Х.Одонцэцэг: Чимээгүй хөдөлмөрлө, амжилт чинь чиний өмнөөс ярина


Тав тухтай орчныг бий болгож мэргэжлийн гоо сайханчдаар хамт олноо бүрдүүлэн салоноо байгуулсан бүтээлч бүсгүйчүүдийн нэг болох Х.Одонцэцэгтэй ярилцлаа. Охид бүсгүйчүүдийн хэрэглээ болсон сормуус урлалаар мэргэшиж нэрийн брэнд бүтээгдэхүүнээ гаргасан түүнийг Монголд анх удаа 20 миллметрийн урттай сормуус суулгаснаар үйлчлүүлэгчид нь андахгүй. Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо /MBEAU/-ны 2024 оны “Шилдэг сормуус артист” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн тэрбээр ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулсан гоо сайхны Евро Азийн аваргыг тодруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн шүүгчээр ажиллаад иржээ.

 

-Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн салоныхоо эхлэлийг тавьсан үеэс ярилцаж эхэлье. Оргүйгээс олон хүний зорин ирдэг мэргэжлийн салоныг байгуулах хүртлээ цөөнгүй саад бэрхшээлийг даван туулах шаардлагатай болсон байх?     

-Хүсэж зорьсон л бол ямар ч саад бэрхшээл тулгарсан зогсдоггүй, харин ч урагшлах хүч, дэм өгдөг юм шиг санагддаг. Салоны маань эхлэл ч гэсэн үүнтэй адил. Багаасаа гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газартай болно гэж боддог байсан нь одоогоос гурван жилийн өмнө биеллээ олсон юм. Би аялал жуулчлал, эдийн засгийн менежер мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд мэргэжлийн болон хувийн олон салбарт ажиллаж багагүй туршлага хуримтлуулсан. Хөрөнгө мөнгө хуримтлуулсан гэхээсээ илүү хүмүүстэй харилцаж, тэдний хүсэл сонирхол юу болохыг ажигласан тэдгээр он жилүүд хүссэн салбартаа хөл тавих эхлэлийг надад өгсөн. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын халдвар дэгдээд удаагүй байхад жижигхэн өрөө түрээсэлж анхны алхмаа хийж байв. Хүний хөлөөс зайдуу, өндөрлөгдүү газар болоод ч тэр үү эхэндээ орлого тааруухан. Үйлчлүүлэгч цөөтэй байсан болохоор эхний сарын түрээсийг орлогогүйгээр өгсөн. Тэглээ гээд шантраагүй. Түрээсэлсэн өрөөгөө хүссэнээрээ тохижуулчихаад “Болно, бүтнэ” гэсэн бодлоор өөрийгөө цэнэглэсэн нь өнөөдрийн эхлэл байсан. Зорилгынхоо төлөө тууштай явсны эцэст салоноо байгуулж, брэнд бүтээгдэхүүнээ хөгжүүлээд явж байна. Гараанаас ганцаараа гарч байсан бол одоо 12-уулаа нэг зорилгын төлөө тэмүүлж явна. 


-Гоо сайхны салбар өрсөлдөөн ихтэй, сайн гүйцэтгэлтэй нь үйлчлүүлэгчээ татаж чаддаг бичигдээгүй дүрэмтэй. Ийм өрсөлдөөнд орохдоо та бусдаас юугаараа ялгарна гэж бодсон бэ?

-Сормуусыг бэлдцээр болон гараар хийх гэж хоёр ангилдаг. Үйлчлүүлэгчид шууд буюу бэлэн ирсэн сормуусыг суулгахад үнэ өртгийн хувьд арай хямд, цаг хугацаа тийм ч их орохгүй. Харин гараар буюу сормуусын дэлбээг нэгбүрчлэн хийхэд цаг хугацаа их шаарддаг. Тухайн хүний онцлогоос шалтгаалан багадаа хоёр цаг орно. Дээр нь үнэтэй байдаг. Тийм түгээмэл биш ч чанар амладаг энэ аргаар сормуус суулгаж эхэлсэн нь миний бусдаас ялгарах онцлог байсан юм болов уу. Манай салоныг зорин ирж сормуус хийлгэсэн л бол дахин ирж үйлчлүүлдэг хүн олон болсон.  

 -Таныг үйлчлүүлэгчдэдээ чанар амладаг гэж ойлголоо. Харин тэдний цаг үетэйгээ нийлүүлэн хийдэг сонголтыг хэрхэн хүлээн авдаг вэ?

-Хүний онцлог, сормуус хийдэг артистуудын бүтээлч сэтгэлгээгээр гарсан олон төрлийн эффект бий. Унтаад сэрэхэд л хэн нэгэн нь өөрийн зохиосон шинэ эффектээ танилцуулж байна шүү дээ. Энэ бол тухайн цаг үеийн ялгарал болохоос олон нийтийн сонголтыг төлөөлөхгүй. Яагаад гэвэл хүн хамгийн чанартай, эрүүл мэндэд тустайг нь л нэгд эрэмбэлдэг. Охид бүсгүйчүүдийн хувьд сормуус суулгуулах, маникюр, педикюр хийлгэх өдөр тутмын хэрэглээ болсон. Одоогоос 10 гаруй жилийн өмнө зөвхөн гоёлын зориулалтаар сормуус хийлгэдэг байсан бол өнөөдөр энэ ойлголт өөрчлөгджээ. Тиймээс л бид үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хамгийн чанартайг нь сонгон санал болгохыг зорьдог.

-Сормуус материал, ур хийц, урт боги­ноороо ялгаатай. Үүний нэгэн адил сор­муус хийлгэхэд үйлчлүүлэгчийн насны ялгаа, арьсны онцлог нөлөөлөх үү?

-Сормуусыг хэн ч хийлгэж болно. Залуучуудаас гадна хижээл насныхан ч манай салоноор үйлчлүүлж байна. Ажил мэргэжил, насны онцлогоос хамаарч зарим хүний зовхи унжсан байдаг. Тэдгээр хүмүүс сормуус хийлгэснээр нүд нь сэргэж, зовхины унжсан хэсгийг өргөж өгдөг. Салоныг маань зорин ирсэн үйлчлүүлэгчдийн дунд зовхи өргөх мэс ажилбар хийлгэхээс татгалзаж сормуус суулгуулдаг хүн цөөнгүй байдаг. Мөн салхинд явахаар нулимс нь гардаг хүнд эмч нь сормуус хийлгэхийг зөвлөснөөр бидэнд хандсан тохиолдол бий. Ийм асуудлаа шийдвэрлэсэн гурван ч хүн манай салоны байнгын үйлчлүүлэгч болсон.

-Сормуус хийлгэхээр төд удалгүй уначихдаг, эсвэл өөрийнх нь сормуусыг гэмтээж, загатнуулдаг гэх хүмүүстэй таарч л байсан байх. Та тэдэнд ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Энэ асуудал нь нэгдүгээрт, артистаас шалтгаалдаг. Удаах нь, үйлчлүүлэгчийн болгоомжгүй байдал, артистын зөвлөгөөг дагаагүйтэй холбоотой. Хэрвээ сормуус хийж өгч байгаа хүн зовхиноос авах зайгаа зөв аваагүй, цавуугаа бөөгнүүлж орхивол үйлчлүүлэгчид зовуурьтайгаас нүдээ нухдаг. Үүний нөлөөгөөр тухайн хүний сормуусыг унагааж гэмтээдэг. Сормуус хийхдээ чанаргүй цавуу ашигласан бол сормуус нь төд удалгүй унах тохиолдол гардаг. Гэтэл артист сормуусаа зөв техникээр хийж өгсөн ч үйлчлүүлэгч зөв арчилж чадаагүйгээс унагаах тохиолдол түгээмэл гардаг. Тиймээс би салоныхондоо сормуусаа зөв арчлах талаар заавал зөвлөж байхыг сануулдаг юм.

-Сормуус унахад нөлөөлдөг түгээмэл алдааг та нэрлээч?

-Удахгүй монгол түмний үндэсний баяр Цагаан сар болно. Бүсгүйчүүд сормуус хийлгээд удаагүй бууз жигнэхдээ ууранд нь байлгаж сормуусаа сулруулчихдаг. Хүйтэн сэрүүн, ханиад томууны улиралд хүмүүс гадуур явахдаа амны хаалт зүүдэг. Ингэснээр сормуус цанатаж сулрах, унах эрсдэлтэй байдаг юм. Сормуус суулгуулсны дараа багадаа хоёр хоног ус хүргэхгүй бол сайн тогтоно. Хэдийгээр сормуусны бүх цавуу усны хамгаалалттай байдаг ч гам барихгүй бол унана.  Өөр нэг зүйл нь сормуус хийлгэсний дараа 45 хоногийн хугацаанд цавуу маань сайн барина гэж хэлээд явуулдаг. Гэтэл хүмүүс 45 хоног болоод сормуус нь бүгдээрээ унах ёстой юм шиг ойлгодог тал бий. Хүний толгойн үс унаж, шинээр ургаж байдаг шиг сормуус ч гэсэн хуучин нь унаж дахин ургадаг. Гэтэл сормуус суулгаад гурав хоноогүй миний сормуус унаад байна гэж хэлээд хүрээд ирдэг. Тэгэхээр хүн сормуусны ургах байдал болон арчилгааны талаар мэдлэгтэй байх нь чухал юм.

Хүмүүс сонголтоо хийгээд аль ч салоноор үйлчлүүлж болно. Гэхдээ сормуус суулгуулахынхаа өмнө праймер хэрэглэж байгаа эсэхийг заавал анзаарах хэрэгтэй. Сормуус ургадаг, унадаг амьтай зүйл. Хэчнээн чанартай байсан ч цавууны найрлагад химийн гаралтай зүйл багтдаг. Хэрвээ праймер түрхэхгүйгээр сормуусан дээр шууд цавуу түрхвэл түлнэ. Үүний уршгаар хүний өөрийнх нь сормуус нарийсах эрсдэлтэй. Тэгэхээр праймер хүний өөрийн сормуусыг хамгаалдаг. Тиймээс сормуус суулгаж эхлэхийн өмнө праймер түрхэж байгаа эсэхэд анхаарал хандуулах шаардлагатай юм. 

-Хэдхэн хоногийн дараа Валентины баяр болно. Дараа нь Цагаан сар, Мартын 8 гээд баярын өдрүүд хөвөрнө. Эдгээр өдрийг угтан гоо сайхандаа анхаарал хандуулахаар зэхэж байгаа хүмүүст та бүхэн хэдэн төрлийн үйлчилгээ санал болгож байна вэ?

-Шивээснээс бусад бүх төрлийн үйлчилгээг манайхаас авах боломжтой. Маникюр, педикюр, бүх төрлийн сормуус, вакс, үсний ургалт зогсоох зэрэг олон төрлийн лазер аппарат манай салонд бий. Мөн үс залгах,  үсний өнгө гаргах гээд гоо сайхны цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Миний хувьд үснээс бусад бүх үйлчилгээг гардан хийдэг. Анх эхэлж байсантай харьцуулахад хамт олонтой болсон учраас үйлчлүүлэгчдэд голдуу сормуус суулгах үйлчилгээг хийж байна. 

-Зарим хүн зөвхөн танаар сормуус суулгуулбал илүү үр дүнтэй байна гэж ойлгох байх. Та салоныхоо бусад артистад зөвлөн тусалдаг уу?

-Манай салоны артистууд бүгд миний гарын шавь. Яг надтай адилхан техникээр сормуус суулгадаг. Зарим нь надаас ч илүү чадварлаг артист болж байгаа шүү. Энэ нь надад бусад ажлаа амжуулах цаг хугацаа олгодог. Би Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, холбооныхоо Сормуус урлалын мэргэжлийн зөвлөлийн гишүүн төдийгүй олон улсын шүүгч, дасгалжуулагчаар ажилладаг. Заримдаа тэмцээний шүүгчээр ажиллах тохиолдол гарна. Тийм үед намайг орлож үйлчлүүлэгчдэдээ чанартай үйлчилгээ өгч зөвлөх артист манай салонд олон байдаг.

-Замын түгжрээ, ажлын ачаалал, ар гэрийн амьдрал гээд охид эмэгтэйчүүдэд зохицуулах зүйл олон. Зарим тохиолдолд үүндээ баригдаад гоо сайхандаа анхаарал хандуулахаа хойш тавьчихдаг талтай. Танай салон эдгээр үйлчлүүлэгчдэдээ зориулан тусгай цаг гаргадаг уу?

-Бид өнгөрсөн жилээс хумс, сормуусын үйлчилгээ авах хүмүүсээ 09:00-23:00 цагийн хооронд хүлээн авдаг болсон. Үйлчлүүлдэг хүмүүс маань ч андахгүй дээ, үдэш хүртэл нээлттэй байдаг нь “Doonoo’s lashes & beauty” салон гэж. Артистууд маань өглөө, орой хоёр ээлжээр ажилладаг. Үйлчлүүлэгчид манайд ирэхээсээ өмнө утсаар цаг аваад сурчихжээ. Ажлын ачаалал ихтэй, гоо сайхандаа зарцуулах цаг хомс үед нарны тосоо түрхээд гарахад л болохоор тийм дүүрэн мэдрэмжийг бид үйлчлүүлэгчдэдээ өгөхийг хүсдэг.

-Гоо сайхны бага олимп гэхэд хилсдэхгүй олон улсын тэмцээнд өнгөрсөн оны төгсгөлд оролцсон нь таны амжилтын эхлэл гэлтэй. Тухайн үед тэмцээний шилдэг шүүгчээр шалгарч, эх орондоо ирээд удаагүй 2024 оны шилдэг артист өргөмжлөлийг хүлээн авчээ?

-Гоо сайхны Евро Азийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр өнгөрсөн онд ажиллаж шагнал хүртсэн нь миний хувьд гэнэтийн үйл явдал байлаа. Евро Азийн аварга шалгаруулах тэмцээнд олон орны артистууд бүтэн багаараа зорин ирж оролцдог. Тэднээс суралцахын зэрэгцээ бусад шүүгчээс урам үг сонссон нь цаашид хийхээр төлөвлөж байгаа ажилд хүч нэмлээ. Энэ эрч хүчээрээ артистуудынхаа хөгжилд анхаарал хандуулахаар төлөвлөж байна. Мөн хувь артистын хувьд зорьж байгаа ажил цөөнгүй бий. Гэхдээ эхлээгүй ажлын талаар яриад яах вэ. Би “Чимээгүй хөдөлмөрлө, амжилт чинь чиний өмнөөс ярина” гэж хэлэх дуртай. Цаг нь болохоор дахин холбогдож мэдээлэл өгөхөд хоцрохгүй болов уу.

 

Хаяг: Авто плазагийн уулзвараас хойшоо Хангай хотхон явах зам дагуу замыхаа зүүн талд “Doonoo’s lashes & beauty” салон

 Утас: 96119928

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/


0
angry
3
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2 цагийн өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 3 цагийн өмнө
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хи… 3 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно 4 цагийн өмнө
Ерөнхий сайд АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилох асуудлыг танил… 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар сайдын мэдээллийг сонслоо 21 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Иргэдээ сонсъё” уулзалтад оролцлоо 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажил… Өчигдөр
Дуурийн хатан хаан 2025/03/31
Доктор Л.Түдэвийн долоон үг... 2025/03/31
Түүхэн хожлын эзэн “Бишрэлт Металл” 2025/03/31
​ Ким Жэ Бумаар удирдуулсан БНСУ-ын шигшээ багийн тамирчид Монголд ир… 2025/03/31
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 2025/03/31
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад асуулга тавила… 2025/03/31
"Амьдрахуй" постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ 2025/03/31
Эрх чөлөө хаана байгааг мэдэрсэн хойно л бид жинхэнэ “Хүн” болдог 2025/03/31
М.Өлзийчимэг: “Өнөр бүл” асрамжийн газарт ирээдүй байх ёсгүй 2025/03/31
Арена: Серена Уильямс 2025/03/31