Дэлхийн төр, засгийн тэргүүнүүд, Байгаль орчны сайд нар энэ сарын 6-нд Египетийн Шарм-эль-Шейх хотод эхэлсэн COP27 бага хуралд оролцож байна. Хурал энэ сарын 18-нд дуусах юм. COP27-г Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шоукри даргалж байна. Тэрбээр бага хуралд төлөөлөгчөө илгээсэн 196 орны төвийг сахисан арбитрын үүргийг гүйцэтгэх аж. Энэ жилийн чуулган ОХУ Украины асуудал, эрчим хүчний хямрал, амьжиргааны өртгийн өсөлт гээд эдийн засаг, геополитикийн зөрчилдөөнтэй нөхцөлд болж байна. COP27-д оролцох, нөлөө бүхий удирдагчдын байр суурийг тоймлолоо.
Антонио Гутерриш: Чулуужсан түлшний компаниуд гэнэтийн ашгийн татвар төл
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш уур амьсгалын хямралын эсрэг бодлого, үйл хэргээ эрчимжүүлж, хамтын хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалдаг. Энэ удаад чулуужсан түлшний компаниудыг гэнэтийн ашгийн татвар төлөхийг шаардаж байна. Татварын орлогыг цаг агаарын эрс тэс уур амьсгалаас болж хохирол амсч буй буурай орнуудад тараах төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэрбээр яриа хэлэлцээрт хөгжиж буй орнуудыг дэмжихээ илэрхийлжээ.
Дэвид Малпасс Дэлхийн банкны зээлийг шинэчлэх үү
Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпассыг 2019 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой бодлого хэрэгжүүлээгүй гэж шүүмжилдэг. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамптай холбоотой. Гэвч АНУ-ын Засаг захиргаа солигдсон ч Малпасс уур амьсгалын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх үү гэсэн “Нью-Йорк Таймс” сонины сэтгүүлчийн шууд асуултаас зайлсхийжээ. Тэрбээр уучлалт гуйсан ч Цагаан ордонд түүнийг огцруулах тухай яриа гарсан. Харин Дэвид Малпасс энэ удаад Жо Байдены хамт COP27-д оролцохоо мэдэгдсэн. Тэрбээр хандивлагч орнууд Дэлхийн банкны уур амьсгалын зээлийн практикт томоохон шинэчлэл хийх хүсэлтэд хариулт өгнө.
Жо Байден: Санхүүжилтээ нэмнэ
Сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийг хөгжүүлэх хамгийн том түлхэц болсон инфляцыг бууруулах тухай хуулийг олон улсад хүлээн зөвшөөрсөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд амжилт байлаа. Байден хөгжиж буй орнуудад олгох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санхүүжилтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 11 тэрбум ам.доллар хүргэхээ амласан. Улмаар дэлхийн хэмжээнд энэ чиглэлийн жилийн төсөв 100 тэрбум ам.долларт дөхөх юм.
Урсула фон дер Лейен бодлоо өөрчилж магадгүй
Еюропын комиссын дарга Урсула фон дер Лейен сэргээгдэх эрчим хүч, нүүрсхүчлийн хийг бууруулах, дэлхийн дулаарлын эсрэг 20 жил тэмцсэн улстөрч гэж өөрийгөө тодорхойлдог. Харамсалтай нь ОХУ-ын байгалийн хийнээс хараат байсан Европын орнууд эрчим хүч, инфляцын хямралд өртөж, хатуу өвөл болохоос болгоомжилж эхэлсэн. Европын холбооны уур амьсгалын манлайлал одоо эргэлзээтэй болж байна.
Франс Тиммерманс
Голландын Гадаад хэргийн сайд асан, зүүний үзэлтэй парламентын гишүүн, Европын дэд ерөнхийлөгчийн албыг олон жил хашсан тэрбээр өнгөрсөн жилийн уулзалтаар гайхалтай байр суурьтай байсан. Тиммерманс Европын холбооны ногоон хэлэлцээрийг хууль тогтоох үйл явцаар амжилттай хэрэгжүүлжээ. Тэрбээр хүлэмжийн хийг бууруулж чадахгүй бол ирээдүйд хоол хүнс, усны төлөөх дайнтай нүүр тулна. Байгалийн хийн хямралыг даван туулахын тулд Европын холбоо Африк болон бусад улсаас цэнхэр түлшний шинэ эх үүсвэр хайх шаардлагатайг хүлээн зөвшөөрчээ.
Ши Жэнхуа Хятадын амлалтыг харууллаа
БНХАУ-ын цаг уурын асуудал эрхэлсэн элч Ши Жэнхуа COP27-д оролцож байна. Түүний айлчлал Хятад улс цаг уурын хямралын эсрэг ажиллах хүсэл, сонирхолтой байгааг харууллаа. Ши Жиньпиний үед БНХАУ-ын хэтийн төлөв эрс өөрчлөгдсөн ч тус улс цэвэр эрчим хүч, хүлэмжийн хийн ялгаруулалтыг хязгаарлах чиглэлээр асар том алхам хийсэн. Бээжин уур амьсгалын эсрэг амлалтаа биелүүлэхээр ажиллаж байгааг олон улсын хэвлэлүүд онцоллоо.
Риши Сунак нэгдсэн чуулганд оролцоно
Их Британийн Ерөнхий сайдыг Cop27-г үгүйсгэсэн үг хэлснийх нь төлөө дипломат нийгэмлэгүүд буруушаасан. Ямартай ч Сунак Шарм эль-Шейх хотод болж буй бага хурлын нэгдсэн чуулганд оролцохоо мэдэгджээ. Удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар уур амьсгалаас гадна Украины дайн, эрчим хүч, инфляцын хямралын талаар ярих аж.
Х.ЗАЯА