Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Шилдэг намын хороо”-оор Д.Саруул-Ирээдүй Засаг даргатай 42 дугаар хорооны хамт олныг тодрууллаа. Тус хороо нь 2019 оны наймдугаар сарын 1-нд байгуулагдсан бөгөөд 1539 өрхийн 5246 хүн амтай. Байгуулагдаад удаагүй ч өнгөрсөн таван жилийн хугацаанд ажил хөдөлмөр, бүтээн байгуулалт, ололт амжилтаар манлайлан яваа намын хороодын нэг төдийгүй өдгөө “Сонгинохайрханы хөгжлийн сэргэлт” 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Тус намын хорооны дарга Д.Саруул-Ирээдүй “Аливаа байгууллагын амжилтын үндэс нь иргэдийн идэвхтэй үйл ажиллагаа байдаг. Манай намын байгууллага өнгөрсөн цаг хугацаанд эв нэгдэлтэйгээр нэг зорилгын төлөө хамтын хүчээр ажилласаар ирсэн. Жил бүр шинэ санаачилга гаргаж төр, нийгмийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэн бүтээлчээр ажилласаар 2020 оноос “Эко хороо” болгох зорилтоо хэрэгжүүлж ахмадууд, хүүхдэд ээлтэй хороо болоод байна. Түүнчлэн “Манай хороо-Миний гудамж” уралдаанд манлайлж хороо байгуулагдсан цагаас хойш баг хамт олноороо амжилтууд гаргасаар байна” гэв. Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 42 дугаар салбар хороо нь
- 2022 онд-“Дүүргийн тэргүүний хороо”
- 2023 онд- Нийслэлийн шилдэг хороог тодруулахад гуравдугаар байр,
- 2023 онд- Ахмадад ээлтэй төрийн байгууллага,
- 2023 онд- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлаараа гуравдугаар байр,
- 2024 онд-Дүүргийнхээ “Шилдэг намын хороо”-гоор шалгарсан амжилттайгаар хуучин жилээ үдэж шинэ оноо эхлүүлж байна.
Энэхүү бүтээлч хорооноос ахмадад ээлтэй хоёр аж ахуйн нэгж байгууллага тодорсон нь Өлзийжаргал захиралтай “Самбарай” ХХК, Отгонсүрэн захиралтай “Цагаан нуурын цалгиа” ХХК юм. Үүгээр зогсохгүй И.Батмөнх, С.Рэгдэндагва өрхийн тэргүүнтэй айл өрх “Нийслэлийн тэргүүний өрх”-өөр шалгарснаас гадна дүүргийн тэргүүний өрхөөр зургаан айл шалгарсан нь намын хорооны гишүүдийн ажил хөдөлмөрийг илтгэнэ.
2019 онд хорооны нутаг дэвсгэр 40 хувийн ногоон байгууламжтай байсан бол өнгөрсөн оны байдлаар 90 хувьд хүрчээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн ажлын илрэл бөгөөд намын ахмад гишүүд болон айл өрх бүр дэмжин хашаандаа мод, бут сөөг тарьж иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Цаашид бүх айл өрх ногоон байгууламжаа нэмэгдүүлж “Нэг өрх-Нэг мод” аяныг өрнүүлэхээр зорьж байгаа юм. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын 42 дугаар хорооны дарга Д.Саруул-Ирээдүйгээс өнгөрсөн жилийн УИХ-ын болон нийслэл, дүүргийн орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар тодруулахад тэрбээр “Манай тойрогт УИХ-ын сонгуульд таван мандатаас манай хороо 5:0, НИТХ-д таван мандатаас 5:0, дүүргийн ИТХ-д нэг мандаттай оролцсоноос 75 хувийн санал авч амжилттай оролцсон. Энэ амжилтын үндэс нь намын гишүүд болон иргэдийн бидэнд итгэсэн итгэл юм” хэмээн хариуллаа. Түүний тэргүүлж буй намын хороо 2020, 2021, 2024 онд гурван шатны сонгуульд МАН-ыг багаар нь дэмжиж ялалт байгуулсан. 2020-2024 онд МАН багаараа гарч олон ажил хийж, зохион байгуулсны үр дүн энэ жилийн сонгуулиар илэрч байна. Тус хороо нь байгуулагдаад таван жил болж байгаа ч иргэдтэйгээ эргэх холбоотой ажилладаг нь олон амжилтад хүргэжээ. Намын гишүүд, идэвхтэн сонгуультныхаа манлайллын чадамжийг нэмэгдүүлэх, улс төрийн оролцоог дэмжин анхаарлаа хандуулан ажилласан байна. Тэр дундаа улс төрийн ажилтнууд иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, үйл ажиллагааныхаа менежментийг боловсронгуй болгоход анхаарал хандуулсан нь ялалт, амжилтын цөм нь юм.
МАН-ын засаглал барьсан дөрвөн жилийн хугацаанд иргэдийн аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх, хүүхэд залуус, ахмадынхаа амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зориулалтын спортын талбай, 3х3 сагсан бөмбөгийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, зуслангийн бүсэд цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулан ажиллаж байна. Бүтээн байгуулалтын хувьд хороо, өрх, цагдаагийн цогцолбор болон 240 ортой цэцэрлэгийн байрыг бий болгон ажиллажээ.
Тус хороо нь 2019 онд байгуулагдахдаа 10 хувийн гэрэлтүүлэгтэй байсан бол иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс жил бүр үүнд анхаарснаар өнгөрсөн онд гэрэлтүүлгийнхээ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан байна. Цаашид тус хорооны нутаг дэвсгэрт халиа тошин их үүсдэг мөн зундаа үерийн ус их ордогтой холбоотой Хайрхан талд далан хийх ажлын зураг төслийг гарган ажиллаж байна. Тус хороо нь Сонгинохайрхан дүүргийн “Шилдэг намын хороо”-оор 2024 онд шалгарсан нь тухайн намын хорооны салбар зөвлөлийн дарга нартай уялдаа холбоотой ажилласны үр дүн юм. Мөн дүүргийн МАН хороо нь эмэгтэйчүүдийн оролцоог 42 хувиар нэмэгдүүлэн ажиллаж байна.
Я.Марууш
/Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны МАН-ын хорооны Ахмадын зөвлөлийн дарга/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна