Лула да Силва эргэн ирлээ


Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд Луис Инасио Лула да Силва хэт барууны үзэлт одоогийн  төрийн тэргүүн Жаир Болсонарог  50.9 хувийн саналаар яллаа. Энэ удаагийн сонгуулийн санал хураалт цахимаар болсон. Латин Америкийн тэргүүлэх орнуудын нэг Бразил зүүний чиг баримжаатай улс болж байна. Лула Силва 2003-2011 онд төрийн тэргүүнээр ажилласан. Тэрбээр өөрчлөлтийг амлаж байсан ч авлигын дуулианаас болж шоронд хоригдож, 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ хасуулж байв.  Түүнтэй холбоотой авлигын “Машин угаах ажиллагаа” хэрэгт Латин Америкийн олон улстөрч, бизнесийн удирдлагууд нэр холбогдсон. 

Энэ удаагийн ялалт нь улстөрчийн хувьд гайхалтай эргэн ирэлт боллоо. Лула дэмжигчдийнхээ хамт Сан Паулогийн төвд ялалтаа тэмдэглэж, хэлсэн үгэндээ “Тэд намайг амьдаар нь булах гэж оролдсон. Гэхдээ чөлөөт, шударга, найдвартай сонгуулийн үр дүнд би энд байна. Энэ бол Жаир Болсонарогийн  эсрэг ганцхан миний тэмцэл бус харгислалын эсрэг ард түмний кампанит ажил байсан. Бразил улс хэдхэн жилийн дотор хуваагджээ. Бид уур хилэн, үзэн ядалтыг ардаа орхих ёстой. Би бразилчуудын сайн Ерөнхийлөгч байж чадна” гэжээ.

 Түүний хэлсэн үгийн гол мессеж нь улс орноо нэгтгэх явдал. Лула да Силва зөвхөн өөрт нь санал өгсөн хүмүүсийг бус 250 сая иргэнээ удирдана.  Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцэхээ мэдэгдсэн.  Мөн уугуул иргэдийн асуудалд ихээхэн анхаарал хандуулах  аж. 77 настай Лула Бразилын түүхэн улстөрчдийн нэг.  Тэрбээр 1970-1980 онд Төмөрлөгийн үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн даргаас  улс төрийн карьераа эхлүүлж, цэргийн дарангуйллын үед олныг хамарсан ажил хаялтыг удирдсан юм. 1980 онд дэглэм харьцангуй либералчлагдсаныг далимдуулан Ажилчдын намыг байгуулжээ. Хэт барууны үзэлтэй Жаир Болсонаро сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Түүнийг бүрэн эрхийнхээ хугацаанд  ардчиллын эсрэг ажилласан, авлига, хээл хахууль авсан 700 мянган иргэний аминд хүрсэн Ковидын эсрэг хариу арга хэмжээ аваагүй гэсэн хэргээр мөрдөн шалгаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Болсонарог улс төрийн хүрээнийхэн "Амазоны Трамп" гэж хочилдог.  Тэрбээр  АНУ-ын экс Ерөнхийлөгчийн нэгэн адил эмэгтэйчүүд, ижил хүйстнүүд, цөөнхүүдийг гутаан доромжилж, хуваагдсан улсаа туйлшруулсан.  Бразилын сонгогчид Лулад итгэл хүлээлгэсэн нь хэт барууны үзэл баримтлалаас татгалзсаны илрэл. Иргэд түүнийг  нийгмийн шударга ёс, байгаль орчныг хамгаалах, ардчиллыг сэргээх, улс орноо нэгтгэхэд манлайлж чадна гэж итгэл хүлээлгэсэн. Өмнөд Америкийн Чили, Мексик, Перу, Колумб, Гондурас, Аргентин улсын сонгогчид улс төрийн дэвшилтэт намуудыг илүүд үздэг бөгөөд төрийн тэргүүнүүд нь зүүний үзэл баримтлалтай. 


Сонгууль дуусаж, сорилт эхэллээ

 Бразилчуудын улс төр, нийгмийн талцлыг арилгаж, улс үндэстнээ нэгтгэх нь Лулагийн хамгийн том сорилт болно. Тэрбээр Социал демократ үзэл баримтлалтай Ажилчдын намыг 1980 онд үүсгэн байгуулагчдын нэг. Тиймээс зүүний хүчнийхэн түүний ялалтыг “Амазоны хөндийд ардчилал, хүний эрхийн төлөөх тэмцэл бүрэн утгаараа яллаа” гэж олзуурхаж байна. Болсонаро дөрвөн жил төрийн эрх барихдаа  ардчилсан институцийг сүйрүүлсэн гэж шүүмжлүүлдэг.  Тэрбээр  прокурор, цагдаа, армид хатуу хяналт тогтоож байсан. Бразил улс 1985 онд харгис хэрцгий цэргийн дарангуйллаас ангижирсан харьцангуй залуу ардчилсан орон. Ижил төстэй ардчилсан орнуудтай харьцуулахад улс төрийн хяналт, тэнцвэрт байдал сул. Лулагийн Засгийн газар 2003-2014 онд Амазоны ойн хомстолыг 83 хувиар бууруулсан. Төрийн эрхэнд гарсан Лула хууль бус олборлолт, мод бэлтгэлийг нэн даруй зогсоож Амазоны эко системийг сэргээхээ мэдэгдсэн. Лула 2003-2010 онд Ерөнхийлөгчийн алба хашихдаа олон арван сая иргэнээ дундаж давхаргад оруулсан. 

Дэлхийн банкны тайланд дурдсанаар Бразилын дундаж давхарга 2003-2009 онд 50 хувиар өсжээ. Өнөөдөр 33 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, 100 сая хүн ядуу амьдарч байна.  Түүнийг ирэх дөрвөн жилд эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг эргүүлэн авчирна гэж найдаж байна.  Гэхдээ дэлхийн санхүүгийн хямрал, уналтын жилүүдэд урьдах амжилтыг давтахад амаргүй байх. Өнөөгийн Бразил 15 жилийн өмнө Лулагийн тэргүүлж байсан улсаас тэс өөр болсон.

Түүнийг   2010 онд албан тушаалаа орхих үед Бразил дэлхийн долоо дахь том эдийн засагтай байсан. Одоо 13-т эрэмбэлэгдэж, улсын өрийн хэмжээ нэмэгджээ. Тэрбээр Болсонарогийн дөрвөн жилийн эмх замбараагүй засаглалын дараа тогтвортой байдлыг сэргээх удирдагч гэж сонгогчдод танилцуулсан.  Лулагийн амласан татварын дэвшилтэт горим, төсвийн  зардлын хязгаарыг зогсоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх,  орлогын тэгш бус байдлыг арилгах шийдлүүд эдийн засгийн сэргэлтэд дэм болно. Лула да Силва орон сууц, цахилгаан эрчим хүч, ундны усны нөөцөд анхаарахаа мөрийн хөтөлбөртөө тусгасан. Нийтийн тээвэр, дэд бүтцийн томоохон төслүүдийг  Үндэсний банкнаас санхүүжүүлэх бодлого боловсруулахаа мөн мэдэгджээ.

 Лула Силва мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд чамгүй сорилттой тулгарна. Болсонарогийн фракц Конгресст байр сууриа алдаагүй, хүчтэй байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний бүтцийн томоохон шинэчлэлийг хийхгүй ч хууль батлахын тулд тэдэнтэй хэлэлцээр хийх шаардлагатай. Лула байгаль орчны бодлого, ардчиллыг хамгаалсан бодлогынхоо хүрээнд тэргүүлэх гүрнүүдийн дэмжлэгт найдна. Бразил улс ширэнгэн ойгоо хамгаалахад үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлбэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 20 тэрбум ам.долларын сан байгуулах санал тавьсан.  Хэрвээ Болсонаро дахин сонгогдсон бол  Бразилд төдийгүй дэлхийн байгаль хамгаалах хөтөлбөрүүдэд сөрөг нөлөө үзүүлэх байсан.  Түүний бүрэн эрхийн хугацаанд хоёр тэрбум мод шатааж, Амазоны эко систем сүйджээ. Тухайлбал, 2022 оны эхний зургаан сард Лондон хоттой тэнцэх хэмжээний талбайтай ойг устгасан аж.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24524/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 5 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 8 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 9 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 9 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 9 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 10 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 10 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 10 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 10 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 10 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 10 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 10 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 10 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 10 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 11 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 11 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 11 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 11 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 11 цагийн өмнө