“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээ хязгаар тэлж, үр шимээ өгсөөр байгааг албаныхан тодотгож байна. Тодруулбал, 2024 оны эхээр үндэсний үржих баялаг болсон таван хошуу мал, нүүдлийн өв соёлоо хадгалан үлдэх, хөдөөгийн малчдаа дэмжих зорилгоор байгуулсан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д өнөөдрийн байдлаар нийтдээ 77.233 малчин нэгдээд байгаа ажээ. Түүнчлэн улсын хэмжээнд 7814 хоршоо шинээр байгуулагдан, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа юм байна. Эдгээр хоршоологчдын 4853 хоршооны 20.731 малчин хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байгаа аж. Энэ талаарх мэдээллийг УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийн ээлжит хуралдааны үеэр албаныхан мэдээлсэн. Тодруулбал, Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал тус хорооны 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, явцын мэдээллийг Ажлын хэсгийн гишүүдэд өглөө. Тэрбээр танилцуулгадаа дээр дурдсанчлан зарим тоон мэдээллийг өгсөн бөгөөд 2024 оны арванхоёрдугаар сард шинэ хоршооны 13.549 малчны дунд санал асуулга явуулсан төдийгүй асуулгад оролцогчдын 96 хувь нь “Зээлээ зориулалтын дагуу зарцуулахад хүндрэл бэрхшээл байхгүй, 87 хувь нь өвөлжилтийн бэлтгэл хангахад зээлийн зориулалт дэмжлэг болсон” гэсэн судалгааны дүн гарсныг онцолж байлаа. Хуралдааны үеэр Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д хамрагдсан гишүүд болон малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, иргэдийн санал бодлыг сонсохоор тогтлоо. Мөн малчид, иргэдийн санал, зөвлөмжийг Ажлын хэсэг дээр нэгтгэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хороонд холбогдох асуудлын хүрээнд чиглэл өгч, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-тэй холбоотой сүүлийн үеийн холбогдох мэдээллийг хүргэхэд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дэргэд Эрдэмтдийн орон тооны бус зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь их, дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид, олон улсын болон дотоодын судалгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын төлөөлөл, холбогдох төрийн байгууллагын албан хаагчаас бүрдсэн нийт 19 гишүүнтэй байх юм. Эрдэмтдийн орон тооны бус зөвлөл нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Тодруулбал, олон улсын байгууллагаас ногоон зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, олон улсын шаардлага хангасан стандартад нийцсэн бүтээгдэхүүний өртгийн сүлжээ, үнэлэмжийг өсгөж үр өгөөжийг үнэлэх, зөвлөмж гapгax, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарын суурь дэд бүтцийг бий болгох дундын хоршооны бүтэц, загварыг боловсруулах, анхан шатны хоршоодыг үйл ажиллагааны төрөл, газарзүйн байршил, нөөцөөс хамааруулан байршил, төлөвлөлтийн зураглалыг боловсруулах юм. Мөн Монгол Улсын Шадар сайд, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан орон нутагт ажилласан. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-20-ны хооронд 21 аймаг, 330 суманд 121 Шуурхай бүлэгт 652 албан хаагч өвөлжилт, хаваржилтын бэлэн байдлын үнэлгээ хийж, малчин хоршоологчдын санал, хүсэлтийг авч ажилласан юм. Шуурхай бүлгүүд улсын хэмжээнд нийт 16.009 малчны хотонд хүрчээ. Үүнээс 13.549 малчин хоршооны гишүүн малчны зээлд хамрагдсан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий гишүүд байна. Түүнлчэн Шадар сайд С.Амарсайхан шинэ оны эхэнд Говьсүмбэр аймагт ажиллаж, малчин хоршоологчдын төлөөлөгчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон юм.Энэ үеэр тус аймгийн малчин хоршоологчид нийт 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагдсан талаарх мэдээллийг өгсөн байна. Малчин хоршоологчид "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж байгааг онцолсон бөгөөд цаашид хөрөнгө оруулалтын зээлд хамрагдахад илүү хялбар болгох, зээлийн дээд хэмжээг нэмэгдүүлэх, зэрэг саналыг түүнд уламжилжээ. "Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт 63 хоршоо шинээр байгуулагдаж, 597 малчин хоршоонд гишүүнээр элссэн байна. Үүнээс 59 хоршооны гишүүн 220 малчин хоршоологч нийт 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ. Малчин хоршоологчид үржлийн мал худалдан авах, стандартын шаардлага хангасан малын хашаа, хороо, саравч худалдан авч, шинээр барих, мал аж ахуйн үйлдвэрлэлд зориулагдсан техник, технологи, тоног төхөөрөмж худалдан авах, мах сүү цагаан идээ бэлтгэх, боловсруулах, малын тэжээл, тэжээлийн ургамал тариалах, тэжээл үйлдвэрлэлийн цех байгуулах зэргээр зээлээ үр дүнтэй зарцуулсан байна. Монгол Улсын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэл, сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах, үр дагавар, хор хохирлыг арилгах зорилгоор байгуулсан “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнөж эхэлснээр хоршооны гишүүн малчин арилжааны банкнаас зургаан хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг тав хүртэлх жилийн хугацаатай авах боломж бий болсон юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна