Б.Мөнхбаяр: Эрчимжиж буй нано технологийн судалгааг Монгол Улсад хөгжүүлэх бүрэн боломжтой


Австрали улсын Гриффитийн их сургуульд бие даасан судалгааны баг удирддаг, химийн ухааны доктор Б.Мөнхбаярыг “Судлаачийн үг” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр Австралийн Засгийн газар, Шинжлэх ухааны консулаас олгодог залуу эрдэмтэний шагналтай. Түүний багийн судалгааны үндсэн чиглэл бол материал судлал, сэргээгдэх эрчим хүч юм. Тэр дундаа нарны эрчим хүчтэй холбоотой шинэ технологи дээр ажилладаг  аж. Судалгааны бүтээл, төслийн тайлангаа дэлхийн хэмжээний өндөр импакт фактортой сэтгүүлүүдэд  хэвлүүлжээ.

-Та нано технологийг судалдаг. Дагнасан судалгааныхаа сэдэв, онцлогоос хуваалцана уу?

-Нано шинжлэх ухаан болон нано технологи гэхээр харьцангуй том, өргөн сэдвийг хамарна. Хими, физик, биологи, инженер, анагаахын ухаан, мэдээлэл технологи, материалын шинжлэх ухаан гээд салбар бүр нано технологи, нано шинжлэх ухаантай холбоотой болсон. Манай судалгааны баг энэ том салбарт голчлон материалын шинжлэх ухааныг химийн болон физикийн суурьтай холбон нарийвчлан судалдаг юм. Материалын шинжлэх ухаан гэхээр уншигчдад тодорхойгүй санагдаж магадгүй. Бидний эргэн тойронд харж, барьж, хэрэглэж буй бүх зүйл материалтай холбоотой. Физик, хими, механик шинж чанараас нь хамаараад бидний өдөр тутам хэрэглэдэг полимер буюу пластик уут, хоолны сав, зарим сандал, ширээ, хагас дамжуулагч буюу ухаалаг утас, телевизор, компьютер, угаалгын машин, хөргөгч, металууд буюу автомашин, барилгын материал, хоолны тогоо гээд олон төрлийн материал бий. Манай багийнхан ерөнхийдөө тодорхой хэдэн төрлийн материалын хими, физикийн, оптик,  электроникийн шинж чанарыг орчин үеийн микроскоп болон спектроскоп багаж ашиглан нарийвчлан судалдаг. Цаашлаад эдгээр шинж чанарыг өөрчилж, удирдах зорилгоор судалгаа хийж байна. Ингэж материалын шинж чанарыг өндөр түвшинд удирдсанаар материалыг тохирсон хэрэглээнд нь танилцуулж ашиглахыг зорьдог. Манай лаборатори одоогоор сэргээгдэх эрчим хүчний  “solar cells” буюу нарны гэрлийг цахилгаан эрчим хүч болгож хувиргах чадвартай нэвт харагддаг, уян хатан нимгэн ялтсан жижиг төхөөрөмж дээр ажиллаж байгаа.

-Их сургуулийнхаа судалгааны багийг ахлан ажиллаж байна. Ер нь танай баг энэ чиглэлээр олон улсад хэр нэр, нөлөөтэй вэ?

-Олон улсад танигдсан багуудтай харьцуулбал залуу баг. Австрали улсын Гриффитийн их сургуульд бие даасан судалгааны багаа 2022 онд байгуулсан. Дэлхийд нэр, нөлөөтэй эсэхийг хийж буй судалгааны ажил, олон улсын сэтгүүлд хэр олон удаа хэвлэгдэж, эшлэл татагдаж, гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэгдэж анхаарал татсанаар тодорхойлох байх. Судалгааны ажил хэр сонирхолтой шинэлэг байхаас гадна  хөрөнгө оруулалт, санхүүжилт авснаар нь үнэлдэг болов уу. Манай багт чадварлаг судлаачид, докторын оюутнууд байдаг учраас дэлхийд тэргүүлэх өндөр импакт фактортой сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлдэг. Ялангуяа бидний эхлүүлсэн нарийн мэргэжлийн судалгааг  Австралид цөөхөн баг  хэрэгжүүлдэг.

-Австралид судалгааны ажил хийхийн давуу талаас дурдана уу. Санхүүжүүлэх сан, тусгай лаборатори гээд шинжлэх ухаанд хэр ээлтэй улс вэ?

-Австралийн “Research & Development” (R&D)-ийг дэмжиж санхүүжүүлдэг хэд хэдэн эх үүсвэр байдаг. Австралийн Засгийн газар, мужуудын Засгийн газрууд, аж үйлдвэрийн салбарууд, гаднын хөтөлбөрүүдийг дурдвал олон. Сүүлийн жилүүдэд R&D-д хөрөнгө оруулалт хийж буй зардал болох “R&D intensity” нь Дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор хоёр хувьтай тэнцдэг.  Гэхдээ Австралийн нийт хүн амын тоо болон судалгааны ажил R&D хийж буй хүмүүсийн тоог тооцвол санхүүжилт авахад өрсөлдөөнтэй. Багийн болон судлаачийн хувийн чадвар, төслийн шинэлэг тал, үр өгөөж зэргийг харгалзан санхүүжилт олгодог. Манай багийн хувьд одоогоор дээрх шаардлагыг харьцангуй сайн хангасан учраас амжилттай сайн санхүүжилт авч байгаа гэж хэлж болно. Энгийн болон тусгай лабораторийн тухайд их сургуулиас гаргаж өгдөг юм. Мэдээж хүссэн бүгдэд олгохгүй,  өрсөлдөөн өндөртэй санхүүжилт авсан судлаач, профессорыг дэмждэг. Лабораторитай болсны дараа багаж, тоног төхөөрөмж авах гэж том ажил бий.  Яг л орон гэрээ тохижуулахтай ижил. Зарим энгийн багажийг сургуулиас олгоно. Харин чухал тоног төхөөрөмжөө сургуулийн дотоод болон Засгийн газрын хөтөлбөрүүдэд материалаа илгээж, шалгарвал авдаг. Манай баг гурван жил дарааллан шалгарч шинэ багаж, төхөөрөмж авсан.

-МУИС-д багшаар ажил­лаж байсан учраас танхи­мынхантайгаа одоо ч холбоотой, хамтын ажиллагаатай байдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. БНСУ-ын  Гёнгсаны Үндэсний их сургуульд 2012 онд магистраа хамгаалсны дараа эх орондоо ирээд МУИС-д физик, химийн багшаар ажилласан.  Докторын зэргээ хамгаалж, бие даасан судлаач болоод МУИС-ийн багш нартайгаа хэд хэдэн төсөлд хамтран ажиллаж байна. Профессор Д.Сарангэрэл багштайгаа байнгын холбоотой хамтран ажилладаг. МУИС-ийг 2010 онд хими технологич мэргэжлээр төгсөхөд диплом удирдсан багш минь.

-Монгол Улсад энэ чиглэлийн судалгааг хөгжүүлэх нөөц боломж бий юу?

-Дахин хэлэхэд, манай багийн судалгааны үндсэн чиглэл бол материал судлал, сэргээгдэх эрчим хүч. Тэр дундаа нарны эрчим хүчтэй холбоотой шинэ технологи дээр ажилладаг. Миний болон багийн судлаач, оюутнуудын суурь чиглэл бол хими, физик.  Энэ чиглэлийн монгол залуусыг багтаа авахыг эрмэлздэг. Манай багийн монгол судлаачид өндөр чадвартай. Монгол Улсад их сургуульд суурь мэргэжлийг сайн заадгийн үр өгөөж. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй нарийн мэргэжлийн судалгааг Монгол Улсад хөгжүүлэх бүрэн боломжтой. Амжилттай хөгжүүлэхийн тулд дотоод болон гадаадын судлаачидтай хамтран ажиллахыг чухал гэж үздэг.

-Монгол судлаачидтайгаа хамтран төсөл, судалгаа хийдэг гэхээр олзуурхууштай санагдлаа. Одоо хэрэгжүүлж буй төслийнхөө тухай сонирхуулна уу?

-2022 оноос эхлэн Гриффитийн их сургуулиас санхүүжилт авсан төслөө дуусгаж байгаа. Д.Сарангэрэл багш маань хамтран ажилласан бөгөөд Монголын “Нано Интернэйшнл” компани дэмжин оролцож, санхүүжүүлсэн. Уг төслөөр бид маш нимгэн нанометр хэмжээтэй хоёр хэмжээст 2D (two-dimensional) материалуудын тогтвортой байдал болон хими, физикийн шинж чанарыг судлан шинэ төрлийн нарны зайн технологийн электрод болгож ашиглах боломжийг судлалаа. Төслийн судалгаагаа хэд хэдэн олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Тухайлбал, 24.4 импакт фактортой  “Advanced Energy Materials” сэтгүүлд 2023 онд нэг өгүүлэл, 14.0 импакт фактортой “Journal of Energy Chemistry” сэтгүүлд 2024 онд нэг өгүүлэл хэвлүүлсэн. Мөн 2025 оны нэгдүгээр сараас АНУ-ын Батлан хамгаалах яамнаас олгож эхэлж буй  “Office of Naval Research Global”-ын санхүүжилттэй төслийг МУИС болон гадаадын их сургуулиудтай хамтран хэрэгжүүлэхээр болсон. МУИС-ийн Д.Сарангэрэл профессор, Тайванийн их сургуулийн С.Батжаргал доктортой хамтран ажиллана. Гурван жилийн хугацаанд перовскить гэдэг кристал бүтэцтэй хагас дамжуулагч материалын шинж чанарыг нарийвчлан судлах юм. Төслийн хүрээнд оюутан, залуу судлаачдыг МУИС, Тайванийн их сургууль, Гриффитийн их сургуульд бэлтгэх давхар зорилготой. Энэ сард эхлэх учир оюутан, судлаачдаа сонгох ажилтай байгаа.

-Гадаадад амжилттай сурч, их сургуульд багшлах боломж, урилга тэр бүр хүнд олдохгүй. Анх судлаач багшаар Австралид ажилласан тухайгаа дурсвал?

-Би 2017 онд Австралийн Аделайдын их сургуульд докторын зэрэг хамгаалсан юм. Докторын дипломын ажлаа шалгалтанд явуулчихаад үргэлжлүүлэн докторын дараах судлаачаар Флиндерсийн их сургуульд ажилласан. Уг сургуульд жил гаруй ажилласны дараа удирдагч профессор маань Квинсландын их сургуулийн удирдах албан тушаал “Pro-Vice Chancellor Research Infrastructure”-аар ажиллахаар Брисбань хот руу нүүв. Би ч профессор багшаа дагаад Квинсландын их сургуульд хоёр дахь ажилдаа орсон.  Квинсландын их сургуульд нэг жил гаруй ажиллах хугацаанд их зүйл сурж мэдсэн. Манай профессор удирдах албан тушаал хашиж, завгүй учир би судалгааны багийн ажил, оюутнууд удирдах, хяналт тавих, төслийн грант бичих, тайлан, өгүүлэл шалгах, хэвлүүлэхэд анхаарсан. Тэр үедээ завгүй ажиллалаа гэж бодож байсан ч бие даасан судалгааны баг удирдах хэмжээний туршлага хуримтлуулжээ. Ингээд одоо ажиллаж байгаа Гриффитийн их сургуульдаа 2019 онд ирсэн. Аль хэдийн таван жил өнгөрчээ. Тус их сургуульд багшлаад анх удаа  докторын (PhD) оюутан удирдсан нь 2024 онд эрдмийн зэргээ амжилттай хамгааллаа. МУИС-д бакалавр, магистраа хамгаалсан чадвартай монгол судлаач байгаа.

-Австралийн Засгийн газар, Австралийн эрдэм шинжилгээ, судалгааны консулаас олгодог “Discovery Early Career Researcher Award” шагналыг хүртсэн. Танаас гадна энэ шагналт монгол эрдэмтэн байдаг уу?

- Гриффитийн их сургуульд ажил­лаад одоог хүртэл ойролцоогоор 3.1 сая долларын судалгааны санхүүжилт авчээ. Хамгийн чу­хал грант нь Австралийн эрдэм шинжилгээ, судалгааны консулаас олгодог “Discovery Early Career Researcher Award”  юм. Энэ шагналыг хүртсэнээр бие даасан судалгааны баг удирдаж эхлүүлэх боломж бүрдсэн. “Discovery Early Career Researcher Award”-ийн төслөө 2022 оны хоёрдугаар сард эхлүүлсэн энэ сард дуусна. Төслөө амжилттай хамгаалж байгаагаас гадна олон чадварлаг докторуудыг бэлтгэн, судалгааны ажлуудаа нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Би энэхүү шагналыг 2021 онд авсан. Өмнө нь Куртиний их сургуулийн монгол профессор 2018 онд хэл шинжлэлийн салбарт хүртэж байсан. Ирээдүйд олон монгол судлаач нар  “Discovery Early Career Researcher Award”  болон нэр хүндтэй шагналын эзэд болно гэдэгт итгэлтэй байна.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/ 


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.18
17 цагийн өмнө
0
0
Мундаг залуу эрдэмтэнд амжилт хүсье
Хариулах
66.181.186.190
22 цагийн өмнө
0
0
Амжилт хүсье.
Хариулах
Шинэ мэдээ
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын … 6 цагийн өмнө
СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ 7 цагийн өмнө
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруул… 10 цагийн өмнө
 Их талын зураач 10 цагийн өмнө
Монгол ургийн мод ургадаг хүрээлэн 10 цагийн өмнө
​ “Сономбалжирын Буяннэмэх” сэдэвт маркийг 11 мянган ширхэг хэвлэжээ 11 цагийн өмнө
А.Мандалноров: Хөгжим тоглож байгаа хүмүүсээс дотоод ертөнц нь мэдрэгд… 11 цагийн өмнө
Эрсдэлээс хамгаалж, ихийг хэмнэгч “Timely” 12 цагийн өмнө
Олон улсын спортын хутга шидэлтийн сургалт зохион байгуулж байна 12 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ийн цахилгаан шатыг шинэчиллээ 12 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 12 цагийн өмнө
Санал асуулгаа мартав даа, хэн минь! 13 цагийн өмнө
Хишиг даллага дуудуулах сайн 13 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 13 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав Өчигдөр
Б.Мөнхбаяр: Эрчимжиж буй нано технологийн судалгааг Монгол Улсад хөгж… Өчигдөр
Шинэ тэсрэлт: Жолигийн бүтээсэн Каллас Өчигдөр
Хамтын үнэ цэнийг бүтээж, нийгэмд эергээр нөлөөлсөн төслүүдийг онцолсо… Өчигдөр
Д.Төмөрхуяг: Хиймэл оюун ухааны ертөнцөд өдөр болгон ирээдүй бий Өчигдөр
Универсиад наадамд Монголын тамирчид спортын таван төрөлд өрсөлдөнө Өчигдөр