Хүний амьдралд давахгүй даваа, уулзахгүй хүн, хийхгүй ажил, хэлж болохгүй үг гэж байдаг. Улс орон, улаанбаатарчууд бидний хувьд ч ялгаагүй яг л тийм хийж болохгүй ажил, давж болохгүй давааны бэлд ирээд байна. Энэ нь шахмал түлшнээс татгалзаж, чулуун нүүрсээ түлэх гэдэг агуулгаар урагшаа биш ухрах уриалгыг нийгмийн тодорхой бүлгүүдээс гаргаад байна. Монголчууд чулуун нүүрснээс шахаж сайжруулсан түлшний хэрэглээнд шилжин ямартай ч нэг алхам урагшилсан. Энэ алхам хөрсөн дээр эргэн буудаг тортог утааг 50 хувь багасгаж чадсан гэдгийг би лавтай гэрчилнэ. Цагаан цас үзэлгүй өвөлжиж, цанд биш тортогт дарагдсан гэрийнхээ дээврийг шүүрдэн зогсдог байсныг мартах аргагүй. Гэхдээ хүн хэзээ ч өнгөрснөө харж амьдардаггүй ирээдүй рүү тэмүүлж явдаг учраас өнгөрснөө мартаж, маргаашаас илүү ихийг хүсдэг биз. Тиймээс шахмал түлшнээс, чулуун нүүрсний хэрэглээ рүү ухрах дэмий санаа. Харин үлгэр домогт л өгүүлдэгчлэн утаа гарахгүй түлштэй болвол сайхан биз. Одоо дараагийн алхмаа хийх цаг болсон. Урьдны үлгэрт гардаг шиг утаагүй түлш хэрэглэцгээе.
Улаанбаатар хот дэлхийн өргөргийн бүсээс хойш орших хамгийн хүйтэн нийслэл. Газар зүйн байршлын хувьд дөрвөн талаасаа уулсаар хүрээлэгдсэн хонхор, хотгор газар оршино. Энэ байршил нь сайн тал олонтой ч саар муу талууд ч бий гэдгийг бидэнд үзүүлээд байна. Анх их хотын шавыг тавихдаа Өндөр гэгээн маань автомашин арван түмээрээ багшралдаж, айл болгон чулуун нүүрс түлж утаа май тавина гэж тооцоолоогүй байх. Хэрвээ мэдэж байсан бол “За сүсэгтэн олон минь төдөн түмээс дээш Хүн чулууны хонхорт суурьшиж болохгүй шүү. Суурьшиж гэмээнэ утаа май бага гардаг түлээ түлш хэрэглэж хэвшээрэй” хэмээн лүндэн буулгах байсан биз. Хэрэв зээ ийн хэлсэн аваас бид өнөөдөр нэг дороо чихэлдэж суучихаад чичилдэн, бухимдаж байхгүй сэн. Тэгвэл сүсэгтэн олон нь өнөөдөр ямар байгаа билээ. Хүн чулууны хонхорт яг өнөөдрийн байдлаар 200 мянга орчим айл гэр хороололд амьдарч байгаагаас 95 мянга нь монгол гэрт, 105 мянга нь байшинд байна. Энэ 200 мянга орчим айл ердийн галлагаагаар орон гэрээ дулаацуулдаг. Нэг үгээр хэлвэл 200 мянган яндангаас утаа гарч байна гэсэн үг. Энэ нь нийслэл хотын агаарын бохирдлын 55.6 хувийн эх үүсвэр болж байгаа юм. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив гэдэг шиг далийгаад, тэнээд явчихлаа. Утаа гарахгүй түлээ түлш, уушги гэмтээхгүй унаа машины идэш хоолыг хэрхэн хэрэглэх тухай хүүрнэх санаатай юм сан.
Хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэмших, био инженерчлэл, нано технологи, хиймэл оюун ухааны талаар ярьж байхад бид гэр хорооллын утаа тортог, хөрсний бохирдолтойгоо зууралдаад сууж байгаа нь нэг талдаа гутамшигтай ч юм шиг. Гэхдээ нөгөө талаар өнгөрсөн зууны дунд үеэр болсон Лондон хотын гамшгийг бодвол бид асуудлаа танагтай дээр нь олоод харчихсан, зөв дорвитой шийдлээ гаргаад тавьчихсан сууж байгаа нь том ололт юм даа. Үр дүнд хүрэхийн тулд зогсолтгүй урагшилж, шантрахгүй хичээх хэрэгтэй гэдэг. Асуудалд бодитой хандаж, зөв дүгнэж, оновчтой шийдлээ олсон бол чимээгүй л урагшлах юм болов уу. Яг л нөгөө “Жингийн тэмээ явж л байдаг замын ноход хуцаж л байдаг” гэдэг шиг шийдэлгүй шүүмжлэлд ширвэгдчихгүй, шантрахгүй, зоримог байвал үр дүн гарч л таарна. Энэ зоримог шийдэл нь хийн түлшний хэрэглээнд шилжихийг хэлээд байгаа юм. Хийн түлшний хэрэглээнд шилжих нь чулуун нүүрсэн түлшнээс арга ажиллагааны хувьд тэс өөр гэдэг нь ойлгомжтой. Манайдаа л Шинжлэх ухааны хувьсгал шахуу юм болно. Учир юу гэвэл бидний уламжлалт түлшний хэрэглээ аргал, хөрзөнгөөс хэтрэлгүй явсаар хэдэн мянганыг өнгөрөөж XX зууны эхэн үед л чулуун нүүрс гэгч зүйлийг хэрэглэж сурсан байдаг. Суурин иргэншил ч юу билээ, сурсан дадсан ч юу билээ л байв даа. Уг нь хийн түлш хэрэглээд дадвал чулуун нүүрсний ялгаруулдаг нүүрсхүчлийн давхар исэл (CO2), азотын исэл (NOx) зэрэг бодисын ялгарал багасаж, агаарын бохирдлоос салах боломжтой. Дэлхий нийт агаарын бохирдлоос үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөөс салах олон янзын арга хэмжээ авч буйн нэг нь байгальд ээлтэй эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Нийтээрээ ч тэр зүг явж байна. Нар, салхины эрчим хүч, газрын дулаан, хийн түлшний хэрэглээ гээд улс орон бүр шийдэл эрэлхийлж байна. Бид хийн түлшний хэрэглээнд шилжих нь дэлхий нийтийг хамарсан ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд жинтэй хувь нэмэр оруулна. Дэлхийтэй хөл нийлнэ гэдэг сайхан хэрэг мөн биз дээ. Харин тэр шахмал түлшийг коксжих нүүрсээр хийх дараагийн алхам гээд байгаа нь яг оносон шийдвэр мөн үү. Ахиад л бөөн зардал гаргаад үйлдвэр тоног төхөөрөмжөө солиод явлаа гэхэд нэг их хол явахгүй л унаа санагдаад байгаа юм даа.
Харин хийн түлш орчин үеийн дэлхий ертөнцөд эдийн засаг, улс төрийн маш чухал бүтээгдэхүүн болоод байгааг бид өнөөдөр гадаад мэдээний цагаар өдөр алгасахгүй л сонсож сууна. Ногоон эрчим хүчний эх үүсвэр гэдэг утгаараа нар, салхин станцуудтай хослуулан ашиглаж нүүрсхүчлийн хийг бууруулахаас гадна асар их эрчим хүч үйлдвэрлэж байна. Хийн түлш хэрэглэснээр дэлхий дахинд үнэтэй технологитой гэгддэг металлург, химийн үйлдвэрлэл хөгжих боломжтой гэнэ. Түүнээс гадна олон улсад автомашин нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт ашиглаж байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэх юм хойно.
Хийн түлшийг ашиглах нь эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд онцгой хувь нэмэртэйг дээр дурдсан. Хийн түлш гүйцэд шаталттай темпратур өндөр ялгаруулдаг тул эрчим хүч үйлдвэрлэлийн процессыг илүү үр ашигтай болгож өртгийг бууруулна гэдгийг бодохын тулд заавал математикийн суутан байх албагүй. Ер нь монгол хар хүний гүйлгээ ухаан хэр баргийн зүйлийг өөриймсүүлээд авчихдаг давуу талтай. Ногоон эрчим хүч учир хийн түлшийг ашиглах технологи үргэлж сайжирч, шинэчлэгдсээр байгаа. Инженерүүд хийн түлшийг зөв, аюулгүй ашиглах аргачлалыг улам боловсронгуй болгож, зардал багатай үр дүнтэй шийдлүүдийг санал болгож ирсэн. Монгол инженерүүд ч юу дутах вэ. Үүнд нэг санаа шургуулахад намгийн хийг хямд өртгөөр гаргаж авах ухаан сийлсэн бизнесмэнүүд Монголд олон байдаг юм билээ. Тэдний боловсруулсан төслийн дагуу намгийн хий гаргах бага оврын танкууд олныг суурилуулбал тэдний ч, улс орны эдийн засагт нэмэр юм даа.
Ингээд хийн түлшийг хэрэглэх явцыг эхлүүлэхээс өмнө хэрэглэгчдийг мэдлэг, мэдээллээр хангаж, боловсролыг дээшлүүлэхэд юуны өмнө анхаарах хэрэгтэй. Тамхины асаагуур, хонины толгой хуйхлах баллонтой хийнээс өөр хэрэглээгүй ард түмэн шүү дээ бид чинь. Тиймдээ ч хийн түлш хэрэглэх тухай яриа гараад эхлэхээр иргэдийн дунд тэсэрч, дэлбэрнэ аюултай гэдэг түгшүүр төрдөг. Мэдээж аргал хөрзөн түлэх тухай ярьж байгаа биш болохоор системтэй сургалт, шинэчилсэн мэдээллээр хангаж байх нь зайлшгүй. Хуучин цагт арван гэрийн ухуулагч гэж байсан шиг “Улаан гэр”, ухуулан сэнхрүүлэх бригадаар иргэнд хүрч болох бүх л сувгаар хийн түлшний хэрэглээний талаар мэдлэг боловсрол түгээх ёстой болов уу. Улс орныг хамарсан биш юмаа гэхэд улаанбаатарчуудаа хамруулсан өргөн хэмжээний кампанит ажил зохион байгуулах хэрэгтэй. Яндан хөөлөх тухай, хий мэдрэгчээ хэрхэн ажиллуулах тухай заавар, зөвлөгөө өгдөг бүхэл бүтэн бүрэлдэхүүн ажилладаг биз дээ. Энэ бүрэлдэхүүндээ суурилаад л хийн түлшний хэрэглээний талаарх анхан шатны мэдээллүүдийг түгээхэд болох юм шиг санагдаж байна. Хийн түлш хэрэглэцгээе гэж өнөөдөр шийдээд маргааш нь айлууд руу хийгээ шахаад эхлэхгүй нь мэдээж. Системийг нь суурилуулахад нэлээд цаг хугацаа шаардана. Тэгэхээр дэд бүтцээ шийдэж байх хугацаандаа сургалт мэдээлэл, ухуулга сэнхрүүлгийнхээ ажлыг хийх нь байна.
Хийн түлшний хэрэглээг нийтэд нэвтрүүлэхийн өмнө бид энэхүү зүйлийн талаар бага ч атугай мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж би дэмий үглээд яах вэ. Уншиж цуглуулсан өчүүхэн мэдээллээ ч болов хуваалцаж байя. Үнэндээ иргэдийн айдас тийм ч ор үндэсгүй биш юм. Уг нь газрын тос, чулуун нүүрс зэрэг уламжлалт түлшийг орлох илүү цэвэр, ногоон эрчим хүчний эх үүсвэр. Гэхдээ энэ нь ч аюулгүй гэсэн үг биш. Дүнжингаравын уулзвар дээр болсон хийн түлшний дэлбэрэлтийн аймшигт хар мэдээ монголчуудын тархи, зүрхнээс арилаагүй байгааг хэлэх үү нэг л хүнийрхүү, жийрхүү хандаад байна. Мэдлэг мэдээлэлтэй болгох тухай гэж үүнийг л хэлээд байгаа юм. Гэнэтийн гал алдах эрсдэл үргэлж отож байдаг нь хийн түлшний нэг аюул. Гэхдээ бид чинь XXI зууны хүмүүс биз дээ гэнэтийн гал, дэлбэрэлтээс хамгаалахын тулд хий дамжуулах системээ зөв шалгаж тохируулах нь чухал гэдгийг ойлгохтойгоо. Хий дамжуулах системийг шалгах мэргэжлийн байгууллага байх нь зайлшгүй. Тийм байгууллагаар хий алдалт байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Зарим төрлийн хий тухайлбал метан алдагдах үед хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдгийг мэдэх ёстой. Аюулгүй байдлын талаар мэдээлэлтэй байх нь таны болон гэр бүлийнхнээ хамгаалахад мэдээж маш чухал үүрэгтэй. Хийн түлшийг хэрхэн аюулгүй, мэргэжлийн биш гэхэд мэдлэгтэй иргэний хандлагаар ашиглах нь чухал. Орчин үед эрчим хүчний хамгийн цэвэр, үр ашигтай эх үүсвэрүүдийн нэг гэж онцолж байгаа учраас бид байгаль орчинд ээлтэй, технологийн хөгжилтэй хосолсон бүтээгдэхүүн манай ирээдүйн эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтойд итгэн хамт ахиад нэг алхам урагшлах л хэрэгтэй. Харин хийн түлшийг мэргэжлийн байгууллагууд илүү дэлгэрэнгүй сурталчилж, хэрэглээг дэмжих нь байгаль орчноо хамгаалахад чухал нөлөөтэйг ухуулан сэнхрүүлэх ажлыг яг одооноос л эхлэх нь зүйтэй болов уу. Хэрэглэгчид, үйлдвэрлэгчид, Засгийн газартай хамтран хийн түлшний ашиглалт, боловсруулалт, түгээлтийн явцыг сайжруулснаар бидний дундах нийгэм, байгаль орчинд эерэг өөрчлөлт гарна.
Бас нэг зүйлийг мартах шахлаа. Мартах шахлаа ч гэж дээ энэ бичвэрийн хамгийн чухал зүйл ч байж магадгүй. Хийн түлшний системийг суурилуулахаас өмнө сургалт мэдээллээ өгөх нь тодорхой. Үүний дараа иргэдээс хамгийн түрүүнд санал асуулга авах хэрэгтэй гэж бодогдоод байгаа шүү. Хийн түлшний хэрэглээг дэмжих үү, үгүй юу. Танайх ийм хэрэглээг авах уу, үгүй юу. Ард нь хэн хэндээ хал балгүй юм даа, хэн минь.
Агаар нь цэнгэг, хүн ард нь жаргалтай Алтан тэвшийн хөндий, Хүн чулууны хонхороос тэрлэв.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна