Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуултай ярилцлаа.
-Таны хувьд анх удаа сонгуульд өрсөлдөж, улс төрийн албан тушаал хашиж эхэллээ. Засаг даргаар ажиллах шийдвэрийг хэрхэн гаргасан талаар ярилцлагаа эхлүүлье?
-Миний хувьд өдийг хүртэл төрийн томилгооны дагуу ажил хийж ирсэн. Төрд олон төрлийн ажил хийсэн. Залуу хүний хувьд хийсэн ажил бүрээ улс эх оронд өндөр ач холбогдолтой, үр дүнтэй гэж бодож, ийм итгэл үнэмшилтэйгээр ажиллаж ирсэн. Харин энэ удаад төрөөс хийж, хэрэгжүүлж буй ажлууд хөрсөн дээр хэрхэн бууж байна вэ гэдгийг иргэдийнхээ дунд орж, бодитоор олж харах боломж гэж харж байгаа. Улс төрийн ажил бол иргэдийн хэрэгцээ, шаардлага юу байна нөгөө талдаа төрөөс гарч буй шийдвэр иргэдийн энэ хүлээлтэд нийцэж чадаж байна уу гэдгийг бодитоор харж, хооронд нь гүүр болж, коммуникац хийх ажил гэж ойлгож хүлээж авч байгаа. Энэ утгаараа бидний хийж, хэрэгжүүлэх гээд байгаа бодлого хөрсөн дээр бууж байна уу гэдэг маш чухал шүү дээ. Миний хувьд Монголын асуудлыг шийдье гэвэл нийслэлийн асуудлыг шийдэх ёстой юм байна гэдэг итгэл үнэмшилтэй болсон. Нийслэлийн асуудал гэдэг нь явсаар байгаад дүүрэг дээр ирж хэрэгжилт нь бодитоор гардаг.
Дүүргийн Засаг даргаар томилогдсон гурван сарын хугацаанд харахад том үр дүн төсөөлж хийсэн ажил эргээд хэрэгжихдээ арай өөрөөр буудаг юм байна. Тиймээс илүү нарийвчилсан байдлаар харж, төлөвлөх ёстой юм байна гэдэг нь ажиглагдаад байгаа. Ингэж байж үр дүн нь хурдан хугацаанд гарах юм байна гэдгийг ойлгоод байгаа учраас Засаг даргын ажилдаа илүү итгэл үнэмшилтэй хандаж байгаа.
-Залуу хүн хийсэн ажил, хэлэх үгтэй үлдэхийн төлөө ажиллаж байгаа болов уу. Дүүрэг удирдаж ажиллах хугацаанд ямар бодлого, зарчим барьж ажиллах вэ. Хийж, хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөнөөс бидэнтэй хуваалцана уу?
-Дүүргийн удирдлага гэдэг ерөөсөө л ард иргэдийнхээ дунд орж, тулдаг ажил. Төр, засгаас гаргаж байгаа томоохон төслүүдийг газар дээр нь хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахын төлөө ажилладаг субьект. Миний хувьд дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаанд хэд хэдэн зүйлд гол анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөөд байна. Тухайлбал, боловсролын асуудлыг нэгдүгээрт эрэмбэлж байгаа юм. Манай дүүрэг бол 140 орчим мянган хүн амтай, нийслэлд 150 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг хотын төвийн том дүүрэг. Дүүргийн иргэдийн тал орчим хувь нь хүүхэд, залуучууд байдаг. Тиймээс бидний хийж, хэрэгжүүлж буй ажлууд хүүхэд залуучууддаа түлхүү чиглэнэ гэсэн үг. Бусад дүүргийг бодвол харьцангуй олон сургууль, цэцэрлэгтэй. Энэ утгаараа боловсролын хүртээмж боломжийн түвшинд байдаг ч насжилт өндөртэй учраас цаашид тухайн барилгуудын чанарыг сайжруулах шаардлага бий. Хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудал. Манай дүүрэг харьцангуй олон эмнэлэгтэй ч чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна Өрхийн эмнэлгүүдээ чадавхжуулахад анхаарна. Гуравдугаарт, ард иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах тал дээр дүүрэг байнга анхаарч ажиллах ёстой гэж би хувьдаа боддог. Манай дүүргийн 80 орчим хувь нь гэр хороолол. Тиймээс хороолол дундах зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг тогтмол сайжруулах шаардлагатай. Манай дүүрэг жишээлбэл, утааны гол эх үүсвэрийн нэг цэг нь болчихоод байна шүү дээ. Тиймээс бидний анхаарлын цөмд энэ асуудал зүй ёсоор тавигдана. Дөрөвдүгээрт, төрийн бодлого шийдвэрийг хөрсөн дээр нь буулгаж, иргэнд хүргэдэг төрийн албан хаагчдаа чадавхжуулахад мөн анхаарах шаардлагатай гэж үзэж байгаа. Засаг даргаар ажиллах хугацаанд дээр дурдсаны дагуу ерөнхий чиглэл барьж ажиллана.
-Танай дүүргийн хувьд Улаанбаатарын утааг багасгахад хамгийн түрүүнд үр дүн авчрах томоохон бүтээн байгуулалтын он жилүүд эхэлсэн гэж ойлгож байгаа. “Сэлбэ” дэд төвийн газар чөлөөлөлт хэчнээн хувьтай өрнөж байна вэ, энэ жилдээ багтаад цөөнгүй айл өрх орон сууцанд шилжинэ гэж ойлгоод байгаа?
-Тэгэлгүй яах вэ. “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын ажил энэ хавар эхэлнэ. Энэ бол манай дүүргийн хувьд маш том давуу тал, шинэлэг зүйл болно. Гэр хорооллыг орон сууцжуулахад бодит ажил болно. Тэгэхээр дүүргийн хувьд энэ ажлыг газар дээр нь зохион байгуулах ажилд хамтарч, дэмжлэг үзүүлж ажиллана. “Сэлбэ” хороолол өөрөө 158 га газарт өрнөх томоохон хэмжээний бүтээн байгуулалт. Одоогоор газар чөлөөлөлт 90 хувьтай үргэлжилж байна. Хавар гэхэд 100 хувьд хүрчихнэ. 2000 гаруй айлын газрыг чөлөөлснөөр 158 га газрыг гаргаж авч байгаа юм. Эргээд энэ газартаа бид 12 мянган айлын орон сууц барина. 158 га газраасаа зургаа дахин их газрыг чөлөөлөх боломж нь бүрдэж байна гэсэн үг. Тэгэхээр “Сэлбэ” дэд төвийг анх төлөвлөсөнчлөн ойрын гурван жилдээ энэ ажлыг төгс хийж чадвал өмнөх шигээ зургаа дахин том газрыг чөлөөлөөд явчихаар манай дүүргийн хойд хэсгийн утааны асуудал ерөнхийдөө шийдэгдчихнэ. Хөрөнгө санхүүгийн асуудлыг бид Нийслэлийн бонд босгоод шийдчихсэн, одоо ТЭЗҮ-ийг батлахаар ид ажиллаж байна. Ингэснээр бид чөлөөлсөн газрынхаа цэвэрлэгээг хийж эхэлнэ. Хавраас тендерээ зарлаад бүтээн байгуулалтын ажил эхлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.
-Газар чөлөөлөлтийн тухайд иргэдтэй хэр ойлголцож чадаж байгаа вэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дагасан хэл ам өнөөдөр ч тасраагүй байгаа шүү дээ?
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бүтэлгүйтсэн гэх үү, хэл амтай болоод байсны цаана хэд хэдэн шалтгаан бий. Газар чөлөөлөлтийг хувийн компанид даатгаснаас үүдэлтэй олон асуудал үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн ямар ч оролцоогүйгээр иргэн, хувь компани хоёрыг мөргөлдүүлснээс болоод газраа чөлөөлсөн ч байрандаа ороогүй, зарим компани нь дампуураад зарим нь иргэдээ хулхидчихсан зэрэг асуудал үүссэн. Жишээлбэл, одоо ч манай дүүргийн Дэнжийн мянгад хоёр компанийн асуудал байна. Газраа чөлөөлж өгчихөөд 7-8 жил түрээсийн байраар явж байгаа айл ч цөөнгүй бий. Тиймээс “Сэлбэ” хорооллын менежментийг хийхдээ төр өөрөө буюу нийслэл газраа чөлөөлөөд иргэдтэйгээ ойлголцож байгаа юм. Шууд бэлэн мөнгөө аваад газраа чөлөөлж байгаа учраас иргэдийн хувьд сэтгэл ханамжтай байгаа. Одоо зам дагуух хэдэн аж ахуйн нэгжийн асуудал үлдсэн. Обьектоос гадна тухайн иргэний бизнесийн үнэлгээний асуудал үүсээд байгаа юм. Энэ тухайд бид олон улсын жишгээр шийдэх нь зөв гэж үзэж байгаа. Тодруулбал, тухайн иргэн орлогоо нотолж чадвал обьектын үнэлгээн дээр гурван сарынх нь орлогыг нөхөн төлбөр болгож өгье гэж байгаа юм. Зарим жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид маань орлогоо нотолж чадахгүй байх зэрэг асуудал гараад байгаа. Ажлын хэсэг гарсан, энэ асуудлыг удахгүй хохирол, гомдолгүйгээр шийдвэрлэчихнэ. Зарим иргэний хувьд “Нүүхгүй, эндээ үлдэнэ” гэдэг байр суурийг илэрхийлж байна. Энэ тохиолдолд хот байгуулалтаас ерөнхий төлөвлөгөөний загвар дизайныг гаргаж өгнө. Ингэхдээ “Яг энэ стандартад нийцүүлсэн тохижилт хийнэ шүү” гэдгийг хэлж, зөвлөөд бизнесээ үргэлжлүүлэх хэлцлийг хийх хувилбар бий. Тиймээс өмнөх муу туршлага давтагдахгүй гэж ойлгож болно.
-Утааг бууруулахад хүн бүрийн хүчин чармайлт чухал. Тэр дундаа дүүргийн Засаг дарга нарын санаачилга илүү чухал байх. Таны хувьд дүүрэгтээ шинэ төсөл эхлүүлэхээр бэлтгэж байгаа юм билээ. Бидэнтэй мэдээллээ хуваалцана уу?
-Энэ тухайд бид олон талын санаачилга, судалгаа хийгээд явж байна. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой нэг төсөл бий. Тодруулбал, дүүргийн зүгээс санаачлаад НҮБ-тай хамтран төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, ногоон солар панелтай халаагчаар иргэдийн зуухыг солих ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. Энэ ажил үр дүнтэй байвал бид цаашид өргөжүүлээд утаа гаргаад байгаа төв цэгүүд дээрээ тулж ажиллах буюу ногоон халаагуураар солих ажлыг хийх юм. Үүний бас нэг давуу тал нь айлуудад шууд тараах бус, хэрэглэж буй ногоон эрчим хүчнийх нь “карбон кредит”-ийг олон улсын зах зээлд зарах санхүүгийн схемтэй нь холбож өгөх юм. Ингээд энэ ажил яваандаа тогтворжоод ирэхээр тухайн айл маань “карбон кредит” зарсан гэдгээрээ нэмэлтээр орлого олох боломжийг үүсгэхээр ажиллаж байна. Хэрвээ амжилттай болбол дэлхийд бараг анх удаа утааны асуудлыг ногоон эрчим хүчээр шийдсэн жишиг төсөл болно гэж бид үзээд байгаа юм. Судалгаа, туршилт хийгдчихсэн. Эхлүүлэхэд бэлэн болоод байна. Одоогоор утаа их гаргадаг цэгээ тогтоочихсон, тухайн бүсийн айлуудтайгаа харилцан ойлголцох ажил өрнөж байна. Эхний ээлжид 100 айлыг блокийн системд оруулж байгаад хооронд нь холбоод “нано грийд” маягаар эрчим хүчний тэнцвэрт байдлыг үүсгэнэ гэсэн үг. Нэг айлд илүүдэлтэй байвал дутагдалтай айлдаа шилжүүлэх байдлаар төвийн эрчим хүчнээс тусдаа жижиг блокийн сүлжээ үүсгэх юм.
-Улаанбаатарт “20 минутын хот” концепц өрнөж байна. Чингэлтэй дүүргийн хувьд энэ том бодлогыг хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг та хувьдаа хэрхэн харж байна вэ?
-“20 минутын хот” концепцыг амьдралд бодитоор хэрэгжүүлэхэд хамгийн боломжтой дүүрэг нь Чингэлтэй дүүрэг. Улаанбаатар хотыг харахаар баруун, зүүн, урагшаа дэд бүтэц нь угсрагдаад тэлчихсэн. Харин хойшоо ийм тэлэлт байхгүй учраас “Сэлбэ” хорооллыг барьж байгуулснаар Чингэлтэйн гэр хорооллыг орон сууцжуулах боломж шинээр үүсэж байгаа юм. Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа хот төлөвлөлтийг цоо шинээр хийх боломж, бодит жишээ болж буйгаараа бидэнд давуу талыг үүсгэж байна гэж харж байгаа. Тиймээс бид өмнөх алдаанаасаа суралцаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, үзвэр үйлчилгээтэй хүний хэрэгцээг бүрдүүлсэн цогц байдлаар энэ хорооллыг байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Төсөв хөрөнгийг нь шийдсэн, ажил хэдийнэ дундаа орчихсон, ямар нэг гацаа саадгүй явж байгаа учраас миний хувьд төсөөлсөнчлөн цогц хороолол босно гэдэгт итгэл үнэмшилтэй, урам зоригтой байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт бүтэлгүйтсэн бас нэг шалтгаан нь зөвхөн байшин бариад байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, оршин суугчдын бусад хэрэгцээг бодолцож үзээгүй буюу худалдаа үйлчилгээ, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэргийг хамтад нь төлөвлөөгүй. Тиймээс бид энэ удаад бүх талаас нь бодож төлөвлөсөн учраас хүний хэрэгцээ цөм бүрэн цогц хороолол барьж байгуулах нь чухал гэж үзсэн. “Сэлбэ” хороололд баригдах сургуулиа бид олон улсын жишиг сургууль байлгахаар мөн ажиллаж байна. Түүнчлэн томоохон худалдаа үйлчилгээний сүлжээ оруулахаар төлөвлөсөн. Нөгөөтэйгүүр бид олон улсын хэмжээний спортын уралдаан тэмцээн зохион байгуулах боломж бүхий жижиг хэмжээний Арена байгуулахаар төлөвлөөд байна. Судалгааны ажил эхэлсэн. Манай дүүргийн хувьд хэд хэдэн онцлогтой. Хойноо Чингэлтэй хайрхантай, тэндээ бичил амралт зугаалын газар, хүүхдийн зуслан бий болгох гэж байна. Цанын баазыг мөн төлөвлөсөн. Дүүргийн хэмжээний сургуулиудаа ойрын жилүүдэд бүгдийг нь усан бассейнтай болгохоор ажиллаж байна. Мөн манай дүүрэг Спорт цогцолбортой. Үүндээ түшиглээд гэр хорооллын хүүхдүүдийг олон төрөлт спортоор хичээлүүлэх, олон улсад амжилт гаргах магадлал өндөртэй бокс, бөхийн барилдаан зэрэг дугуйлан ажиллуулж, хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Та Улаанбаатар хотын орлогчоор ажиллаж байхдаа нийслэлийн бонд гаргах ажлыг хариуцаж хийсэн. Үр дүнд нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг ашиглалтад орууллаа. Энэ төрлийн ажил хариуцаж явсан хүний хувьд нийслэлчүүд эрчим хүчний чадлын дутагдлаас бүрэн гарч чадсан эсэхэд хэрхэн хариулах вэ?
-Манай улс энэ өвөл болтол 200 орчим мВт эрчим хүчний чадлын дутагдалтай явж ирсэн. Тиймээс Нийслэлээс /НЗДТГ/ өөрсдийн санаачилгаар бонд босгоод эрчим хүчний томоохон хоёр ч станцыг ашиглалтад оруулчихлаа. Нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор төвийн системд холбогдоод ажил нь эхэлчихсэн явж байна. Нөгөө нь 50 мВт-ын батерейн станц. Энэ станц маш том ач холбогдолтой ажил болсон. Нүүрсний цахилгаан станцыг нэг асаачихаар унтрааж болдоггүй. Гэтэл шөнөдөө хэрэглээ багассан ч эрчим хүчээ хэмнэж чадалгүйгээр алдаад байдаг. Харин батерей станцын хувьд шөнийн илүүдлээ хурааж байгаад өдрийнхөө дутаглыг нөхдөг тохируулгын системтэйгээрээ давуу талтай. Ингэж хоёр том станцыг ашиглалтад оруулснаар Бөөрөлжүүтэд гэмтэл гарч хэд хоног цахилгаан хязгаарласныг эс тооцвол нийслэлчүүд бид эрчим хүчний хязгаарлалтгүйгээр өвлийн ид ачааллын үеэ давж байна. Гэхдээ цаашид эрчим хүчний хүрэлцээ, хангамжид анхаарсан хэвээр байх ёстой. Үүнээс гадна дулааны асуудал мөн байдаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд тархмал дулааны жижиг оврын станц байгуулах ёстой юм билээ. Тиймээс бид Дамбадаржаа, Баянхошуу, Дэнжийн мянгад дулааны станц байгуулахаар хувийн хэвшилтэй хамтраад ажлаа эхлүүлэхээр бэлтгэж байна. Ингээд дулааны асуудлаа шийдчихвэл төвийн эрчим хүчнээс авах ачааллыг бууруулаад эхэлнэ. Мэдээж нөгөө талдаа Засгийн газраас төлөвлөж байгаа “Дулааны V цахилгаан станц” гэх мэт бодлогын чанартай, томоохон ажлууд ирэх жилүүдэд хийгдэж таарна. Ингэснээр ойрын 2-3 жилдээ манай улс эрчим хүчний дутагдлаас гарчих болов уу гэж харж байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна