Монголын хоёр дахь том Хуримын ордны үйл ажиллагааг сурвалжлах даалгавар аван ажлаас гарлаа. Гадаа гарахад өвлийн адаг улаагчин үхэр сарын цаг агаар ер бусын дулаахнаар тунарна. Гудамжаар алхах хүмүүс тайван агаад хоолны газрын онгорхой цонхоор уур савсан хавь ойрдоо цагаан манан татуулах нь хоёр есийн хүйтнийг сануулах аж. Замаас хөлсний унаанд суун зорьсон газартаа дөтөллөө. Хөлсний унааг жолоодох идэрмэг эр зам товчлон Гандантэгчилэн хийдийн хашаагаар дайрсан нь ер бусын мэдрэмж төрүүлэх аж. Хуримын ордны үйл ажиллагааг сурвалжлахаар явах замдаа Гандан хийдээр дайрна гэдэг бэлгэшээлтэй ч юм шиг.
Хуримын ордны гадаа ирлээ. Данхар хар цоож, давхар том царсан хаалга угтах вий хэмээн яс хавталзан явсныг хэлэх үү том цэцгэн эрхи, ваартай цэцэгс байрлуулсан босоо ширээ эгнэсэн үүдний цэлгэр том гонх угтахад гайхан зогтусав. Зүүн гар талд шилэн лангуутай бэсрэг кафе байх бөгөөд түргэн хоол, кофегоор үйлчилдэг бололтой. Биднийг үүдний гонхонд Баянгол дүүргийн Соёл урлаг, ёслол хүндэтгэлийн ордны дарга Ү.Амартүвшин угтлаа. Өргөөний үүдний гонх надад үнэхээр таалагдаж байна шүү. Дөрвөн давхар байшин шалнаасаа тааз хүртлээ харагдах бөгөөд гонхны баруун талаар өгсөх шат байна.
Ордны дарга биднийг хоёрдугаар давхарт байрлах өрөөндөө урьж, дагуулан явах зуур ордноо товчхон танилцуулаад амжлаа. Ү.Амартүвшин дарга бидэнд “Манайх Баянгол дүүргийн Гэр бүл, ёслолын ордон нэртэйгээр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 49 дүгээр тогтоолоор батлагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн. Соёлын яам Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болсонтой холбоотойгоор нэрээ өөрчилж Соёл урлаг, ёслол хүндэтгэлийн ордон гэдэг нэртэй болж тусдаа статустайгаар бүх үйлчилгээ, үйл ажиллагаагаа гэр бүл рүү чиглүүлж хариуцлагатай, ёс зүйтэй, үнэ цэнтэй гэр бүлийг бий болгохыг эрхэм зорилго болгон үйл ажиллагааны өргөн цар хүрээгээр ажиллаж эхлээд байна” хэмээн ярив. Үйл ажиллагааны өргөн цар хүрээгээр ажиллана гэдгийн учрыг ойлгохоор бодож суутал Ү.Амартүвшин дарга “Гэр бүл хөгжлийн төв бас тусдаа үйл ажиллагаа явуулахаар болсон. Манайх Баянгол дүүргийн хэмжээнд хуримын ёслолын үйл ажиллагаа явуулах биш улс орон даяар үйл ажиллагаа явуулах хоёр дахь хуримын ордон болж байгаа юм” хэмээн учгийг тайлах нь тэр. Дээшээ гуравдугаар давхарт залуусын цоглог хоолой сонсогдон соронздон татах агаад тэнд ямар нэгэн баярт үйл явдал болоод байх шиг. Арай өвлийн адаг улаагчин үхэр сарын улаагчин үхэр өдөр хуримын ёслол дээр хүрээд ирчихсэн юм биш байгаа.
Даргын өрөөнд цайгаар дайлуулж аваад гарлаа. Ордны дарга өрөөндөө бичиг цаасны ажилтай тул биднээс уучлалт гуйн үлдээд ордны ерөнхий менежер Л.Алтантуяад биднийг даатган хөтлүүлчихлээ. Ерөнхий менежер биднийг дагуулан гуравдугаар давхарт гарав. Ижилхэн хөх ягаан өнгийн хантааз, цагаан цамцаар гангарсан залуус хоёр эгнээ болон гудамлан зогсжээ. Шатны өөдөөс харсан хананд хаан бугуйвч, хатан сүйх урласан байх агаад Төрийн сүлд орой голд нь залжээ. Гудамлан зогссон хүүхдүүдийн араар элдэв цэцгэн эрхээр чимэглэсэн ширээ сандал тойруулан тавьжээ. Энэ танхимд залуу хос хайраа гэрчлүүлж нэрээ төрд данслуулдаг ажгуу. Гэрлэх ёслол үйлдэх гол танхимын хоёр талд байх бага өргөөнд хүргэн бэрүүд, худ худгуй хувцас хэрэглэлээ асаан, бэлтгэлээ базаадаг гэнэ. Эгнэн зогссон залуусыг юу хийж байгааг ерөнхий менежерээс асуувал “Бид өнөөдөр нэг подкаст бэлдэж байгаа юм. Зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөж соёл урлаг, ёслол хүндэтгэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулдаг болсон учраас шинээр хийж хэрэгжүүлэх ажлаа ард түмэндээ хүргэх зорилгоор ийм ажил хийж байна. Урьд нь гэрлэх ёслолоос гадна ТББ-уудын арга хэмжээг зохион байгуулдаг байсан юм билээ. Алт, мөнгөн хурим, Саран ээж, Дархан бэр тодруулах зэрэг арга хэмжээ зохион байгуулж, 16 нас хүрсэн залуусыг иргэний андгай өргүүлж Монгол Улсын иргэний үнэмлэх гардуулах ёслол үйлддэг байж" хэмээн өгүүлээд зохион байгуулалтын ажилдаа оров. Залуусын хувьд видео подкаст бэлдэх нь зугаатай байх бололтой. Цээжилсэн үгээ ээлжлэн хэлж алдсан нэгнээ шоолон хөхрөлдөх аж. Хуримын ордон монгол үндэстний бүхий л ястнуудын ёс заншлын дагуу гэрлэх ёслолын зан үйлийг үйлдэх боломжтой гэнэ. Энэ танхимд хайраа бөхөлсөн залуус дөрөвдүгээр давхарт гарч уламжлалт зан үйлээ гүйцэтгэдэг гэнэ. Бид хосуудын алхан гардаг шатаар өгсөн дөрөвдүгээр давхарт гарлаа. Яг л амьдралын шатаар өгсөх мэт. Дөрөвдүгээр давхрыг тэр чигт нь Автай сайн хааны далай цагаан өргөө эзлэн дүнхийнэ. Том ган тулга гэрийн голд байх ба зүмбэр хээтэй жижиг модон сандлууд өргөөний хоёр талаар жирийтэл өржээ. Хойморт хаан, хатны суудал хараа булаана. Хаан, хатны хос сэнтийн өмнө зүмбэр хээтэй их, бага хоёр ширээ байх бөгөөд хэвийн боовоор таваг засаж цагаан идээ, хорхой ааруулаар чимэглэжээ. Биднийг замчлан ирсэн ерөнхий менежер Л.Алтантуяа "Шинээр гал голомтоо бадрааж буй залуу хосын “Хуримын ёслолын зан үйлийг энд хийдэг юм. Ингээд ч зогсохгүй олон жил ханилсан ахмад хосын “алтан”, “мөнгөн” хурим, хүүхдийн сэвлэг үргээх ёслол, шинэ төрсөн бяцхан иргэдэд “гэрчилгээ гардуулах” ёслол, 16 нас хүрч байгаа хүүхдүүдэд иргэний үнэмлэх гардуулан иргэний андгай өргүүлэх ёслолыг ч энд зохион байгуулдаг” гэв. Ерөөсөө хуримын ордон гэдэг Монголын ургийн мод ургадаг хүрээлэн ажгуу. Ургийн мод энд үндэслэж, навч, нахиагаа дэлгэн, мөчир салаа нь ургаж, үндэс ёзоороо бөхлөн улам л өндөр сүрлэгээр орших ажгуу. Модод олшрон, салаалан ургасаар төгөл болмуй. Төгөл сүрлэг их ой болж цааш хаяа хярхаг нь үл харагдах гүн их тайга болох буюу. Энэ ургийн модыг тарьж төгөл болтол нь тордон ургуулагч цэцэрлэгчид нь Хуримын ордны албан хаагчид. Нөгөө талаас амьдрал гэдэг олон хөг эгшиг. Хөгжмийн долоон эгшиг нийлж нэгэн найрал үүсдэг шиг гэр бүл гэх хөг эгшиг өөр, өөрийн өнгөөр эгшиглэн нийлж амьдрал хэмээх симфони тоглодог биз. Энэ хөг бүр Хуримын ордноос анхны эгшиг аялгуугаа урсгаж эхэлдэг гэхээр мөн сонихон оо. Хуримын ордны удирдаач нь ерөнхий менежер болж таарах нь байна. Манай удирдаач биднийг дагуулан ордны бүх л өрөө тасалгаагаа үзүүлж тайлбарлаж явсаар эргээд гонхны дэргэд байх бэсрэг кафены ширээнд сууж байлаа. “Бид үйл ажиллагаагаа шинэчлэн явуулах болсон нь уран бүтээлчдэд бас нэгэн боломж нээгдэж байгаа юм шүү дээ” хэмээн өгүүлээд ямар нэгэн нууцыг тайлах гэсэн мэт хуйвалдангуй инээмсэглэв. Хуримласан хосууд цайллага хийх ресторантай, цахилгаан шат тавих зөвшөөрлөө авсан гэсэн одоо ямар гэнэтийн зүйл хэлж гайхшруулах юм бол гэж бодож амжаагүй байтал “Манай энд зохиолч, яруу найрагчид номын баяр, шинэ бүтээлийнхээ нээлтийг хийх боломжтой. Өөр бусад арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Манайх зай талбай, хоол цайгаар дайлж үйлчилнэ” гэв. Үнэхээр тийм боломжтой юм билээ. Кофегоор дайлуулаад бид гадагшаа гарлаа. Цэцэрлэгт хүрээлэнд, урлагийн тоглолт үзээд гарч буй мэт сэтгэгдэл төрж байна. Хуримын ёслолд ардын болон орчин үеийн хөгжим тоглоно гэнэ үү гэж бодсоор. Хуримын ордны ерөнхий менежер Л.Алтантуяа биднийг гаргаж өгөхдөө “Таны хуримын ёслолтой өдрөөс бусад өдөр цоожтой байдаг гэсэн бодлыг чинь өөрчилж чадсандаа баяртай байна” гэсээр үдсэн юм.
Би аман дотроо Хуримын ордны уриа болох "Таны нандин дурсамжтай хамт” хэмээн давтан хэлсээр буцсан юм.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24628/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна