Илүү сартай өвлийн адаг сар дундаа орж, хаа сайгүй хаврын урин цагийг даллан дуудаж байна. Хоёр он дамнан зарлагдсан жагсаал өнгөрөгч долоо хоногт Д.Сүхбаатарын талбай дээр болж, сүр дуулиантай уриа лоозон барьсан жагсагчид Төрийн ордон руу орох гэж хамгаалалтын албаныхныг сандаргаад авлаа. Энэхүү жагсаалыг гол зохион байгуулагчдын нэг “Элийрэгч” нэрээр сошиал орчинд олны танил болсон Ц.Уянга өөрөө Тайландаас ирсэнгүй. С.Эрдэнийн хүү Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй залуучууд жагсаал цуглаан нь бүтэлгүйтэж, харьцангуй цөөхөн хүн ирсэнд сэтгэл гонсгор байгаагаа ч нуухгүй байна. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд “Жагсаалын үеэр машинтайгаа төв талбай руу дайрч орсон. Бусдыг хутгалж байгаа мэт үйлдэл үзүүлсэн, мөнгө төгрөг тараасан” гэдэг шалтгаанаар хэд хэдэн хүнийг шалгаж байгаагаа нуусангүй. Гэхдээ дээрх этгээдүүд өмнө нь дандаа Эрүүгийн хуулиар ял шийтгэгдэж байсан хүмүүс байсан гэнэ. “Засгийн газар огцор” уриатай энэ жагсаалыг зохион байгуулагчид тарах сонирхолгүй, үргэлжлүүлэн жагсаал хийхээр мэдэгдэж, үргэлжлүүлэн өлсгөлөн зарлахаар бэлдэж байгаа гэнэ. Шаардлага нь тодорхой бус, бас зохион байгуулалт муутай, хэт их улстөржсөн жагсаалыг хэн санхүүжүүлэв гэсэн асуулт олон нийтийн дунд нээлттэй үлдлээ.
Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы урилгаар албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм байна. Айлчлалын үеэр талууд 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 21 аймгийн Засаг дарга нар оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ хуралдааны үеэр Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд, бүсийн хөгжлийн чуулганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион байгуулах, 2040 он хүртэлх бүсийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, хэлэлцэхийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо. Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”, Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”, Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”, Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”, Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”, Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”, Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” хэмээн тодорхойлсон. Үүний дагуу Бүсийн зөвлөлүүд байгуулагдах юм байна. Олон аймгийг хамарсан, Засаг дарга нартай эн тэнцэхүйц эрх мэдэлтэй бүсийн зөвлөлийн дарга нарын нэрс ч эхнээсээ сонсогдож эхлэв.
Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо. 30 гаруй жилийн өмнөөс яригдсан энэ гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм.
Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулж эхлээд байгаа. Хэдийгээр энэ шийдвэр гараад удаж байгаа ч үндэсний бичиг мэддэг, албан бичиг боловсруулах хэмжээний төрийн албан хаагчид цөөхөн байгаа юм. Монголчууд аливаа ажлыг цагийг нь тулгадаг хойно гэнэтхэн үндэсний бичиг сурах шаардлагатай олон хүн гарч ирж, монгол бичгийн багш нарын эрэлт нэмэгдэж, сургалтын төлбөрийн үнэ ч өсөж байна. Тиймээс Засгийн газраас чиглэл өгч, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах “Зөвлөмж” хүргүүлэхээр болж байна.
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд энэхүү төслийг иргэний нийгмийн төлөөллийнхөнд танилцуулах уулзалт боллоо. Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тодруулга өглөө. Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын хувьд авлига, албан тушаалтнуудтай тэмцэхэд хууль эрх зүйн орчин туйлын хүнд байсан. Удаа дараагийн Өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөсөн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 30 гаруй их наяд төгрөг буюу өнөөгийн ханшаар 50 гаруй их наяд төгрөгийг татвараас нуун дарагдуулж, Нийгмийн даатгалаас зайлсхийсэн, хууль бусаар цуглуулсан хөрөнгийг ил болгосон. Тэр байтугай Эрүүгийн хуулийн зүйл заалт хуулийн хулгайд хүртэл өртөж алга болсон. Ийм хүнд нөхцөлд өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх субьектууд ажиллаж ирлээ. Тиймээс авлигач албан тушаалтнуудаас заавал хөрөнгийг нь хураадаг болох ёстой. Албан тушаалтнууд хөрөнгөө нотолж чадахгүй бол хураана” гэж мэдэгдлээ. Энэ хууль батлагдсанаар сард гурван сая төгрөгийн цалинтай хэрнээ 300 саяын машин унадаг төрийн албан хаагчид хаанаас их хэмжээний мөнгө олсноо нотолж чадахгүй бол машинаа хураалгах юм байна.
Улсын Их Хурлаас Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхээр шийдвэрлэж, ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахалж байгаа. Асар их төсөв мөнгө, аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдах учраас энэ ерөнхий хяналтын нээлттэй сонсгол нэлээд халууухан болох бололтой. Ямартаа ч Ж.Чинбүрэн гишүүн өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор оруулах асуудлаа хаалттай хэлэлцүүлж, гишүүдэд тодорхой мэдээлэл өгөөд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт үндэслэн Засгийн газар шинэ Хархорум хотыг Орхоны хөндийд байгуулахаар ажлаа эхлүүлээд байгаа. Тиймээс УИХ-д Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Урьдчилсан ТЭЗҮ-ээр 500 мянган хүн амьдран суух боломжтой Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум ам. доллар шаардах тооцоо гарч, Засгийн газар хот байгуулахад шаардагдах санхүүжилтийн 70 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийднэ, үлдсэн 30 хувийг улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “босгоно” гэж төлөвлөөд байгаа юм байна. Одоогоор хот байгуулахад шаардагдах Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрийг хамарсан 189.363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Шинэ нийслэлд Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа, олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамдыг байршуулахаар төлөвлөсөн. Уг төслийн архитектор Н.Нацагдорж "Орхоны хөндий Улаанбаатар хотын дараа орох өндөр нягтралтай тул эдийн засгийн өгөөж өндөр. Хот байгуулахад 230 мянган ажлын байр шинээр бий болно" гэж үзэж байна хэмээн мэдэгдээд байгаа. Гэвч УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нарын анхааруулснаар бол дэлхийн 50 гаруй орон нийслэлээ нүүлгэнэ гээд ажил эхлүүлсэн ч ердөө хоёр гуравхан нь амжилттай болсон. Тиймээс төслийг маш нарийн зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.
Энэ онд 20 гаруй Элчин сайд, мөн тооны консулыг шинээр томилох шаардлага үүсэж буй. Учир нь 40 гаруй Элчин сайд, консулын бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж байгаа юм. Тиймээс гадагшаа явах хүсэлтэй улстөрчид бүгд л сандарч, Ерөнхийлөгч болон Гадаад харилцааны сайдын хүлээлгийн танхим тэднээр дүүрэн байна, сошиал орчинд шүүмжлэл ч их байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ АНУ-ын Чикаго хотод дэд консулын ажил гүйцэтгэх болжээ. Үүнийг АНУ-д амьдардаг монголчууд эсэргүүцэж, мэдэгдэл гаргаж, жагсаал хийхээ ч зарлаад амжив. С.Эрдэнийг Ардчилсан намаас дипломат албанд гадаад улсад томилуулах санал гаргасан байна. Харин салбарын яамнаас түүнийг дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох боломжгүйгээ илэрхийлж, АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилсон гэдэг тайлбарыг Гадаад яамнаас өглөө.
Шинэ оны босгон дээр жолоочийн хариуцлагын даатгалыг 700 000 төгрөг болтол нэмсэн гэдэг мэдээлэл дуулиан тарьж, иргэдийн дунд багагүй бухимдал үүсгэсэн. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас " Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүр шаардлага хангаагүй гэж үзсэн. Түүнчлэн уг шийдвэрийг улсын бүртгэлийн нэгдсэн сангаас хаслаа. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүрийг баталсан шийдвэр хэрэгжих боломжгүй” гэж мэдэгдлээ. Ямартаа ч жолооч нарт оногдуулсан өндөр дүнтэй даатгалын хураамж цуцлагдаж, үндэслэл муутай шийдвэр гаргаж иргэдийг бухимдуулсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга ажлаа өгөх дээрээ тулснаар асуудал цэгцэрч байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна