Бүтээн байгуулалтын том алхам


“Улаанбаатар” хот. Нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдэж ажил үйлсийн талбар болж явсан түүх тун саяхных. Хатан Туулын эрэг дагуу сүндэрлэн боссон энэ хот эх орныхоо зүрх нь болж, эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрийн үр шимээр цэцэглэн хөгжиж байлаа. Намайг ухаан орох 1980-аад оны үед Туул гол дээгүүр дамнуулан тавьсан дөрвөн гүүр хотын өмнөд, хойд хэсгийг холбон сунайдаг байв. Энэ дөрвөн гүүр тухайн үеийн нийслэлийн хүн амын хэрэгцээг хангаад л байдаг байж. 1990-ээд оны нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн дараа хот руу чиглэсэн их нүүдэл, улсынхаа хүн амын 50 хувийг хотдоо төвлөрүүлж орхисон. Бидний багад бараг хүн болгон нь бие биенээ таньдаг  хотын хөдөө байсан Яармагийг өнөөгийн Засгийн газар шинэ суурьшлын бүсээр нэрлэж хот өмнө зүг тэлж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд нийгмийн төлөвлөгдөөгүй маш олон асуудал бий болсны нэг нь замын түгжрэл. Хотын энэ хэсгийг төвтэй нь холбодог ганц гүүр шинэ суурьшлын ачааллыг даахгүй болсон тул  “Наадамчдын зам”-аас Энхтайваны өргөн чөлөө” Яармагийн замаас нэгдүгээр хорооллын зам хүртэлх шинэ зам, гүүрийг барьж байгуулснаар Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан байдаг. Энэ бол нүсэр бүтээн байгуулалт. Энэ бүтээн байгуулалтын гол онцлог нь 100 хувь Монголын үндэсний компани, монгол инженер, техникийн ажилтан, ажиллагсдаас бүрдсэн баг гүйцэтгэж байгаа нь бахархал төрүүлнэ. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг ямагт дэмжин ажилладаг  “Монголын үнэн” сонин нүсэр бүтээн байгуулалтын талбарт ерөнхий командлагчаар ажиллаж байгаа “Мотор сервис” ХХК-ийн захирал Д.Доржбаттай уулзаж ярилцлаа.

-Улсдаа хоёрт орох хэмжээ­ний урт гүүр гэдэг хариуцлагатай,  үндэсний хэмжээний том тө­сөл гэж ойлгогдож байна. Ийм төслийн гүйцэтгэгчээр ажил­лана гэдэг нэр төрийн хэрэг байх даа?

-Том төсөл байлгүй яах вэ. Энэ гүүр монгол компаниудын бие дааж гүйцэтгэж байгаа анхны том төсөл. Энэ баруун талын Сонсголонгийн гүүрийг “Ган гүүр” компани дангаараа гүйцэтгэсэн гэдэг боловч анх тендерт орж ажил авсан компани нь Хятадынх. Тэгээд ч үйл ажиллагааны хувьд тэс өөр нөхцөл л дөө. Одоо том гүүрүүд барьж байна. Монгол компаниудын хувьд техник технологи, барилгын салбарын тоног төхөөрөмж сайжрахын хэрээр шинжлэх ухаанч боловсон хүчин сайтай болж байна. Гүүр барьж байгуулахад төдийлөн олон жил, сарыг зарцуулахгүй, орчин үеийн, шилдэг гүүрнүүдийг бүтээн босгоход тэгтлээ “толгой өвдөхөөргүй” болж дээ.

-Үндэсний хэмжээний том төсөл гүйцэтгэж байгаа ком­панийн түүхэн замналыг уншиг­чид сонирхох нь лавтай. Сэтгэл хөдлөөд шууд л гүүрээ яриад явчихаж?

-Манай компани даруухан түүхтэй. Би өөрөө автын инженер мэргэжилтэй хүн. Мэргэжилдээ ч сонирхолтой. 1997 онд мэргэжил, сонирхлынхоо дагуу хэдэн нөхөдтэй нэгдэж “Мотор сервис” компанийг үүсгэн байгуулж байлаа. Байгуулагдсан цагаасаа эхлээд машины засвар үйлчилгээ гэдэг чиглэлээр 2002 он хүртэл үйл ажиллагаагаа явууллаа. Тэр жил манай компани Гангийн давааны зам ашиглалт, арчилгаа, үйлчилгээний ажил авсан. Ингээд 2008 он хүртэл замын засвар арчилгаа, нөхөн сэргээх чиглэлээр жижиг, жижиг  ажлууд хийж явсаар 2012 онд Дундговь, Өмнөговь чиглэлд тавих хатуу хучилттай замын бүтээн байгуулалтад оролцож 30 км зам барив. Эндээс компани маань авто замын салбар руу эргэлт буцалтгүй орж техник, тоног төхөөрөмжийн хувьд хүчирхэгжиж, шинэ санаа, боловсон хүчний нөөцтэй ч болов.

-Одоо хоёулаа бүр урагшлаад таны ажил амьдралын гараагаа эхэлсэн цэгт очих уу?

-Миний ажил амьдралын гараа 1988 онд одоогийн Цэргийн их сургуулийг техник ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж төгсөөд Ардын армийн ...дугаар ангид алба хааснаар эхэлсэн. Тэнд салаан даргаар ажиллаж байгаад нийгэм солигдохтой зэрэгцээд төрийн албанаас гарч бизнест хөл тавьсан.

-Компанийн захирлуудтай уулзаж явахад зарим захирал тогтвортой ажиллах боловсон хүчин олдохоо байсан тухай, ажилчин, ажилтнууд ажлын цагтаа хийж байгаа бүтээмжийн тухай халаглацгаах нь бий.  Цэргийн хүн болохоор эмх цэгц, үүрэг даалгаврын биелэлт гэх мэтийг биечлэн яс шалгана биз?

-Цэргийн хүндээ ч биш л дээ. Манай инженерүүд дандаа залуус. 2012 оноос хойш надтай ажиллаж байгаа мундаг залуус бий. Гүүр барихад эн тэргүүний чухал асуудал бол сайн чанарын суурь. Ямар ч гүүрний суурь тухайн газрынхаа хөрсний төрөлтэй зохицож байх ёстой. Үүнтэй адил ажилчдынхаа нийгмийн асуудал, ажиллах орчин, нөхцөл байдал, ажлаа хийх урам зоригийг нь бадрааж өгөх нь менежерүүд бидний ажил шүү дээ. Жишээ нь би түрүүн чамайг ирэхэд талбай дээр л зогсож байгаа биз дээ. Энэ чинь бүгдийг чаддаг мэддэгтээ биш юм шүү дээ. Нөгөө л залуусаа ажлын идэвхтэй болгож уриалах зорилго агуулж байгаа юм. Түүнээс би захирал гээд л бүхнийг мэдэгч аятай зааж зааварлаад, загнаж зандраад байвал миний дэргэд хэн тогтох вэ. Ажлын цагаар би энд ингээд байж байхгүй шүү дээ. Алсуур нь яваад хэн нь юу хийж байна, ажлын бүтээмж хэр байна гэх мэтчилэн ажиглаад л явна. Үдийн цай, оройн хоолон дээр ч юм уу өдөр жаахан муухан ажилласан нэгнийг нь хөнгөхөн шоглох ч юм уу, эсвэл багахан зэмлэж ч болно.Энэ бүхэн чинь нийлээд хамт олон дунд нөхөрсөг халуун дулаан уур амьсгал бүрдээд зогсохгүй, залуус ажлын талбар дээр хичээл зүтгэл гаргадаг дадал зуршил сууж байгаа юм. Ийм дадал зуршил одоо гүйцэтгэж буй ажилдаа ч, тэдгээр залуусын ирээдүйд ч хэрэгтэй. Цэрэгт байсны нэг зуршил өглөө эрт сэрэх. Өглөө эрт сэрсэн хүн ажил руугаа л гарна биз дээ. Ажлынхаа талбарт хонож өнжөөд, дунд нь хутгалдаад явж байх нь сайхан. Ажлын талбайгаас холдоод хоночихоор л арагшаа санаа зовоод, тогтож чадахаа больчихдог.

-Олон жил зам гүүрийн чиглэ­лээр ажиллачихсан хүн чинь хэр баргийн замын инженерт заачихна биз. Ер нь шинэ төгсөж ирсэн инженерийг халамжлан хүмүүжүүлчих хэмжээний турш­лага хуримтлуулсан байх гэж бодогдож байна?

-Гүүрийн ажлыг ганцхан сэтгэлтэй хүн хийчихдэг ажил биш л дээ. Компьютерын программ хангамжийг ашиглан нарийн тооцоолсон зураг төслийн дагуу бараг миллиметр, сантиметрийн хуваарьтай хийдэг ажил. Манай инженер залуус бол мэргэжил чадвартаа сайн, мундаг, би сэтгэл хангалуун байдаг. Мэдлэг боловсролын хувьд ид жагсаж байгаа инженерүүд. Би тэднээсээ сурч, тэд маань ч надаас сурч суралцах зүйл байгаа байх гэж бодож байна. Шинэ төгсөж ирсэн залуухан боловсон хүчин бол яг талбар дээр учраа олтлоо жаахан бажгадна. Сургуульд бол яахав онолоо заалгана, ганц нэг удаа дадлага ажил дээр гарна. Сурах нь ч бий үгүй нь ч бий. Хүүхэд л бол хүүхэд юм чинь төлөвштөл нь нэлээд ажиллах шаардлагатай.  Тэгээд тухайн хүнийхээ хандлагаас болдог. Хоёр гурван төсөл дээр ажиллаад, дур сонирхолтой бол дороо л сайжраад явчихдаг.

-Талбай дээр байнга яваад байдаг нь ажилчдынхаа ханд­лага, сэдлийг ажиглаад, тэдэн­тэйгээ тулж ажиллахад амар нөхцөл боломжийг өөртөө бий болгоод байна аа даа?

-Нэг бодлын сургалт л юм даа. Хүн болгон адилгүй гэдэг. Суурь хүмүүжлээсээ болдог ч юм уу, нүд хариулж байгаад аль болох суучих гээд, зүгээр гүйж байгаад цалин авчих гэсэн санаатай нөхөд ч байдаг. Тэр болгоныг ажиглаад наагуур цаагуур нь яваад хөнгөхөн шоглоод, зэмлээд байхаар аяндаа засарчихдаг шүү. Бас нэг талаар хүмүүсийг би боол шиг ажиллуулж, хөдөлмөрлүүлэх гээд байгаа юм биш, гол нь би чинь улстай нэг гэрээ хийчихсэн байна шүү дээ. Манай компани ийм хугацаанд, ийм үнэ хөлстэйгөөр, ийм чанарын түвшинд энэ бүтээн байгуулалтыг хийнэ гээд.

-Одоо Монголд зам гүүрийн барилга байгууламжийн чиглэ­лээр үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн компани байна?

-Зам гүүрийн чиглэлээр олон компани үйл ажиллагаа явуулдаг.

-Энэ компаниуд нэгнийхээ ингэж их сэтгэл гарган сургаж дадлагажуулсан инженер, техникчдийг урвуулж авах, илүү цалин амлах тохиолдол байх уу?

-За, ёстой тийм юм байдаггүй юм. Зүгээр компаниуд хоорондоо үнэ хөлсөө тохирол­цоод нэгний­хээ хийж байгаа ажилд туслах зорилготойгоор техникээ опера­то­руудтай нь явуулах ч байдаг юм уу, тиймэрхүү тусламж бол байна. Одоо жишээ нь манай энэ төсөл дээр өрөмдлөг гэх мэт ажилд туслан гүйцэтгэгч дөрвөн ч компани байна. Иймэр­хүү маягаар л явдаг.

-Таны яриа яаж ийгээд л төслийн ажил руу чирч орчихоод байх юм. Ёстой өдрийн бодол шөнийн зүүд болж яваа юм байна даа?

-Тэгэлгүй яах вэ. Энэ жилдээ гүүрийн суурь, бүтцийн ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Бүтээн байгуу­лалтын явцад материалын хангамж, цементийн үнийн өсөлт зэрэг хүндрэлтэй  асуудлууд үүсэж байна. Гэрээг тавдугаар сарын 20-нд байгуулсан ч, ажил есдүгээр сарын 5-нд эхэлсэн. Цэвэр усны нөөцийн газар болохоор шийдэх асуудлууд гарч ирсэн. Бодох юм их байгаа учраас савхийвэл л тэр тухайгаа ярьчих гээд байх юм. Гэсэн ч эхний гүүрний шон, суурь, өрөмдлөгийн ажил дууссан. Түншлэлд орсон хоёр компанийн гүүрний ажил ч мөн өндөр хувьтай явж байна. 

-Нээрэн төслөө танилцуулаач?

-Тус бүтээн байгуулалтын нэгдү­гээр багц болох 391, 37, 55 метрийн урттай гурван хэсэг гүүрийн барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттайгаар “Мотор сервис” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК, “Туулын гүүр далай” ХХК-ийн түншлэл 2023 оны аравдугаар сарын 1-нийг хүртэл хийж гүйцэтгэнэ. Эхний ээлжид гурван гүүрний барилгын ажил үргэлжлээд явж байна. Нэг дэх гүүр 37 метр урттай Туул голын салаа дээр “Тэргүүн саруул зам” ХХК, дараагийнх нь 391 метр урттай гүүрийг  “Мотор сервис”  ХХК гүйцэтгэнэ. Энэ нь Монгол Улсад уртынхаа хэмжээгээр хоёрт орох том хэмжээний гүүр. Мөн Дунд гол дээгүүр 55 метр урт гүүрийн барилгыг “Туулын гүүр далай” ХХК барина. Тус гүүрэн байгууламж нь Монгол Улсдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт нь амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 31.3 метр өргөн байх юм.

-Байгаль орчны үнэлгээ энэ тэр гээд л төсөлдөө тусгагдаад явчих л байлгүй. Түүнээс гадна үерийн хамгаалалт далан гэх мэт?

-Ажил эхлэх үеэр Байгаль орчны яамнаас хүмүүс ирж, нэг метр квадратад байх бургасны үнэлгээг гаргаад компани үнэ хөлсийг нь өгчихсөн л дөө. Усны хагалбар, залуурын ажил ч хийг­дэнэ. Гүүр барих гэж байгаа бол суурийнхаа ачаа тээвэрлэх даацыг шалгах, устай газраас холуур хатуу чулуулгийг малтахаас өмнө зайлшгүй шаардлагатай ухалт, малтлагын ажлуудыг зохих гүнд хийсэн байх хэрэгтэй гэх мэт төсөлд заагдсан бүх зүйл хийгдэнэ.

-Түрүүн та шон суурь өрөмдлө­гийн ажил дууссан гэсэн тулгуур баганууд баригдаад эхэлсэн гэсэн үг үү?

-Гүүр барихад эн тэргүүний чухал асуудал бол сайн чанарын суурь. Ямар ч гүүрний суурь тухайн газрынхаа хөрсний бүтэцтэй зохицож байх ёстой.  Сайн чанарын суурин дээр тулгуур багануудыг барьж эхэлнэ. Нэг метрийн диаметртэй, хорин метрийн урттай 280 ширхэг шон суурь дээр гүүрийн бетон багана, тулгуур босно. Үүнтэй адил гүүр барихад гүүрний хэсэг бүр, баригдах үйл ажиллагаа эхлэхээс өмнө дор бүрнээ шалгагдана.  Жишээ нь, механикийн, газар зүйн, цахилгааны, компьютерын шинжлэх ухаан, барилгын инжене­рийн гэсэн үндсэн салбаруудын ажиллагааг өөртөө агуулдаг.  Энэ бүхэн маш нарийн хяналт шалгалтын дор явна.

 

Үндэсний “Мотор сервис” ХХК-ийн хамт олон тендер сонгон шалгаруулалтад шалгарч, тус бүтээн байгуулалтыг ямар нэг урьдчилгаа авахгүйгээр ажлаа эхлүүлжээ. Гүүр барих шаардлага, шалтгаан, анхан шатны төлөвлөгөөг гаргах нь хамгийн чухал. Төсөл гүйцэтгэгч “Мотор Сервис"ХХК-ийн захирал Д.Доржбат  2023 онд зөвхөн Яармагийн гүүрний ажил дуусна. Нийт авто замын ажил үе шаттай үргэлжлэх юм” хэмээн ярьж байлаа. Гүүрийг ашиглалтад оруулснаар урагшаа Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор оролцож шинэ суурьшлын бүсээр хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжлэх юм.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн 043/24524/


Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам
Бүтээн байгуулалтын том алхам

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 10 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 13 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 13 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 13 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 13 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 14 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 14 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 14 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 14 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 14 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 15 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 15 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 15 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 15 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 15 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 15 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 15 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 15 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 15 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 16 цагийн өмнө