн бүлэг хэлэлцэн  санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлж нэгтгэн хэлэлцэх, тус Байнгын хороогоор төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуралдаанд танилцуулах, гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхээр төсөлд тусгалаа. Гэрээний төслийн агуулга, ач холбогдлыг харгалзан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гишүүдийн олонхын саналаар гэрээний төслийг  нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болох ба гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжсэн бол хамт оруулсан УИХ-ын тогтоол баталсанд тооцохоор, түүнчлэн уг хуулийг баталсан өдрөөс нь эхлэн Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөж дуустал хугацаанд дагаж мөрдөхөөр тус тус тусгасан гэдгийг танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, С.Ганбаатар, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, үг хэлсэн юм. Гишүүд зарчмын хувьд уг дэгийн тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн 7 дугаар зүйлд гэрээний төслийг дэмжээгүй шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ гэснийг үндэслэл бүхий шийдвэрээ хүргүүлэх гэж өөрчлөх, түүнчлэн дэмжээгүй асуудлаараа Засгийн газарт хугацаатай чиглэл өгөх асуудлыг тусгах боломжтой талаар, мөн гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно гэснийг хэрхэн ойлгох талаар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо шаардлагатай асуудлаар хаалттай хуралдах боломжийг нээж өгөх талаар хөндөж ярилцсан эсэхийг тодруулав. Байнгын хорооны дарга Б.Баярбаатар, П.Сайнзориг гишүүний саналыг дэмжиж, хуулийн төсөлд шалтгаан гэдгийг үндэслэл бүхий гэж засах боломжтой гээд УИХ-ын Тамгын газартай ярилцаад 12  зүйлтэй  хуулийн төсөлд гэрээний төслийн ач холбогдлыг нь харгалзаад буцаах, шаардлагатай бол УИХ-аар хэлэлцэхээр бүхий л боломжийг тусгасан. Харин хугацаатай чиглэл өгөхийг төсөлд заавал тусгах шаардлагагүй, тухайн үед нь зохицуулах боломжтой хэмээн хариулав. Мөн гэрээний төсөлтэй холбогдуулан бүх гишүүнд асуулт асууж, үг хэлэх эрхийг нээлттэйгээр тусгасан гээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хаалттай хуралдах зохицуулалт байдаг тул төсөлд тусгах шаардлагагүй гэж үзсэн хэмээн тайлбарлалаа. Ингэснээр Байнгын хорооны саналаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжлээ. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хуулийн төслийн эцсийн найруулгыг сонсох горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  Дараа нь Засгийн газраас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн зүгээс төслийн 1 дэх заалтад тусгагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн дугаар солигдсоныг өөрчлөх, тогтоолыг дагаж мөрдөх огноог тодорхой болгох талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэсэн бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг тогтоолын төсөлд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулахад баримтлах зарчмыг тодорхой болгох талаар дэд заалт нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаж, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулга, дэс дараалал, заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөх тухай найруулгын санал гаргасныг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эдгээр саналуудыг дэмжсэн гэдгийг танилцуулсан. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, О.Батнайрамдал, С.Ганбаатар, А.Ганбаатар, Б.Уянга, А.Ундраа, Б.Жаргалан нарын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй долоон саналын томьёолол бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжлээ. Ингэснээр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

 

Н.Оюундарийг Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжлээ

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдын томилгоог хэлэлцлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай  асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх Г.Ганболд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар тус тус танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналтай байгааг Г.Ганболд зөвлөх дурдлаа. Мөн уг асуудлыг Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд дэмжсэн гээд Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй Н.Оюундарь нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагч гэж үзэж байгаа  хэмээн танилцуулав.   Харин уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг  гишүүн Б.Жаргалан танилцуулгадаа онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Н.Оюундарийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигч болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, С.Бямбацогт, Д.Үүрийнтуяа, Ж.Батсуурь, С.Эрдэнэболд, М.Бадамсүрэн, Ж.Золжаргал, Ц.Сандаг-Очир, А.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд нэр дэвшигчээс Элчин сайдаар томилогдвол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хийхээр зорьж үйл ажиллагаа, бодлогыг илүүтэй лавлахын зэрэгцээ төрийн болон дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй ийм хүнийг нэр дэвшүүлж буйг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн гишүүд  нэр дэвшигчдэд хандан хоёр улсын импорт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах, Польш улсын Элчин сайдын яамнаас тус улсад зорчих монгол иргэдэд виз олгохгүй байгаад анхаарч ажиллахыг захиж байлаа.  Ингээд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Оюундарийг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь дэмжсэн тул энэ талаарх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр тогтлоо.

М.Өнөржаргал

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 13 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 21 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр